Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/2021/0339

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д ХХК,

Хариуцагч:   Барилгын хөгжлийн төв ТӨҮГ,

Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 277/2019 дугаартай Үүдийн төмрийн хүэдр боловсруулах үйлдвэрийн барилга зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Д ХХК нь 2020 оны 05 сарын 01-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 3 сарын 28 өдрийн 277/2019 дугаартай Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилга' зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлтийг хүчингүй болгуулах гэж гаргаж байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг үндэслэн дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 02 сарын 14-ний өдрийн Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай 51 дүгээр тогтоолд Барилга, хот байгуулалтын яамнаас, тодруулбал Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-аас Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, гэснийг хассугай, гэж тогтоосон байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 51 дүгээр тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байхад Барилга хөгжлийн төв ТӨҮГ нь дээрх тогтоолын биелэлтийг зөрчиж дээрх хассан чиг үүргийг хэрэгжүүлж тус захиргааны хэргийн маргаан бүхий 2019 оны 3 сарын 28 өдрийн 277/2019 дугаартай Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилга зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргасан байна. Ийнхүү Барилга хөгжлийн төв ТӨҮГ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нь уг маргаан бүхий захиргааны акт илт хууль бус болох нь үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх үндэслэлээр дээрх Барилга хөгжлийн төв ТӨҮГ-ийн 2019 оны 3 сарын 28 өдрийн 277/2019 дугаартай Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилга зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлт нь илт хууль бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

... Магадлалын ерөнхий дүгнэлт нь магадлал хийх ажлыг зохион байгуулах гэсэн нэрээр магадлалыг хийж байна гэж дүгнэж үзэж байгаа. Энэ чиг үүргийг хассан байхад хийх гэдгийг хэсгийг бид нар огт хэрэгжүүлэхгүй гэж өөрсдөө тайлбарлаж байна. Зохион байгуулах хүрээнд дүгнэлтийг гаргадаг гэж гуйвуулж тайлбарлаж байна. Ажлын хүрээнд төмрийн хүдэр боловсруулах зураг төсөл гаргасан. Тийм болохоор Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д зааснаар илт хууль бус акт гаргасан гэж үзэж байна. Илт хууль бус актыг гаргасан цагаас хойш хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анх шүүхэд 277/2019 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан байдаг. Улмаар нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулсан. Тус дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчилсөн байдаг. 251 дүгээр тогтоолтой холбогдуулан тогтоолд магадлал хийх хэсгийг хассан учраас гэж тайлбарлаж байгаа. Засгийн газрын 2014 оны 8 сарын 07-ны өдрийн 251 дүгээр тогтоолоор барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх баримт бичигт дүгнэлт гаргах, иргэн хуулийн этгээдийг сонгон шалгаруулж тэдгээрийг зохион байгуулах чиг үүргийг мэргэжлийн хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж ажиллахыг Барилга хот байгуулалтын сайд зөвшөөрсөн байдаг. Улмаар Барилга хот байгуулалтын сайд, Барилгын төвийн захиралтай үр дүнгийн гэрээ байгуулан магадлал хийх үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Ингээд 2018 онд 51 дүгээр тогтоол гарч байгаа. 11 чиг үүргийг Барилгын хөгжлийн төв гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн. Уг тогтоолоор Барилгын хөгжлийн төв барилга байгууламжийн зураг төслийг зохион байгуулдаг. Зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагаа мөн зохион байгуулах ажлыг хоёр тусдаа ойлголт гэдгийг шүүх анхаарч үзнэ үү.

Үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ? гэхээр архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэж аймаг нийслэлийн ерөнхий архитектур загвар зургийг баталдаг. Загвар зураг батлагдсан нөхцөлд ажлын зургийн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд боловсруулаад зохион байгуулаад батлагдсан дүрэмд зааснаар баталгаажуулж байгаа. Улмаар дүгнэлтийн хараат бус бие даасан дүгнэлтийг гаргаад өөрөө бие дааж ажилладаг байгаа. Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан магадлал хийх дүрмийн 6.15-д энэ дүрмийн 6.1-д заасан өөрөөр хэлбэл Барилгын хөгжлийн төв зураг төслийн холбогдох хэсэгт тус бүрийн магадлалын дүгнэлтийн нэгтгэн хүснэгт 2-т заасны дагуу бүртгэлийн дугаар олгоно баталгаажуулна гэж заасан байдаг. Зохион байгуулаад захиалагчид хүргүүлэх үйл ажиллагааг Барилгын хөгжлийн төв хийдэг. Магадлал хийх ажлыг зохион байгуулах талаар 2019 оны 109 дугаар тогтоолоор батлагдсан дүрэмд тодорхой заасан байдаг. Барилгын хөгжлийн төв нь зохион байгуулалтын баримт бичиг гаргадаг гэсэн үг юм. Илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргэх талаар тодорхой бус байгаа. Барилгын тухай хуулийн 4-д зааснаар дүгнэлтийг өөрөө хариуцна гэж заасан. Магадлалын ерөнхий дүгнэлтээс үл хамаарч зохион байгуулалтын баримт бичиг болж байгаа. Агуулга бус хэлбэрт нь анхаараад илт хууль бус гэж үзсэн ч гаргасан тус дүгнэлтүүд хүчинтэй хэвээрээ байгаа. Магадлалын ерөнхий дүгнэлтийг хүчингүй болгосноор экспертийн дүгнэлтийг хүчингүй гэж үзэх үндэслэл байхгүй. Экспертийн гаргаж байгаа дүгнэлтийн тухайд Барилгын хөгжлийн төв хариуцагч болж чадахгүй. Ямар эрх ашиг нь хэрхэн сэргэнэ гэж? Магадлалын ерөнхий дүгнэлтийг хууль бус гэж үзэж байгаа талаар тодорхойгүй байгаа. Нэхэмжлэгчийн туйлын хүсэл бол экспертийн норм дүрэм хангаагүй байхад хангасан гэж үзээд дүгнэлт гаргасан. Алдаа байхад болохгүй байна гэдэг туйлын хүсэл гэж бодоод байгаа. Гэтэл Барилгын хөгжлийн төв экспертийн гаргасан дүгнэлтийг дахиад хянах тухай хэлэх буюу хөндлөнгөөс хандах эрх нь хуулиар байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар экспертийн дүгнэлт татгалзсан болон зөвшөөрсөн хэлбэрээр гарна. Энэ дүгнэлтийг эксперт гагцхүү өөрөө гаргана. Үүнийг Барилгын хөгжлийн төвөөс шүүх эрх байхгүй. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар бол магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бусад тооцуулах үндэслэл болж чадахгүй гэж үзэж байна. 251 дүгээр тогтоол нь нийтэд илэрхий байж байгаа. Хүчингүй болгуулах шаардлага гаргасны дараа би үүнийг мэдсэн гэдэг нь хууль буюу Засгийн газрын дүрэм журам буюу хууль мэдэхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК нь Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 277/2019 дугаартай Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилга зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Д ХХК болон Т ХХК-иуд нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Барилгын зураг төсөл боловсруулах тухай ЗТ/2018/003 тоот гэрээг К ХХК-тай байгуулжээ[1][1].

Дээрх гэрээний дагуу К ХХК-ийн боловсруулсан Дорнод аймгийн Булган, Матад сумын нутаг дэвсгэрт баригдах Д ХХК болон Т ХХК-ийн Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын зураг төслийг Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 277/2019 тоот Магадлалын ерөнхий дүгнэлт-ээр баталгаажуулсан байна[2][2].

