Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/298

 

2023          8              09                                 2023/ШЦТ/298

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,     

улсын яллагч Т.Д, 

шүүгдэгч А.Б, өмгөөлөгч Б.Тулга, Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч А.Б-д холбогдох эрүүгийн 22250044*/*** дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, А.Б

Шүүгдэгч А.Б нь;

2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг **-** тоотод хохирогч Х.Бг өөрийн нөхөр Б.Отай хардаж, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч, хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

хохирогчийн байшингийн үүдэнд байсан модон сандлыг шидэж байшингийн хоймор хэсэгт байрлуулсан “Samsung” загварын 65 инчийн зурагтын дэлгэцийг хагалж, сандлыг нь хугалсан, “АRHI” гэсэн бичигтэй архины шилийг гал тогооны тавилга дээр байх шаазан эдлэл рүү шидэж хагалсан, хохирогчийн цүнх доторх гоо сайхны “Peptide-9” бүтээгдэхүүн зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж, бага хэмжээнээс дээш буюу нийт 3.274.910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч А.Б “...2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр манайх байшин барьж байсан юм, гэртээ байхад манай нөхрийн утас дуугараад гараад явсан, нэлээн удахаар нь нөхөр рүүгээ залгахад утсаа авахгүй байсан, 3, 4 удаа залгасны дараа утсаа авахаар нь “чи хаана байгаа юм” гэхэд “би Зоригоотой архи ууж явна, удахгүй очлоо” гэсэн. Тэрнээс хойш утсаа аваагүй, 13 цагийн үед дүүгийнхээсээ багаж авах гээд явж байхад миний утас дуугарсан, намайг таньдаг нэг хүн “танай нөхөр 17 дугаар сургуулийн хойно өндөр залуутай явж байна” гэсэн, тэгэхээр нь “Х.Бгийнд очсон юм байна” гэж бодсон, дүүгийндээ яаралтай очих байсан болохоор дүүгийнх рүүгээ очиж багажаа авч ирээд нөхөр рүүгээ олон удаа залгасан ч утсаа авахгүй байсан. Х.Бгийнд очсон нь тодорхой юм чинь гээд 16 цагийн үед Х.Бгийнд очиход Х.Б хашаандаа зэрлэг зулгааж байгаа бололтой зогсож байсан, хаалгыг нь нүдээд “Оогий байна уу” гэж асуухад “байхгүй” гэж хэлсэн, тэгэхээр нь “байна гэсэн, би аваад явъя” гэхэд хаалгаа онгойлгож өгөхгүй зогсоод байсан, гудманд явсан нэг хүнийг “энэ хашааг даваад онгойлгоод өгөөч.” гэж гуйгаад онгойлгуулаад дотогшоо орох гээд явж байхад Х.Б “би танай нөхөртэй унтаагүй шүү” гэж хэлсэн. Намайг гэр рүү нь ороход Х.Б миний араас дагаад орж ирсэн, хаалгыг нь онгойлгоод харахад манай нөхрийн пүүз үүдэнд нь байсан, миний уур хүрээд урд байсан сандлыг аваад нөхрийгөө хэд, хэд цохисон, өшиглөсөн, толгой руу нь гараараа цохисон, нөхрийгөө үсдэж чирээд гал тогооных нь өрөө рүү авч ирэхэд “гутлаа өмсөнө” гэхээр нь гутал өмсөж байх хооронд ширээ рүү харахад архины шил байхаар нь аваад нөхөр рүүгээ шидэхэд манай нөхөр хажуу тийшээ болоод гал зуухны тийшээ онохын хувьд бол оносон, юу хагарсныг мэдэхгүй. Би нөхрөө л авах гэж очсон, тэднийд байнгын архи ууж байдаг, энэ хоёр 2018 оноос явалдаж эхэлсэн бөгөөд би 2, 3 удаа барьж, Х.Бгийнхээс нөхрөө авч байсан, хоёулаа согтуу байж байдаг. Х.Бгийн хүүхдүүд ч гэсэн намайг нөхрийгөө авдаг гэдгийг мэдэж байгаа, урьд өмнө нь өчнөөн л очиж нөхрөө авч байхад гомдол гаргаагүй мөртлөө, одоо яагаад ингээд байгааг гайхаад байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Х.Бгийн “...2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэртээ амраад хашааныхаа зэрлэгийг зулгааж байх үед Б.О 1 цагийн үед согтуу, манай хашааг давж орж ирээд шууд гэрлүү ороод “найз нь танайд хэсэг унтаад амарчихаад явъя” гэсэн, Б.Оыг үлдээчихээд гарч хашааныхаа зэрлэгийг зулгаагаад зогсож байхад 18 цаг өнгөрч байхад Б.Оын эхнэр А.Б манай гэрт орж ирээд юм хэлэлгүй үүдэнд байсан модон сандлыг аваад нөхөр рүүгээ уурлаж “янхан, гичий” гэж орилоод байхаар нь би айгаад гэрээсээ гарч зугтаагаад хашааныхаа ард талын өвсөн дотор хэсэг сууж байгаад гэртээ ороход манай гэрийн хойморт байх 65 инчийн “Samsung” загварын зурагт хагарчихсан, гал тогооны өрөөний шалан дээр аяганууд унагаачихсан байсан. ...эвдэрсэн зурагтаа төлүүлж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

