Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/313

 

2023         8             24                                  2023/ШЦТ/313

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,  

улсын яллагч Г.А,

шүүгдэгч Ц.Ө нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Ц.Ө

Шүүгдэгч Ц.Ө нь;

2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “Хүнсний-Үйлдвэр”-ийн хашаан дотор хохирогч Ч.Гыг “манай ахын хөлийг гэмтээсэн” гэсэн шалтгаанаар хөл рүү нь өшиглөж, нүүр лүү нь цохиж, эрүүл мэндэд нь “доод баруун хоёр дугаар шүдний булгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Ц.Ө дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

иргэн Ч.Гын “...бусдад зодуулж гэмтсэн.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

хохирогч Ч.Гын “...2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед намайг Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “Хүнсний-Үйлдвэр”  дотор ажил дээрээ байхад Улаанаа намайг “хүрээд ир” гэж дуудсан, ...яваад очтол “манай ах Эрдэнэбаярын хөлийг яачихсан юм, хөл гараа хугалчихсан юм шиг байна” гэхээр нь би “яасан талаар нь мэдэхгүй байна” гэсэн. Тэгэхэд Улаанаа  миний толгой, нүүр хэсэг рүү 5-6 удаа цохисон, нүүрээ дараад суухад “одоо чиний хөлийг хугална” гэж хэлээд зүүн талын шилбэ хэсэг рүү хоёр удаа өшиглөчихөөд явчихсан. ...би ажлынхаа хувцсыг солих гээд байж байхад Улаанаа дахин орж ирэхээр нь би “чи миний шүдийг хугалчихлаа” гэхэд Улаанаа “чиний шүд угаасаа унаж байсан шүд биз дээ” гэж хэлэхээр нь би унасан шүдээ харуулахад Улаанаа гараад явчихсан. Миний биед учирсан гэмтлийг Улаанаа үүсгэсэн, миний толгой хэсэг рүү цохиж, хөл рүү өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

гэрч А.А-ийн “...2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн орчим...“Хүнсний-Үйлдвэр”-ийн хашаан дотор блокны үйлдвэр дээр ажлаа хийж байхад надтай хамт ажилладаг Эрдэнэбаяр гэх хүний дүү Улаанаа ирсэн. Тэгээд манай ажлын газрын Ч.Гыг “чи манай ахын хөлийг хугалсан байна” гэж дайраад нүүр хэсэгт 10 гаруй удаа цохисон, Ч.Г доошоо суухад хөл дээр дэвсээд өшиглөөд байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

Ц.Ө-ын өгсөн “...2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчим ...“Хүнсний-Үйлдвэр” дээр очиж Ч.Г-тай уулзсан. ...баруун талын шанаа хэсэгт нь нэг удаа алгадаж, баруун талын хөл рүү нь хоёр удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 7 дугаар сарыи 19-ний өдрийн 619 дугаартай;

“...1.Ч.Г-ын биед доод баруун хоёр дугаар шүдний булгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Доод баруун хоёр дугаар шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлөх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 4.Шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Ц.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн “ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хавтаст хэргийн 53 дугаар талд авагдсан хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,

торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Ө шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