Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2025/0712

 

М.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Нэхэмжлэгч: М.Э

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ж-ны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/727 тоот захирамжийн М.Э-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгох, зөрчигдсөн эрхийг сэргээх” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 656 дугаар шийдвэртэй,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номуунхүслэн

Хэргийн индекс: 128/2025/0656/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Эээс Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ж.ны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/727 тоот захирамжийн М.Э-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгох, зөрчигдсөн эрхийг сэргээх” тухай шаардлагабүхий нэхэмжлэл гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0656 дугааршийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э-ийн гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ж-ы 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/727 тоот захирамжийн М-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгох, зөрчигдсөн эрхийг сэргээх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. ... Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ж нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/727 тоот захирамж гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 24.1 "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөлийг тогтооно", 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ", 24.4 "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол нөхцөл бүхий байдлыг тогтооно", 25.1.2 "Оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах", 26.1 "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл, байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэсэн ажиллагаануудыг хийлгүй захиргааны акт гаргасан нь Захиргааны Ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах процессын ноцтой алдаа бөгөөд захиргааны шийдвэрээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа Маамаагийн Э-д үндэслэл бүхий тайлбар хүндэтгэн үзэх шалтгааны талаар мэдүүлэх боломж олгоогүй нь хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үйлдэл юм.

3.2. Хариуцагч тал Зууны мэдээ сонины 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар болон Газар зохион байгуулалтын албаны пэйж хуудсаар сонсох ажиллагаа явуулах талаар мэдэгдсэн гэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 27.2.1-т заасан "хорь болон түүнээс доош тооны этгээд сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрт шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах" гэсэн заалтыг хангахгүй байгаа юм. Учир нь хэдийгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Жаргалсайханы 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/727 тоот захирамж нь олон хүний эрхийг хөндсөн боловч уг Захирамжаар цуцлагдаж байгаа тухайн тодорхой эрх буюу нэгж талбарын 1332906544, 1332906543, 1332906545 дугаар бүхий тус бүр нь 700 м.кв талбайтай газруудыг цуцалж байгаа нь зөвхөн Маамаа овогтой Энхдэлгэр эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч уг захиргааны хэргийн оролцогч байх, өөр хүн *******ийг төлөөлөх боломжгүй нөхцөл байдал тул сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг шууд мэдэгдэх ёстой.

3.3. Үүнийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэрийн "Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэл"-ийн 3.13-т ...нэхэмжлэгчид уг сонсох ажиллагааны мэдээлэл хүрч очих боломжит хувилбарыг сонгосон, сонсох ажиллагаа явуулсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн атлаа уг хууль бус захиргааны актыг хүчингүй болгоогүй юм.

3.4. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн 3.10 ".... Баянзүрх дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргахдаа огт өөр үндэслэлээр М.Э-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь илэрхий хууль бус байна гэж уг Захиргааны актыг илэрхий хууль бус гэж хүлээн зөвшөөрч дүгнэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрт иргэн М.Э нь Улаанбаатар хотын ус хангамжийн эрүүл ахуйн хориглолтын бүс болон ус хангамжийн хязгаарлалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн бүсэд буюу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхийг хориглосон газарт газарт газар эзэмшүүлэх эрх үүсгэсэн байгаа тул түүний эзэмших эрхтэй нэгж талбарын 13329065**, 13329065**, 13329065** дугаар дугаартай газруудын газар эзэмших эрхийг хууль ёсны дагуу үүссэн гэж үзэж болохгүй гэж ээ.

Гэтэл Газрын тухай хуулийн 29.10-т "Эзэмшил газрын хэмжээ, байршлыг дараах тохиолдолд өөрчилж болно": 29.10.3-т "хууль, тогтоомжоор тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс зурвас газартай давхацсан" гэж зааж өгсөн нь ус хангамжийн хязгаарлалтын бүстэй давхацсан М.Э-ийн газрыг шууд цуцлах биш харин хэмжээ, байршлыг өөрчилж болно гэсэн байна.

3.5. Газрын тухай хуульд 2023 оны 12 дугаар сарын 07-нд оруулсан энэхүү нэмэлт өөрчлөлт нь нэг талаас Газар эзэмшигчийн эрхийг хамгаалсан нөгөө талаас Төрийн Захиргааны байгууллага журам гарган газрын хилийн цэс, хамгаалалтын зурвасыг тогтоосноор хүний эрх, эд хөрөнгийн эрхийг зөрчих явдлаас урьдчилан сэргийлсэн чухал заалт бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүх Газрын тухай хуулийн энэхүү чухал заалтыг харгалзалгүйгээр М.Э-ийн газар эзэмших эрхийг хууль бус гэж дүгнэсэн нь буруу байна. Ус хангамжийн хязгаарлалтын уг бүсэд өөр бусад айлууд хашаа байшин барин амьдардаг, хатуу хучилттай автозам дайран өнгөрдөг бөгөөд тухайн үед Шүүгч газрын үзлэг хийж байх үедээ үүнтэй биеэр үзэж танилцаж байсан.

