Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар  2023/ШЦТ/357

 

  

 

 

   2023         05         23                                    2023/ШЦТ/357

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, 

улсын яллагч Б.Батцэцэг,

иргэдийн төлөөлөгч Ш.Нацагдорж,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүнэйэкин овогт ЧБд холбогдох эрүүгийн 2211 01231 1931 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа оёдлын цехэд ажилладаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 62 дугаар гудамжны 1181 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эх 20 дугаар гудамжны 802 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Гүнэйэкин овогт ЧБ ...........................................

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ч.Б нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Сурагчийн 47 дугаар гудамжны 1076 тоотод байх өөрийн эзэмшлийн орон байранд 2022 оны 07 дугаар сарын 07-аас 08-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Баттогтохтой тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж, зодон чацархайн урагдал, өөхөн болон цутгалан гэдсэнд язралт, цус хуралт, хэвлийн хөндийн цус, хэвлий, нуруунд цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас амь хохирогч нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас цус алдалтын шокт орж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Быг Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Сурагчийн 47 дугаар гудамжны 1076 тоотод байх өөрийн эзэмшлийн орон байранд 2022 оны 07 дугаар сарын 07-аас 08-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Баттогтохтой тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж, зодон чацархайн урагдал, өөхөн болон цутгалан гэдсэнд язралт, цус хуралт, хэвлийн хөндийн цус, хэвлий, нуруунд цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас амь хохирогч нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас цус алдалтын шокт орж нас барсан болох нь дараах:

шүүгдэгч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Одоо хэдүүлээ больё унтаж амаръя гээд хэвтэхээр хэрүүл хийгээд байхаар нь би хажууд нь хэвтэж байхад нь цээж, хэвлий хэсэг рүү нь зүүн гараараа 2-3 удаа цохиод орноосоо босоод явлаа гэж хэлээд хувцсаа өмстөл Б.Баттогтох араас босож ирээд намайг явуулахгүй “шүүх дээр очоод бид 2 салахад би 2 хүүхдээ авчихна, чи өөрөө яваад ч хаа холдох юм, явсан байсан ч би хаанаас ч гэсэн олоод алчихна” гээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь цээж рүү нь 2 гараараа түлхтэл арагш ор луу унасан. Тэгээд хүүхэд уйлаад байхаар нь одоо унтаж амаръя гээд үүр цайсан өглөөний 04-05 цагийн орчимд унтахаар хэвтэж амарсан. Өглөө 08:30 цагийн орчим би босоод гэрээ цэвэрлээд байж байтал Б.Баттогтох босоод бие муу байна. Хэвлийгээр их өвдөж байна гэж хэлээд гэрээс гараад явсан. Ер нь олон хоног архи уухаараа юм идэхгүй бөөлжөөд хэвлийгээр өвдөөд байна гэж хэлж ярьж байдаг юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94-95 дугаар тал/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би талийгаачийн төрсөн дүү. Миний ах Б.Баттогтох нь 1976 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн айлын том хүү байгаа юм ...2011 оноос Ч.Бтай хамт амьдрах болж дундаасаа 2 хүүхэдтэй болсон ...зан байдлын хувьд эцэг, эх, ах, дүү нартайгаа бол ямар эгэн асуудал гаргаад байдаггүй, гэртээ ямар зан араншин гаргадаг болохыг мэдэхгүй ...1 жил орчмын өмнө талийгаачийн гэрт ороход Ч.Б нь цээж, сугаа түлсэн байсан бөгөөд тухайн үед юу болсон талаар асуухад тогоотой халуун усанд санамсаргүй түлсэн гэсэн ..., гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хуулийн дагуу шийдэгдэх биз дээ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 27 дугаар тал/,

гэрч Д.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...өнөөдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 47-1076 тоот гэртээ унтаж байтал нэг хүүхэд ааваа, ааваа гээд байхаар нь би сэртэл манай хөрш Б.Баттогтох манай ханын пийшинг налаад суучихсан хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь би сэрээд хартал хүрээд үзтэл хөдлөхгүй амьсгалахгүй байхаар нь дуудлага өгсөн. Эмч ирж үзээд нас барсан байна гэсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,

