| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2021/0107/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/369 |
| Огноо | 2023-05-26 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/369
2023 05 26 2023/ШЦТ/369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,
улсын яллагч Б.Батцэцэг,
шүүгдэгч Л.Н,
шүүгдэгч Б.У, тэдгээрийн өмгөөлөгч Б.Ганболд,
хохирогч Н.Цын өмгөөлөгч Ц.Монгол нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хонгор овогт Л.Н, Тариаланч овогт Б.У нарт холбогдох эрүүгийн 2011 00740 0663 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Хонгор овогт ЛН..................................
Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгийн суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Гранд сэтгүүлд сэтгүүлч ажилтай байсан, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, Их булан 13 дугаар гудамжны 32 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 12 дугаар байрны 68 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
2. Тариаланч овогт Б.У...................................
Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, “Гранд” сэтгүүлийн эрхлэгч ажилтай байсан, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Төмөр зам 7-2 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 23 дугаар байрны 5 тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн товч агуулга;
Шүүгдэгч Б.У, Л.Н нар нь бүлэглэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Оранж” худалдааны төвийн 701 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Гранд” сэтгүүлийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3/128 дугаар, “WWWgrandnews.mn” веб сайт, “grandnews.mn” фэйсбүүк хуудсанд Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Ц Улсын Их хурлын гишүүн Г.Мийг Солонгос улсад амаржуулсан “үлгэр оршвой” гэсэн гарчиг бүхий “бөхийн гэргий, яруу найрагч”, “Бага Удвал” гэхчлэн тодотгуулдаг Г.М эрхэм сайдын хүүхдийг төрүүлсэн гэх бор шувуу нисэж байна” гэж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 184/а дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг судалсан бөгөөд
Улсын яллагчаас: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Н, Б.У нарын гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс хохирогч Н.Цын мэдүүлэг /1 хх-136 дугаар тал/, хохирогч Н.Цаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /2 хх-233-234 дүгээр тал/, хохирогч Г.Мийн мэдүүлэг /1 хх-140-141 дүгээр тал/, хохирогч Н.Цаас гаргаж өгсөн Гранд нэртэй 30 хуудас сэтгүүл /1 хх-25-56 дугаар тал/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт Н.Цаас ирүүлсэн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-21 дүгээр тал/, 2020 оны 3 дугаар сарын №3 дугаартай уг сэтгүүлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 хх-25-56 дугаар тал/, “Grand news.mn" нэртэй фейсбүүк цахим хуудас дахь нүүр зураг гэсэн хэсэгт байрлах 2020 оны 3 дугаар сарын №3/128 дугаартай сэтгүүлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх-57-59, 60-64 дүгээр тал/, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/1/576 дугаартай лавлагаа /1 хх-221-222 дугаар тал/, Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2-5a/10349 дугаартай албан бичгийн хавсралт /3 хх-15-18 дугаар тал/, Улсын буртгэлийн ерөнхий газрын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 11/9/007020 дугаартай лавлагаа /хх-227 дугаар тал/, "Гранд" сэтгүүлийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 001 дугаартай лавлагаа /хх-250 дугаар тал/, Монгол Улсын шинжлэх ухааны академийн хэл зохиолын хурээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт /2 хх-247 дугаар тал/, хэл шинжээчийн дүгнэлт /3 хх-2 дугаар тал/, хохирогч Н. Цэрэнбатын мэдүүлэг /1 хх-135-136 дугаар тал/, хохирогч Г.Мийн мэдүүлэг /1 хх-140-141 дүгээр тал/, гэрч Б.Сайханбилэгийн мэдүүлэг /1 хх-160-161 дүгээр тал/, гэрч С.Мөнхзулын мэдүүлэг /1 хх-162-164 дүгээр тал/, гэрч М.Шинэжаргалын мэдүүлэг /1 хх-166-167 дугаар тал/, гэрч Э.Солонгын мэдүүлэг /1 хх- 168-170 дугаар тал/, гэрч М.Уранчимэгийн мэдүүлэг /1 хх-172-173 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Баттулгын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 778 дугаартай дүгнэлт /3 хх-215-218 дугаар тал/, архивын материалд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-242-249 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлана гэсэн бол;
Хохирогчийн өмгөөлөгчөөс: “Шүүх хуралдаанд хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Гранд” сэтгүүлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-60-61 дүгээр тал/, 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хохирогч Н.Цаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1 хх-135 дугаар тал/, 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдөр Гранд сэтгүүлийн газрын сэтгүүл хэвлүүлэхээр төлсөн төлбөрийн баримт /1 хх-231-232 дугаар тал/, 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн сэтгүүл хэдэн ширхэг борлуулагдсан талаарх албан тоот /2 хх-2 дугаар тал/, 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1 хх-184 дүгээр тал/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /2 хх-39 дүгээр тал/, хэлний шинжээчийн дүгнэлт /2 хх-204 дүгээр тал/, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хэлний шинжээчийн дүгнэлт /2 хх-247 дугаар тал/, иргэний нэхэмжлэл гаргах тухай /3 хх-88 дахь тал/-д авагдсан бичгийн нотлох баримтуудыг;
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганболдоос: “Шүүгдэгч нарыг цагаатгах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хэлний шинжээчийн дүгнэлт /2 хх-204 дүгээр тал/, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн прокурорын тогтоол /3 хх-191 дүгээр тал/, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол /3 хх-204 дүгээр тал/, 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай мөрдөгчийн санал /4 хх-61 дүгээр тал/, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн прокурорын тогтоол /4 хх-64 дүгээр тал/-д авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлана гэсэн болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүгдэгч Б.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 03 дугаар сарын сэтгүүлийг эргүүлж татаарай, сайт дээрх мэдээллээ устгаарай гэхээр нь устгасан. Манайхаас өмнө жиргээ болон "Соронз" сэтгүүл дээр тухайн мэдээ гарсан байсан. Манай Гранд сэтгүүл өөрөө гарчиг нь анхаарал татахаар нийтлэл, мэдээлэл хийгдээд 12 жил үйл ажиллагаа явуулсан. Тэрхүү мэдээ зөвхөн олны анхаарлыг татахаар бичигдсэн юм биш. Бид бүх мэдээллээ тэгж бичдэг. Шар мэдээ шиг гарчиг өгч олны анхаарлыг татдаг. Анхны эх урвалж нь манай сэтгүүлийн газар биш байсан. "Соронз" сэтгүүл, жиргээ дээр тухайн мэдээлэл олон нийтлэгдэж байсан” гэв.
