Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 

      2020            2             4                                         2020/ДШМ/159                                                          

 

                                    О.Цт холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/1302 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Цын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1908043611633 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын задгай гудамжинд Д.Оюунгэрэлийн жолоодож явсан 72-15 УНУ улсын  дугаартай “Тоёота приус 20” загварын машинаар үйлчлүүлээд буух үедээ Д.Оюунгэрэлийн цамцны захнаас нь татаж зулгаан, машины дунд хайрцагт байсан хохирогчийн орлогын 65.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг холбогджээ.  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Цын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ламаахан овгийн Оюунхандын Ц-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Оюунгэрэлд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн цэнхэр. цагаан өнгийн ANGTE, DVD+R/4.7 GB 120 min гэсэн бичиглэлтэй хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

              Шүүгдэгч О.Ц давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлуулах хүсэлтэй байгаа тул ялыг минь хөнгөлж, хүсэлтийг минь хүлээн авна уу. ...” гэжээ.

              Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Ц нь хохирогч Д.Оюунгэрэлийн эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдсон болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс О.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч О.Ц нь давж заалдах гомдолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгөхийг хүссэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл баримтыг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэн дүгнэлт хийхээс гадна шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа оролцогчийн гаргасан тайлбарыг зөвхөн хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэдэг учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гадна шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох, шүүх хуралдаанаас боломжит асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой хуульчилсан бөгөөд ингэхдээ шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаанууд шүүхийн шийдвэр гаргах үйл явцад хамаардаг онцлогтой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж хууль ёсны зарчим, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинж тодруулан хуульчилжээ.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

О.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын задгай гудамжинд Д.Оюунгэрэлийн жолоодож явсан 72-15 УНУ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын машинаар үйлчлүүлээд буух үедээ Д.Оюунгэрэлийн цамцны захнаас нь татаж зулгаан, машины дунд хайрцагт байсан хохирогчийн орлогын 65.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь:

хохирогч Д.Оюунгэрэлийн “...2019 оны 8 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын Файр баарны үүднээс 20-25 орчим насны залууг таксинд явах уу гэхэд нь явна гэтэл Баянхошуу гэхээр нь хол юм байна гэж бодоод суулгасан. Баруун салааны эцэст очоод шороон зам дээр явж байснаа зогсчих, манайх энд байна гэж хэлэхээр нь “20.000 төгрөг гарлаа” гэж хэлтэл нөгөө залуугийн царай нь хачин болж ирснээ би танд мөнгө өгнө гэж бодож байна уу гэж хэлээд миний машины салоны урд хайрцагнуудыг ухаж байгаад урд хоёр сандлын дунд хэсэгт байрлах хайрцгийг онгойлгож дотор нь байсан миний таксинд явж олсон орлогын мөнгө болох 65.000 төгрөгийг нөгөө залуу шууд авч кармаандаа хийхээр нь би хөөе чи яаж байна аа гэж хэлээд суудлын бүсээ тайлаад машинаасаа буух гэтэл нөгөө залуу миний цамцны захнаас зулгааж таттал, араас машин ирж зөрөх гээд сигналдсан чинь нөгөө залуу миний машинаас буугаад зугтаачихсан. ... миний биед халдаж, намайг цохиж зодсон зүйл байхгүй. ...тухайн үед биед учирсан гэмтэл шарх байхгүй, ... намайг цохиж зодсон зүйл байхгүй. ... би машинаасаа буух гээд түгжээгээ татаж завсар гаргаж байх үед л шууд тэр залуу миний цамцны энгэр хэсгээс гараараа зуураад буулгаагүй, надад хандаж ямар нэг зүйл хэлээгүй. ... уг залуу намайг зуурч байсан гараа тавиад машинаас буугаад цаашаа зугтаачихсан юм. ...надад ямар нэг хүч хэрэглээгүй, гэхдээ намайг машинаас буулгахгүй зуураад байсан. ...” /хх-29, 32, 34/ гэх мэдүүлэг,

гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-8-9/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20-21/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-23-24/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь хүч хэрэглээгүй боловч илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.

Харин хүч хэрэглэх, хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд /өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт/ рүү хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцлийг дарж довтолсон идэвхтэй үйлдлээр илэрдэг болно.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг ялган зүйлчлэх, ямар гэмт хэргийн шинжийг агуулж байгааг тодорхойлоход хохирогчийн мэдүүлэг чухал ач холбогдолтой.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ц нь хохирогчийн эд хөрөнгө буюу мөнгийг авахаар хүч хэрэглэж, аливаа байдлаар биед нь халдсан, эд хөрөнгийг нь авах зорилгоор заналхийлж довтолсон гэх шинж тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх “...хохирогч тусламж гуйх гэх үед түүний цамцнаас нь татаж болиулан, хохирогчийн эсэргүүцлийг дарж байгаа үйлдэл нь хүч хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэл муутай болжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх хохирогч Д.Оюунгэрэлийн “...миний биед халдаж, намайг цохиж зодсон зүйл байхгүй. ...тухайн үед биед учирсан гэмтэл шарх байхгүй, ... намайг цохиж зодсон зүйл байхгүй. ... би машинаасаа буух гээд түгжээгээ татаж завсар гаргаж байх үед л шууд тэр залуу миний цамцны энгэр хэсгээс гараараа зуураад буулгаагүй, надад хандаж ямар нэг зүйл хэлээгүй. ...уг залуу намайг зуурч байсан гараа тавиад машинаас буугаад цаашаа зугтаачихсан юм. ...надад ямар нэг хүч хэрэглээгүй, гэхдээ намайг машинаас буулгахгүй зуураад байсан....” /хх-29, 32, 34/ гэх мэдүүлгүүдэд дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь ойлгомжгүй байна.

Хохирогч Д.Оюунгэрэлийн мэдүүлгүүдээс дүгнэвэл шүүгдэгч О.Ц  бусдын эд хөрөнгө буюу мөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, ...болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч О.Цт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан тухайн зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Цаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх гомдлыг гаргасан байна.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад ”энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заажээ.

Эдгээр заалтууд нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Шүүгдэгч О.Цын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, түүнд Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  1.3  дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Иймд шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулах тухай гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтад 1, 2, 4 гэсэн дарааллаар бичигдсэн байх

ба “3” дугаарыг алгасан бичсэн нь ноцтой алдаа биш боловч анхан шатны шүүх цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/1302 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох тогтоох хэсэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос О.Цт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ламаахан овгийн Оюунхандын Ц-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг “О.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч О.Цаас гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