гэрч Д.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би талийгаачтай сүүлд хамгийн сүүлд бурхан болохынх нь өмнөх өдөр замын хажуу талын дэлгүүрийн үүдэнд намайг сууж байхад талийгаач ирээд ах “миний гэдсээр өвдөөд, гүйлгээд доошоо цустай юм гараад байна яавал зүгээр байдаг юм” гэхээр нь би намайг багад аав маань шар тос халаагаад дээр нь монгол архи дусаагаад надад уулгаж байсан тэгээд зүгээр болчихсон гэж хэлсэн тэгээд талийгаач шинэ дэлгүүрээс идэх юм зээлээд доошоо гэр лүүгээ явсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,

гэрч А.Ерөөл-Ундрахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...ээж Бадрах, Баттогтох гэх хүнтэй гэр бүл болж дундаасаа хоёр хүүхэд төрүүлж өсгөсөн. Манай ээж, талийгаач аав хоёр хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад байхгүй ч үглээ талдаа хүн байсан ...цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан удаа байхгүй, гэр бүлийн хүчирхийлэл бол үйлдэж байгаагүй. Би ээж аав хоёрыг согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг болохоор нь 2017 оноос тусдаа амьдрах болсон ба уулзахаа больсон ...Хулан гэдэг түргэний эмч над руу залгаж ...аав чинь нас барсан гэж хэлсэн тул би сонссон даруйдаа очиж ээжтэй уулзсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/,

насанд хүрээгүй гэрч Б.Булганы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тухайн өдрийн орой ээж, аав хоёр гэрт архи уусан ба аавын нэг найз нь мөн манай гэрт тэр хоёртой хамт архи ууж байгаад аавын найз удалгүй манай гэрээс гараад явсан. Аавын найзыг манай гэрт байх үед манай гэрт ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй юм. Гэрийн хойд хэсэгт том ор засаад дүү, би, ээж, аав хамт унтдаг. Тэр өдрийн орой бид унтахаар хэвтэж байтал аав, ээж хоёр хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Ямар шалтгаанаар хэрэлдэж маргалдсныг нь би ойлгоогүй ба дүү бид хоёр ээж, аав хоёрыг маргалдаад байсан учир унтаж чадахгүй сэрүүн байсан. Удалгүй ээж уурлаж дүү бид хоёрыг хувцсаа өмс явъя гэж хэлсэн ба ээж тэр үед цаг хэлэхдээ 02 цаг болж байна гэж хэлсэн. Би ээжээс хэдүүлээ хаашаа явах юм гэж асуутал хаашаа ч хамаагүй явна гэж хэлсэн бас тэр шөнө бороо орж байсан. Миний нойр хүрээд байсан учир би босохгүй, би явмааргүй байна, би хэвтмээр байна гэж хэлсэн. Тэгээд ээж явъя гэж хэлэхээ больсон. Аав ээжийн уурыг хүргээд байсан учраас ээж уурлаж аавын нүүр хэсэг рүү бас гэдэс хэсэг рүү гараа атгаж байгаад цохиод л байсан. Тэр үед орны дэргэд аав, ээж хоёр зогсож байсан. Би хэдэн удаа цохисон талаар нь санахгүй байна. Аав ээж хоёроос өөр хэрэлдэж маргалдсан хүн байхгүй. Би 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн орой 5-6 цагийн үед Баттулга ахын гэрт ортол аав ханан пийшин налаад газар суугаад унтаж байсан. Манай аав гэрийн ойролцоо амьдардаг хүмүүстэй хамт архи уудаг ба тэр хүмүүстэй хэрэлдэж, маргалдаж байхыг нь би харж байгаагүй юм. Маргааш өглөө нь эрт сэрээд аав надад бие өвдөөд байна гэсэн зүйл хэлээгүй ба хойшоо явж архи уулаа гэж ээжид хэлээд уурлаад гэрээс гараад явсан. Би аавын гэдэс хэсгийг хараагүй учраас хөхөрсөн толбо байсан эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1857 тоот дүгнэлтэнд: “Талийгаачийн биед чацархайн урагдал, өөлөн болон цутгалан гэдсэнд язралт, цус хуралт, хэвлийн хөндийн цус, хэвлий, нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Талийгаач нь дээрх гэмтлийн аваад тодорхой хугацаанд амьд байсан байх боломжтой. Талийгаачийн цуснаас 4,1 промилли, ходоодны шингэнд 4,0 промилли спиртийн агууламж илэрсэн ба нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байжээ. Талийгаач нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас цус алдалтын шоконд орж нас барсан байна. Талийгаачид эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй, хурдан шуурхай үзүүлсэн бол амь аврагдах боломжтой байжээ” гэжээ /хавтаст хэргийн 62-66 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 67-69 дүгээр тал/,

Шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Уг хэвлийн хөндийн битүү гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хэвлийн хөндий рүү хүчтэй цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэвлийн гадна тал болон гэдэсний гогцоо, гэдэс олон газар урагдсан тул олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь мохоо зүйл дээр унах үед үүсэх боломжгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дугаар тал/,

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц Эмгэг Судлалын “Ч.Б нь сэтгэцийн ямар нэг өвчин үгүй гэж үзлээ. Ч.Б нь мөрдөн байцаах явцад үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Ч.Б нь хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 84-85 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-16 дугаар тал/,

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-19 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

1.Улсын яллагч нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлуулж шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцуулах байр суурийг илэрхийлж,

шүүгдэгч Ч.Бад холбогдох хэргийг шүүх хуралдааны гэм буруугийн үе шатанд дүгнэхдээ: “Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 07 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө гэрч бүлийн харилцаа, хамаарал бүхий Б.Баттогтохтой маргалдсаны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж дээрх гэмтлийн улмаас нас барсан гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэж байна. Урьд амь хохирогч болон шүүгдэгч нарын хооронд гэр бүлийн хүчирхийлэлтэй харилцаа байсан. Тухайн шөнө амь хохирогч болон шүүгдэгч нар согтууруулах ундаа уусан байсан. Амь хохирогчийн цусанд хийсэн шинжилгээгээр цусанд нь 4.1% промил, ходоодонд 4.6% промил байсан. Шүүгдэгч шүүхийн мэдүүлэгтээ мөр рүү нь цохисон гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө цээж, хэвлий хэсэг рүү нь цохисон гэж мэдүүлж байсан. Амь хохирогчийн явсан маршрутыг шалгахад гэрийн ойролцоо далан болон, 1076 тоотод байсан нь тогтоогддог. Гэрч Баттогтох, Батсайхан, гэрч Болдбаатар нартай уулзсан гэх болов ч эдгээр хүмүүстэй маргалдсан, зодолдсон зүйл тогтоогдоогүй. Ил харагдах гэмтэлгүй, шархгүй байдаг. Тодорхой хугацаанд амьд явах боломжтой гэж гарсан.  Шинжээчийн дүгнэлтээр нас барахаас 4-5 цагийн өмнө гэмтэл авсан байна гэж өмгөөлөгч хэлсэн. Улсын яллагчийн зүгээс амь хохирогч тухайн гэмтлийг аваад тодорхой цаг хугацаанд амьд явах боломжтой байсан гэдэг талыг баримталж үзэж байгаа. Гэрч Батсайхан нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд байгаагүй ч амь хохирогчийн ажил явдлын үеэр насанд хүрээгүй гэрч Булгантамир нь аав, ээж 2 зодолдсон гэх талаар шууд бусаар нотолж мэдүүлэг өгсөн байдаг. Гэрч Ерөөл-Ундрах нь мэдүүлэг дээрээ шүүгдэгч болон амь хохирогч нарын хоорондын харилцааны талаар мэдүүлэг өгсөн байдаг ба аав, ээж 2 байнга муудалцдаг, архины хамааралтай гэдэг. Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Б нь тухайн цаг хугацаанд өөрийн идэвхитэй санаатай үйлдлээр амь хохирогчийн биед халдсан байна гэж үзэж байна. Амь хохирогч нь хүнд зэргийн согтолттой байсан ба өөрийгөө хамгаалах чадваргүй байсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтай хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гарган шүүх хуралдаанд оролцсон болно.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах: 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дугаар тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дугаар тал/, 2022 оны  07 дугаар сарын 08-ны 12 цаг 20 минутад цогцосд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дугаар тал/, шинжээч эмчийн  1857 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 62-69 дүгээр тал/, амь хохирогчийн биеэн дотор хийсэн үзлэг /хавтаст хэргийн 64 дүгээр тал/, шүүгдэгчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 97-98 дугаар тал/, ял шалгасан хуудас /хавтаст хэргийн 99 дүгээр тал/, шүүгдэгчийн хүүхдүүдийн лавлагаа /хавтаст хэргийн 100-119 дүгээр тал/, бага насны гэрч болох Б.Булганы мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулж шүүгдэгч Ч.Быг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэн тус хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах байр суурийг илэрхийлж,  шүүх хуралдаанд насанд хүрээгүй гэрч Б.Булганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцуулахгүй байх саналыг гарган оролцсон болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ:

2022 оны 07 дугаар сарын 7-8 нд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас амь хохирогч битүү гэмтлийн улмаас нас барсан гэж хэргийг зүйлчилж шүүхэд шилжүүлсэн байна.Энэ нь үндэслэлгүй, тогтоогдохгүй байна.

Хавтаст хэргийн 12 хуудас гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд ...2022 оны 07 дугаар сарын 08-нд 19 цаг 40 минутанд цагдаагийн байгууллаг гомдол хүлээн авсан...,

Хавтаст хэргийн 62 хуудас шинжээч эмч Б.Цолмонгийн дүгнэлтэнд ...цогцост хөрсөн 12 цаг 20 минутанд үндэслээд нас бараад 4-5 цаг болсон байна гэх...,

Хавтаст хэргийн 65 хуудас шүүх эд эсийн шижилгээний хариу С1857,

Хавтаст хэргийн 75-76 хуудас шинжээч эмч Б.Цолмонгийн ...дээрхи гэмтлийг авснаас хойш хэвлийгээр хүчтэй өвдөлт өгдөг тул удаан хугацаанд амьд явах боломжгүй, түргэн хугацаанд нас барна... гэх,

Хавтаст хэргийн 97-98 хуудас шүүгдэгч Ч.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргийг дүгнээд шүүгдэгч нь амь хохирогч нар шөнө 2-3 цагийн үед маргалдсан, шүүх задланд 22 цаг 40 минутанд шинжилгээ хийсэн зэргээс үзэхэд оройн 18-19 цагийн хооронд нас барсан байна гэж үзэх үндэслэлтэй.Үүгээр 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 13-14 цагийн үед гэмтлийг авсан байх боломжтой, Ч.Б 4-5 удаа маш тогтвортой мэдүүлэг өгсөн байгаа.Зүүн гараараа амь хохирогчийн мөр лүү хэвтээ байдалд цохисон байна.Гэтэл дотор эрхтэнд маш том язралт үүссэн байна.Ч.Бадралын үйлдлийн улмаас нас барсан гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.Уг гэмтлийг аваад 3-4 цаг л амьд явах боломжтой гэдэг.олон хоног архи уудаг.архи уугаад ходоод гэдэс өвдөөд байдаг гэдэг.Гэрч Болдбаатар 2022.07.07-ны өглөө амь хохирогчтой уулзахад ...доошоо цустай юм гараад, гүйлгээд байна гэдэг..., иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Иргэдийн төлөөлөгч гэм буруугийн дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, өнөөдрийн шүүх хуралдаан дээр прокурорын асуултад хариулж байгаа зэрэг нь зөрүүтэй байна гэж үзэж байна. Тиймээс гэм буруутай гэж үзэж байна” гэсэн болно.

Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Шүүх 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч эмч Б.Цолмон, гэрч Д.Болдбаатар нарыг оролцуулан тайлбар, мэдүүлэг авсан болно.

Уг хуралдаанд гэрч Д.Болдбаатар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч, талийгаач нарыг таньдаг найзууд гээд дэлгүүрийн үүдэнд талийгаачтай өмнөх өдөр нь таараад гэдэс өвдөөд гээд л явж байсан.Эм уугаад намдахгүй байгаа, гүйлгээд байгаа гэхээр нь шар тостой монгол архи уувал гайгүй болно гэж л хэлсэн.Энэ хоёр мод түлээ зардаг байсан зүгээр хань ижил шиг л явдаг байсан гэх тайлбар,

