Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 158

 

 

 

 

 

 

   2020              2              4                                         2020/ДШМ/158          

 

 

                                     Д.Ат холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мижиддорж,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 691 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Ат холбогдох эрүүгийн 1810020100801 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.А нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул трейд” ХХК-ийн байранд хамтран амьдрагч М.Нямдуламтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.  

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Аын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Буриад овгийн Дашнямын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Буриад овгийн Дашнямын А-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1810020100801 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, эрүүгийн 1810020100801 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.Нямдулам нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэснийг дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хохирогч гэх М.Нямдулам нь гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлгүүдээ болон аюулын зэргийн үнэлгээнд дурдагдсан нөхцөл байдлуудынхаа талаарх эх сурвалжийг зааж чадахгүй буюу хөндлөнгийн нотлох баримтаар нотолж чадахгүй байхад түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэн миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна хэмээн буруутгаж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хуульчлан өгснийг ноцтой зөрчөөд байна.

Мөн М.Нямдуламын биед учирсан гэх хөнгөн зэргийн гэмтлийг Д.А нь учруулаагүй болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон эд мөрийн баримтаар хураагдсан СD-нд авагдсан бичлэгээр хангалттай нотлогдож байна. Тухайлбал гэрч Д.Доржхайдавын мэдүүлэг /хх-39/ “...хайрцагтай тамхиа өгөхөд тэр эмэгтэй миний гарыг цохиод, ...хажуугаар нь гартал тэр эмэгтэй Амараа ах руу чи одоо яах гээд байгаа юм гээд хашгирч байсан, ...тэр эмэгтэй Амараа ахыг хэд хэдэн удаа алгадаж, түлхэж, татаад, заамдаад байх шиг байсан” гэх мэдүүлэг,

гэрч Н.Сүнжидмаагийн мэдүүлэг /хх-40/ “...нөгөө хүүхэн Амараагийн энгэрээс зууралдахад Амараа санаа нь зовсон юм уу яасан юм гарыг нь тавиулах гэж оролдож байсан. ... тэр эмэгтэй Амараагийн энгэрээс зуураад машин зогсоол руу явсан, Амараа тэр

эмэгтэйтэй маргалдсан зүйл байгаагүй. .. тэр эмэгтэй юу ч хэлэлгүйгээр гар утсыг нь аваад гарсан” гэх мэдүүлэг,

гэрч Б.Очирбаатарын мэдүүлэг /хх-41/ “... эмэгтэй нь А-ыг татаж чангаагаад байсан. ...А-ын хувцаснаас зулгааж маргалдаад байсан, ...А-ын куртикны энгэр нь цахилгаан нь доошоо болсон, цамц фудволкны энгэр нь урагдсан байсан...”, манаачийн байранд орж ирэхэд урагдсаныг нь бүр сайн харсан. Эмэгтэй нь ногоон куртиктэй байсан энгэр нь цахилгаандсан байсан...” гэх мэдүүлдэг юм.

Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 45-р хуудсанд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10463 тоот дүгнэлтэд дурдагдсан М.Нямдуламын биед учирсан гэх хөнгөн зэргийн гэмтлийг Д.А нь учруулсан талаарх шууд болон дамжмал шинж бүхий нотлгх баримт хавтаст хэрэгт огт авагдаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-д “Гэмт хэрэг гарсан байдал” /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т “Гэмт хэргийг хэн үйлдсэн” 1.3-т “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” тогтоогдохгүй байхад анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн гэм буруутайд тооцож буй нь миний үйлчлүүлэгчийн эрхэнд маш бүдүүлгээр хуулиас гадуур байдлаар халдаж байна.

Д.А М.Нямдулам хоёр нь тухайн өдөр маргалдаж таарамжгүй харилцаатай байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон бичлэгээр тогтоогддог ба зөвхөн таарамжгүй харилцаатай байсных нь төлөө буюу шалтгаант холбоо бүхий нотлох баримт огт байхгүй байхад гэмтэл учруулсан гэж таамаглан буруутгаж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасныг, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. 2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасныг зөрчөөд байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн бодит дүгнэлтийг хийхэд Д.А нь хохирогч гэгчид гэмтэл учруулсан болох нь огт тогтоогддоггүй, харин хүүхдээ өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэлийг /хх-69/ Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гаргасантай нь холбогдуулж, түүний утсан дээрх иргэний хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг устгах зорилгоор хохирогч гэх М.Нямдулам нь ажил дээр нь ирж түүний гар утсыг булаан авч шидэж эвдсэн, биед нь халдаж хэл амаар доромжилсон үйлдэл гаргасан байдаг.

Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч Д.Аыг холбогдуулаад буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь санаатайгаар үйлдэгдсэн байхыг шаарддаг байхад, М.Нямдуламын гэмт үйлдлийг таслан зогсоож хориглосон талаар нь мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхдээ эсрэгээр нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж буй мэтээр шийтгэх тогтоолдоо дурдсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байна.