“...2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр намайг гэртээ амарч байхад 16 цагийн үед Б.О согтуу, манай хашааг давж гэрт ороод ирсэн, тэгээд “би согтуу байна, хэсэг танай гэрт унтаж байгаад явж болох уу” гэж хэлээд гэрийн хойд хана хэсэгт байрлах бор өнгийн урд нүүр хэсэгтээ тольтой хувцасны шүүгээний урд унтсан, би Б.Оыг унтуулчихаад хашааныхаа зэрлэгийг зулгаагаад байж байхад Б.Оын эхнэр А.Б манай гэрийн гадаа ирээд үл таних хүнээр манай хашааг давж явган хүний хаалгыг онгойлгуулж ганцаараа орж ирээд надтай юм дуугаралгүй манай гэрт орж, үүд хэсэгт байсан шар өнгийн модон сандлыг авч нөхрийгөө цохих гэж дайрахаар нь би айгаад гэрээсээ гарч хашааныхаа ард талд өвсөнд 10-15 минут нуугдаж сууж байгаад буцаж гэртээ ороход манай гэрийн зурагт хагарчихсан, зурагтны урд талд А.Бын манай гэрийн үүднээс барьж орсон шар өнгийн модон сандал эвдэрчихсэн гал тогооны шилэн аяга болон савнууд хагарчихсан, миний цүнх дотор байсан гоо сайхны хэрэгслийг хагалчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

          “...Би өөрийн зурагтаа бүрэн төлүүлж авсан тул надад одоо ямар нэгэн санал, гомдол байхгүй, уг хэргийг хааж шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

          “...2022 оны 7 дугаар сарын 24-ний 17 цагийн үед гэртээ хашааныхаа өвс, ургамалыг зулгааж байх үед танил Б.О гаднаас хашаа даваад ороод ирсэн, би ямар ажлаар явж байгааг нь асуухад ухаан мэдрэлгүй болтлоо архи уусан, согтуу байсан, “танай гэрт ороод хэсэг унтаж байгаад гэрлүүгээ явья” гээд гуйсан. Тэр үед би дургүйцээд “миний амьдралд битгий лай болоод бай” гэж хэлэхэд Б.О гэрлүү шууд гүйж ороод газар хэвтсэн, тэгэхээр нь би хашааныхаа зэрлэг өвсийг зулгааж байтал Б.Оын эхнэр А.Б гэрийн гадна талын хашааны банз салгаж, унагаагаад гэрт орж ирээд Б.О луу дайраад гэрийн эд зүйл шидэлж эхэлсэн, тэр үед би гэрээс гарч зугтаагаад тэр хоёрыг манай гэрээс явахаар нь гэртээ ортол манай гэрийн эд зүйлийг устгаж, гэмтээгээд гараад явсан байсан. Манай гэрийн зурагтыг сандал шидэж хагалсан, гал тогооны тавилга дээр байсан шилэн аягануудыг хагалсан, миний цүнх дотор байсан гоо сайхны эд зүйлийг хагалж шидсэн байсан. ...зурагтаа бүрэн, бүтэн болгож авахыг хүсэж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

          “...А.Б “зурагтны оронд шинэ зурагт өгнө” гэж тохирсон болохоор би “хохирлоо төлүүлж авсан” гэж мэдүүлсэн, маргааш нь миний зурагтны оронд хуучин, хайрцаггүй, жижиг инчийн зурагт авч ирж өгсөн, би тэр зурагтыг авахгүй  өөрийнхөө бодит хохирлыг төлүүлж авмаар байна. ...манай зурагт руу шидэж эвдсэн гэх сандал нь манай гал тогооны өрөөнд байсан, уг сандал нь бүрэн бүтэн байсан. ...эвдэрсэн зурагт болон аяга таваг, шилэн саваа төлүүлж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/,

                                   “...2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн орчим гэртээ байхад Б.О архи уучихсан, ганцаараа манай гэрт орж ирсэн, “би танай гэрт хэсэг унтаж байгаад явчихъя” гэж хэлээд манай гэрийн хувцасны шүүгээний урд хэсэгт гудсан дээр унтсан, би хашааныхаа зэрлэгийг зулгаагаад байж байхад 18 цагийн орчим манай хашааг үл таних хүн давж орж ирээд хашааны хаалгыг онгойлгочихоод гараад яваад Б.Оын эхнэр А.Б манай хашаа руу ганцаараа орж ирээд надтай юм дуугаралгүй шууд манай байшингийн хаалгыг татаж ороод үүдэнд байсан улбар шар өнгийн модон сандалыг аваад манай зочны өрөө лүү орчихсон, би А.Баас айгаад гэрээсээ гарч хашааныхаа гадна талд байшингийнхаа хойд хэсэгт нуугдаж байгаад 20-30 минутын дараа буцаж гэртээ ороход манай гэрийн зурагт баруун доод булан хэсэгт цөмөрч хагарсан, урд талд нь манай гэрийн үүдэнд байсан улбар шар өнгийн модон сандал хугарчихсан байсан. Гал тогооны шүүгээн дээр байсан аяга тавагны ком хагарч эвдэрсэн, буйдангийн булан хэсэгт байсан нүүрний “Peptide-9” гэх хоёр ширхэг ком байсны нэг ширхэгийг хагалсан байсан. ...Жаянагулийг дагуулж гэртээ ирж гэрийнхээ ямар байдалтай байгааг харуулаад цагдаагийн байгууллагад хандсан. ...Б.О 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр архи уучихсан байдалтай 17 цагийн орчим ганцаараа ирсэн ...А.Б 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн үед ганцаараа ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дахь тал/,