шинжээч эмч Б.Цолмон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хэвлийн баруун дээд, доод хэсэгт үүссэн байна.Яг цохисон зүйлийн хэлбэр хэмжээгээр үүсэхгүй, цул хэсэгт, хэвлий, гуя хэсэгт цохиход тархмал байдлаар үүсдэг.Яг гараар цохиход ийм хөхрөлт, няцралт үүснэ гэсэн юм байхгүй.Нас барсан шалтгаан нь дотор талын гэмтлийн улмаас болсон.Хэвлийн гэмтэл нь нэг удаа болон олон удаагын үйлчлэлээр үүсч болно.Ерөнхийдөө бол талийгаачийг олон удаагын үйлдлээр гэж тодорхойлно.Маш их өвдөлт авна, согтолтын зэрэг өндөр учраас хөдөлгөөн хийх боломжтой гэхдээ уг гэмтлийг аваад 3-4 цаг л амьд  байх боломжтой, ердийн байдлаар буюу унах зэргээс энэ гэмтлийг авах боломжгүй гэсэн тайлбар, мэдүүлэг өгсөн болно.

Шүүх уг хэргийг хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 23 дугаар шүүхийн тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан нөхцөл байдал үүссэн байна гэж шүүх дүгнээд

энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т ...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авахнотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллгаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй... гэж,

мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт  “... мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна..., гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Ч.Б, талийгаач А.Баттогтох нар нь гэр бүлийн харилцаатай /эхнэр-нөхөр/, насанд хүрээгүй гэрч Б.Булган нь тэдэнтэй гэр бүлийн гишүүд буюу төрсөн үр хүүхэд болох нь гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, төрсний гэрчилгээний хуулбар, шүүхийн хэлэлцүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Дээрхээс дүгнэвэл хавтаст хэрэгт насанд хүрээгүй гэрч Б.Булганаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-37-39 хуудас/ байх бөгөөд мөрдөгч насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмыг баримтлан гэрчээс мэдүүлэг нь аваагүй нь

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан “... нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол...”,

мөн хуулийн 6.14-т заасан “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол...”-д хамаархаар байна гэж дүгнэн хэргийг 60 хүртэл хоногоор нэг удаа хойшлуулж, уг ажиллагааг хийлгэхээр прокурорт даалгасан болно.

Уг хойшлуулсан тогтоолын дагуу мөрдөгч, прокурорын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр У.Хандмааг томилж, насанд хүрээгүй гэрч Б.Булганаас дахин гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл ...Би өөрийн төрсөн эцэг, эхийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна, мэдүүлэг өгмөөргүй байна гэх мэдүүлэг авсан /хавтаст хэргийн 214 дүгээр тал/,

яллагдагч Ч.Баас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд “...талийгаач Баттогтох нь 2014 онд барилгын ажил хийж байгаад барилга дээрээс унаад зүүн гуяны дунд чөмөг, сүүжний хэсгээр хугалаад хагалгаанд орж байсан. Түүнээс хойш хөл нь өвдөөд байна гээд архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг болсон. Ер нь талийгаачийн эрүүл байх өдөр нь цөөн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ аягүй агсам, намайг хэл амаар доромжлоод үглээд, хүүхдүүдээ айлгаад унтана гэж байдаггүй, байнга дарамттай олон жил байсан. Энэ байдлаас манай хүүхдүүд болон би залхсан байсан. Талийгаач салах гэхээр салахгүй зууралдаад байдаг байсан. Өөрөө хөл муутай хазганаж явдаг байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөл муутай болохоор унаж тусаад л явдаг өөрөө махлаг хүн болохоор биеэ дийлэхгүй энэ тэнд уначихдаг байсан. Түүнээс өөрөөр өвчин байхгүй, нас барахаас 2 сарын өмнө цээжээр их өвдөөд байна гээд яриад байдаг байсан. Эмнэлэг явж үзүүл гэхээр тоохгүй, өөрөө бас эрүүл байх үе цөөхөн болохоор явах дургүй байсан ба архи уугаал явчихдаг байсан.Талийгаач Баттогтох миний баруун гар талд хажууд хэвтэж байсан. Тухай өдөр нилээн согтуу байсан ба унтахгүй үглээд байхаар нь би зүүн мөрөнд нь 2 удаа цохисон. Би талийгаачийг босоод зогссон байхад цээж рүү нь түлхээд орлуу хойшоо суулгасан. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэжээ /хавтаст хэргийн 217 дугаар тал/,

