| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2023/0037/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/35 |
| Огноо | 2023-08-03 |
| Зүйл хэсэг | 17.11.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр
улсын яллагч Б.Чулуунхүү,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн П-гийн О-д холбогдох 2324000000045 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ...... оны .... дугаар сарын .......-нд ......... аймгийн ......... суманд төрсөн, ........ настай, э......., ...........д боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт ......... аймгийн ......... сумын ...... багийн 2-42 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, ............регистрийн дугаартай, Х овгийн П-ийн О нь 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн үед Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг Тэсийн голын гүүрний орчимд адуу тууж явахдаа шилэн кабель таслаж, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Завхан аймгийн салбарт 980.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлд заасан “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Улсын яллагч Б.Чулуунхүү нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн үед Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг Тэсийн голын гүүрний орчимд адуу тууж явахдаа шилэн кабель таслаж, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Завхан аймгийн салбарт 980.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байгаа. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн эзэмшлийн холбооны тусгай зориулалтын хэрэгслийг болгоомжгүйгээр гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэж тайлбарлаж,
харин шүүгдэгч ******* нь “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн...” гэж мэдүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр гомдол, саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******: “...: Арц суурь хилийн боомтод 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг 18 минутад сүлжээ тасарсан. Тухайн үед би сумандаа байгаагүй, өөр газар явж байсан, шөнө гэртээ ирээд унтаж байтал 06 цагт над руу ******* инженер утасдаж танай суманд ирсэн байна, чи хүрээд ир Арц суурь хилийн боомтын сүлжээ тасарсан байна, шалгах хэрэгтэй гэсэн. Тэгээд Тэс сумын Зүр багт байрлах техникт үзлэг хийхэд бүгд хэвийн ажиллаж байсан Сүлжээнд тест хийж Арц суурь боомт хүртэл шилэн кабельд тасархай үүссэн эсэх талаар шалгахад сумын төвөөс 3,6 км зайтай тасархай байна гэж гарсан. Би шалгаж үзэхээр хойд чиглэлд Нисэг багт байрлах гүүрээр гараад хамгийн эхний агаараар татсан шонгийн хооронд байрлах шилэн кабелийг тасдаж аваад явсан байсан тул шууд цагдаагийн байгууллагад 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн..., Тэс сумын ******* гэх хүн хэсгийн төлөөлөгчтэй ирж уулзаад “... би 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн үед Нисэг багаас адуугаа тууж гүүрээр гаргах гэтэл хойд талд байсан гэрлийн утас доошоо унжсан байдалтай байсан бөгөөд адуу гарч өгөхгүй хэдэн тийшээ зугатаад байхаар нь ашиглахгүй хаягдсан утас юм байна гэж бодоод доошоо унасан байсан хэсгээс тасдаж аваад адуугаа туугаад явчихсан юм...” гэж хэлж тайлбарлаад манай байгууллагад учирсан 2,554,200 төгрөгийг байгууллагын данс руу шилжүүлсэн, би нягтлангаас асуухад мөнгө орж ирсэн гэж байсан. Манай байгууллагаас гарсан хохирол бүрэн төлөгдсөн байгаа өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Тэсийн голын гүүрний ард зусдаг юм. 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн үдээс хойш адуу туусан хүн гүүрээр адуу гаргах гээд явж байсан. Яг хэн байсныг нь мэдэхгүй байна. Дараа нь орой болсон хойно хонь ямаа бас туугаад гаргаж байсан. Би агаараар татсан шилэн кабелийг хэн татсаныг хараагүй...” гэсэн мэдүүлэг,
Мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн: “...шилэн кабель-300,000 төгрөг, шилэн кабелын залгаа-240,000 төгрөг, муфт-400,000 төгрөг, шатахууны зардал-820,000 төгрөг, томилолт-40,000 төгрөг, алдагдсан орлого-522,000 төгрөг, НӨАТ-232,200 төгрөг нийт 2,554,200 төгрөг...” гэсэн тогтоол,