                                   “...тухайн үед Б.О манай гэрт нэг танихгүй залуугийн хамт хоёулаа, согтуу орж ирсэн, Б.О “манайх байшин барьж байгаа, би ажлаас зугтаагаад явж байна” гэж хэлсэн бөгөөд 0.75л архитай ирсэн. ...архиа нөгөө залуугийнхаа хамт манай гал тогооны өрөөнд уусан, би том өрөөний буйдан дээр ном уншиж байсан, надад архинаасаа өгсөн боловч би амсаад уугаагүй. Гэтэл нөгөө танихгүй залуу манай зурагтыг харчихаад “ямар том зурагт вэ, кино театрт байгаа юм шиг” гэж хэлж байсан, тухайн үед манай зурагт асаалттай байсан. Б.О “би хэсэг унтая” гэхээр нь түүнд том өрөөндөө газраар ор засаж өгсөн, тэгээд Б.О унтаж, нөгөө танихгүй залуу манайхаас явсан. Ингээд би гадаа гарч зэрлэгээ зулгааж байхад нэг танихгүй залуу манай хашааг давж ирээд хашааны хаалга онгойлгоход А.Б орж ирсэн, би А.Бд хашаа руугаа орох болон гэр лүү орох зөвшөөрөл өгөөгүй, надаас асуугаагүй шууд л яваад орчихсон, би А.Бын араас байшин руугаа ороход тэр гал тогооны үүдэнд байсан улбар шар өнгийн түшлэггүй сандлыг аваад манай том өрөө рүү орсон, би айгаад хашааны гадаа гарсан. Хэсэг хугацааны дараа гэртээ ороход нөгөө түшлэггүй модон сандал том өрөөний зурагтны доор газар салаад эвдэрчихсэн, зурагт маань хагарчихсан мөн том өрөөний буйдан дээр цүнх дотор байсан миний “Peptide-9” гоо сайхны бүтээгдэхүүнийг гаргаж шидээд хагалчихсан байсан. ...гал тогооны шүүгээн дээр байсан долоон ширхэг ком аяга, савны цуглуулгаас нэг том, хоёр жижиг нь хагарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 96 дахь тал/,

гэрч Э.Э-ын “...тухайн дуудлага мэдээлэл дээр 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн орчим очиход Х.Б гэх эмэгтэй байсан, тэр эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “манай найзын эхнэр гэрт ирээд уурлаад байхаар нь найзыгаа эхнэртэй нь гэртээ орхиж гараад тэр хоёрыг гэрээс гарахаар нь буцаж орж ирэхэд манай гэрийн эд зүйлийг устгаж, гэмтээсэн байсан” гэж ярьж байсан. Би эвдэрсэн гэх зүйлийг Х.Б гэх гэрийн эзнээр заалгуулж хэргийн газрын үзлэг хийсэн, гэрийнх нь эд зүйл эмх замбараагүй болсон, хоймор хэсэгт хананд байрлуулсан зурагт нь баруун доод хэсэгтээ юмаар цохиж хагалсан байдалтай байсан, уг зурагтны урд хэсэгт улбар шар өнгийн сандал хугарч эвдэрсэн байсан. Гал тогооны хэсэгт шалан дээр архины шил хажуу хэсэгт нь хагархай шилнүүд байсан, шүүгээн дээрх хөх өнгийн аяга болон сав хагарсан байдалтай байсан, том өрөөний булан хэсэгт тавиур дээр байсан хоёр ширхэг саарал өнгийн шилэн эд зүйл хагарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

гэрч Б.Оын “...2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Зоригоогийн хамт архи уух газар олдохгүй болохоор нь 13 цагийн үед Х.Бгийн гэрт Зоригоотой очсон, 0.5л архи уучихаад би согтоод тасраад уначихсан, намайг унтаж байх хойгуур Зоригоо гэртээ харихаар явчихсан байсан. Намайг унтаж байхад манай эхнэр А.Б орж ирээд “чи энд юу хийж байгаа юм” гэж хэлээд хатуу юмаар цохиж, үснээс зулгааж авч гараад машиндаа суулгаж гэр лүү авч явсан. ...манай эхнэр намайг Х.Бгийн гэрт байсан модон сандлаар цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

