Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/299

 

 2023         8               09                                 2023/ШЦТ/299

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У,  

улсын яллагч Г.А,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,  шүүгдэгч Б.Н-т холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.Н

Шүүгдэгч Б.Н;

2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг **** тоотод “гэрт шээлээ” гэх шалтгаанаар Ч.Гыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.Н “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.   

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Ч.Гын “...2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багт амьдардаг Нараагийнд очиж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтоод унтаад өгсөн, орой харанхуй болж байхад сэрээд хоёр гутал байхгүй, хөл нүцгэн харьсан. Маргааш нь...Нараатай тааралдахад намайг “гэрт шээсэн” гээд гудамд зодсон, гараараа хоёр, гурван удаа нүүр хэсэгт толгой руу нэг удаа, нуруу хэсэг рүү хоёр, гурван удаа цохисон. ...Харьж явах замд толгойн ар хэсгээс хатгаж өвдөөд, явж чадахгүй удааширсан, гүний худаг дээр очиж толгойгоо шавшина гэж бодож байтал чадахгүй газар унаад их хэмжээгээр бөөлжсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

“...миний зүгээс гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...шүүх хуралдаанд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

гэрч Ч.Г-ийн “...2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг 35 минутанд цагдаад дуудлага өгсөн учир нь манай үеэл ах Ч.Г цус алдсан байдалтай манайд ирээд, би 102, 103-т дуудлага мэдээлэл өгсөн. Манай үеэл ах Ч.Г 12 цагийн үед орж ирэхдээ ямар нэгэн шарх, сорвигүй байсан, харин орой 17 цагийн үед орж ирэхдээ амнаас нь цус гарчихсан, зодуулчихсан орж ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

гэрч Д.О-ийн “...2023 оны 5 дугаар сарын сүүлээр, 27 байна уу 28-ны өдөр үдээс хойш ус авах гээд худаг руу явж байхдаа манай гудамжинд байдаг Д ахын гэрт орсон чинь Д ахын эхнэр С, Ч.Г, танихгүй хоёр эмэгтэйн хамт согтуу байсан. Ч.Гын хамраас цус гарчихсан, хамраасаа гарсан цусыг арчих гээд нүүрэн дээрээ нялчихсан согтуу сууж байсан, тэд нарыг бүгдээрээ согтуу байхаар нь би эргээд гарч явсан, Ч.Гыг хэн зодсоныг мэдэхгүй, өөрөөс нь ч асуугаагүй. Ямар ч байсан Д ахын гэрт согтуу, нүүр нь цус болчихсон сууж байсан, үүнээс хойш хэд хоногийн дараа Б.Нтай таараад хууч хөөрч байхад “Ч.Г ах манайд шээсэн, Ч.Г ахыг цохисон” гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

гэрч Л.А-ийн “...өдрийг нь санахгүй байна, 5 дугаар сарын сүүлээр байх Ч.Гыг манай гэрт байхад Б.Н орж ирээд “манай гэрт шээсэн” гээд маргалдаад хамт байсан хүмүүс нь салгасан, би согтуу байсан болохоор яг юу болоод байгааг ойлгоогүй, ...нэг, нэгнийгээ цохиж байхыг нь хараагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Б.Нын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ О, Д, Б, М, Ч.Г нарын хамт архи, согтууруулах ундаа хэрэглэж байсан чинь Ч.Г ах манай гэрийн буйдан дээр өмдөндөө шээчихсэн, би түүнд “та яаж байгаа юм” гэсэн чинь Ч.Г ах босоод хөл нүцгэн гараад зугтаасан, араас нь гараад ирэхэд алга болсон байсан, гутал нь манай гэрт үлдсэн. Маргааш нь...Алтанцэцэг гэх хүүхний гэрт орсон чинь Ч.Г ах согтуу, тэр айлд байж байсан, тэгэхээр нь би Ч.Гт “та яагаад манай гэрт шээж байгаа юм, яагаад надаас уучлалт гуйхгүй зугтаж байгаа юм” гээд түүний цээж рүү нь нэг удаа өшиглөөд, нүүр лүү нь хоёр удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34, 39-40 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 488 дугаартай;

“...1.Ч.Гын биед дээд уруулын гадна хэсэгт шарх, баруун нүдний зовхи, дээд уруулын гадна ба дотор хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4.Дээд уруулын гадна хэсэгт шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун нүдний зовхи, дээд уруулын гадна ба дотор хэсгийг хамарсан цус хуралт нь эрүүл мэндийг сариулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

иргэн Э.Отгонжаргалын “...2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг А гэх айлд Ч.Г нь бусдад зодуулсан.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

хохирогч Ч.Гын өргөдөл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

 

Б.Нын;

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дахь тал/,

цалингийн тодорхойлолт /хавтаст хэргийн 47 дахь тал/,

ажлын газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 48 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн зохион байгуулагчийн ам бүлийн тодорхойлолт /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.Наас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ныг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Б.Н 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг **-**тоотод Ч.Гыг “гэрт шээлээ” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь “дээд уруулын гадна хэсэгт шарх” бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Ч.Гын “...Нараатай тааралдаад намайг “гэрт шээсэн” гээд... хоёр, гурван удаа нүүр хэсэгт цохисон, толгой руу нэг удаа цохиж авсан, нуруу хэсэг рүү гарын алгаараа хоёр, гурван удаа цохиод байсан.” гэх,

гэрч Д.О-ийн “...Б.Нтай таараад хууч хөөрч байхад “Ч.Г ах манайд шээсэн, Ч.Г ахыг цохисон” гэж ярьж байсан.” гэх,

гэрч Л.А-ийн “...Ч.Гыг манай гэрт байхад Б.Н орж ирээд “манай гэрт шээсэн” гээд маргалдаад хамт байсан хүмүүс нь салгасан.” гэх,

Б.Нын өөрийнх нь өгсөн “...Ч.Г ах манай гэрийн буйдан дээр өмдөндөө шээчихсэн, би түүнд “та яаж байгаа юм” гэсэн чинь Ч.Г ах босоод хөл нүцгэн гараад зугтаасан, ...Маргааш нь...Алтанцэцэг гэх хүүхний гэрт орсон чинь Ч.Г ах согтуу, тэр айлд байж байсан, тэгэхээр нь би Ч.Гт “та яагаад манай гэрт шээж байгаа юм, яагаад надаас уучлалт гуйхгүй зугтаж байгаа юм” гээд түүний цээж рүү нь нэг удаа өшиглөөд, нүүр лүү нь хоёр удаа цохисон.” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 488 дугаартай;

“...Дээд уруулын гадна хэсэгт шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт,

иргэн Э.О-ын “...2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Алтанцэцэг гэх айлд Ч.Г нь бусдад зодуулсан.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ч.Гын өргөдөл зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Б.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.Нын хохирогч Ч.Гын эсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд “дээд уруулын гадна хэсэгт шарх баруун нүдний зовхи, дээд уруулын гадна ба дотор хэсгийг хамарсан цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хууль зүйн хувьд,

Шүүгдэгч Б.Нын хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Б.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Б.Ныг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Нын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

          Шүүх шүүгдэгч Б.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг нь тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Ч.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хавтаст хэргийн 12-13 дахь талд авагдсан “...Одоо миний зүгээс гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Н шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