Шүүгдэгч Л.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гранд” сэтгүүлийн газар нь үйл ажиллагаагаа 2019 оны 04 дүгээр сараас эхлэн явуулсан байдаг. Би тухайн газар ажиллаж байх хугацаандаа хүн гүтгэсэн, доромжилсон мэдээ огт бэлтгэж байгаагүй. Нийтлэх гэж буй мэдээг бэлтгэхдээ эх сурвалжид үндэслэдэг. Түүнийг нь захирал хянаж байж тухайн мэдээг нийтлэн гаргадаг. Яригдаж буй мэдээ дээр манай талаас баталсан зүйл огт бичээгүй" гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Н.Цын “...”Гранд” нэртэй сэтгүүлийн 2020 оны 3 дугаар сарын эхээр хэвлэгдэн гарсан дугаарт “Н.Ц сайд Г.М гишүүнийг Солонгос улсад амаржуулсан үлгэр оршвой” гэсэн гарчигтай мэдээлэл гарч, худалдаанд гарсан байгаа. Энэ сэтгүүлийн нүүр болон 5 дахь нүүрэнд миний болон Улсын их хурлын гишүүн Г.Мийн зургийг давхардуулсан байдалтай байрлуулж, гарчгийг олон өнгөөр хүний анхаарал татахуйц томоор бичиж хэвлэсэн байсан. 5 дугаар хуудсанд байгаа мэдээллийг уншиж үзэхэд Г.М гишүүн миний хүүхдийг төрүүлсэн, Солонгос улсад очиж амаржсан, миний бие Солонгос улсад явахад нь дагаж очсон мэтээр ойлгогдохоор зүйл бичсэн байна. Энэ худал мэдээллийг зориуд бичиж, олон нийтэд тараасанд би маш их гомдолтой байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ...”Гранд” нэртэй сэтгүүл нь www.grandnews.mn гэсэн нэртэй веб сайт ажиллуулдаг юм байна. Энэ веб сайт нь дээрээ дээрх “Гранд” нэртэй сэтгүүлийн дугаарын зургийг тавьж доод хэсэгт нь “...Г.М гишүүн Н.Цын хүүхдийг Солонгос улсад төрүүлсэн гэх улс төрийн том шумыг анхлан хүргэж байна” гэж тайлбар бичсэн байсан. Энэ байдлаас дүгнэхэд “Гранд” нэртэй сэтгүүл нь миний нэр төр, алдар хүндэд халдсан мэдээллийг олон нийтэд тарааж байгаагаа хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. Аливаа мэдээллийг үнэн эсэхийг сэтгүүлч хүн нягталж, шалгаж байж олон нийтэд хүргэх ёстой гэж би үзэж байгаа ...би сүүлийн 2 жилийн дотор БНСУ-д 3-4 удаа албаны ажлаар явсан. Г.М гишүүн надтай хамт албан ажлаар БНСУ явсан тохиолдол байхгүй ...энэ худлаа мэдээллээс болоод миний гэр бүлийн гишүүд сэтгэл санааны хувьд маш хэцүү байдалд ороод байна. Мөн миний өөрийн нэр төр, алдар хүндэд маш муугаар нөлөөлж, олон түмэн буруугаар ойлголт өгөхөөр ийм худал мэдээлэл тараасан байна ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 135-136, 2 хавтаст хэргийн 233-234 дүгээр тал/,
Хохирогч Г.Мийн “...”Гранд” нэртэй сэтгүүлд намайг Улсын Их хурлын гишүүн Н.Цын хүүхдийг төрүүлсэн, Солонгос улсад очиж төрүүлсэн гэх утгатай хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл нийтлэгдсэн байсан. Энэ мэдээний нийтлэл нь огт худал зүйлийг болсон мэтээр бичиж миний нэр төрд халдсан. Энэ мэдээллээс болж гэр бүл, үр хүүхэд, би өөрөө сэтгэл санааны дарамтад орж хүнд байдалд орсон. Тийм учраас маш их гомдолтой байна. Би 1998 онд төрсөн нэг хүүхэдтэй. Бид найз нөхдийн харилцаа, Улсын Их хурлын гишүүний хувьд албан ажлын харилцаатай байдаг. Би сүүлийн 2 жилд 8-9 удаа Солонгос улсад очсон. Солонгос-Монголын парламентын гишүүн, Соёлын тухай хуулийн ажлыг хэсгийг ахалж байсан хүний хувьд ажлаар зорчдог байсан ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 140-141 дүгээр тал/,
Гэрч Б.Сайханбилэгийн “...”Гранд” сэтгүүлийн эрхлэгчээр Б.У гэж эмэгтэй ажилладаг. Эрхлэгч сэтгүүлийн болон компанийн үйл ажиллагааг хариуцдаг. “Гранд” сэтгүүлийн эрхлэгчээр Б.У, сэтгүүлчээр Л.Н, гэрээт сэтгүүлч Э.Солонго, график дизайнер М.Шинэжаргал, борлуулалтын менежерээр миний бие нийт 5 хүн ажилладаг. Манай сэтгүүлийн газар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Оранж” плаза төвийн 7 давхарын 702 тоотод байрладаг ... хэвлэлийн газраас сэтгүүл хэвлэгдэж бэлэн болсон талаар мэдэгдсэний дагуу 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би өөрөө очиж эхний удаад 150 ширхэгийг, маргааш нь ...1350 ширхэгийг хүлээн авсан ...100 орчим цэгүүдэд би өөрөө явж түгээсэн ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 160-161 дүгээр тал/,
Гэрч С.Мөнхзулын “...би 2020 оны 3 дугаар сарын “Гранд” сэтгүүлд ямар зүйл нийтлэгдсэн талаар мэдээгүй. Компанийг шилжүүлэн авах үед энэ дугаарт нийтлэгдэх мэдээлэл бэлтгэгдсэн байсан. Би тэр мэдээллүүдийг танилцаагүй. Миний бие сэтгүүлд гарах мэдээллийг хянах үүрэг байхгүй. Сэтгүүлийн эрхлэгч Б.У үүнийг хянах үүрэгтэй ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 162-164 дүгээр тал/,
Гэрч М.Шинэжаргалын “...Би “Гранд” сэтгүүлийн 2020 оны 3 дугаар сарын 03/128 дугаартай сэтгүүлийн эх бэлтгэлийг хийж гүйцэтгэсэн. Миний хувьд сар бүрийн 20-ны өдрөөс хойш “Гранд” сэтгүүлийн газар ирж сэтгүүлд гарах материалыг байрлуулж, дизайныг бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл тухайн сэтгүүлд нийтэлнэ гэж бэлтгэсэн бэлэн материалыг, зургийн хамт би хүлээн аваад эх бэлтгэлийн хийж байрлуулдаг. Сэтгүүлийн эхийг дараа сарын 2-ны өдрийн дотор бэлэн болгож, хэвлэх үйлдвэрт нь шилжүүлж өгдөг. Сэтгүүлч Номин-Эрдэнэ энэ дугаарын эх бэлтгэлд надтай хамт ажиллаж, хянаж байсан. Учир нь би сэтгүүлд гарах зураг хэн гэдэг хүний зураг болохыг танихгүй хүндрэлтэй байдаг. Миний бэлдэж өгсөн эхийг эрхлэгч Б.У хянадаг. 03-128 дугаартай сэтгүүлийн эхийг Ундрал эрхлэгч хянасан. Эрхлэгч хянаад засвар оруулах зүйл байвал хэлснээр нь засаж, янзлаад хэвлэхэд бэлэн болгодог ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 166-167 дугаар тал/,
Гэрч Э.Солонгын “...Сэтгүүлийн эрхлэгчээр Ундрал ажилладаг, сэтгүүлчээр Номин-Эрдэнэ, эх бэлтгэгч буюу дизайнер Шинэжаргал, борлуулалт хариуцсан ажилтан Сайханбилэг гэсэн хүмүүс ажилладаг. Сэтгүүлийн эрхлэгч Ундрал нийтлэлийн бодлогыг зангидаж, чиглүүлэх, хянах үүрэгтэй, мөн мэдээ бэлтгэдэг. Сэтгүүлч Номин-Эрдэнэ мэдээ, мэдээлэл бэлтгэх, сурвалжлах үүргийг гүйцэтгэдэг. Цахирмаа гэдэг нь эрхлэгч Ундралын уран бүтээлийн нууц нэр нь юм. Сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээллийг сэтгүүлд нийтлэх эрхийг сэтгүүлчийн эрхлэгч Ундрал өгдөг. Бэлтгэсэн мэдээллийг өөрөө үзэж хянадаг ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 168-170 дугаар тал/,
Гэрч М.Уранчимэгийн “...”Гранд ньюс” сэтгүүл хэвлэл мэдээллийн хэрэгсэлд сэтгүүлийн эрхлэгчээр Ундрал ажиллаж байсан. 2020 оны 1 дүгээр сарын сүүлчээр байх би жирэмсэн төрөх дөхсөн байх үедээ Ундралтай ярилцаж манай сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж өгөөч гэж гуйсан учраас ажиллах болсон. Ундрал нь 2020 оны 1 дүгээр сарын сүүлчээс өмнө бол өөр хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байсан. Ц.Цахирмаа, Сэргэлэн гэдэг бол эрхлэгч Ундралын уран бүтээлийн нууц нэр, Л.Намуун, С.Ялгуун гэсэн нэр хэнийх болохыг мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн хэргийн 172-174 дүгээр тал/,
Хохирогч Б.Цаас гаргаж өгсөн “Гранд” нэртэй 2020 оны 3 дугаар сарын №3 дугаарын сэтгүүлд үзлэг хийсэн тэмдэглэл болон 30 хуудас сэтгүүл /1 хавтаст хэргийн 25-56 дугаар тал/,
“Grand news.mn” нэртэй фейсбүүк цахим хуудас дахь нүүр зураг гэсэн хэсэгт байрлах 2020 оны 3 дугаар сарын №3/128 дугаартай сэтгүүлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хавтаст хэргийн 60-64 дүгээр тал/,
“Гранд” сэтгүүлийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 001 дугаартай “...2020 оны 03/128 дугаарыг бэлтгэхэд оролцсон нийт ажилчид Батсүхийн Ундрал эрхлэгч /сэтгүүлийн ерөнхий үйл ажиллагаа, холбоотой бүх мэдээ материалыг хянаж, гол ярилцлага, онцлох булан бэлтгэсэн/, Лхагвын Номин-Эрдэнэ сэтгүүлч /сэтгүүлийн зураг, мэдээ бэлтгэсэн/ ...” гэх албан бичиг /1 хавтаст хэргийн 250 дугаар тал/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11/3579 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2 хавтаст хэргийн 5-24 дүгээр тал/,
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлтэнд:
“2.1. Н.Ц сайд Г.М гишүүнийг Солонгос улсад амаржуулсан “үлгэр оршвой” гэсэн өгүүлбэрийг ямар утгаар ойлгох вэ?