“...З-ийн хамт Х.Бгийн гэрт согтуу очсон, ...бид хоёр 0.75л архитай орсон, Х.Бгийн гал тогооны өрөөнд Х.Б, Зоригоо бид гурав нөгөө архиа хувааж уусан. ...Би гал тогооны өрөөнд нь суусан бөгөөд тэгэхэд эд зүйлс нь зүгээр хэвийн байсан, ...Нэг мэдсэн чинь манай эхнэр А.Б нь Х.Бгийн гэрт ороод ирчихсэн намайг 2-3 удаа өшиглөсөн, миний толгой руу 1-2 удаа цохисон, намайг үсдээд чирээд Х.Бгийн гэрээс авч гарсан, тухайн үед би Х.Бгийн гэрийн том өрөөнд хувцасны шкафных нь урд газраар зассан орон дээр унтаж байсан бөгөөд эхнэр маань намайг том өрөөнөөс авч гарсан. ...юм хагарах чимээ гарсан, би бодохдоо гал тогооны ширээг өшиглөөд дээр нь байсан архины шил, аяга, тавгыг хагалчихлаа.” гэж бодсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дахь тал/,

гэрч Н.Б-ын “...гэртээ амарч байхад Х.Б над руу залгаад “Б.О над руу залгаад байна, гэрт ирчихэж магадгүй чи хүрээд ирээч” гэж 12 цагийн үед дуудаж, би гэрт нь очсон, Х.Бгийн гэрт очиход Х.Б ганцаараа байсан, “хүүхдүүд Хөвсгөл аймаг Мөрөн сум руу явчихсан” гэж ярьж байсан. Бид хоёр хоорондоо юм ярингаа би зурагтаар нь бичлэг үзэж байгаад 15 цагийн үед гэртээ харихаар явсан, Х.Бгийн гэрт байсан зурагт нилээд том зурагт байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

гэрч А.Ж-ийн “...2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэртээ амарч байхад Х.Б 19 цагийн орчим манай гэрт орж ирээд “А.Б манай гэрт ирээд зурагт руу маань сандал авч шидээд хагалчихлаа, би зугтаагаад танай гэрт ирлээ” гэж хэлсэн. Х.Бтэй хамт гэрт нь очиход зурагтынх нь баруун талын булан хэсэг хагарчихсан, урд талд нь улбар шар өнгийн модон сандал нь хоёр хэсэг болоод хуваагдчихсан, гал тогооны шүүгээн дээр байдаг аяга тавганы ком нь хагарчихсан тэр хавиар хагархай шил болчихсон, зочны өрөөнд нь байсан тавиур дээрх нүүрний саарал өнгийн шилтэй нэг ширхэг ком хагарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дахь тал/,

гэрч Б.Б-ийн “...Б.О “ийшээ нэг айлд орьё” гэж хэлсэн, бид хоёр 0.75л архи авч 17 дугаар сургуулийн арагшаа хашаа байшинтай нэг хүүхнийд очсон бөгөөд тэр хүүхэн гэртээ ганцаараа байсан. Тэгээд тэр айлын хүүхэн бид гурав нөгөө архиа уусан, архи дуусаж байхад Б.О “унтлаа” гээд тэр айлын том өрөөнд газраар хэвтсэн, би айлаас гарч явсан. ...Тухайн үед зурагтыг харчихаад “нумарсан ямар гоё зурагт вэ” гэж хэлж байсан бөгөөд зурагт нь хананд өлгөсөн, их том зурагт байсан, хагарсан зүйл харагдаагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 103 дахь тал/,

А.Бын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн үед манай нөхрийн зүс таньдаг хүн “танай нөхөр 17 дугаар сургуулийн хажуухан талд согтуу явж байна.” гэсэн. Тэгээд нөхрийнхөө гар утас руу залгахад авахгүй байж байгаад 16 цагийн үед дахиж залгахад “Зоригоотой архи ууж байна, удахгүй харилаа” гэж хэлчихээд дахиж утсаа авахгүй байсан, 17 цаг болж байхад Х.Бгийн гэрт очиход хашааных нь хаалга хаалттай, Х.Б хашаан дотроо юм хийж байсан, би “хаалгаа онгойлгооч” гэж зөндөө хэлэхэд хаалгаа онгойлгохгүй байхаар нь гудамжинд явж байсан танихгүй хүнийг гуйж хаалгыг нь онгойлгуулж дотор ороход нөхөр Х.Б зочны өрөөнд орон дээр хэвтэж унтаж байсан. Тэгэхээр нь миний уур хүрч нөхрийнхөө нуруу болон нүүр хэсэгт 2-3 удаа цохиж босгочихоод орных нь хажуу талд байсан жижиг модон сандлаар 2-3 удаа цохичихоод нөхрийгөө босгож дагуулж гараад гэртээ харьсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