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч хариуцагч нь өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж маргасан бол хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэмд заасны дагуу экспертүүдийн дүгнэлтийг нэгтгэж, дугаар олгосон нь хариуцагч байгууллагын эрх хэмжээнд нийцэж байгаа гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагаа-г Барилга байгууламжийн зураг төслийн магадлал гэж, 4.1.6-д барилга байгууламжийн зураг төсөлд хараат бус, бие даасан, мэргэжлийн түвшинд дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг ...эксперт гэж тус тус тодорхойлсны зэрэгцээ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т Эксперт нь барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсэгт магадлалын дүгнэлт гаргаж, мэргэжлийн хариуцлага хүлээнэ гэж зааснаас үзвэл, барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт гаргах мэргэжлийн үйл ажиллагааг эрх олгогдсон эксперт хэрэгжүүлж, мэргэжлийн хариуцлага хүлээхээр байна.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь магадлалын дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулсан, экспертүүдийн дүгнэлтийг нэгтгэсэн хэмээн тайлбарлаж маргаан бүхий актыг гаргасан нь тухайн байгууллагын хэрэгжүүлэх чиг үүрэгт хамааралгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан тул магадлалын ерөнхий дүгнэлт нь илт хууль бус акт юм гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар тухайн захиргааны байгууллага өөрийг чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан бол тухайн захиргааны акт илт хууль бус болохоор тус заасан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалт нь захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа, гүйцэтгэх чиг үүргийн хүрээ хязгаар нь хууль тогтоомжоор урьдчилан тодорхойлогдсон хүрээнд хамаарахгүй тохиолдолд уг захиргааны актыг илт хууль бус гэж үзэх агуулгатай байна.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт гаргах эрх хэмжээгүй төдийгүй уг ажлыг зохион байгуулах чиг үүрэггүй атлаа хүн, хуулийн этгээдийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхүйц Магадлалын ерөнхий дүгнэлт гэх нэртэй эрх зүйн баримт бичгийг гаргаж, дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь буруу байна. Учир нь:

Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.10-т зааснаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, экспертийн эрх олгох нь Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарахаар заажээ.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 251 дүгээр тогтоолоор Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, хот байгуулалтын баримт бичигт экспертизийн дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, тэдгээрийг зохион байгуулах чиг үүргийг хариуцлага хүлээх чадвар бүхий мэргэжлийн хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж ажиллах-ыг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор Барилгын тухай хуулийн ..., 34.1.10, ... -д заасан барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг Барилгын хөгжлийн төв аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газраар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх-ийг тус тус Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрчээ.

Засгийн газрын дээрх шийдвэрүүд нь магадлал хийх мэдлэг, чадвар бүхий этгээдийг сонгон шалгаруулах, экспертийн эрх олгох эсэх үйл ажиллагаанд хамааралтай байх тул магадлалын дүгнэлт гаргах, мөн уг дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах эрхийг шилжүүлсэн гэж үзэхгүй, хариуцагч захиргааны байгууллагад анхнаасаа дээрх чиг үүрэг шилжээгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх бүхий этгээдээс шилжүүлсэн чиг үүргийн дагуу магадлал хийх ажлыг зохион байгуулсан гэсэн тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Засгийн газрын 2014 оны 251 дүгээр тогтоолоор олгогдсон эрх нь Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор хасагдсан байхад өөрийн чиг үүргээс хасагдсан чиг үүргийг хэрэгжүүлсэн гэсэн тайлбарууд үндэслэлгүй.

Хэдийгээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг, төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 6.1-д Барилгын тухай хуулийн 34.1-д заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулна, 6.8-д  Энэ дүрмийн 6.1-д заасан байгууллага барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг дараахь байдлаар зохион байгуулна гээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа ...экспертийг сонгох, томилох, дүгнэлтүүдийг нэгтгэж, дугаар олгох зэргийг зохион байгуулалтын үйл ажиллагаанд хамаарахаар заасан байх боловч Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 376 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ энэ чиг үүргийг хэрэгжүүлж, ингэхдээ барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж буй нэрийдлээр барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлтийг баталгаажуулан гаргаж байгаа нь хууль бус гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын барилга байгууламжийн зураг төсөлд магадлалыг баталгаажуулж дүгнэлт гаргаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын хууль бусаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт гаргаж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй байгаа Барилга, хот байгуулалтын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, таслан зогсоохыг Барилга, хот байгуулалтын яаманд даалгаж шийдвэрлэсэн байна.

Улмаар Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 62 дугаар тушаалаар ...хүчингүй болсон Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг зохицуулах журам-ын шаардлагатай зохицуулалтыг Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-д тусгах, цаашид барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлтийг хэрхэн зохицуулах асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т даалгаж шийдвэрлэжээ[3][3].

Дээрхээс нэгтгэн үзвэл, нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 277/2019 дугаартай Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилга зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоох зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 277/2019 дугаартай Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилга зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ

 

 
   
 
 

[1][1] Хавтаст хэргийн 183-187 дахь талд

[2][2] Хавтаст хэргийн 53-76 дахь талд

[3][3] https://www.legalinfo.mn/law/details/16297?lawid=16297