Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/375

 

 

 

 

   2023         05         29                                   2023/ШЦТ/375

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран, 

улсын яллагч Л.Содбаяр,

  шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,

  хохирогч Г.Алимаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ББд холбогдох эрүүгийн 2311 00000 0398 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овогт ББ, регистрийн дугаар ...................................

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, циркийн жүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан 7 дугаар гудамжны 241 тоотод оршин суух,

Урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн үед би найз Оюунбаярын хамт Чикаго бааранд хохирогч Г.Алимаатай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн нүдний алимны салстад цус хуралт, ууцанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал ...” зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн зүгээс нэхэмжилсэн зардлаас бодит гарах мөнгийг төлж барагдуулна, нийтдээ 320 000 төгрөг хохирогчид өгсөн гэв, миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчоос уучлал гуйж байна” гэв.

Хохирогч Г.Алимаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр найзтайгаа 2 пиво уугаад өлгүүрээс хувцсаа авах гээд гараад иртэл шүүгдэгч гэх залуу найзтайгаа заамдалцаад зогсож байсан. Би болиоч гэж хэлээд хувцсаа авах гээд хажуугаар нь өнгөрөхөд нүүрэн тус газар хүчтэй цохиж, хойшоо саваад унасан. Толгой хөдөлсөн, зүүн тал далийж өвдөлттэй байна. Баяр ёслолоор гэрээсээ огт гарч чадаагүй, ажилдаа яваагүй. Гэтэл надаас таны бие яаж байнагэж огт асуугаагүй. 2,450,000 төгрөгөөр эмчилгээгээ хийлгэсэн бөгөөд тус мөнгийг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Г.Алимаагийн “...2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн үед би найз Оюунбаярын хамт Чикаго бааранд орж үйлчлүүлсэн тэгээд 04 цагт баар хаахаар нь би гарах гэж байсан тэгээд найзын хамт гараад явах гээд хувцсаа авч зогсож байсан чинь хажууд нэг цагаан ноосон цамцтай залуу эхлээд нэг залууг өшиглөөд нүүрэн тус нэг цохиод унагаад би хажууд нь болиоч юу болоод байна гэх хооронд шууд миний нүүрэн тус залгуулаад цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/,

Хохирогч Г.Алимаагаас дахин өгсөн мэдүүлэгт: “...04 цагийн үед баар хааж байсан тэгээд би тэр баарнаас найзынхаа хамтаар гарах гэж байсан хувцасны өлгүүр дээр очих гэж байсан тэгээд үүдэнд хоёр хүн маргалдаж заамдалцаж байсан би тэр хоёрын хажуугаар зөрөөд гарах гэтэл нэг залуу нь намайг цохиод авсан. Тэгээд би арагшаа савж унаад миний биед гэмтэл шарх учирсан ...түүнийг ямар учраас цохиж авч байсан эсэхийг нь мэдэхгүй байна ...миний нүүрний зүүн талын орчимд гараараа нэг удаа цохиж авсан зүүн талын нүд хавдаж хөхөрсөн ...би өөрийнхөө шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж танилцаж зөвшөөрсөн байгаа ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2666 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.Алимаагийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, ууцанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,

Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 02 сарын 15-ны өдрийн “Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-14 дүгээр тал/,

Шүүгдэгч Б.Бгийн “...2023 оны 02 дугаар сарын 14-нд уулзаж байсан, манай хоёр найз болох Ананд, Батпүрэв, Одхүү бид нар дөрвүүлээ болоод уулзаж байсан тэгээд өөр пабад уулзаж хоол унд идэж ууж байгаад тэрнийхээ хажуугаар хүний 4 ширхэг пиво ууж байсан юм, тэгээд тэрнийхээ дараагаар нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чикаго нэртэй бааранд орж сууцгаасан тэгээд бид нар тэр газартаа нилээн сууж байсан бас л пиво ууцгааж байсан тэгээд сүүлдээ бас нэг шилтэй архи хувааж ууцгаасан байсан тэгээд баар хаах болсон би Батпүрэв гэгчтэй маргалдаж байсан тэгэж байгаад хажуугаар зөрөөд явж байсан нэгэн үл таних эмэгтэйг санаандгүйгээр цохиж авсан тэгээд би тэр бусдыг цохиж авсан буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэгээд тэр хүмүүс тэр өдөртөө цагдаа дуудаж ирүүлээд би эрүүлжүүлэх байранд хонож байсан юм, ингээд би өөрөө буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас цаашид цаад надад өөр ямар нэгэн ярих зүйл байхгүй байна ...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 36 дугаар тал/,

Хохирлын баримт /хавтаст хэргийн 26 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 48-50 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Баянбатын Батсүрэн нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн үед би найз Оюунбаярын хамт Чикаго бааранд хохирогч Г.Алимаатай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн нүдний алимны салстад цус хуралт, ууцанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал ...” зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Алимаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/, хохирогч Г.Алимаагаас дахин авсан мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2666 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/, Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 02 сарын 15-ны өдрийн “Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-14 дүгээр тал/, Хохирлын баримт /хавтаст хэргийн 26 дугаар тал/, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн  36 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн үед би найз Оюунбаярын хамт Чикаго бааранд хохирогч Г.Алимаатай тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг бүрэн хангасан байна.

 Шүүгдэгч  нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байсан гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн /хохирол төлөхөө илэрхийлсэн/ нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэн шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас  өөрт учирсан гэм хорын хохирол /хх 26/-лын 2.450.000 төгрөгийн баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсныг шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн үед төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Б.Бгээс хохирлын /эмчилгээ хийлгэсэн/ 2.450.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Алимаад олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт ББг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бгээс хохирлын 2.450.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Алимаад олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