| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0506/З |
| Дугаар | 221/МА2025/0686 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2025/0686
"М" ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0594 дүгээр шийдвэрийг гомдол гаргагч "М" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Г-н нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч: "М" ХХК
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Г
Шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Э
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0506/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0594 дүгээр шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Ганчимэгийн гаргасан 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 013390* дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
2. Гомдол гаргагч "М" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхийн шийдвэрийг эс зөвшөөр дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. “ ... Улсын байцаагч нь "М" ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, цаашлаад манай компанийн эрх, ашгийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл юм. Тодруулбал зөрчлийн хэрэг нээн "М" ХХК-д холбогдуулан П.Ааас тайлбар, мэдүүлэг авч түүнийгээ "М П" ХХК-ийн ажилтан эсвэл компанийг 100 хувь төлөөлж байгаа мэтээр тайлбарлаж, хэргийн мөн чанарыг бүрэн ойлгоогүй, гомдол гаргасан Ё.О гэх хүнийг ямар компанид ажилладаг, аль компанийг шалгаж байгааг бүрэн тогтоолгүйгээр хийсвэрээр дүгнэлт хийн шалгасан үйлдэл нь Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл. Энэхүү хууль зөрчсөн үйлдлийн талаар анхан шатны шүүх хянан хэлэлцэхдээ хамаарал бүхий компани гэж үзэн бусдын үйлдсэн зөрчлийг “М" ХХК-д нялзаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2. 2. Анхан шатны шүүх хуулийн этгээдээс холбогдох баримт бичгийг гаргаж өгөөгүй байсан ч холбогдох байгууллагаас лавлагаа авах замаар холбогдогчийг зөв тодорхойлох, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох боломжтой байхад энэхүү ажиллагааг бүрэн шалган тогтоолгүйгээр 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 2509001257 тоот зөрчлийн хэргийг "М" ХХК-д холбогдуулан нээж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ажиллагааг буруу явуулж, шийтгэл ногдуулсан нь процессын хувьд алдаатай гэж дүгнэсэн атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг үндэслэн 013390* дугаартай шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0594 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Г шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “хөдөлмөрийн гэрээ” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог” гэж заасан байхад "М" ХХК нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болголгүй, шинээр нийгмийн даатгал төлж байгаа компанитай хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй, ажилтан аль компанид ажиллаж байгаагаа мэдэхгүй байх зэрэг хууль зөрчсөн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасныг зөрчсөн үйлдэл юм.
3.3. Энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд яагаад "М" ХХК-иас П.А-т итгэмжлэл олгож, иргэний ээлжийн амралтын мөнгийг олгуулсан болон бусад нотлох баримтуудыг гаргаж, өгч мөн шийтгэлийн хуудас дээр гарын үсэг зурсан болох талаар тодруулах нь хэрэгтэй байна. Анх "М" ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш өөр гэрээ байгуулаагүй нь нийгмийн даатгалын тайлантай зөрчилдөж байна. Мөн ээлжийн амралтын мөнгийг цаг хугацаанд нь олгоогүй нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийг 9.2-т заасан зөрчилд 5.000.000 төгрөгийн торгууль ногдуулсан нь үндэслэлтэй” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Гомдол гаргагч "М" ХХК-иас Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Ганчимэгийн гаргасан 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 013390* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.
3. Уг шийтгэлийн хуудсаар "М" ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” гэж зааснаар 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
4. Улмаар гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд хандан “ ... Ё.О гэх хүн манай компанид огт ажиллаж байгаагүй буюу ажилладаггүй атал ажиллаж байсан мэтээр зөрчлийн хэрэг нээн "М" ХХК-д 5000 нэгж буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, компанийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна ...” гэж,
4.1. Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ иргэн Ё.О-ээс "М" ХХК нь ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө болон хор саармагжуулах бүтээгдэхүүний мөнгийг олгоогүй, ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг гаргуулах өргөдлийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Уг зөрчлийн хэрэгт "М" ХХК-ийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн П.А-ыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, улмаар ажлаас чөлөөлсөн тушаал, ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө олгосон баримт зэргийг гаргаж өгсөн. Энэ нь Ё.О-ээс гаргасан өргөдлөөс хойш хийгдсэн ажиллагаа бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-д заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тул шийтгэлийн хуудас үндэслэлтэй хэмээн тус тус тайлбарлан маргажээ.