мөн тэнд амьдардаг гэрч Д.Туулаас авсан мэдүүлэгт “...би 2003 оноос хойш Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 4 дүгээр гудамжны 664 тоотод нүүж ирээд уг газартаа амьдрахгүй байж байгаад 2005 оноос хойш амьдарч байна би нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Нөхөр бид хоёр хоорондоо таарч тохирохгүй салж сарниад байдаг тул тусдаа байдаг ба түүнээс нь болоод би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг юм. Нэг уухаараа 3-4 хоног ууж байна, харин уухгүй бол 3-4 сар уухгүй байдаг юм. Би Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрийн тэр хавиараа уудаг юм. Зүрх-Уул болон 17 дугаар хорооны байрны тэр хавиар уучихдаг юм. Би зүс мэддэг хүмүүстэйгээ л архи уудаг юм. Түүнээс хаа хамаагүй танихгүй хүнтэй архи уудаггүй. Тоогий, Батсайхан гэх хүмүүсийг танихгүй байна. Манай Чингэлтэйн тэр хавиар яваад байдаггүй байх. Батсайханыг сонсож байсан нэр байна, харин Тоогий гэж мэдэхгүй ...” гэжээ /хавтаст хэргийн 219 дүгээр тал/,

хэсгийн ахлагч Ч.Батбаяраас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлд “...”Баяннуур” дэлгүүрийн орчим архи согтууруулах ундааны зүйл голчлон хэрэглэдэг хүмүүсийг мэднэ. “Баяннуур” дэлгүүр нь миний хариуцсан хэсэгт ордог юм. Миний хариуцсан хэсгийн архи уудаг хүмүүс “Баяннуур” дэлгүүрийн орчим уудаг юм. Ч.Баярмагнай, Н.Мөнхбаяр, талийгаач Баттогтох, Батсуурь зэрэг хүмүүс байдаг юм. Энэ тэрүүгээр дэл сул уудаг хүмүүс байдаг юм. Батсайхан нь манай хэсгийнх биш ...өндөр, даруухан залуу байдаг юм. Харин ...Тогтохбаяр гэх хүнийг мэдэхгүй байна. Би өөрийн хэсгийн архи уудаг хүмүүсээс асуухад хааяадаа ирж архи уудаг, манай энэ хавиар амьдардаггүй, Баянзүрх дүүргийн тийшээ амьдардаг хүн гэж яриад байсан. Гэхдээ энэ хавиар үзэгдэж харагдаад байдаггүй хүн гэж байсан ...би өөрөө сайн мэдэхгүй байна ...” гэжээ /хавтаст хэргийн 221 дүгээр тал/, 

 

 

