Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/310

 

 2023          8               23                                  2023/ШЦТ/310

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,   

улсын яллагч Ж.Б,

шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Х.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Э.Г-т холбогдох эрүүгийн 2325000000351 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Э.Г

Шүүгдэгч Э.Г нь;

2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “*******-ын төрөл бүрийн автомашины гараж дотор хохирогч А.Б-тэй “автобус удаан угаалгасан” гэх шалтгаанаар маргалдаж, хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Э.Г “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.   

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч А.Б “...Би 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 08 цаг 30 минутын орчим “*******-ын төрөл бүрийн автомашины гаражид өөрийн хариуцдаг автобусыг угаах гээд очиход Ганзориг миний урдуур орсон. Тэгээд удаад, миний ардаас угаалгачихаад засварт орох автобус ирчихээд хүлээгээд байхаар нь би Ганзоригт “чи хурдлаач ээ, хүмүүс хүлээгээд байна.” гэхэд над руу дайрч бид хоёр хоорондоо хэсэг маргалдаад зогсож байхад над руу салаавч гаргахаар нь би зөрүүлж салаавч гарахад миний зүүн талын шанаа хэсэгт нэг удаа цохисон. ...дахиж зүүн нүдний хөмсөг болон хамар хэсэгт 3-4 удаа цохисон, тэгэхэд миний хөмсөг задарч цус гарч бид хоёр салсан. ...толгой болон хамрын зүүн талын яс хэсэг өвдөж зовиуртай байгаа, уг гэмтлүүдийг Ганзориг гараараа цохиж үүсгэсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

гэрч Г.А**н “...би 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 09.00 цагийн орчим “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын төрөл бүрийн автомашины гараж дотор өөрийн хариуцдаг автобусаа угаалгах гээд зогсож байхад манай хэсгийн Буянхишиг гэх залуу Ганзориг гэх хүнтэй хоорондоо маргалдаад байх шиг байсан,  би өөрийн автобусандаа суугаад толиндоо харсан чинь Буянхишиг, Ганзориг хоёр нэг, нэгэн рүүгээ салаавч гаргаад байхаар нь болиулах гэж автобуснаасаа буугаад очиж байхад Ганзориг нь Буянхишигийн зүүн талын хөмсөг хэсэгт гараараа нэгээс хоёр удаа цохиж харагдсан, ...би Буянхишигийг дагуулж яваад нүүрийг нь угаалгахад хөмсөг нь сэтэрчихсэн харагдсан, ...Ганзориг Буянхишигийн хөмсөг хэсэгт нь гараараа хоёр удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

гэрч Э.Г “...2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 08.00 цагийн орчим өөрийн хариуцдаг 22-25ОРБ улсын дугаартай “Nissan Patrol загварын тээврийн хэрэгслийг угаах гэж “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын төрөл бүрийн автомашины шинэ гаражийн угаалга дээр ирсэн. Намайг угаалга дээр ирэхэд манай цехийн Ганзориг гэх ах өөрийн хариуцдаг дунд гарын автобусыг гараж дотор угаагаад зогсож байсан, Ганзориг ахыг автобусаа угаалгаад байж байхад араас нь өөр автобусны жолооч орж ирээд Ганзориг ахыг “хурдан угаагаад, хурдан гараач” гэж захирангуй байдалтай хэлж Ганзориг ах Буяа /Буянхишиг/ хоёр хоорондоо хэсэг маргалдаад зогсож байхад Буяа нь Ганзориг ахыг барьж аваад зүүн талын дух хэсэгт нь гараараа нэг удаа цохисон, Ганзориг ах зөрүүлж Буяа гэх залуугийн зүүн талын хөмсөг хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би очоод Ганзориг ах, Буяа хоёрыг салгахад Буяа гэх залуугийн зүүн талын дух хэсгээс цус гарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Э.Г яллагдагчаар өгсөн “...би 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 08 цаг 35 минутын орчим “**********-ын төрөл бүрийн автомашины гараж дээр өөрийн хариуцдаг 17-51ОРХ улсын дугаартай автобусыг угаалгахаар дарааллын дагуу хүлээгээд зогсож байсан, урд зогсож байсан машин угаалгаас гарахаар нь орох гэхэд миний хажуу талаар тойроод Буянхишиг дайрахаар нь би хөдлөөд угаалга руу ороод машинаа угаагаад зогсож байхад Буянхишиг “чи пизда минь гар, манай автобусныхан түрүүлж ордог юм, би техник үйлчилгээнд орох гэж байгаа” гэж орилж над дээр ирсэн. Тэгэхээр нь би машины шланкныхаа усыг хаагаад зогсоход Буянхишиг миний ам руу салаавч гаргаж түлхээд, гараараа дух хэсэгт цохисон, би зөрүүлээд түлхэхэд угаалга дотор байсан хүмүүс бид хоёрыг салгасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 564 дугаартай; “...А.Буянхишигийн биед зүүн нүдний дээд зовхинд шарх, дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Зүүн нүдний дээд зовхинд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний дээд, доод зовхинд үүссэн цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