- Энэ өгүүлбэрийг уншиж үзэхэд “Н.Ц сайд Г.М гишүүнийг Солонгос улсад амаржихад нь тусалсан юм байна” гэж ойлгоно.
2.2. Дээрх бичигдсэн зүйл худлаа, үнэн биш тохиолдолд энэ өгүүлбэрт бусдын нэр төр, алдар хүндэд халдсан утга агуулга байна уу?
- нэгдүгээрт, мэдээлэл “худлаа, үнэн бодитой биш” байх нь цаанаа “хуурамч, үнэн бодьгүй” гэсэн санаа агуулах агаад “гүтгэх, буруугаар ойлгуулах” үйлдлийн нэг хэсэг болох тул “бусдын нэр хүндэд халдах, нэр хүндийг унагах, үнэн мэтээр төөрөгдүүлэх” зэрэг утга илтгэж болно.
2.3.Энэ өгүүлбэрийн “амаржуулсан”, “оршвой” гэсэн үгнүүд нь ямар утга санааг илэрхийлж байна вэ?
-амаржих хэмээх үг нь бүсгүй хүн нярайлах, төрөх, хөнгөрөх гэсэн утгатай үг бол энэ үгэнд-уул дагавар залгаснаар бусдаар үйлдүүлэх утгатай болж, амаржихад хэн нэгэн үйлдэл хийснийг илтгэх хэл зүйн хэлбэр авчээ. Энэ үйл үгнийхээ төгсгөлд “-сан” дагавар залгаснаар үйл явдал өнгөрсөн цагт болсоныг заана.
“оршвой”-гэдэг нь байх, орших гэсэн утгатай үг бөгөөд үлгэр хэмээх үгтэй холбогдож “үйл явдал болсон” гэсэн шилжсэн утга илтгэнэ.
2.4.Энэ өгүүлбэрийн “үлгэр” гэдэг үг нь ямар утга санааг илэрхийлж байна вэ? Үлгэр гэдэг үгийн хоёр талд “...” тэмдэг оруулж бичсэн нь ямар утга санааг илэрхийлж байна вэ? энэ нь үлгэр гэдэг үгийн утга санааг өөрчлөх үү?
-үлгэр гэдгийг “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д, “Ардын аман зохиолын нэгэн төрөл бөгөөд гол төлөв ид шидтэй хүн, амьтан, мангас тэргүүтэн гардаг хүүрнэл зохиол” /х.1444/ гэж тайлбарласан байх бөгөөд шилжсэн утгаар “үйл явдал”, “хууч түүх” гэсэн утгаар хэрэглэж болно. “...” энэхүү тэмдгийг тухайн үгийг утга шилжүүлэн өөрөөр нэрлэхэд хэрэглэдэгийг Дорж буюу “Хоовон” гэх зэргээр жишээлж болно.
2.5.Сэтгүүлийн 5 дахь нүүрэнд бичигдсэн “Н.Ц сайд Г.М гишүүнийг Солонгос улсад амаржуулсан “үлгэр оршвой” гэсэн гарчигтай нийтлэлд “Ямар нэгэн байдлаар хууль өөрчлөгдөж 77 гишүүнтэй болсон асуудал огтхон ч биш. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуучлалын сайд Н.Ц, энэ парламентын хамгийн хэл амгүй, мөрөөрөө ажлаа хийдэг хүнээр тодроод байсан Г.М гишүүн нарын “асуудал”-д өгсөн тодотгол юм байна” гэж бичсэн нь ямар утгаар ойлгогдох вэ? үнэн бодит явдал болсон мэтээр ойлгогдох уу?
- Энэ хоёр өгүүлбэрийн өмнөх “Саявтархан “УИХ-ын 77 дахь гишүүн төрлөө” гэж тодорхой хүрээнд бөөн юм болсон юм байх” гэсэн өгүүлбэрийг орхиж асуусан учир утга зүйн талаасаа ойлгомжгүй байна. Хэрэв энэ өгүүлбэрийг нэмж оруулан тайлбарлавал, “УИХ 77 гишүүнтэй болсоны шалтгаан нь Н.Ц,Г.М нарын “асуудал”-аас болж ингэж хэллээ” хэмээн ойлгогдоно. Үнэн бодит явдал болсон эсэхийг хэлний шинжээчийн хувьд үзэж хараагүй, мөн тодорхой цаг хугацаа, байр, орон, биет зураг нийтлэгдээгүй учир дүгнэх боломжгүй.
2.6.Дээрх бичигдсэн зүйл худлаа, үнэн бодитой биш тохиолдолд энэ өгүүлбэрт бусдын нэр төр, алдар хүндэд халдсан утга агуулга байна уу?
- Дээрх өгүүлбэр нь бусдын нэр төрд халдсан утга агуулж байна.
2.7. Энэ өгүүлбэрийн “асуудал” гэдэг үг нь ямар утга санааг илэрхийлж байна вэ? Асуудал гэдэг үгийн хоёр талд тэмдэг оруулж бичсэн нь ямар утга санааг илэрхийлж байна вэ? Энэ нь асуудал гэдэг үгийн утга санааг өөрчлөх үү?
- энэ өгүүлбэрийн “асуудал” гэсэн үгэнд хашилт хийсэн нь уг үгийн утгыг шилжүүлэн хэрэглэж байгааг илтгэнэ. Энэ өгүүлбэрээс үзэхэд асуудал гэсэн үгийг уг утгаар нь биш утга шилжүүлэн хэрэглэсэн байна. Харин яг ямар утга илэрхийлсэн нь тодорхой бус таамаглал дэвшүүлсэн маягаар орхижээ.
2.8.Мөн “...Г.М эрхэм сайдын хүүхдийг төрүүлсэн гэх бор шувуу нисэж байна” гэж бичсэн нь ямар утгаар ойлгогдох вэ? Үнэн бодит үйл явдал болсон мэтээр ойлгогдох уу? Дээрх бичигдсэн зүйл худлаа, үнэн бодитой биш тохиолдолд энэ өгүүлбэрт бусдын нэр төр, алдар хүндэд халдсан утга агуулга байна уу?
- ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн доктор О.Самбуудорж “Үг, үгийн гарал, хэлц үг судлал” номдоо “Бор шувуу нисгэх” гэсэн үг нь улс төрийн зорилгоор хов жив тараах гэсэн утгатай гэжээ /О.Самбуудорж 2020. Тэгэхээр “...Г.М эрхэм сайдын хүүхдийг төрүүлсэн гэх бор шувуу нисэж байна” гэж бичсэн нь “...Г.М эрхэм сайдын хүүхдийг төрүүлсэн гэх хов, жив тарж байна” гэж ойлгогдож байна.
2.9. Энэ өгүүлбэрийн “бор шувуу нисэж байна” гэдэг үг нь ямар утга санааг илэрхийлж байна вэ?
- Энэ өгүүлбэрийн “бор шувуу нисэж байна” гэдэг үг нь хов, жив тарж байна гэсэн утга илэрхийлнэ. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор О.Самбуудорж “Үг, үгийн гарал, хэлц үг судлал” номдоо “Бор шувуу нисгэх” гэсэн үг нь улс төрийн зорилгоор хов, жив тараах гэсэн утгатай гэжээ /О.Самбуудорж 2020./
2.10. Мөн “...Бас сайд нь ямар нэгэн байдлаар гишүүнээ амаржихад гадаад явуулдаг, тусалдаг тохиолдол байдаг уу? Зүгээр тусалсныг манайхан дэгсдүүлж дундаасаа хүүхэдтэй болсон мэтээр шуугисан юм биш байгаа” гэж бичсэн нь ямар утгаар ойлгогдох бэ? Үнэн бодит үйл явдал болсон мэтээр ойлгогдох уу? Дээрх бичигдсэн зүйл худлаа, үнэн бодитой биш тохиолдолд энэ өгүүлбэрт бусдын нэр төр, алдар хүндэд халдсан утга агуулга байна уу?
“...Бас сайд нь ямар нэгэн байдлаар гишүүнээ амаржихад гадаад явуулдаг, тусалдаг тохиолдол байдаг уу? Зүгээр тусалсныг манайхан дэгсдүүлж дундаасаа хүүхэдтэй болсон мэтээр шуугьсан юм биш байгаа” гэсэн бичвэрийг уншиж үзвэл, эхнийх нь асуулт хэлбэртэй, дараагийнх нь тухайн асуултдаа өөрөө хариулсан шинжтэй байна. “...Бас сайд нь ямар нэгэн байдлаар гишүүнээ амаржихад гадаад явуулдаг, тусалдаг тохиолдол байдаг уу? гэсэн асуулт нь магадлан асуух баймж утга илэрхийлж байна. Харин “Зүгээр тусалсныг манайхан дэгсдүүлж дундаасаа хүүхэдтэй болсон мэтээр шуугьсан юм биш байгаа” гэсэн өгүүлбэр нь тодорхой баримт нотолгоогүй, бусдаас дам сонссон зүйлдээ эргэлзэх баймж утга илэрхийлсэн шинжтэй байна. Өөрөөр хэлбэл энэ сэтгүүлээс гадна өөр бусад замаар ийм хов жив өмнө нь тарсан байсан мэт утгатайгаар бичжээ. Тиймээс үнэн бодит үйл явдал хэмээн ойлгогдохгүй.
2.11. Дээр дурдсан гарчиг бүхий нийтлэл нь бүхэлдээ ямар утга агуулж байна вэ?
- Уг нийтлэлийн бичвэрийг уншиж үзвэл, ерөнхий агуулга нь УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуучлалын сайд Н.Ц, УИХ-ын гишүүн Г.М хоёр хайр сэтгэлийн холбоотой болж хүүхэдтэй болсон хийгээд Г.Мийг Солонгос явж амаржихад нь Н.Ц тусалсан эсэх талаар таамаглал дэвшүүлсэн аястай бичсэн байна. Энэхүү таамаглал нь “Бөхийн гэргий, яруу найрагч, “Бага Удвал” гэхчлэн тодотгуулдаг Г.М эрхэм сайдын хүүхдийг төрүүлсэн гэх бор шувуу нисэж байна” гэсэн өгүүлбэр, “...Бас сайд нь ямар нэгэн байдлаар гишүүнээ амаржихад гадаад явуулдаг, тусалдаг тохиолдол байдаг уу? Зүгээр тусалсныг манайхан дэгсдүүлж дундаасаа хүүхэдтэй болсон мэтээр шуугисан юм биш байгаа” гэсэн өгүүлбэр хоёроос харагдах бөгөөд үүнийг хэл шинжлэлд тодорхой бус байдалд үндэслэсэн таамаглах баймж утга хэмээн үздэг. Тиймээс уг нийтлэл нь үнэн бодитой эсэх нь үл мэдэгдэх цуу ярианд үндэслэн бичсэн утга агуулгатай байна.
2.12. www.grandnews.mn цахим сайтад 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нийтлэгдсэн “10 жилийн түүхтэй “Гранд 128 дахь дугаараа гаргалаа” гэсэн гарчигтай мэдээлэлд “... энэ удаагийн дугаартаа парламентын эгэл даруу яруу найрагч Г.М, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуучлалын сайд Н.Цын хүүхдийг Солонгос улсад очиж төрүүлсэн гэх улс төрийн тогооны том “шум”-ыг анхлан хүргэжээ” гэсэн өгүүлбэр нь ямар утгаар ойлгогдох вэ? Үнэн бодит үйл явдал болсон мэтээр ойлгогдох уу? Дээрх бичигдсэн зүйл худлаа, үнэн бодит биш тохиолдолд энэ өгүүлбэрт бусдын нэр төр, алдар хүндэд халдсан утга агуулга байна уу?
- хэл шинжлэлд хэлний найруулгыг зэргээр нь дээд, дунд, доод найруулга гэж ангилдаг бөгөөд доод найруулга буюу эс хүндэтгэсэн /доромж/ утгатай найруулга нь “...субъектээс тухайн объектыг үл хүсэх утга бүхий үнэлгээ “ /Дорждагва.2005.х40/-ний илрэл юм гэж тодорхойлсон байдаг бөгөөд этгээд бүдүүлэг, завхай үг хэллэг орсон байдаг. Дээрх бичвэрийг найруулга зүйн хувьд авч үзвэл, ямар нэгэн гутаан доромжилсон өнгө аяс илрээгүй, үгийн сангийн түвшинд үгийг үндсэн утгаар нь хэрэглэсэн тул шууд утгаар нь ойлгоно. Харин улс төрийн тогооны том “шум” гэх холбоо үгэнд орсон “шум” нь орос хэлний “чимээ, шуугиан” гэсэн утгатай үг бөгөөд өмнөх бичвэрт байсан “бор шувуу” гэсэн хэлц үгтэй ойролцоо утгаар хэрэглэдэг. Дээрх бичигдсэн зүйл худлаа буюу үнэн бодит биш тохиолдолд бусдын нэр төр, алдар хүндэд халдсан утгатай гэж үзэж болно.
2.13. Хүний нэр төр, алдар хүндэд халдах” гэсэн үгний утга зүйг тайлбарлах, ямар утга санааг илэрхийлдэг вэ?
- Нэр төр гэж тухайн хүний хувийн болон ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшний талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлдэг. “Нэр төр”, “алдар хүнд” гэдэг хоёр хоршоо үг нь ойролцоо утгатай. “Нэр төр” гэдэг нь нийгмийн зүгээс бодгальд өгсөн ёс суртахууны үнэлэлт, түүнчлэн хүн өөрөө өөрийгөө үнэлсэн үнэлгээг тэмдэглэсэн ухагдахуун. “Алдар хүнд” гэдэг нь бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг хэлнэ. Монгол хэлний “халдах” гэдэг үг нь олон утгатай байдаг бөгөөд тэдгээрийн нэг шилжсэн утгыг Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тольд “түрэмгийлэх, хүчлэх, түрэх, эзэрхэх” хэмээн тайлбарласан байна. “Хүний нэр төр, алдар хүндэд халдах” гэсэн холбоо үг нь хувь хүний өөрийн болон бусдын үнэлэмжид сөргөөр нөлөөлж, бууруулах гэсэн утгатай.