мөн гэрч Ц.Батсайханаас мэдүүлэг авсан “...би 1993 оноос хойш Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 36 дугаар гудамжны 400 тоотод амьдарч байна. Уг хаягтаа 30 гаруй жил амьдарч байна. Бид хоёрын гэр ойрхон байдаг байсан болохоор ойр дотно байдаг байсан. Талийгаачийн эхнэр Бадрах болон хүүхдүүд болох Булгантамир, Жижгээ /бага хүүхэд бүтэн нэрийг сайн санахгүй байна/ нарыг сайн танина. Бид хоёр бие биенийхээрээ орж гараад явдаг болохоор хэн хэн нь сайн мэднэ. Эхнэр, хүүхдүүд нь ч гэсэн намайг сайн мэднэ. 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр байсан санагдаж байна /наадмын өдөр байсан/ талийгаачийг нас барсан гээд буяны ажил явдал нь болсон юм. Тухайн үед би гэр бүлд нь тус болоод найзынхаа буяны ажилд явж өгч байсан юм. Талийгаачийг нас барахаас 2-3 хоногийн өмнө өдрийг тодорхой санахгүй байна, цаг хугацаа өнгөрсөн байна. Би талийгаачийн гэр болох Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 62 дугаар гудамжны 1181 тоотод байдаг байсан юм. Талийгаачийн гэрийн ойролцоо жоохон зайтай гол байдаг юм. Голын ус халихаас сэргийлсэн цементэн далан байдаг юм. Далангийн хажууд өглөө 10 цагийн үед санагдаж байна /цагийг тодорхой сайн санахгүй байна/ би танил Тогтохбаяр /Тоогийтой гэж дууддаг/ таараад бид хоёр 1 шил архи уугаад асууж байсан юм. Тэгсэн талийгаачийг Баттогтох гудамжнаас гарч ирээд бид хоёр дээр ирээд ойр зуурын зүйл яриад хамт сууж байсан ба тухайн үед архи дуусч байсан тул үлдсэн архинаас шартаад байна гээд 100-200 грамм татчихаад яваад өгсөн ба бид гурав тэндээсээ 3 тийшээ салцгаасан юм. Талийгаач нилээд халамцуу, олон өдөр уусан шартаж үхлээ гэсэн байдалтай явж байсан ... Тогтохбаярын хаана амьдардаг, хаагуур байдаг талаар би сайн мэдэхгүй. Нэг мэдэхэд манай тэр хавиар ирсэн харагддаг юм. Гэхдээ манай гэрийн ойролцоо тэр хавиар амьдраад байдаггүй хүн байгаа юм. Тогтохбаяр нь өөрөө их даруухан, дөлгөөн хүн байдаг бусадтай маргалдаж муудалцаад байгаа харагдаж байгаагүй, өөрөө нуруу муутай гээд хааяадаа архи уучихдаг хүн байгаа юм. Би зүс мэдэх хүн байгаа юм, ойр дотны харилцаагүй, энд тэнд явж байгаад тааралдахаараа ганц шил архи уугаад л салдаг юм. Сүүлийн 2-3 сар Тогтохбаяртай тааралдаагүй, манай тэрүүгээр ирж байгаа харагдаагүй  ...” тэмдэглэл  /хавтаст хэргийн 223-224 дүгээр тал/ зэрэг ажиллагааг хийн шүүхэд ирүүлсэн байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.Булганы өгсөн мэдүүлгийг тооцуулахгүй байх, мөн Ц.Батсайханы гэрчээр мэдүүлсэн мэдүүлгийг яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт тусгуулах хүсэлтийг гаргасан болно.

Шүүх насанд хүрээгүй гэрч Б.Булганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  /хх-н 38-39 хуудас/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дугаар зүйлд “... энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтад мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй ...” гэсэн байх тул энэ талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг үндэслэн  уг гэрчийн мэдүүлгийг бүхэлд нь нотлох баримтаар тооцохгүй байх,

мөн энэ хэрэгт гэрчээр Ц.Батсайханаас авсан мэдүүлгийг хавтаст хэрэгт тусгуулах санал шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасныг тэмдэглэлд тусгуулан бэхжүүлж авсан болно.

Шүүхээс хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой,

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурорын нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасан, хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт судлуулж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Быг Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Сурагчийн 47 дугаар гудамжны 1076 тоотод байх өөрийн эзэмшлийн орон байранд 2022 оны 07 дугаар сарын 07-аас 08-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Баттогтохтой тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж, зодон чацархайн урагдал, өөхөн болон цутгалан гэдсэнд язралт, цус хуралт, хэвлийн хөндийн цус, хэвлий, нуруунд цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас амь хохирогч нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас цус алдалтын шокт орж нас барсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийг асуусан тэмдэглэл, шүүх хуралдаанд оролцсон гэрч, шинжээч эмч Б.Цолмонгийн мэдүүлэг, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгээс үзэхэд:

Шүүгдэгч Ч.Б нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Сурагчийн 47 дугаар гудамжны 1076 тоотод байх өөрийн эзэмшлийн орон байранд 2022 оны 07 дугаар сарын 07-аас 08-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Баттогтохтой тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж, зодон чацархайн урагдал, өөхөн болон цутгалан гэдсэнд язралт, цус хуралт, хэвлийн хөндийн цус, хэвлий, нуруунд цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас амь хохирогч нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас цус алдалтын шокт орж нас барсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримт болох,