5. Анхан шатны шүүх энэ талаар “... "М" ХХК-д Ё.О ажилладаг эсэхийг бүрэн нягтлан шалгалгүйгээр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд шийтгэл ногдуулах зарчимд нийцээгүй ... тус зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь заалтад заасны дагуу хариуцлага ногдуулсныг буруутгах үндэслэлгүй болох нь тус тус тогтоогдож байх боловч эрх бүхий албан тушаалтнаас үйлдсэн шийтгэлийн хуудсыг шүүх өөрчлөн компанийн нэрийг зөвтгөх замаар МТ Х ХХК болон МТ п ХХК-иудын аль нэгт шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй ...” гэж дүгнэн, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл иргэн Ё.Оээс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт хандаж "М" ХХК нь ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө болон хор саармагжуулах бүтээгдэхүүний мөнгийг олгоогүй, мөн ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг гаргаагүй гэх агуулга бүхий өргөдлийг гаргасан байх бөгөөд энэхүү гомдол, мэдээллээр 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зөрчлийн хэрэг нээж гомдолд дурдсаны дагуу "М" ХХК-ийг холбогдогчоор татан оролцуулсан байна.
6.1. Улмаар уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд "М" ХХК-ийн гүйцэтгэх захирлаас олгосон 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 422/25 дугаар итгэмжлэлийн дагуу тус компанийн Хүний нөөцийн хэлтсийн ахлах менежер П.Аыг "М" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, тэрээр иргэн Ё.Оээс гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “М П” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Ё.Оийг ажлаас халах тухай 5/79 дүгээр тушаал, түүний амралтын мөнгийг тооцож, олгосон болох баримтуудыг нь гаргаж өгсөн, үүнтэй хариуцагч нь танилцсан атлаа "М" ХХК-ийг үргэлжлүүлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь ойлгомжгүй байна.
7. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 10.16 дугаар зүйлийн 9.2-т “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж тус тус заасан.
7.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнд зөрчил үйлдсэн нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй байх бөгөөд ингэхдээ зөрчлийг тухайн хүн, хуулийн этгээд үйлдсэн болохыг эрх бүхий албан тушаалтан зайлшгүй тогтоосон байх зарчмыг тодорхойлсон байна.
8. Энэ тохиолдолд гомдол гаргасан иргэн Ё.О нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “МТ Хан-Уул” ХХК-ийн Үйл ажиллагаа, хүний нөөцийн газрын захиралтай хөдөлмөрийн гэрээг байгуулж, “М П” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5/79 дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь халж, түүнд олгох амралтын мөнгө нь мөн тус компаниас олгогдсон болох баримтууд зөрчлийн хэрэгт авагдсан байхад хариуцагч нь эдгээр нөхцөл байдлыг бүрэн шалгаж, тодруулалгүйгээр "М" ХХК-ийг холбогдогчоор тогтоож, түүнд шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасантай нийцээгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэлтэй дүгнэсэн байна.
9. Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэв.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “...Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана” гэж зааснаар анхан шатны шүүхээс маргаан бүхий тушаалыг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсэн, үүнийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул тухайн хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас эхлэн тоолох бөгөөд уг хугацаанд хариуцагч нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, холбогдогчийг зөв тодорхойлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3-д заасан эрх, үүргийг нь тайлбарлаж шинээр захиргааны акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 013390* дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг тэмдэглэв.
11. Ийнхүү шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ч шийдвэрийн үндэслэх хэсэгт гомдол гаргагч иргэний нэрийг Ё.О гэж, мөн “М П”, “МТ п” гэж компанийн нэрийг хоёр өөрөөр зөрүүтэй байдлаар бичсэн байх тул цаашид энэ мэт алдааг гаргахгүй байхад анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0594 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч "М" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Г нараас гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОДМАА