Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 990

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.С-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00545 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.С,

Хариуцагч БНСУ-ын иргэн К.Ч.Хд холбогдох,

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 38 208 273 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Пүрэвсүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К.Ч.Х-той анх 2013 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж 2-46 тоот орон сууцыг нэг сарын 1 000 000 төгрөгөөр 12 сарын хугацаатай түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулсан. 2014, 2015 онд гэрээг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгасан. Мөн нэг сарын төлбөрийг 800 000 төгрөг болгон бууруулсан. Гэрээ байгуулснаас хойш 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх төлбөрийг төлсөн.

Иймд хариуцагчаас 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөрийн үлдэгдэл 26 412 000 төгрөг, алданги 11 143 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 1 дүгээр сарын байрны мөнгө 183 884 төгрөг, СӨХ-ийн мөнгө 424 389 төгрөг, нийт 38 163 273 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс иргэн П.Сос Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж 2-46 тоот байрыг түрээслэн амьдарч байгаа. П.Солонгын аав нэхэмжлэгч П.Пүрэвсүрэнд төлөх ёстой мөнгөнөөс 15 000 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, үлдэгдэл 3 523 200 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр ярилцсан боловч тохиролцоонд хүрээгүй.

Нэхэмжлэлийн шаардлагаас байр, СӨХ-ны зардалд нэхэмжилсэн 608 273 төгрөгийг зөвшөөрч байна. Гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх төлбөрийг бүрэн төлсөн. Харин 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс хойшхи 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны хөлс 25 200 000 төгрөгийг төлөх ёстойгоос 2016 оны 11 дүгээр сарын 02, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр төлсөн 6 000 000 төгрөгийг хасвал 19 200 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд энэ хэмжээгээр хөлс төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан БНСУ-ын иргэн К.Ч.Хгоос 29 708 273 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 455 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507 850 төгрөгөөс илүү төлсөн 158 857 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 306 491 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хариуцагч талаас орон сууц хөлсөлсөн төлбөрт  2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 3 000 000 төгрөг төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгч, үүнээс өөр мөнгө төлөөгүй болохоо шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбартаа дурдсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс хойш төлөөгүй, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх төлбөрийн талаар сайн мэдэхгүй байна гэсэн зөрүүтэй тайлбарыг гаргасан.  Нэхэмжлэгч талаас дээрх 6 000 000 төгрөгийг авсан гэдэгтэй маргаагүй, хариуцагч нь гэрээ байгуулсан өдрөөс эхлэн төлбөрөө төлөөгүй тул энэхүү 6 000 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх 6 сарын төлбөрийн тооцоонд суутгаж авсан гэдгээ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад тодорхой дурдаж, шүүхийн хэлэлцүүлгийн явцад амаар тайлбарласаар байхад анхан шатны шүүх үүнийг харгалзахгүйгээр нэхэмжлэгчийн хасч тооцсон тооцооноос дээрх 6 000 000 төгрөгийн тооцоог дахин хасч тооцсон нь буруу болсон.

Хэрэгт авагдсан П.Солонгын үйлдсэн гэх баримтыг хэдийгээр хариуцагч “2016 оны 08 дугаар сарын 01-ний байдлаар тооцоо нийлж гаргасан байгаа” гэж тайлбарлаж байх боловч тооцоо нийлсэн гэх уг баримтад хариуцагчийн өөрийнх нь гарын үсэг байхгүй, хэн үйлдсэн нь тодорхойгүй нэр гарчиггүй төдийгүй “одоо үнээс 2015 оны 9 сар + 2016 оны 7 сар төлбөр дутуу” гэж бичигдсэнийг “2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарын төлбөр дутуу байгаа” гэж гуйвуулснаар “хариуцагчийг 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэв. Мөн нэхэмжлэгч талаас дээрх баримтыг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно” гэж нэхэмжлэгчийг буруутгав. Хэрэв П.Солонгын бичиг гэх баримтыг үндэслэсэн гэвэл “2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 3 сарын төлбөр төлөгдсөн” гэсэн агуулгыг шүүх яагаад үнэлэлгүй орхигдуулсан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, “одоо үнээс 2015 оны 9 сар + 2016 оны 7 сар төлбөр дутуу байна” гэдэг нь юуг илэрхийлсэн агуулга болох нь тодорхойгүй зэргээр анхан шатны шүүхийн 6 000 000 төгрөг хасч тооцсон үндэслэл үгүйсгэгдэж, үндэслэсэн баримтын агуулга нь шүүхийн шийдвэртэй логикийн хувьд зөрчилдөж байх тул П.Солонгын үйлдсэн гэх баримтыг үндэслэх боломжгүй нь тодорхой байна.