2.14. “Илт худал мэдээлэл” гэсэн үгийн утга зүйг тайлбарлах, ямар утга санааг илэрхийлдэг вэ?
- “Илт худал мэдээлэл” гэдэг нь бүтцийн хувьд “илт худал”, “худал мэдээлэл” гэсэн хоёр холбоо үгээс бүтсэн байна. Эдгээр үгийг “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-оос лавлавал: 1.”илт” гэдэг үг нь илэрхий, тодорхой, лавтай гэсэн утгатай. 2.”худал” гэдэг нь бодит байдалд үл нийцэх, хуурамч гэсэн утгатай. 3. ”мэдээлэл” гэдэг нь “Ямар нэгэн үйл хэргийн тухай ам болон бичгээр дэлгэрэнгүй мэдээлэх явц, мэдээ дамжуулах, түгээх” гэсэн утгатай. Тэгэхээр эдгээр үгийг холбовол “бодит байдалд үл нийцсэн, баримт нотолгоогүй, илэрхий худал, хуурмаг мэдээлэл” гэсэн утгатай болно. Энэхүү дүгнэлтийг гаргаж буй хэл шинжээчдийн зүгээс зөвхөн мэргэжлийн талаас нь тайлбар өгсөн болно. Харин энэхүү бичлэгтэй холбоотой бусад шаардлагатай баримтыг магадлан тогтоох эрх зүйн эрх болон үүрэг байхгүй болно. Гагцхүү энэ нь хууль, хяналтын байгууллагын хүрээний асуудал юм”...,
2.17. Гранд сэтгүүл шар хэвлэл мөн үү?
- “Шар хэвлэл”-ийн тухай дээрх тодорхойлолтуудаас үзвэл, Гранд сэтгүүлийн зарим агуулга, бичвэр нь шар хэвлэлийн дараах шинжүүдийг агуулсан байна. Үүнд: 1. Зарим харьцангуй чухал биш мэдээг олны анхаарлыг татахуйц, дуулиан шуугиан дэгдээхүйц нэрлэсэн гарчигтай. 2. Олны танил хүмүүсийн гэр бүл салалт, хувцаслалт гэх мэт хувийн амьдралын тухай нийтлэлтэй. 3. Өнгөт зураг, чимэглэл бүхий 4. Улс оронд болж буй дуулиан шуугиантай үйл явдал буюу сонгуульд нэр дэвшигчдийн тухай гэх мэт. Бид Гранд сэтгүүлийн бүх дугаарыг уншиж үзээгүй бөгөөд зөвхөн холбогдох нийтлэл бүхий дугаарын хувьд авч үзсэн болно.
2.18. Сенсаац гэдэг үгийн утгыг тайлбарлаж өгнө үү?
- “Сенсаац” гэдэг үгийг гарлын хувьд авч үзвэл, XIV зууны үед франц хэлний sensation буюу мэдрэхүйн эрхтэнд гадаад орчноос үзүүлж буй сэрэл мэдрэмж гэсэн утгатай үгээс гаралтай. Харин 1779 онд анх энэ үгийг “олон нийтийн дунд гайхшируулсан, цочроосон үйл, байдал” гэсэн өөр нэг утгаар хэрэглэж эхэлжээ. Оксфордын толь бичигт англи хэлний sensation хэмээх үгийг 1.Биед нөлөөлж буй ямар нэгэн мэдрэмж 2.Хүртэж мэдрэх чадвар 3.Тайлбарлахад бэрх сэрэл мэдрэмж, сэтгэгдэл 4.Олны сонирхол, гайхширлыг төрүүлдэг зүйл гэж тайлбарласан байна ...
2.19. Н.Ц сайд Мөнхцэцэг гишүүнийг Солонгос улсад амаржуулсан үлгэр оршвой гэсэн гарчиг бүхий нийтлэл нь сенсаац мөн үү?
- Сенсаац хэмээх үгийн дээрх тодорхойлолтуудыг эш үндэс болговол, “Н.Ц сайд Мөнхцэцэг гишүүнийг Солонгос улсад амаржуулсан үлгэр оршвой” гэсэн гарчигтай нийтлэл нь сенсаац хэлбэртэй гэж үзэж болно ...” гэжээ /2 хавтаст хэргийн 247, 3 хавтаст хэргийн 2 дугаар тал/,
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ирүүлсэн албан бичиг, хавсралт баримтын хамт /1хавтаст хэргийн 244-248 дугаар тал/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 11/9/007020 дугаартай “...1998 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Лхагвасүрэнгийн Буяндэлгэр” төрснийг бүртгэсэн бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 227 дугаар тал/,
Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/1/576 дугаартай “...Гомпилдоогийн Мөнхцэцэгийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл нь 2020 оны 4 дүгээр сарыг дуустал Эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан төрлөөр төлөгдөж байгаа ба 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардал аваагүй байна ...” гэх лавлагаа /1хавтаст хэргийн 219, 221 дүгээр тал/,
Хил хамгаалах Ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2-5а/10349 дугаартай албан бичиг, хавсралт /3 хавтаст хэргийн 15-18 дугаар тал/,
Хил хамгаалах Ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2-5а/5038 дугаартай албан бичиг, хавсралт /1хавтаст хэргийн 228-229 дүгээр тал/,
Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /3 хавтаст хэргийн 10-12 дугаар тал/,
Монгол Улсын Их хурлын ТГ-02/1302 дугаартай албан бичиг /3 хавтаст хэргийн 43 дугаар тал/,
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн өдрийн 1088 дугаартай албан бичиг /3 хавтаст хэргийн 20-32 дугаар тал/,
Хохирогч Н.Цын гадаад паспортад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 хавтаст хэргийн 33-37 дугаар тал/,
“Гранд ньюс” сэтгүүл ХХК-ийг төлөөлж Х.Доржпалам эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай итгэмжлэл гэх албан бичиг /3 хавтаст хэргийн 41 дүгээр тал/,
Иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /2 хавтаст хэргийн 236 дугаар тал/,
“Таван богд менежмент” ХХК-ийн төлбөрийн баримтууд /1 хавтаст хэргийн 230-232 дугаар тал/,
“Гранд ньюс сэтгүүл” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 002 дугаартай албан бичиг /2хавтаст хэргийн 2 дугаар тал/,
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 04/613 дугаартай албан бичиг /1хавтаст хэргийн 234 дүгээр тал/,
Архивын материалд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хавтаст хэргийн 242-249 дүгээр тал/,