Иймд Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 691 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгон миний үйлчлүүлэгч Д.Аыг холбогдуулаад буй эрүүгийн 1810020100801тоот хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж зөрчигдсөн эрхийг нь сэргээж өгнө үү. ...” гэжээ.

прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Ат холбогдох хэрэг нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул трейд” ХХК-ийн байранд болсон. Хэрэг гарах болсон шалтгаан нь Д.А, М.Нямдулам нар нь дундаасаа хүүхэдтэй, хүүхдээ авах гэж хэрүүл үүсгээд үүнээс үүдэн хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна. Иймээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 691 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Д.А нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул трейд” ХХК-ийн байранд хамтран амьдрагч М.Нямдуламтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Ү


хохирогч М.Нямдуламын “...2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр миний хүү А.Есүхэйг нөхөр Д.А нь авч явсан. Тэгээд хүүхэд авчирч өгөхгүй болохоор нь 8 дугаар сарын 18-ны өдөр нөхөр А-ын ажил дээр хүүхдээ асуух гээд очтол А- намайг хараад зугтаасан. 8 дугаар сарын 25-ны өдөр дахиад А-ын ажил дээр очиход өрөөндөө байхгүй байсан. Тэгээд хажуу талын өрөөнд орсон чинь нэг хүнтэй хоол идээд сууж байхаар нь А-аа чамтай уулзмаар байна гэсэн чинь дуугарахгүй байсан. Би хоол идэж дуусахыг нь хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь өрөө рүү нь шагайгаад харахад ширээн дээр А-ын гар утас ил байхаар нь би утсыг нь аваад чи миний хүүг надтай уулзуулаад утсаа аваарай гэж хэлээд гарсан. Ажлынх нь гадаа үүдэнд А- хойноос гарч ирээд намайг барьж аваад утсаа авах гэж оролдсон. Би гар утсыг нь ханцуйндаа хийсэн байсан чинь утсаа авах гэж 2-3 удаа гарнаас татаж, заамдсан. Намайг заамдах үедээ хүзүү, цээж урсан. Бид хоёр ноцолдож байхдаа газар унасан. Газар унах үедээ миний дээд уруул хэсэгт тохойлдсон. ...Намайг газарт унагаах үед би цамцны энгэр хэсгээс нь татсан чинь цамц нь урагдсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...” /хх-29-30/,

 

гэрч Д.Доржхандын “...Өдрийг нь сайн санахгүй байна. Амараа ах хүлэмжийн хажууд нэг эмэгтэй хүнтэй ярилцаад зогсож байх шиг байсан. Тэгээд би Амараа ах дээр тамхилах уу гээд очтол тэр эмэгтэй Амараа ахын өөдөөс хараад зогсож байсан. ...Тэр эмэгтэй Амараа ахыг хэд хэдэн удаа алгадаж, түлхэж, татаад, заамдаад байх шиг байсан. Би 200 метрийн зайнаас харсан. Удалгүй цагдаа ирсэн гэж байсан. ...” /хх-39/,

гэрч Н.Сүнжидмаагийн “...Өдрийг нь сайн санахгүй байна. Хоолны зааланд А- хоол идээд сууж байхад би гаднаас орж ирээд бид хоёр юм яриад сууж байтал гаднаас нэг эмэгтэй орж ирээд ширээн дээр байсан А-ын гар утсыг шүүрээд аваад гарсан. Тэгээд А- араас нь гарч явсан. ...Амараа нилээн урд явж байсан чинь хойноос нь нөгөө хүүхэн Амраагийн энгэрээс зуурахад Амараа санаа нь зовсон юм уу, яасан юм гарыг нь тавиулах гэж оролдоод байсан. ...” /хх-40/,

гэрч Б.Очирбаатарын “...Өдрийг нь сайн санахгүй байна. Нэг бороотой өдөр би камераа хянаад сууж байхад, оффисын зүүн талын хүлэмжийн хажууд эрэгтэй, эмэгтэй хоёр зогсоод эрэгтэй нь тамхи татаж байсан. Тэгээд юун хүмүүс байгаа эсэхийг шалгахаар очиход манай барилгын инженер залуу /А-/ нэг эмэгтэй хүнтэй маргалдаад зогсож байсан. Тэр хоёр хашааны үүдэнд маргалдаад эмэгтэй нь А-ыг татаж чангаагаад байсан. ...” /хх-41/,

гэрч Д.Амармэндийн “...Ээжээс сонсоход Нямдулам А-ын ажил дээр ирээд хувцсыг нь ураад, гар утсыг нь авч зугтах оролдлого хийсэн юм шиг байна лээ. Тэр үед хажууд цамцаа уруулсан гээд уранхай цамц бариад явж байсан. Дараа нь А-тай уулзахдаа та хоёр юун зодоон, цохион болоод байгаа юм бэ гэхэд Нямдуламд гар хүрээгүй биздээ гэхэд би юу гэж гар хүрэх юм бэ, гар утсаа авах гээд бугалганаас нь барьж ханцуйг нь ороосон гэлүү, ханцуйнаас нь татсан гэлүү тиймэрхүү юм хэлсэн шиг санагдаж байна. Нарийн юу болсон талаар мэдэхгүй байна. ...” /хх-42-43/,