“...2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр...11 цагийн үед нөхрийн утас дуугарч, гэрээсээ гарч явсан, ...13 цагийн үед над руу таньдаг хүн маань залгаж “танай нөхөр энд 17 дугаар сургуулийн хойд талд өндөр залуугийн хамт нөгөө хүүхнийхээ гэр лүү орж явна” гэж хэлсэн, нөгөө хүүхэн гэдэг нь манай нөхөртэй 2018 оноос хойш гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байгаа Х.Б гэдэг эмэгтэйг хэлж байгаа юм. ...би 15 цагийн үед машинтайгаа, ганцаараа, Х.Бгийн гэрийн гадаа очсон...хашаа руу нь орох гэтэл цоожтой байсан бөгөөд хашааны завсраар харахад байшингийнх нь цонхны хөшиг хаалттай хүнгүй мэт байхаар нь буцаад гэртээ очсон, ...16 цагийн үед Х.Бгийн гэрт очиход Х.Б хашаан дотроо зэрлэг зулгаагаад ганцаараа зогсож байсан. Тэгэхээр нь гудамжинд явсан үл таних нэг залууг гуйгаад “хашаа даваад хаалгыг онгойлгоод өгөөч” гэж хэлсэн, тэр залуу хашаа даваад надад хаалга онгойлгож өгөхөөр нь би дотогшоо орсон. Би Х.Бгээс “Б.О байна уу” гэтэл “байхгүй” гэж хэлсэн, би байшин руу нь ортол араас Х.Б дагаж орж ирсэн, хаалганых нь хажууд манай нөхөр Б.Оын пүүз байсан, тухайн үед тэднийх харанхуй, бүх хөшгөө хаачихсан байсан. Би том өрөө рүү шагайгаад харахад манай нөхөр ор засчихсан хөнжил дотор согтуу унтаж байсан, би нөхрийгөө цохиж аваад, алгадаад, хашгирч, хэл амаар доромжилсон, ингээд нөхрийгөө босгож аваад явах гэж байхдаа нөхөр лүүгээ архины шил шидсэн, би гал тогооны ширээн дээр байсан архины шилийг авч хаалганы хажууд гутлаа өмсөж байсан нөхөр лүүгээ шидсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 121-122 дахь тал/,

“...би гэрийнхээ хуучин хэрэглэж байсан 37 инчийн зурагтыг тухайн үед хэрэг шалгаж байсан мөрдөгчөөр дамжуулан Х.Бд өгүүлэхээр цагдаа дээр зурагтаа авч ирж өгсөн, Х.Б манай зурагтыг голоод аваагүй байхаар нь би зурагтаа буцааж авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 124 дэх тал/,

хохирогч Х.Бгийн “...2022 оны 7 дугаар сарын 24-ний орой 18 цагийн үед А.Б гэх эмэгтэй намайг нөхөртэйгөө хардаж, гэрт ирж танхайрч эд зүйл устгаж гэмтээсэн.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг **-**тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8, 9-12 дахь тал/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 877 дугаартай; “...“Samsung” телевизор 65 инч 3.149.910 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 34 дэх тал/,

улбар шар өнгийн модон сандалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст 55, 56-57 дахь тал/,

улбар шар өнгийн 20см өндөртэй, хоёр хэсэг хуваагдсан модон сандлыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 58 дахь тал/,

“Бэйкер Тилли Далайван Аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02/02-74 дугаартай; “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар шаазан эдлэл, модон сандал 85.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 63-67 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг **-**тоот хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 72-73, 74-78 дахь тал/,

хохирогч Х.Бгээс гаргаж өгсөн цагаан өнгийн хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 80, 81 дэх тал/,

цагаан өнгийн хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 82 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ОРХ/5294 дугаартай; “...“Peptide-9” нүүрний ком 40.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 106-108 дахь тал/,

шүүгдэгч А.Бын;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 49 дэх тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 128 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, гэрч нараас мөн А.Баас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Шүүгдэгч А.Быг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч А.Б нь 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг **-**тоотод хохирогч Х.Бг өөрийн нөхөр Б.Отай хардаж, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч, хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

хохирогчийн байшингийн үүдэнд байсан модон сандлыг шидэж байшингийн хоймор хэсэгт байрлуулсан “Samsung” загварын 65 инчийн зурагтын дэлгэцийг хагалж, сандлыг нь хугалсан, “АRHI” гэсэн бичигтэй архины шилийг гал тогооны тавилга дээр байх шаазан эдлэл рүү шидэж хагалсан, хохирогчийн цүнх доторх гоо сайхны “Peptide-9” бүтээгдэхүүн зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж, бага хэмжээнээс дээш буюу нийт 3.274.910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Х.Бгийн “...2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр...манай гэрийн хойморт байх 65 инчийн “Samsung” загварын зурагт хагарчихсан, ...шар өнгийн модон сандал эвдэрчихсэн, гал тогооны шилэн аяга болон савнууд хагарчихсан, мөн том өрөөний буйдан дээр цүнхэн дотор байсан миний “Peptide-9” нэртэй гоо сайхны бүтээгдэхүүнийг гаргаж шидээд хагалчихсан байсан.” гэх,

гэрч Э.Э-ын “...тухайн дуудлага мэдээлэл дээр 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн орчим очиход Х.Б гэх эмэгтэй байсан, ... хэргийн газрын үзлэг хийсэн, гэрийнх нь эд зүйл эмх замбараагүй болсон, хоймор хэсэгт хананд байрлуулсан зурагт нь баруун доод хэсэгтээ юмаар цохиж хагалсан байдалтай байсан, уг зурагтны урд хэсэгт улбар шар өнгийн сандал хугарч эвдэрсэн байсан. Гал тогооны хэсэгт шалан дээр архины шил хажуу хэсэгт нь хагархай шилнүүд байсан, шүүгээн дээрх хөх өнгийн аяга болон сав хагарсан байдалтай байсан, том өрөөний булан хэсэгт тавиур дээр байсан хоёр ширхэг саарал өнгийн шилэн эд зүйл хагарсан байсан.” гэх,