Хөрөнгө үнэлгээний “Буфа үнэлгээ” ХХК-ний шинжээч ******* 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “ Агаарын 12 корын шилэн кабель-280,000 төгрөг, шилэн кабелиын залгаа-240,000 төгрөг, муфт 460,000 төгрөг нийт 980,000 төгрөг. Шилэн кабелийг засварлахад гарсан зардал, алдагдсан орлого зэргийг үнэлэх боломжгүй байгаа тул үнэлгээ хийгээгүй болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн: “...1. Шинжилгээнд ирүүлсэн №5, №6, №7 дугаартай 3 ширхэг гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Харин шинжилгээнд ирүүлсэн №8, №9 дугаартай гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн №5, №6, №7 дугаартай гутлын мөр нь *******ын гутлын улны баруун хөлний гутлын улны дардасны хэлбэр, хэмжээ, зураглал зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээр тохирч байна. 3. *******ын өмсөж явсан гэх баруун хөлний гутлын улны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ тохирч байна. 4. Хэрэгт ач холбогдол бүхий шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зэргийн үзүүлэлт, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ний Завхан аймаг дахь салбарын нэхэмжлэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, иргэний нэхэмжлэгч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох гэрч , шүүгдэгч *******ын урьдчилан сэргийлэх үзлэгийн шинжилгээний бичгүүд, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн бөгөөд хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж үзэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д” Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлд “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх үрэгдүүлэх” гэмт хэргийг хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг дэвсгэрт байх Тэсийн голын гүүрний орчимд байх сүлжээ дамжуулах агаарын шугамын /хуучин цахилгааны утас татаж байсан гэх шонгийн модонд татаж бэхэлсэн/ эзэмшигч нь Завхан аймгийн мэдээлэл холбооны сүлжээ ХХК байх ба уг компаныг хохирогчоор тогтоож, компаниас томилогдсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, сүлжээ дамжуулах уг агаарын шугамыг нийтийн эзэмшлийн холбооны хэрэгсэл гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь мал тууж явахадаа нийтийн эзэмшлийн сүлжээ дамжуулах агаарын шугмыг таслаж авснаараа бусдад хохирол учрахыг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч агаарын шугамыг тасалсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д “....хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байгаа тул түүний үйлдэл нь болгоомжгүй үйлдэл байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хэлнэ гэж заасан ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 980,000 төгрөгийн шууд хохирол учирсан байна.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулбал шүүгдэгч нь өөрийн үйлдэлдээ хэт хайхрамжгүй хандсан, өөрөөр хэлбэл хуучин цахилгааны утас татаж байсан гэх шонгийн модонд татаж бэхэлсэн сүлжээний кабель утсыг өөрийн тууж явсан адуугаа гаргах шалтгаанаар таслаж гэмтээсэн байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн үед Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг Тэсийн голын гүүрний орчимд адуу тууж явахдаа нийтийн эзэмшлийн сүлжээ дамжуулах агаарын шугмыг таслаж авч хаяснаараа Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Завхан аймгийн салбарт 980.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн эзэмшлийн холбооны хэрэгсэлийг болгоомжгүйгээр гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийг улмаас хохирогч талд 980,000 төгрөгний бодит хохирол учирсан боловч хохирогч иргэний нэхэмжлэгчийн зүгээс шилэн кабель-300,000 төгрөг, шилэн кабелын залгаа-240,000 төгрөг, муфт-400,000 төгрөг, шатахууны зардал-820,000 төгрөг, томилолт-40,000 төгрөг, алдагдсан орлого-522,000 төгрөг, НӨАТ-232,200 төгрөг нийт 2,554,200 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч сайн дураараа бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч ******* “төлбөрийн нэхэмжлэл 2,554,200 төгрөгийг байгууллагын данс руу шилжүүлсэн. Манай байгууллагаас гарсан зардал бүрэн төлөгдсөн байгаа өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, тайлбар зэргээр нотлогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн П-гийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн эзэмшлийн холбооны хэрэгсэлийг болгоомжгүйгээр гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт П-гийн О-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч П.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь төлөх хохирол төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цайвар өнгийн гутлыг шүүгдэгчид буцаан олгож, 6,84 метрийн урттай кабелийн утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