шүүгдэгч Д.Аын “...2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ сууж байсан чинь Нямдулам манай ажил дээр орж ирээд ширээн дээр байсан миний гар утсыг шүүрч аваад зугтаагаад гүйсэн. Тэгээд би утсаа авах гээд араас нь гарсан. Тэр гар утсан дээр миний ажилтай холбоотой зүйлүүд болон Нямдулам намайг яаж сүрдүүлж байсан мессеж, бичлэг зэрэг байсан. Тэрийгээ устгах санаатай ирсэн. Миний гар утсыг ханцуйндаа хийчихээд гараад зугтаахаар нь би гүйж очоод зүүн ханцуйнаас нь барьж авсан. Утсаа авах гээд ханцуйнаас нь зулгааж байтал миний гар утсыг авч шидсэн. Намайг өшиглөж, алгадсан, цамц урсан. Тэгээд би эвдэрсэн утсаа аваад байж байтал манай харуул ирээд бид хоёрыг үүд рүү яв, хашаанаас гар, удирдлагууд хараад байна гэхээр нь бид хоёр хашааны үүд рүү явсан. Тухайн үед Нямдуламын куртикны энгэр нь цахилгаандсан хүзүү хүртлээ битүү байсан. Энгэр нь битүү байсан нь бичлэгээс харагдана. Хоолой, хүзүүнд нь хүрээгүй, утсаа авах гэж бугуйнаас нь зулгаасан. Тэр хүнд учирсан гээд байгаа гэмтлийг би учруулаагүй. Хашааны үүдэнд намайг хэл амаар доромжилж намайг алгадаж байгаа нь бичлэг дээр байгаа. Би цагдаа дуудъя гээд харуулын өрөөнд ороход харуулын утсыг Нямдулам авах гээд байсан. Намайг Нямдулам цагдаа дууд гээд байсан мөртлөө харуулын утсыг булааж авах гээд байсан. ...миний утсыг шүүрээд зугтаахад араас нь гарч зогсооход, чи яасан их шүүхэд өргөдөл өгдөг юм бэ гээд намайг алгадаж цохиж эхэлсэн. Би өөдөөс нь нэг ч маргалдаагүй утсаа авъя гэсэн шаардлага тавьж байсан. Би Нямдуламыг цохиж нүдсэн зүйл байхгүй, өөрийнхөө утсыг авах гэж зүүн ханцуйнаас нь зулгаасан, харин Нямдулам миний цамцыг урж, утсыг эвдсэн, намайг Нямдулам цохиж, миний биед халдаж байгаа нь бичлэгээр хүчирхийллийг би биш Нямдулам үйлдэж байгаа нь нотлогдож байгаа бөгөөд энэ талаар эрүүл мэнд, эд хөрөнгө, эрх чөлөөнд халдсан тухай өргөдөл гаргасан боловч миний өргөдлийг шалгахгүй байгаад гомдолтой байна. Нямдулам нь зөвхөн энэ асуудал биш, үүнээс өмнө ч намайг худлаа ярьж гүтгэх асуудал гаргаж байсан. ...” /хх-52-53/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №10463 дугаартай “...М.Нямдуламын биед уруулд цус хуралт, бугалаганд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /хх-45/ гэсэн дүгнэлт,

хохирогчийн өргөдөл /хх-23-24/, хохирогчийн гаргаж өгсөн фото зураг /хх-13-15/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-17/, хүний гадна биед үзлэг хийсэн гэрэл зэргийн үзүүлэлт /хх-24-26, 38/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-27/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруу хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”, мөн хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж хөөн хэлэлцэх хугацааг тогтоож өгсөн байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж зохицуулан хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Ат холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх хугацаанд хамаарч байна.

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хамтран амьдрагч М.Нямдуламтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэдгээр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцжээ.

Шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн “...Д.А нь хохирогчид гэмтэл учруулсан болох нь тогтоогддоггүй, санаатайгаар хөнгөн хохирол учруулаагүй, хохирогчийн үйлдлийг таслан зогсоосон тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, эсхүл болгоомжгүй аль ч хэлбэртэй байдаг бөгөөд бусдад хөнгөн хохирол учруулснаар төгсдөг онцлогтой.

Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог.

Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, нэр бүхий гэрч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэвэл шүүгдэгч Д.А нь хамтран амьдрагч М.Нямдуламын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хөтөлбөргүй тогтоогдсон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Аын үйлдлийн улмаас хохирогч М.Нямдуламд хохирол, хор уршиг учирсан нөхцөл байдал хоорондоо шалтгаант холбоотой болно.  

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 691 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