          гэрч Б.Оын “...2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Зоригоогийн хамт архи уух газар олдохгүй болохоор нь 13 цагийн үед Х.Бгийн гэрт Зоригоотой очсон, ...манай эхнэр намайг Х.Бгийн гэрт байсан модон сандлаар цохисон. ...юм хагарах чимээ гарсан, би бодохдоо гал тогооны ширээг өшиглөөд дээр нь байсан архины шил, аяга, тавгыг хагалчихлаа.” гэж бодсон.” гэх,

гэрч Н.Б-ын “...Х.Бгийн гэрт очиход Х.Б ганцаараа байсан, “хүүхдүүд Хөвсгөл аймаг Мөрөн сум руу явчихсан” гэж ярьж байсан. Бид хоёр хоорондоо юм ярингаа би зурагтаар нь бичлэг үзэж байгаад 15 цагийн үед гэртээ харихаар явсан, Х.Бгийн гэрт байсан зурагт нилээд том зурагт байсан.” гэх,

гэрч А.Ж-ийн “...Х.Бтэй хамт гэрт нь очиход зурагтынх нь баруун талын булан хэсэг хагарчихсан, урд талд нь улбар шар өнгийн модон сандал нь хоёр хэсэг болоод хуваагдчихсан, гал тогооны шүүгээн дээр байдаг аяга тавганы ком нь хагарчихсан тэр хавиар хагархай шил болчихсон, зочны өрөөнд нь байсан тавиур дээрх нүүрний саарал өнгийн шилтэй нэг ширхэг ком хагарчихсан байсан.” гэх,

гэрч Б.Б-ийн “...тэр айлын хүүхэн бид гурав нөгөө архиа уусан, архи дуусаж байхад Б.О “унтлаа” гээд тэр айлын том өрөөнд газраар хэвтсэн, би айлаас гарч явсан. ...Тухайн үед зурагтыг харчихаад “нумарсан ямар гоё зурагт вэ” гэж хэлж байсан бөгөөд зурагт нь хананд өлгөсөн, их том зурагт байсан, хагарсан зүйл харагдаагүй.” гэх,

 

А.Бын өөрийнх нь өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр... Х.Бгийн гэрт очиход Х.Б хашаан дотроо зэрлэг зулгаагаад ганцаараа зогсож байсан. Тэгэхээр нь гудамжинд явсан үл таних нэг залууг гуйгаад “хашаа даваад хаалгыг онгойлгоод өгөөч” гэж хэлсэн, тэр залуу хашаа даваад надад хаалга онгойлгож өгөхөөр нь би дотогшоо орсон. ...нөхрийгөө босгож аваад явах гэж байхдаа нөхөр лүүгээ архины шил шидсэн, би гал тогооны ширээн дээр байсан архины шилийг авч хаалганы хажууд гутлаа өмсөж байсан нөхөр лүүгээ шидсэн. ...би гэрийнхээ хуучин хэрэглэж байсан 37 инчийн зурагтыг тухайн үед хэрэг шалгаж байсан мөрдөгчөөр дамжуулан Х.Бд өгүүлэхээр цагдаа дээр зурагтаа авч ирж өгсөн, Х.Б манай зурагтыг голоод аваагүй байхаар нь би зурагтаа буцааж авсан.” гэх мэдүүлгүүдээр,

хохирогч Х.Бгийн “...2022 оны 7 дугаар сарын 24-ний орой 18 цагийн үед А.Б гэх эмэгтэй намайг нөхөртэйгөө хардаж, гэрт ирж танхайрч эд зүйл устгаж гэмтээсэн.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл,

Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг **-**тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, улбар шар өнгийн модон сандалд үзлэг хийсэн тэмдэглэл, уг хаягт хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 877 дугаартай,  “...“Samsung” телевизор 65 инч 3.149.910 төгрөг.” гэсэн,

“Бэйкер Тилли Далайван Аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02/02-74 дугаартай, “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар шаазан эдлэл, модон сандал 85.000 төгрөг.” гэсэн,

          “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ОРХ/5294 дугаартай, “...“Peptide-9” нүүрний ком 40.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлангууд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй болно.

“оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтрэн орсон” гэдгийг тухайн орон байранд нэвтрэх эрхгүй этгээд орон байрны өмчлөгч, эзэмшигчийн амаар болон бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орсон байхыг,

“хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэдгийг иргэдийн орон байранд өмчлөгч, оршин суугчийн зөвшөөрөлгүй орж, улмаар оршин суугч орон байрандаа хэвийн амьдрах, амрах, ажиллахад саад учруулахыг,

эд хөрөнгө устгасан” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгохыг,

эд хөрөнгө гэмтээсэн” гэж эд хөрөнгөд гэмтэл учруулж, эд хөрөнгийг сэргээж засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгох бөгөөд “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг байдаг.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

шүүгдэгч А.Бын хувьд хохирогч Х.Бгийн орон байранд нэвтрэх эрхгүй этгээд бөгөөд гудамжинд явсан хүнийг гуйж хашааг нь давуулж хохирогч Х.Бгийн Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг **-**тоот хашааны хаалгыг дотроос нь онгойлгуулж, хохирогчийн зөвшөөрөлгүйгээр байшинд нь нэвтэрч, хохирогчийн хувийн эрх, эрх чөлөө, орон байрны халдашгүй байдалд гэм буруугийн хэлбэрээр халдаж, дураараа авирласан идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан.” гэмт хэргийн,