А.Б “...“************-ын төрөл бүрийн автомашины гараж дотор бусдад зодуулж гэмтсэн.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Э.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 39, 50 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Э.Г************с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Э.Г************г гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Э.Г нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “**************-ын төрөл бүрийн автомашины гараж дотор хохирогч А.Б “автобус удаан угаалгасан” гэх шалтгаанаар маргалдаж, хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд зовхинд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч А.Б-н “...би Ганзоригт “чи хурдлаач ээ, хүмүүс хүлээгээд байна.” гэхэд над руу дайрч бид хоёр хоорондоо хэсэг маргалдаад зогсож байхад над руу салаавч гаргахаар нь би зөрүүлж салаавч гарахад миний зүүн талын шанаа хэсэгт нэг удаа цохисон. ...дахиж зүүн нүдний хөмсөг болон хамар хэсэгт 3-4 удаа цохисон, тэгэхэд миний хөмсөг задарч цус гарч бид хоёр салсан. ...уг гэмтлүүдийг Ганзориг гараараа цохиж үүсгэсэн.” гэх,

гэрч Г.А-н “...би өөрийн автобусандаа суугаад толиндоо харсан чинь Буянхишиг, Ганзориг хоёр нэг, нэгэн рүүгээ салаавч гаргаад байхаар нь болиулах гэж автобуснаасаа буугаад очиж байхад Ганзориг нь Буянхишигийн зүүн талын хөмсөг хэсэгт гараараа нэгээс хоёр удаа цохиж харагдсан, ...би Буянхишигийг дагуулж яваад нүүрийг нь угаалгахад хөмсөг нь сэтэрчихсэн харагдсан, ...Ганзориг Буянхишигийн хөмсөг хэсэгт нь гараараа хоёр удаа цохисон.” гэх,

гэрч Э.Г-н “...манай цехийн Ганзориг гэх ах өөрийн хариуцдаг дунд гарын автобусыг гараж дотор угаагаад зогсож байсан, Ганзориг ахыг автобусаа угаалгаад байж байхад араас нь өөр автобусны жолооч орж ирээд Ганзориг ахыг “хурдан угаагаад, хурдан гараач” гэж захирангуй байдалтай хэлж...Буяа гэх залуу нь Ганзориг ахыг барьж аваад зүүн талын дух хэсэгт нь гараараа нэг удаа цохисон, Ганзориг ах зөрүүлж Буяа гэх залуугийн зүүн талын хөмсөг хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би очоод Ганзориг ах, Буяа хоёрыг салгахад Буяа гэх залуугийн зүүн талын дух хэсгээс цус гарчихсан байсан.” гэх,

 

Э.Г-н яллагдагчаар өгсөн “...Буянхишиг “чи пизда минь гар, манай автобусныхан түрүүлж ордог юм, би техник үйлчилгээнд орох гэж байгаа” гэж орилж над дээр ирсэн. Тэгэхээр нь би машины шланкныхаа усыг хаагаад зогсоход Буянхишиг миний ам руу салаавч гаргаж түлхээд, гараараа дух хэсэгт цохисон, би зөрүүлээд түлхэхэд угаалга дотор байсан хүмүүс бид хоёрыг салгасан.” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Ч.Б-н 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 564 дугаартай, “...А.Буянхишигийн биед зүүн нүдний дээд зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

А.Буянхишигийн “...“Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын төрөл бүрийн автомашины гараж дотор бусдад зодуулж гэмтсэн.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Э.Ганзориг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Э.Г-н хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу хохирогч А.Буянхишигийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд зовхинд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хуульзүйн хувьд,

Шүүгдэгч Э.Г-н хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүгдэгч Э.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Э.Г-н “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Э.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Э.Г-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Э.Г-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

          Шүүх шүүгдэгч Э.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг нь тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  

мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.  

Бусад асуудал;

          хохирогч А.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Ганзориг шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