Шүүгдэгч Л.Номин-Эрдэнийн гэрчээр өгсөн “...энэ мэдээллийг миний бие бэлтгэсэн юм. 2019 оны 12 дугаар сараас эхлэн сэтгүүл, цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд Улсын их хурлын 2 гишүүн хоорондоо хайр сэтгэлийн холбоотой болж эмэгтэй гишүүн нь хүүхэд гаргажээ гэсэн мэдээлэл гарч яригдах болсон. Энэ яриа болон мэдээллээс Улсын их хурлын гишүүн Н.Ц, Г.М нар хоорондоо холбоотой хүүхэд төрүүлсэн гэх асуудал үргэлжлэн яригдсаар байсан. Энэ асуудлын талаар мэдээлэл бичвэл яах бол гэж би дотроо бодож явсан. Ингээд 2020 оны 02 дугаар сарын дундуур байх ирэх сард гаргах сэтгүүлийн бэлтгэл ажлын хүрээнд эрхлэгч Б.Утай уулзахдаа “гишүүн Н.Ц, Г.М нарын талаар яригдаад байгааг асуудлыг мэдээ болгоод бичиж байгаа” гэж хэлсэн. Мэдээллээ бичиж дуусаад 2020 оны 02 дугаар сарын сүүлчээр байх өдрийг нь яг санахгүй эрхлэгчдээ өгсөн. Эрхлэгч бэлтгэсэн мэдээллийг хянаад сэтгүүлийн 3 дугаар сарын дугаарт нийтлэхийг зөвшөөрсөн. Зөвшөөрсөн талаар амаараа хэлсэн. Сэтгүүлийг хэвлэлтэнд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өгсөн бөгөөд хэвлэлтийг Улаанбаатар принт хэвлэх үйлдвэрт хэвлүүлдэг. Мэдээлэл бэлтгэх эх сурвалж гэвэл дээр хэлсэн сэтгүүл, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд явж байсан яриа зэргээс үндэслэн мэдээлэл бэлтгэсэн. Хэн нэгэн тухайлсан хүн надад мэдээлэл өгсөн зүйл бол байхгүй. УИХ-ын гишүүн Г.М нь хүүхэд төрүүлсэн, хүүхдээ төрүүлэхдээ Солонгос улсад очиж төрүүлсэн гэж сэтгүүл, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд яригдаад байсан. Би эдгээр гишүүдээс мэдээллийг асууж тодруулаагүй. Энэ мэдээллийн талаар хэвлэгдсэн сэтгүүлийн газар болон олон нийтийн сүлжээнд мэдээлэл оруулсан хүмүүсээс асууж тодруулаагүй. Харин хэвлэл мэдээллийн ажилтнуудын зарим нэгээс нь асууж тодруулахад “үнэн гэсэн” гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 155-157 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Уын “...Энэ мэдээллийг манай сэтгүүлч Номин-Эрдэнэ бэлтгэсэн. Би сэтгүүлийн газарт 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Гишүүн Цэрэнбат, Мөнхцэцэг нарын талаар нийгэм бүхэлдээ мэдэж, ярьж байсан болохоор Номин-Эрдэнэ энэ мэдээллийг бэлтгэсэн байхад би гайхаж асууж сураглаагүй. Сэтгүүлч Номин-Эрдэнэ өөрийн хардах эрхээ эдэлж энэ асуудлыг үнэн үү, худлаа юу гэж бичсэн байсан ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 201-202 дугаар тал/,
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-209, 214 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 208, 215 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн хэргийн үйл баримтыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.У, Л.Н нарыг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр №3 дугаартай сэтгүүлийг гаргахдаа уг сэтгүүлийн 5 дахь талд хохирогч буюу Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Цэрэнбат болон хохирогч буюу Улсын Их Хурлын гишүүн Мөнхцэцэг нарыг Солонгос улсад амаржуулсан үлгэр оршвой гэх гарчиг бүхий худал мэдээллийг тараасан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, мөн хэл шинжээчийн дүгнэлт, гэрч Сайханбилэг, Шинэжаргал, Мөнхзул, Солонго, Уранчимэг нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна. Өнөөдрийн шүүх хуралдааны явцад тухайн мэдээллийн эх сурвалжийг нягтлаагүй талаар шүүгдэгч нар мэдүүлж байна. Мэдээллийн эх сурвалж гэх Соронз сэтгүүлд хохирогч нарын нэрийг заагаагүй байсан. Гэтэл шүүгдэгч нар хохирогч нарын нэр, албан тушаалыг нийтлэлдээ тодорхой нэрлэн зааж бичсэн байна. Хохирогч нар тухайн цаг хугацаанд Солонгос улсад зорчсон эсэх талаар шалгахад тухайн цаг хугацаанд давтагдсан байдлаар хамт явсан нь тогтоогдоогүй болно. Хохирогч Мөнхцэцэг нь тухайн цаг хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, хохирогч Мөнхцэцэг нь нэг удаа төрсөн буюу 1998 онд хүүхдээ төрүүлсэн нь бүртгэгдсэн байна. Шүүгдэгч Б.У эрхлэгч, шүүгдэгч Л.Н нь сэтгүүлч ажилтай. Шүүгдэгч Б.У нь ерөнхий үйл ажиллагаа, гол ярилцлагыг зохион байгуулдаг, хянадаг, нийтлэх зөвшөөрөл өгдөг. Шүүгдэгч Л.Н нь тухайн нийтлэлийн мэдээллийг цуглуулдаг нь тогтоогдсон. Гранд сэтгүүлийн газар нь орон тоогоор 5 хүнтэй байх боловч тухайн нийтлэлийг нийтлэхэд голчлон шүүгдэгч нар хийсэн байна гэж үзсэн. Хэл зохиолын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гарчиг болон агуулга нь тухайн үйл явдал бодитоор болоод дууссан гэж дүгнэсэн. Соронз сэтгүүлд байсан мэдээлэл болон Гранд сэтгүүлийн мэдээллийг харьцуулахад мэдээллийн агуулга өөр байна гэж дүгнэсэн. Гарчиг, агуулга 2 зөрүүтэй байна гэж дүгнэсэн. Энэ нийтлэл нь хүний нэр төрд халдсан гэснийг үндэслэлтэй байна гэсэн байна. Шүүгдэгч нар нь тухайн сэтгүүлийг нийтлэж нийт 2500 ширхэгээс 1500 нэгж хэвлүүлсэнээс 1200 ширхэг зарагдсан Тиймээс 1,200 хүнд тухайн мэдээлэл хүрсэн гэж үзэж байна. Сэтгүүлийг 1 ширхэгийг нь 2,260 төгрөгөөр үнэлдэг байсан нь тогтоогдсон. Тиймээс 2,712,200 төгрөгийн бодит хохирол учирсан байна гэж үзэж байна. Хохирогч Мөнхцэцэг нь сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй. Хохирогч Цэрэнбат нь сэтгэл санааны хохирол 48.790.000 төгрөгөөр нэхэмжилсэн. Хэдийгээр Монгол улсын Эрүүгийн хуульд сэтгэл санааны хохирлыг журамлан заагаагүй ч гэсэн тухайн хохирлыг гаргаж өгөх нь зүйтэй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ирүүлсэн албан бичиг түүний хавсралтыг яллах талын нотлох баримтаар үнэлэж байгаа. Шүүгдэгч нар нь хэвлэл мэдээллийн ёс зүйн журам баримтлах үүрэгтэй байгаа. Тухайн журам дээр зааснаар аливаа мэдээллийг нийтэд түгээхдээ нягтлан шалгаж, баримтад үндэслэж нийтэд түгээх ёстой байдаг. Гэтэл шүүгдэгч нар нь ямар ч шүүлтүүргүй, эх сурвалжгүйгээр, баримтад үндэслэлгүйгээр худал мэдээлэл тарааж хувь хүний нэр төрд халдсан гэж үзэж байна. Тухайн мэдээллээс болж хохирогчид хувь хүний нэр төрд нь халдаж, гэр бүлийн асуудал үүсч, гэр бүлийн эрх ашиг хохирсон гэж гомдолдоо болон мэдүүлэгтээ дурдсан байдаг. Иймээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүнд болон ажил хэргийн нэр хүндэд халдсан илтэд худал мэдээллийг нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ хэрэгт иргэний хариуцагчаар шүүгдэгч нарын ажиллаж байсан “Гранд ньюс” сэтгүүлийг татсан байгаа. Хохирогч Цэрэнбатын нэхэмжилж буй хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна ...” гэж буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан болно.