хохирогч Х.Бгийн гэрт дураараа нэвтэрсний дараа үүдэнд нь байсан сандлыг авч шидэж хохирогчийн гэрийн “Samsung” загварын 65 инчийн зурагтын дэлгэцийг хагалж, сандлыг хугалсан, гал тогооны тавилга дээр байсан шаазан эдлэлийг, мөн гоо сайхны “Peptide-9” бүтээгдэхүүн зэрэг эд зүйлүүдийг устгасан, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 3.274.910 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан бөгөөд энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 877 дугаартай, “...“Samsung” телевизор 65 инч 3.149.910 төгрөг.” гэсэн, “Бэйкер Тилли Далайван Аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02/02-74 дугаартай, “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар шаазан эдлэл, модон сандал 85.000 төгрөг.” гэсэн, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ОРХ/5294 дугаартай, “...“Peptide-9” нүүрний ком 40.000 төгрөг.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар  хохирогч  Х.Бд 3.274.910 төгрөгийн хохирол учирсныг бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж,

мөн хохирогч тухайн эд зүйлээ зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосныг нь бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэж үзнэ.

Шүүгдэгч А.Бын нөхрөө хардсаны улмаас Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогч Х.Бгийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж, түүний орон байр, эд хөрөнгийнх нь халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүх хуралдааны үед;

өмгөөлөгч Б.Тулга “...хагарч, эвдэрсэн гэх зүйлүүдийн гэрэл зургуудийг хохирогч өөрөө авч хэрэгт хавсаргуулсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл хуульд нийцээгүй, тухайн газрын нөхцөл байдлыг гэрэл зургаар бэхжүүлээгүй. Хохирогчоос 7 удаа мэдүүлэг авсан байгаа боловч аль мэдүүлэг нь үнэн, зөв эсэх нь эргэлзээтэй, гэрч Б.О, Б нарын мэдүүлэг тогтворгүй, цагдаагийн газрын гомдлын бүртгэлийн дэвтэрт дуудлага авсан цаг, үзлэг хийсэн цаг зөрдөг, эвдэрсэн гэх сандлаас бусад эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцоогүй. Шүүгдэгч А.Бын үйлдэл гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдэх гэж бачимдаж яваа эхнэр хүний үйлдэл бөгөөд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч дураар авирласан хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж,

өмгөөлөгч Б.Баасанжав “...хохирогчийн өргөдлөөс эхлээд худлаа зүйлүүд байгаа, өргөдөлдөө “намайг хөөсөн” гэж бичсэн ч мэдүүлгүүдэд нь энэ талаар байдаггүй, хохирогчийн гэрт зөвшөөрөлгүй орсон Б.Оын үйлдлийг яагаад шалгахгүй байгаа юм бэ, шүүгдэгч гэм буруугүй гэж үзэж цагаатгаж өгнө үү.” гэж шүүгдэгчийн гэм буруугийн талаар тус тус маргаж,

шүүгдэгч А.Б “...архины шил байхаар нь аваад нөхөр рүүгээ шидэхэд манай нөхөр хажуу тийшээ болоод гал зуухны тийшээ онохын хувьд бол оносон, юу хагарсныг мэдэхгүй.” гэж, мөн “...би нөхрөө л авах гэж очсон” гэж тус тус тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан гэрч Б.Оын “...2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр...Зоригоогийн хамт Х.Бгийн гэрт согтуу очсон, ...Зоригоо бид гурав нөгөө архиа хувааж уусан. ...би гал тогооны өрөөнд нь суусан бөгөөд тэгэхэд эд зүйлс нь зүгээр хэвийн байсан.” гэх,

гэрч Н.Б-ын “...Х.Бгийн гэрт очиход Х.Б ганцаараа байсан, “хүүхдүүд Хөвсгөл аймаг Мөрөн сум руу явчихсан” гэж ярьж байсан. Бид хоёр хоорондоо юм ярингаа би зурагтаар нь бичлэг үзэж байгаад 15 цагийн үед гэртээ харихаар явсан.” гэх,

гэрч Б.Б-ийн “...17 дугаар сургуулийн арагшаа хашаа байшинтай нэг хүүхнийд очсон бөгөөд тэр хүүхэн гэртээ ганцаараа байсан. Тэгээд тэр айлын хүүхэн бид гурав нөгөө архиа уусан, ...Тухайн үед зурагтыг харчихаад “нумарсан ямар гоё зурагт вэ” гэж хэлж байсан бөгөөд зурагт нь хананд өлгөсөн, их том зурагт байсан, хагарсан зүйл харагдаагүй.” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч А.Быг хохирогчийн орон байранд нэвтрэхээс өмнөх цаг хугацаанд хохирогчийн эд зүйл бүрэн бүтэн байсан болох нь тогтоогдож байна.

