Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 1007

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/00716 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.М,

Хариуцагч “Б” ХХК-д холбогдох,

Б.М болон “Б” ХХК-ийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, “Литиуммайнинг” ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон ашигт малтмалын 10559А дугаар тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг буцаан иргэн Б.Мт шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшинтамир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батболд, Д.Нямдорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, М.Алтанцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн 100 хувь хувьцааг нь дангаараа эзэмшдэг “Литиуммайнинг” ХХК-ийн нийт хувьцааг, компанийн нэр дээрх тусгай зөвшөөрөл, эд хөрөнгийн хамт 5 500 000 ам.доллараар худалдахаар “Б” ХХК-ийн захирал Тан Ихантай 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2, 6.1, 7.12-д зааснаар гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор “Б” ХХК нь урьдчилгаа 1 000 000 ам.долларыг шилжүүлэх, миний зүгээс хувьцааг тус компанийн нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж, холбогдох байгууллагад хүргүүлэх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд хувьцааны үлдэгдэл төлбөр болох 4 500 000 ам.долларыг 2013 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж “Литиуммайнинг” ХХК-ийн 100 хувийн хувьцааг, тус компанийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын 10559А дугаар тусгай зөвшөөрлийн хамт “Б” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн боловч “Б” ХХК нь гэрээ байгуулснаас хойш 3 300 000 ам.долларыг төлж, үлдэгдэл 2 200 000 ам.долларын төлбөрийг төлөөгүй.

“Б” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.1, 11.2-т заасны дагуу гэрээнээс татгалзаж буйгаа 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус компанид бичгээр мэдэгдсэн. Уг мэдэгдлийн дагуу “Б” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн хариу албан бичигтээ талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн хэмээн огт үндэслэлгүй, худал тайлбарыг өгсөн.

Иймд бидний хооронд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа бөгөөд “Литиуммайнинг” ХХК-ийн 100%-ийн хувьцаа болон ашигт малтмалын 10559А дугаар тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг “Б” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбат шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй бөгөөд уг маргаан бүхий хувьцаа худалдах худалдан авах гэрээ нь дуусгавар болсон. Учир нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн мэдэгдэл, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17/32 тоот албан бичиг зэргээр нэхэмжлэгч нь татгалзах эрхээ эдлэхээр нэхэмжлэлийг шүүхэд гаргасан атлаа Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг өөрт ашигтайгаар тайлбарласан байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж байгаа тохиолдолд түүнээс гарах эрх зүйн үр дагавар нь харилцан буцаан олгох харилцаа өөрчлөгдөх ганцхан үр дагаврыг агуулна. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзсан гэрээний зүйлийг харилцан буцаан өгөх үүрэг гэрээний талуудын хооронд үүсэх бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү үндэслэлийнхээ тайлбарыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалтын агуулгаар зөвтгөсөн нь үндэслэлгүй юм.

Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч Б.Мт нийт 3 500 000 ам.доллар өгсөн бөгөөд 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах нэмэлт гэрээгээр гэрээний үнийг 1 500 000 ам.доллар болгосон бөгөөд хариуцагч 1 500 000 ам.доллар өгсөн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М болон “Б” ХХК-ийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч Б.М татгалзсан тул “Литиуммайнинг” ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон ашигт малтмал ашиглалтын 10559А дугаар бүхий тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг иргэн Б.Мт буцаан шилжүүлэхийг хариуцагч “Б” ХХК-д даалгаж, нэхэмжлэгч Б.Маас 3 300 000 ам.доллар буюу 8 209 014 000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 566 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас 41 203 020 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, М.Алтанцэцэг нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцэхээр хурлыг товлосон бөгөөд энэхүү хурлыг товлохоос эхлэн шийдвэр уншиж сонсгох хүртэлх хугацаанд анхан шатны шүүх нь дараах процессын алдаануудыг гаргаж, хариуцагч талын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмгөөлөгч авах, шүүн таслах ажиллагаанд тэгш оролцох, мэтгэлцэх боломжоор хангуулах, шударга шүүхээр шүүлгэх зэрэг эрхийг ноцтой зөрчсөн. Үүнд:

1.Тус шүүх хурлыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулахаар товыг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өмгөөлөгч Б.Баднайсүрэнд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбат, өмгөөлөгч М.Алтанцэцэгт 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, өмгөөлөгч Б.Оюун-Эрдэнэд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй бөгөөд шүүх хуралдааныг ажлын 3-аас 2 хоногийн өмнө товлож нэхэмжлэгч талд мэдэгдсэн. Шүүх хуралдааны товыг тулгуу товлосны хүрээнд өмгөөлөгч Б.Баднайсүрэн, М.Алтанцэцэг нарын хувьд шүүх хуралдаан давхардах нөхцөл бүрдсэн бөгөөд өмгөөлөгч нарын шүүх хуралдаан давхацсан  Б.Оюу-Эрдэнэ өмгөөлөгч өвчтэй, итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох зэргээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Өмгөөлөгч Б.Баднайсүрэн, М.Алтанцэцэг нарын давхцаж буй шүүх хуралдаан тус өдрийн 08 цаг 30 минутад товлогдсон боловч 08 цаг 45 минутад эхлэсэн бөгөөд 09 цаг 20 минутад хүсэлт хэлэлцэхээр завсарласан ба хүсэлт хэлэлцэж 09 цаг 29 минутад шүүх хуралдаан дууссан. Ийнхүү хурлаа дуусгаад нэгдүгээр давхар руу буухад энэхүү иргэний хэргийн шүүх хуралдаан хүсэлт хэлэлцэхээр завсарласан байсан. Хүсэлт хэлэлцээд хэргийн оролцогчдыг шүүх хуралдааны танхимд дуудахад М.Алтанцэцэг болон Б.Баднайсүрэн өмгөөлөгч бид хоёр шүүх хуралдааны танхимын гадаа хүлээсээр байсан бөгөөд шүүгчийн туслах С.Нэргүй шүүх хуралдаан завсарлаад орох хооронд шүүгчид “М.Алтанцэцэг, Б.Баднайсүрэн өмгөөлөгч нар ирсэн, гадаа хүлээж байна” гэж хэргийн оролцогч нарын дэргэд хэлсэн. Гэтэл шүүгч нь өмгөөлөгч бидний хүсэлтийг хүлээн авахаас татгалзахдаа тус хэргийн шүүх хуралдаан хойшлогдсон, ажил үүргээ зохицуулах ёстой гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Давчуу товлосон шүүх хуралдаан дээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг 2 өмгөөлөгчийн зүгээс бэлтгэж, холбогдох баримтыг хавсарган итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбатад өгч шүүх хуралдаан дээр хүсэлтийг гаргуулсан. Гэтэл шүүх үндэслэлгүйгээр өмгөөлөгч бидний хүсэлтийг нэгэнт эхэлсэн шүүх хуралдааныг орхиж гарах боломжгүй нөхцөл байдал болон дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьж хүсэлтийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Б.Оюу-Эрдэнэ өмгөөлөгчийн хувьд энэхүү шүүх хуралдааны товыг ажлын 3 хоногийн хугацаанд мэдэгдээгүй бөгөөд хурал болохоос 1 хоногийн өмнө итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбатаас мэдсэн байсан. Гэтэл тус хугацаанд өмгөөлөгч Б.Оюу-Эрдэнэ нь ажлын хэт ачааллаас үүдэн зүрхний хэм алдалт оношоор хэвтрийн дэглэм сахиж байсан ба энэхүү хүсэлтээ хурлын товыг мэдсэн өдрөө бэлтгэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгсөн боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбатын зүгээс 3 өмгөөлөгчийн өгсөн хүсэлтийг шүүх хуралдаан дээр уншиж, өмгөөлөгч нартайгаа шүүх хуралдаанд оролцож, өмгөөлүүлэх эрхээр хангахыг шүүгчээс хүсэхэд завсарласан байх үедээ өөрийн туслах С.Нэргүйг шүүх хуралдааны танхимд дуудан өмгөөлөгч Б.Баднайсүрэн, М.Алтанцэцэг нарын оролцож байгаа шүүх хуралдаан үргэлжилж байгаа эсхүл дууссан эсэхийг лавлаж ирэхийг даалгасан бөгөөд шүүх хуралдаан хойшлогдсон болохыг мэдсэн даруйдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль ёсны эрхийг эдлүүлэхгүй байх зорилгоор хүсэлтийг хангахаас татгалзаж, хурлыг үргэлжлүүлэхдээ өмгөөлөгч нарыг маань хамт оруулахгүй байхаар шийдвэрлэсэн.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн бүх шүүгчдээс татгалзах тухай 10 хуудас бүхий хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг шийдвэрлэхдээ өөрөөс нь татгалзаж байна гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт заасныг үндэслэж бүх шүүгчдээс татгалзсан хүсэлтийг өөрөөс нь татгалзаж байна гэж шийдвэр гаргасан. Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана гэж заасны дагуу шийдвэрлэх журамтай. Гэтэл шүүхийн бүх шүүгчээс татгалзсан хүсэлтийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн нь хууль тогтоомжоор өөрт нь олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Тус хүсэлтийг хариуцагч талаас өмгөөлөгч Б.Баднайсүрэн, М.Алтанцэцэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбат нар буюу 3 хүн гаргасан. Гэтэл шүүгч шүүх хуралдаанд оролцоогүй өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт гэдэг үндэслэлээр хангахгүй орхисон. Бүх шүүгчдээс татгалзах тухай хүсэлтийг үндэслэлгүйгээр өөрөө шийдвэрлэсний дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчийн процесс зөрчөөд байгаа үйлдэлд холбогдуулж дахин шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг гаргасан боловч татгалзах үе шатанд асуухад татгалзаагүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангаагүй. Ийнхүү шийдвэрлэхдээ захирамж гаргаагүй. Мөн өөрөө дахин Ерөнхий шүүгчийн эрхийг эдэлж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн “Литиуммайнинг” ХХК-ийн 100 хувийн хувьцааг, 10559А тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлага нь тодорхой бус шаардлага юм. Учир нь компанийн эрх шилжүүлэх эрх хэмжээ нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын эрх хэмжээний асуудал, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хэн нэгэнд шилжүүлэх эрх хэмжээ нь Ашигт малтмал, Газрын тосны газрын эрх хэмжээний асуудал болохоос “Б” ХХК-ийн бие даан шийдвэрлэж шийдэх эрх хэмжээний асуудал биш юм. Энэхүү татгалзах гэж буй гэрээ нь 2011 онд байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа 2016 онд буюу 5 жилийн дараа гаргаж байна. Гэтэл энэ хугацаанд “Б” ХХК нь 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, зардал гарган үйл ажиллагаа явуулсан бөгөөд гэрээний нэг талд хэт хохиролтой байна. Худалдан авагч талын зүгээс гэрээнд заасны дагуу анхны хяналтын хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд хайгуулын ажлын тайлангаар “Литийн хүдрийн нөөц 2 сая тонн” болж анх худалдагч талын гаргаж өгсөн тоон үзүүлэлтээс даруй 3,2 дахин багассан тул энэ талаар харилцан мэдээлэл солилцож байсан. Худалдагчийн өгсөн тоо баримт, материалын үнэн зөв байдлыг тулган үзэхэд зөрүүтэй байсан тул хяналтын хайгуулын ажлыг цааш үргэлжлүүлэн хийх саналыг худалдагч талаас гаргасны дагуу “Баянбэйчин” ХХК-иар үргэлжлүүлэн хяналтын хайгуулын ажлыг хийлгэхээр хоёр тал тохирсон. Өөрөөр хэлбэл, гол хөрөнгийн хүдрийн нөөц 6 сая тонн гэдгийг нотолсон хяналтын хайгуулын ажлыг дууссаны дараа уг ажлын тайланг Газрын тос, ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн нөөц албан ёсоор тогтоогдсоны дараа гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг төлөх шаардлага гарсан. Үндсэн гэрээгээр хоёр талын тохирсон гэрээний хүчинтэй хугацаа буюу гэрээний 5.2-д заасан 2013 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөр төлөх хугацааг тодорхойгүй хугацаагаар буюу Газрын тос, ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хяналтын ажлын тайланг хэлэлцүүлэн улсын комисс хүлээн авсан нөөцийг үндэслэн үлдэгдэл төлбөрийг төлөх талаар талууд тохиролцсон. Шүүхээс нэхэмжлэгч Б.Мын орчуулагч н.Болорын е-мэйл хаягт үзлэг хийсэн бөгөөд энэхүү үзлэгийн ажиллагаанд нэхэмжлэгч талаас н.Болорыг байлцуулан үзлэг болон үзлэгээр бэхжүүлэн авсан баримтуудад нэмэлт гэрээ байгуулах нөхцөл шаардлага, нэмэлт гэрээг байгуулах тухай саналуудыг хариуцагч талд нэхэмжлэгч талаас ирүүлж байсантай холбоотой агуулга бүрэн тусгагдсан. Дээрх гэрээнд 2 тал Монгол Улсад Б.Мын ажлын оффист харилцан гарын үсэг зурсан байхад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Солонго нь Б.Мын гарын үсэг биш гэж дүгнэсэн нь маш эргэлзээтэй бөгөөд шинжээчийн дүгнэлт нь бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байж үнэн зөв үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдана. Үүний дагуу гэрээ байгуулах үед хоёр талын орчуулга хийж байсан хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлт гаргахад хүсэлтийг хангахаас татгалзсан. Түүнчлэн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж шинжилгээ хийлгэх талаар хүсэлт гаргасан боловч мөн л хангахаас татгалзсан бөгөөд тухайн шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв, үндэслэл бүхий байсан эсэх нөхцөл байдлыг тодруулах бүхий л ажиллагааг явуулах хүсэлтийг шүүгч хангахаас татгалзсан. Энэхүү нөхцөл байдлын талаар хариуцагч талаас мэдэгдсээр байхад шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчсөн.