Хохирогч Н.Цын өмгөөлөгчөөс: “Ор үндэслэлгүй зүйлийг зохиож бичсэн нь харагдаж байна. Анхны эх сурвалж нь шүүгдэгч нар болно. Өөр мэдээллээс иш татаагүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Миний үйлчлүүлэгч нарын худал мэдээллийг сонгуулийн өмнө зориудаар бэлтгэж гаргасан. Цэрэнбатын эхнэр нь гэр бүлийн асуудлаар над руу байнга ярьдаг. Гэр бүл бол төрийн үндэс, суурь болдог. Тухайн үед сэтгүүлийг устгасан гэх болов ч бүр дараа нь устгасан байдаг. Энэ бол улс төрийн зорилгоор хүмүүс хэвлэж аваад сонгуулийн үеэр тухайн сэтгүүлийг гаргасан байдаг. Түүнээс болж сонгуулиар гарч чадаагүй үр дүн хүрсэн. Шар сэтгүүл гэхээр хүний нэр хүндэд халдаж болно гэсэн үг биш. Цаашид гарах сөрөг үр дагаврыг дарахын тулд хуулийн дагуу арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Дээрх саналыг минь ханган хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: Миний үйлчлүүлэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг дэмжихгүй байна. Энэ хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн баримтууд байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал 2 байдлаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Яллах дүгнэлтэд дурдсанаар 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр энэ гэмт хэргийг гарсан гэж үзсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байна гэж заасан байна. 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр прокурор яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн байна. Үүнээс үзвэл энэ хэрэгт 2 жил 7 сар 14 хоногийн дараа яллагдагчаар татсан байна. Мөрдөгчийн саналын тухайд гэвэл эрүүгийн хэрэг үүсгээд мөрдөгч саналаа өгөөд түүний дагуу эрүүгийн хэрэг үүсэх эсэхийг прокурор шийддэг. Яллагдагчаар татсан тогтоол үндэслэлгүй байна гээд хэрэгсэхгүй болгосон. Түүний дараа хэрэг дахин мөрдөн байцаалтын шатанд яригдаад мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргасан байна. Прокурор энэ саналын дагуу тогтоолд ямар ч өөрчлөлт оруулаагүй. Харин прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол өөрөө гаргасан. 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шинээр яллагдагчаар татсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйл, 32.9 дүгээр зүйлд зааснаар прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлээр шийдээд, хэрвээ нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд зааснаар өөрчлөлт оруулна. Гэтэл энэ ажиллагааг хийгээгүй учраас өмнөх мөрдөгчийн санал хэвээрээ байна гэж үзэж байна. Мөрдөгч саналдаа яллагдагч Л.Н, Б.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлээр яллагдагчаар татах санал оруулж ирсэн байна. Прокурор энэ саналын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол гаргасан байна. Эрүүгийн хуулийн 2 өөр зүйл анги энэ хэрэг хэрэглэсэн байна. Энэ хэргийг нотлож чадаагүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр Соронз сэтгүүлтэй өмнө холбоотой асуудал дараа нь үргэлжилж явагдсан байна гэсэн өгүүлбэр байдгийг прокурор уншсангүй. Сэтгүүлийг бүхэлд нь үзвэл таамаглах шинжтэй байна гэж шинжээч дүгнэсэн байдаг. Прокурор сэтгүүлийн салбарт байдаг ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гээд байна. Энэ бол хуулийн дагуу шийдвэрлэгдэх ёстой зүйл. Сонгуулийн нэр хүндэд нь халдсан гэж байна. Тэгвэл хувь хүний алдар нэр хүндэд халдсан шинж үгүйсгэгдэж байна. 1 лаяк 1,500 төгрөг юм бол 9 лаяк дарсан байсан нь 8,500 төгрөг болж байна. Хохирогчид ямар хохирол учирсан бэ гэх талаар бодитой зүйл байхгүй. Иймээс гэмт хэргийн хор уршиг байхгүй. Гэмт хэргийн субьектив тал буюу тухайн гэмт хэрэг нь санаатай учруулсан байх ёстой. Тиймээс Эрүүгийн хуульд илт гэх үгийг заасан байдаг. Хохирогч гэх 2 хүний талаар ямар нэг яриа байсан мөн эх сурвалж байсан. Иймээс илт худлаа гэж болохгүй. Хамт гадаад явсан, хүүхэд төрүүлсэн гэж огт бичээгүй. Шинжээч тухайн мэдээллийн агуулгыг тийм байж болно гэж дүгнэсэн. Энэ нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэдгийг шинжээч дурдсан байдаг” гэж тус тус дүгнэсэн болно.
Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.У, Л.Н нар нь бүлэглэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Оранж” худалдааны төвийн 701 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Гранд” сэтгүүлийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3/128 дугаар, “WWWgrandnews.mn” веб сайт, “grandnews.mn” фэйсбүүк хуудсанд Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Ц Улсын Их хурлын гишүүн Г.Мийг Солонгос улсад амаржуулсан “үлгэр оршвой” гэсэн гарчиг бүхий “бөхийн гэргий, яруу найрагч”, “Бага Удвал” гэхчлэн тодотгуулдаг Г.М эрхэм сайдын хүүхдийг төрүүлсэн гэх бор шувуу нисэж байна” гэж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хуулийн заалтаас үзвэл Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь бодит байдалд нийцээгүй, бодит байдлаас тэс өөр, илэрхий худал мэдээллийг хохирогчийн нэр төр, алдар хүндийг гутаах, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц мэдээ, мэдээллийг олон нийтэд тараасан үйлдэл байдаг.
“Хүний нэр төр” гэж тухайн хүний хувийн ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг, “алдар хүнд” гэж бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг тус тус ойлгоно.
“Илт худал мэдээлэл” гэж огт үндэслэлгүй, худал, хуурмаг мэдээ, баримт, сэлтийг, “Олон нийтэд тараасан” гэж худал мэдээллийг нэг буюу түүнээс олон хүнд түгээсэн байхыг тус тус ойлгох бөгөөд мэдээллийг амаар, бичгээр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчны аль алинаар нь тарааж болно.
Харин бодит мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийг илт худал мэдээлэл гэж үзэхгүй бөгөөд шүүгдэгч нарын “Гранд” сэтгүүлийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3/128 дугаар, “WWWgrandnews.mn” веб сайт, “grandnews.mn” фэйсбүүк хуудсаар дамжуулан Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Ц, Улсын Их хурлын гишүүн Г.Мийг Солонгос улсад амаржуулсан “үлгэр оршвой” гэсэн гарчиг бүхий “бөхийн гэргий, яруу найрагч”, “Бага Удвал” гэхчлэн тодотгуулдаг Г.М эрхэм сайдын хүүхдийг төрүүлсэн гэх бор шувуу нисэж байна” гэх мэдээлэл нь илт худал болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож, хүний нэр төр, алдар хүндэд халдсан фото зураг болон илт худал мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон фейсбүүк цахим орчин тавьсанаар хохирогчийн хуулиар хамгаалагдсан нэр алдар хүндэд халдаж буй гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Н, Б.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ... гэснээр уг гэмт хэрэгт Гранд Ньюс сэтгүүл нь хуулийн этгээд болох, мөн шүүгдэгч нар нь сэтгүүлч, эрхлэгчээр тус тус ажилдаг болох нь тогтоогдож, ажил үүргийн хувьд харилцан хамааралтай, сэтгүүлч Л.Н мэдээг бэлтгэсэн, эрхлэгчид танилцуулан зөвшөөрөл авах, хэвлэн нийтлүүлэх, шүүгдэгч Б.У /эрхлэгч/ нь мэдээг хянах, сэтгүүлд гаргах зөвшөөрөл өгсөн, мэдээнд нэр өгөх зэргээр уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж дүгнэнэ.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний нэр төр, алдар хүндэд халдах, гутаах зорилготой байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн нь “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... эрхтэй” бөгөөд гагцхүү энэхүү эрх нь Үндсэн хуулийн арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргийг ёсчлон биелүүлэх” үүргээр хязгаарлагдана.