Харин шүүгдэгч нь нөхрөө хардаж, хохирогчийн зөвшөөрөлгүйгээр түүний орон байранд нэвтэрч, тэднийд нөхрөө зодож, сандал шидэж “Samsung” загварын 65 инчийн зурагтын дэлгэцийг хагалж, уг сандлыг хугалсан, гал тогооны тавилга дээр байсан шаазан эдлэлийг, мөн хохирогчийн цүнхэнд байсан гоо сайхны “Peptide-9” бүтээгдэхүүн зэрэг эд зүйлүүдийг хагалж, эвдсэн болох нь,

хохирогч Х.Бгийн удаа дараагийн мэдүүлгүүдээр,

мөн гэрч Э.Э-ын “...тухайн дуудлага мэдээлэл дээр 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн орчим очиход...гэрийнх нь эд зүйл эмх замбараагүй болсон, хоймор хэсэгт хананд байрлуулсан зурагт нь баруун доод хэсэгтээ юмаар цохиж хагалсан байдалтай байсан, уг зурагтны урд хэсэгт улбар шар өнгийн сандал хугарч эвдэрсэн байсан. Гал тогооны хэсэгт шалан дээр архины шил хажуу хэсэгт нь хагархай шилнүүд байсан, шүүгээн дээрх хөх өнгийн аяга болон сав хагарсан байдалтай байсан, том өрөөний булан хэсэгт тавиур дээр байсан хоёр ширхэг саарал өнгийн шилэн эд зүйл хагарсан байсан.” гэх,

гэрч А.Ж-ийн “...2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр...зурагтынх нь баруун талын булан хэсэг хагарчихсан, урд талд нь улбар шар өнгийн модон сандал нь хоёр хэсэг болоод хуваагдчихсан, гал тогооны шүүгээн дээр байдаг аяга тавганы ком нь хагарчихсан тэр хавиар хагархай шил болчихсон, зочны өрөөнд нь байсан тавиур дээрх нүүрний саарал өнгийн шилтэй нэг ширхэг ком хагарчихсан байсан.” гэх мэдүүлгүүдээр, мөн хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эд зүйлд үзлэг хийсэн болон хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг **-**тоот хаягт тухайн цаг хугацаанд шүүгдэгч А.Б гэрч Б.О нар байсан, тэдний хооронд хэрүүл, зодоон болсон, шүүгдэгч А.Б нь архины шил, сандал авч зэргийг авч шидсэн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “...шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, мөн мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ нотлох баримтад үндэслэн тайлбарлаагүйгээс гадна мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй болно.

Хохирогч Х.Бгийн хувьд хохирогчоор тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн, зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлсэн баталгаа гаргаж 7 удаа мэдүүлэг өгөхдөө гэрч Б.О, шүүгдэгч А.Б нарын өөрийн гэртээ ирсэн гэх цагийг зөрүүтэй мэдүүлдэг болохоос тухайн гэмт хэрэг гарсан огноог, эвдэж, устгасан эд зүйлүүдийн талаар, мөн шүүгдэгчийн үйлдэл бүрийн талаар өөрийн үзсэн, харсан зүйлээ тогтвортой мэдүүлдэг тул түүний мэдүүлгийг үнэн зөв биш, эргэлзээтэй гэж үзэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч А.Быг энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл нотолгоогүй, хэргийн нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй,

шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн үндсэн шинжүүдийг хангасан гэж үзнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч А.Быг “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан.”, “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэргийн шинжүүдийг агуулсан үйлдлүүдэд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч А.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянахад, шүүгдэгч нь оршин суугчийн зөвшөөрөлгүй хохирогч Х.Бгийн орон байранд хууль бусаар нэвтрэх явцдаа хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар устган гэмтээж хохирогчийн өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэснийг хангаж байна.

Шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч А.Быг “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан.”, “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч А.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн,  

өмгөөлөгч Б.Тулга, Б.Баасанжав нар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн санал, хүсэлтийг тус тус гаргав.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,

1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх.” гэж хуульчилжээ.

          Шүүх шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн  нөхцөл байдал, “зурагтыг линзингээр авч өгье, үлдсэн 185.000 төгрөгийг ирэх долоо хоногт төлье” гэж тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг, такси үйлчилгээ эрхэлж ар гэрээ, үр хүүхдээ тэжээдэг болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч А.Быг дээрх зүйл ангиудад заасан торгох ял эдлэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

1.3-т заасан “бие махбодын, сэтгэл санааны...байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн.”-ийг,

1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

          Шүүх шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1,  мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          түүнээс “Samsung” загварын 65 инчийн зурагтын үнэ 3.149.910 төгрөг,

          шаазан эдлэл болон модон сандалын үнэ 85.000 төгрөг, нүүрний комны үнэ 40.000 төгрөг,

          хохирогч эд зүйлээ үнэлүүлэхэд төлсөн хөлс 60.000 төгрөг нийт 3.334.910 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсний дараа шүүгдэгч нь “...зурагтыг линзингээр авч өгье, үлдсэн 185.000 төгрөгийг ирэх долоо хоногт төлье” гэж тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурьдаж байна.   

          Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 

хэрэгт хураасан нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улбар шар өнгийн 20см өндөртэй, хоёр хэсэг хуваагдсан модон сандлыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,  

шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч А.Быг тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч А.Быг чөлөөлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Баас 3.334.910 төгрөг гаргуулж хохирогч хохирогч Х.Бд олгосугай.

6.Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

эд мөрийн баримтаар хураасан нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

улбар шар өнгийн 20см өндөртэй, хоёр хэсэг хуваагдсан модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