- шүүгдэгч Ч.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 Хэлэх үг байхгүй, маргаан болсон, мөр лүү нь цохисон, би энэ хугацаанд хаа байсныг нь мэдэхгүй, хэвлий хэсгээр өвддөг гэж ярьж байсан гэх мэдүүлэг болон түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Амь хохирогч болох миний ах тухайн хэрэг болохоос өмнөх өдөр над руу утсаар яриад 10,000 төгрөг авсан. Утсаар ярихад цаана нь хүмүүс дуугарч байсан. Ард нь байсан тэр хүмүүстэй зодолдсон байж магадгүй юм. Тэдгээр хүмүүсийн талаар мэдүүлэг аваад өгөөч гэж надаас байцаалт авсан цагдаад би хэлсэн. Гэтэл шалгаагүй байсан. Шинжээчийн дүгнэлтэд миний ах тухайн шархыг аваад 5-6 цаг амьд явах боломжтой байсан. Шүүгдэгч миний ахад тэрхүү гэмтлийг учруулсан гэж үзвэл шинжээчийн хэлсэн цагийн зөрүү гараад байна. Тиймээс дээр дурдсан хүмүүсээс тухайн гэмтлийг авсан байж болзошгүй гэж би үзэж байна” гэх мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч Д.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч Д.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч А.Ерөөл-Ундрахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг,  шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-16 дугаар тал/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-19 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 1857 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 62-73 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар  ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтад мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх болон хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчилэн шалгасан боловч гэм буруутай эсэхэд буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтооход эргэлзээ үүсч байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлвэл улсын яллагчийн яллах дүгнэлт, үйл баримт, түүний хавсралтанд дурдагдсан нийт 12  нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Быг тухайн цаг хугацаанд талийгаач Б.Баттогтохтой маргалдсан, түүний хэвлийн орчим цохисон, шүүгдэгчийн шууд санаатай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан үйл баримт тогтоогдохгүй,

шүүхээс шүүгдэгч Ч.Быг хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас амь хохирогч нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас цус алдалтын шокт орж нас барсан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэх боломжгүй, хөдлөшгүй тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас шүүхээс үйл баримтын талаар эргэлзээгүй дүгнэлт хийх боломжгүй байдалд хүргэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүхээс Ч.Бад холбогдох дээрх нотлох баримтууд, мөн хавтаст хэрэгт түүнийг Б.Баттогтохыг /амь хохирогч/ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдлыг мэдсээр байж 2022 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө биед нь халдсан, цохисон, амь хохирогч нь олон хоногоор архи хэтрүүлэн уудаг, гэмт хэрэг гарахын өмнөх өдөр доошоо цустай юм гараад байна, гүйлгээд байгаа талаар, мөн гэдэс орчим өвддөг талаараа талийгаач хэлдэг байсан гэж мэдүүлсэн, шинжээч эмч амь хохирогч уг гэмтлийг аваад 4-5 цаг л амьд явах боломжтой, маш их өвдөлт өгдөг гэсэн дүгнэлт, тайлбар,  талийгаач уг гэмтлийг яг хэзээ, хэрхэн авсан, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байхад уг нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаа хангалттай явуулаагүй түүний гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг тодорхойлж чадаагүй, мөн гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/  болон цаг хугацааны хувьд хэргийн бодит байдалтай нийцэхгүй, шүүх насанд хүрээгүй гэрч Б.Булганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцоогүй, тэрээр дахин мэдүүлэгтээ эцэг, эх, гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн бөгөөд гагцхүү шинжээчийн дүгнэлт, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгт тулгуурлан таамаглалд үндэслэн буруутгах хууль зүйн үндэслэлгүй, шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримттуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн, түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл улсын яллагч болон иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгч Ч.Бын гэм буруутай, хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, няцаагдаж харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай гаргасан санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гээд 1.1-т гэмт хэргийн шинжгүй гэж,

мөн зүйлийн 3 дахь хэсэгт “энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаана” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ч.Бад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд ашигтайгаар шийдвэрлэж байгаа нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарч байна гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Ч.Быг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэмт хэргийн шалтгаант холбоо тогтоогдоогүй буюу өөрөөр хэлбэл гэмт  хэрэг нь заавал байх үндсэн шинж буюу объектив, субъектив шинжийг агуулсан байхыг шаардах ба аль нэг шинж тогтоогдохгүй бол гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шүүх шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ч.Бад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.6, 36.9, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.5 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ЧБд холбогдох эрүүгийн 2211 01231 1931 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай. 

 2. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

3. Шүүгдэгч Ч.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

4. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ

 

                                     ШҮҮГЧИД                                   Б.МӨНХБАЯР

 

                                                                                         Н.БАЯРМАА