Өөрөөр хэлбэл, эх сурвалжгүй, бодит бус, илт худал мэдээллийн талаар үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргээ биелүүлэх ёстой байтал шүүгдэгч нар нь “Гранд сэтгүүл”-ийн эрхлэгч, сэтгүүлчийн ажлаа хийн нийтлэл бичихдээ зөвхөн шар мэдээ бэлтгэдэг, олон тандалт авах, сэтгүүл борлуулах тоогоо нэмэгдүүлэх нэрийдлээр “Улсын Их хурлын гишүүн Г.Мийг Солонгос улсад амаржуулсан “үлгэр оршвой” гэсэн гарчиг бүхий “бөхийн гэргий, яруу найрагч”, “Бага Удвал” гэхчлэн тодотгуулдаг Г.М эрхэм сайдын хүүхдийг төрүүлсэн гэх бор шувуу нисэж байна” гэх” талаарх нэр төр, алдар хүндэд халдсан мэдээлэл олон нийтэд тараасныг зөвтгөх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь худал мэдээлэл тараах гэмт хэргийг үйлдээгүй, түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг баримтаар нотолж чадаагүй,
мөн хохирогч нар нь нэр төр, алдар хүндэд халдсан эсэхийг өөрсдөө тодорхойлж, худал мэдээлэл тараасан гэж үзвэл гомдлоо тухайн иргэн, байгууллагад холбогдуулах гаргах бөгөөд энэ тохиолдолд Гранд сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч нарт холбогдуулан тус тус гомдол гаргасан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл эсэхийг шүүх тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан Б.Уд холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх санал дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй, харин гэмт хэргийн шинжгүй гэх санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Н, Б.У нарыг бүлэглэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Л.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч Б.Уд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 184/а дугаар яллах дүгнэлтэнд уг гэмт хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гарсан талаар дурдаж, шүүгдэгч Б.Уд 2022 оны 10 дугаар сарын 19-нд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагч татах тухай прокурорын тогтоол үйлдэж, яллагдагчид мөн өдрөө тогтоолыг танилцуулсан байна./4 хх 64-68 хуудас/
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” талаар тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Б.Уд холбогдох хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Номин-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал мөн учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогтохгүй байна. Иймд эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нд 1,350,000 төгрөгөөр торгох саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтад зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар 178 ширхэг сэтгүүл хураагдсан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтыг устгуулах саналтай байна. Шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: “...Улсын яллагчийн эрүүгийн саналтай санал нэг байна. Торгуулийн хэмжээг багаар оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Л.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал Эрүүгийн хариуцлагын зорилго зэргийг харгалзан Шударга ёсны зарчимд нийцүүлэн;
шүүгдэгч Л.Номин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нд оногдуулсан 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно...” гэж тус тус заасан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж,
мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ...Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ...гэж,
мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 ...Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ..., гэж,
мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно...,
хуулийн 3 дахь хэсэгт ...хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно... гэж,
мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй... гэж тус тус иргэний болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байна.
Мөн уг хэрэгт “Грандньюс сэтгүүл” ХХК-ныг иргэний хариуцагчаар татсан бөгөөд уг иргэний хариуцагчаар “Эрхэт монгол группын” медиа хариуцсан захирал Х.Доржпаламыг мөрдөгчийн тогтоолоор тогтоон, мэдүүлэг авсан байна.
/2 хх 236-237 хуудас/
Иргэний хариуцагч Х.Доржпаламд хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, улмаар иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөр Г.Балжмаа өмгөөлөгчөөр авах тухай хүсэлт, мөн хэрэгт шалгагдаж байгаа Л.Номин-Эрдэнийн өмгөөлөгчөөр оролцох тухай хүсэлт, мөн 2023 оны 05 дугаар сарын 23-ны шүүх хуралдаанд иргэний хариуцагчаар оролцох боломжгүй, байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх талаарх бичгээр ирүүлсэн хүсэлтийг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус тус оролцсон болно./3 хх 50, 51, ,,,,/
Мөн шүүхэд “Эрхэт Монгол Медиа” групп ХХК-ны зүгээс 2023.05.19-ний өдөр “...Эрхэт Монгол медиа групп...” ХХК-ийн харьяанд үйл ажиллагаа явуулж байсан “Грандньюс сэтгүүл” ХХК-ийн эрхлэн гаргаж байсан “Гранд сэтгүүл” нь 2022.02 сард сүүлийн дугаараа хэвлэн гаргаж түүнээс хойш одоог хүртэл “Гранд сэтгүүл” болон өөр бусад төрлийн хэвлэмэл сэтгүүл гаргахгүй үйл ажиллагаагаа зогсоосон болно.
Мөн “Грандньюс сэтгүүл” ХХК нь нэрээ өөрчлөн “Гранд маршал констракшн” ХХК болж барилгын засвар хийх, барилгын материалын худалдаа гэсэн өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болсон болно.
Хавсралтаар “Грандньюс сэтгүүл” ХХК, “Гранд маршал констракшн” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрилгээ болон компаний дүрмийг хавсаргав...гэсэн албан бичгийг ирүүлсэн байна.
Хохирогч Н.Ц гэмт хэргийн улмаас үүссэн хохирол, хор уршигтай холбоотойгоор хохиролд сэтгүүлийн төлбөрт 6 610 000 төгрөг, цахим орчинд тараасан мэдээллийн төлбөрт 48 792 000 төгрөг ний 55 402 000 төгрөг нэхэмжилсэн болно./3 хх 88 хуудас/
Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ц.Монгол нь хохирлыг “Грандньюс” сэтгүүлээс гаргуулах талаар санал, дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авч хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, түүний нотлогдсон байдлыг харгалзан хэсэгчлэн хангаж, үлдэх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.
Ингэж шийдвэрлэхдээ дээр дурдсан хуулийн заалт, компаний дүрэмд заасныг /компани нь бие даасан тайлан тэнцэлтэй, харилцах данстай, өөрийн нэрийн өмнөөс эрх эдлэн, үүрэг, хариуцлага хүлээх, хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь иргэний болон Компаний тухай хууль, энэхүү дүрмээр хязгаарлагддаг, хязгаарлагдмал хариуцлагатай компаний хэлбэрээр ажиллана/ үндэслэн иргэний хариуцагч “Эрхэт монгол медиа групп” болон түүний харьяанд хэвлэлийн эх бэлтгэх, нийтлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “Грандньюс сэтгүүл” ХХК буюу одоо “Гранд маршал констракшн” болгон нэрээ өөрчилсөн хуулийн этгээдээс уг гэм хорын хохирол, хор уршгийг гаргуулах нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл уг “Грандньюс” ХХК нь татан буугдаагүй бөгөөд одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа, нэрээ өөрчилсөн, өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Хохирол төлбөрөөс Грандньюс сэтгүүл нь 1500 хувь хэвлэгдсэн бөгөөд эд мөрийн баримтаар 178 ширхэг хураагдсныг хасаж, 1322 ширхэг сэтгүүлийн нэг бүрийн үнэ 5000 төгрөг тул нийт 6 610 000 төгрөгийг уг хуулийн этгээдээс гаргуулж, хохирогч Н.Цад олгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48 792 000 төгрөгийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхисон болно.
Шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг шүүх хуралдаанд дурдсан болно.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгч нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт хадгалагдаж байгаа “Гранд” сэтгүүлийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 03/128 дугаартай 178 ширхэг сэтгүүлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хонгор овогт Л.Н, Б.У нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар БУд холбогдох хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нийг 1.350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нд оногдуулсан 1.350.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар “Грандньюс сэтгүүл” буюу “Гранд маршал констракшн” ХХК-наас 6 610 000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Цад олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт хадгалагдаж байгаа “Гранд” сэтгүүлийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 03/128 дугаартай 178 ширхэг сэтгүүлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.М нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У, Л.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