2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Баянбэйчин” ХХК-тай байгуулсан Геологи эрэл хайгуулын гэрээний дагуу хайгуулын талбайд хийсэн ажлын тайланг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр үндсэн гэрээний 11.4, 12.1-д заасны дагуу “Литиуммайнинг” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх нэмэлт гэрээний дагуу 6 140 000 юань буюу 1 180 000 ам.доллар хүлээн авсан гэдгээ анхан шатны шүүх дээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд хүлээн авсан талаар Б.М нь маргадаггүй, “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Сун Дамингаас зээлж авсан зээлийн үнийн дүнгийн дүнг гэрээний үнэд оруулж тооцсон талаараа хүлээн зөвшөөрдөг. Харин дээрх гэрээг байгуулсны дараа Б.М нь үндсэн гэрээний 6.4-т заасны дагуу хяналтын хайгуулын тайланг үндэслэн Газрын тос, Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хяналтын ажлын тайланг хэлэлцүүлэн улсын комисст хүлээлгэн өгөх, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд 2016 оны намар хүртэл “Литиуммайнинг” ХХК-ийн тамга тэмдэг, тусгай зөвшөөрөл, гэрчилгээ зэргийг хүлээлгэн өгөөгүй, өөрийн мэдэлдээ байлган тус компанийн гүйцэтгэх захирлын ажлыг хийж байсан талаар анхан шатны шүүхэд өөрөө мэдүүлдэг бөгөөд өөрийн төрийн захиргааны байгууллагаас олж авсан мэдээллээ ашиглан литийн нөөц цаашид нэмэгдэх боломжгүй, харин 2 сая тонн болж багассан гэдгийг мэдсэн мэдээллээ нуун дарагдуулж байсан гэж хариуцагч талаас Б.Мыг хардаж байна. 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Литиуммайнинг” ХХК-ийн нэрийг шилжүүлсэн боловч компанийн үйл ажиллагааг болон гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Хэрэгт нэмэлт гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд энэхүү гэрээгээр анхны үндсэн гэрээ болон гэрээний үнийн дүнг 1.5 саяар тогтсон нэмэлт гэрээг дүгнэж, мөн нийт шилжүүлсэн төлбөрөөр гэрээний төлбөрөө тооцож, дуусгавар болгосон тухай эцсийн нэмэлт гэрээг Б.Мтай байгуулсан. Энэхүү гэрээг анхан шатны шүүхээс дүгнээгүй бөгөөд нотлох баримтаар дүгнээгүй нь үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүх тооцоог гаргахдаа буруу тооцож Б.Мыг 3 300 000 ам.долларыг авсан гэж хариуцагч талд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Бидний зүгээс анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбатын тайлбарыг бичээгүй, өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн бичгээр гаргаж байсан тайлбарыг бичсэн. Мөн шүүх хуралдаанд шүүгчийн зүгээс нэхэмжлэгч Б.Маас асуусан асуулт болон хариултыг бичээгүй байсан. /бичлэг 3-т 31 минут 40 секундээс 45 минут 47 секунд хүртэл/