Иймд анхан шатны шүүхийн давхцуулан хасч тооцсон 6 000 000 төгрөгийг алданги 3 000 000 төгрөгийн хамт нийт 9 000 000 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч П.Солонгын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Пүрэвсүрэн хариуцагч К.Ч.Хд холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 25 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээнд заасны дагуу алданги, 2017 оны 12, 2018 оны 01 дүгээр саруудын байрны төлбөр, 2016-2018 онуудын СӨХ-ны төлбөрийг нэмж нийт 38 208 273 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн төлбөр 19 200 000 төгрөг, СӨХ-ны 424 389 төгрөг, байрны төлбөр 183 884 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч орон сууц эзэмшиж, ашигласны хөлс 26 412 000 төгрөг, алданги 11 143 032 төгрөг, СӨХ-ны зардал 424 389 төгрөг, байрны зардал 183 884 төгрөг, нийт 38 163 305 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Зохигчид 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 2 дугаар байрны 46 тоот 67,35 м.кв 2 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай, сарын 1 000 000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцон орон сууц хөлслөх гэрээ байгуулж, 2014 оны 02 дугаар сарын 25, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус тус гэрээний хугацааг сунгаж, нэмэлт гэрээ байгуулжээ. Улмаар 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хөлсийг 800 000 төгрөг болгон бууруулсан бөгөөд орон сууц хөлслөх гэрээний хугацаанд хариуцагчийн зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 02, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус 3 000 000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх 6 000 000 төгрөгийг нэхэмжилж буй үнийн дүнгээс хасч тооцоод 19 200 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн, харин нэхэмжлэгч 6 000 000 төгрөгийг өмнөх төлөгдөөгүй төлбөрт тооцогдоно гэж маргажээ.  

Нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг К.Ч.Х төлөөгүй гэснийг хариуцагч зөвшөөрөөгүй маргаж 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс өмнөх төлбөрийг бүрэн төлсөн гэжээ. Гэвч нэхэмжлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “2015.9 сар, 7 сарын төлбөр дутуу, бусад нь төлөгдсөн” гэх утгатай бичгийн баримт хэрэгт авагдсан, мөн нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл мөнгө төлөөгүй болохыг нотлоогүй, хариуцагчийн тайлбарыг баримтаар няцаагаагүй байна. Иймд шүүх 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг төлсөн гэх хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сар хүртэл нийт 29 сарын орон сууцыг эзэмшиж, ашигласны хөлс нийт 25 400 000 төгрөг төлөх ёстойгоос гэрээний хугацаанд К.Ч.Хгийн төлсөн 6 000 000 төгрөгийг хасч, үлдэх 19 400 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх 6 000 000 төгрөгийг өмнөх төлбөрт суутган тооцсон талаараа баримтаар нотлоогүй тул 6 000 000 төгрөгийг хасч тооцсон шүүхийн дүгнэлт зөв, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

Зохигчид 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт гэрээний 3.4-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасантай нийцсэн тул хариуцагчаас 2015 оны 11 дүгээр сарын 24-өөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны алдангид 9 700 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас орон сууцны хөлс 19 400 000 төгрөг, алданги 9 700 000 төгрөг, СӨХ-ны зардал 424 389 төгрөг, байрны төлбөр 183 884 төгрөг, нийт 29 708 273 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 455 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ш.ОЮУНХАНД

 

                                       ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                              А.ОТГОНЦЭЦЭГ