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан тус компанитай 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, “Литиуммайнинг” ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон ашигт малтмалын 10559А тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч талын өмгөөлөгч Б.Баднайсүрэн, М.Алтанцэцэг нар анхан шатны шүүх хуралдаанаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэх явцад шүүх хуралдааны танхимд орж ирсэн нь хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /4-хх-136-137/

Өмгөөлөгч Б.Баднайсүрэн түүнийг орж ирэхээс өмнө хуульд заасан журмын дагуу нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар маргаан үүсгэж, дэг сахихыг сануулсан шүүх хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдалгүй, шүүх хуралдааны дэг сахих үүргээ зөрчсөн тул хуралдааны танхимаас гаргасныг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Харин шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэгэнт хүрэлцэн ирсэн өмгөөлөгч М.Алтанцэцэгийг хэргийг хэлэлцэхэд оролцуулах боломжтой байхад шүүх хуралдаанд оролцуулалгүй, сонирхогчоор суулгасан,  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбатын шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаагүй нь хэргийн оролцогчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд биечлэн оролцох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг зөрчихөөс гадна хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцон мэтгэлцэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх хэсэгт заасан зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

Түүнчлэн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2017/06823 дугаар захирамжаар шинжээч томилон дүгнэлт гаргуулах үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан 2017 оны  6 дугаар сарын 30-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарснаар арилсан байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээлгүйгээр ажиллагаа явуулж, дахин 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2017/13097 дугаар захирамжаар түдгэлзүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн, зохигчдод мэтгэлцэх тэгш боломж олгоогүй, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Харин шүүх хуралдааныг хойшлуулах тухай болон шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100, 105, 92 дугаар зүйлээр тогтоосон журмыг зөрчөөгүй тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/00716 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 41 203 020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

                                            ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР                                                                                                                            

                                                                                               А.ОТГОНЦЭЦЭГ