3.6. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл:

1/ Захиргааны актыг Захиргааны Ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулалгүйгээр гаргасан байна гэдгийг шүүх хүлээн зөвшөөрч эрх зүйн дүгнэлт өгсөн мөн түүнчлэн Маргаан бүхий актыг гаргахдаа өөр үндэслэлээр М.Э-ийн газрын эрхийг хүчингүй болгосон нь илэрхий хууль бус байна гэж хүлээн зөвшөөрч үзсэн атлаа уг илэрхий хууль бус актыг цуцлаагүй.

2/ Газрын тухай хуулийн 29.10, 29.10.3 заалтыг харгалзан үзэлгүй Иргэн М.Э-ийн газар эзэмших эрхийг хууль бус, хууль бусаар үүссэн гэж өрөөсгөл дүгнэсэн.

3/ Ковид-19 цар тахалын хөл хорио, мөн М.Э-ийн орон сууц, чухал бичиг баримтууд, бусад мэдээллүүд газын дэлбэрэлтийн үеэр шатсан гэсэн Онцгой байдлын газрын тодорхойлолт зэрэг нь тухайн газар дээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үйл явуулаагүй илтгэх нотлох баримтуудыг шүүх дутуу үнэлсэн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Дугаар 128/ШШ2025/0656 шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож М.Э-ийн нэгж талбарын 13329065**, 13329065**, 13329065** дугаартай газруудын газар эзэмших эрхийг сэргээх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч М.Э-ээс Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ж-ны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/727 тоот захирамжийн М.Э-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгох, зөрчигдсөн эрхийг сэргээх” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны А/49 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х у т хаягт байрлах 13329065** нэгж талбарын дугаартай 700 метр квадрат газрыг Б.С-д, 13329065** нэгж талбарын дугаартай 700 метр квадрат газрыг Л.С-д, 13329065** нэгж талбарын дугаартай 700 метр квадрат газрыг Д.Н-нд, 13329065** нэгж талбарын дугаартай 700 метр квадрат газрыг Э.Ш-д тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/174 дүгээр захирамжаар дээрх нэгж талбарын дугаар бүхий газруудын эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч М.Э-т шилжүүлжээ.

4. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/727 дугаар захирамжаар “...газраа хүндэтгэн үзэх шалтгаагүй зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, гэрээнд заасан газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” үндэслэлээр 2021 оны А/174 дүгээр захирамжийн М.Э-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч М.Э-ийн эзэмшиж байсан нэгж талбарын 13329065**, 13329065**, 13329065**, 13329065** дугаартай газрууд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийн заагийг тогтоох тухай 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02/01 дугаар тушаалаар баталсан Улаанбаатар хотын ус хангамжийн Төвийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүстэй давхцалтай буюу бусдад эзэмшүүлэхийг хориглосон газарт орсон болох нь Улаанбаатар хотын Ус сувгийг удирдах газрын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3/878 тоот албан бичиг, Усны газрын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01/583 тоот албан бичиг, Нийслэлийн Байгаль орчны газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 06/1970 тоот албан бичиг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

            6. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно”, 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж,

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ын 3.9-д “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд мөн хэсгийн 3.9.12-т “газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох”, 3.10-т “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдөхөөс гадна 3.9 дүгээр зүйлд заасан болон нэмж дараах үйл ажиллагааг хориглоно” гээд 3.10.1-т “гадны хүн орох” гэж тус тус заажээ.

7. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий газарт анх 2021 оны А/49 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нэр бүхий иргэдэд эзэмших эрх олгохдоо хууль болон холбогдох журамд газар эзэмших, ашиглах эрх олгохыг хориглосон, мөн гадны хүн орохыг хориглосон Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсэд хамаарах бүсэд газар эзэмших эрх олгосон гэж үзэхээр байгаа энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан үндэслэл бүрдсэн бүрдсэн гэж үзэн, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/727 тоот захирамжийн М.Э-т холбогдох хэсгийн хууль зүйн үндэслэл нь энэхүү маргааны үйл баримтад холбогдолгүй, буюу бодит нөхцөл байдалд хамааралгүй байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй.

8. Хэдийгээр маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл үгүйсгэгдэж байх боловч тус газар нь нэгэнт хуульд заасан газар эзэмших эрх олгохыг хориглосон бүсэд хамаарч буй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээх хууль зүйн үндэслэлгүй.

9. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтаар маргаан бүхий газар нь Улаанбаатар хотын ус хангамжийн Төвийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүстэй давхцалтай нөхцөл байдал тогтоогдсон талаарх үйл баримтыг нэхэмжлэгч болон хариуцагч тал аливаа байдлаар үгүйсгэж маргаагүй, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Төр алдаатай шийдвэр гаргаад нэхэмжлэгчид газар олгоод түүнийгээ цуцлах гэж байгаа бол хуульд заасан тухайн газрын хэмжээ байршлыг өөрчлөх зэргээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх ёстой...” хэмээн тайлбарлан маргаж буйг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

10. Дээрхээс үзэхэд, Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж өөрийн гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгох эрхийг захиргаанд олгосон хэдий ч хариуцагч захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэт тодруулаагүйгээс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг буруу тодорхойлсныг шүүхээс зөвтгөх боломжгүй.

11. Тодруулбал, 2021 оны А/49 дүгээр захирамжаар эрх бүхий захиргааны байгууллагаас Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг үндэслэн газар эзэмших эрхийг нэр бүхий иргэдэд хууль, журмын дагуу олгосон, хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий тус газрыг нэхэмжлэгч М.Э нь 2021 оны А/174 дүгээр захирамжаар хуулийн дагуу шилжүүлэн авсан байгаа энэ тохиолдолд хуулиар хориглосон газарт газар эзэмших эрх үүссэн нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон уу эсхүл Төрийн эрх бүхий байгууллага өөрөө газрын тухай хууль тогтоомж зөрчиж олгосон эсэх, түүнчлэн 2021 оны А/49 дүгээр захирамжийн үндэслэл болгосон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 08 дугаар тогтоолоор тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан эсэх тус төлөвлөгөөнд маргаан бүхий газар тусгагдсан эсэх эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг тодруулах нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын үүднээс хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн шийдвэрээ эргэн харж засаж залруулах боломжийг Захиргааны ерөнхий хуулиар олгосон учир гаргасан шийдвэрээ нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөхгүй байх талаар буюу нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг дордуулахгүйгээр, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах эрх хуулиар олгогдсон тул маргаан бүхий газарт анх эзэмших эрх үүсгэсэн шийдвэрийг эрх бүхий захиргааны байгууллагаас гаргасан, түүний үндсэн дээр нэхэмжлэгч тус газрын эзэмших эрхийг хуульд заасан үндэслэлээр шилжүүлэн авсан байгаа энэ тохиолдолд газар эзэмшигчтэй хуульд заасны дагуу зөвшилцөн нөхөх олговор болон газрыг солих зэрэг асуудал үүсэх үндэслэл байгаа эсэхийг харгалзан үзсэний үндсэн дээр шийдвэрлэх нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т тус тус заасанд нийцнэ.

12. Өөрөөр хэлбэл, хэрэв захиргааны байгууллагаас өөрийн гаргасан алдаатай шийдвэрийг хүчингүй болгох, залруулах тохиолдолд тухайн шийдвэрт үндэслэж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн этгээдэд учирсан эд хөрөнгийн хохирлыг хэрхэхийг мөн хамт шийдвэрлэх учиртай. Харин газар эзэмшигч нь зөрчил гаргасан, түүний буруутай үйл ажиллагааны улмаас газар эзэмших эрхийг хүчингүй болгож буй тохиолдолд уг зөрчлийг хэзээ, хэрхэн, яаж гаргасан, эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон эсэхийг бүрэн шалгаж, тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

13. Энэхүү тохиолдолд, маргаан бүхий захиргааны акт хуульд нийцээгүй болох нь тогтоогдох хэдий ч хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байж болохуйц нөхцөл байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай, түүнчлэн нэхэмжлэгчийг “2021 оны 10 дугаар сард 2 машин бетон зуурмаг буулгасан боловч дотоодын цэргийн 805 дугаар ангийн хамгаалалтын цэргүүдэд хөөгдөж, газраа ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул тус асуудлыг шийдвэрлэгдэх хүртэл газрын төлбөр төлөх эсэх нь тодорхойгүй байсан. ...газрын холбогдох бичиг баримт галд өртсөн учир газар ашиглах боломжгүй нөхцөл байдалтай холбоотой асуудлаа шийдвэрлүүлэх боломжгүй байсан. ... Ус хангамжийн хязгаарлалтын уг бүсэд өөр бусад айлууд хашаа байшин барин амьдардаг, хатуу хучилттай автозам дайран өнгөрдөг” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй эсэхийг холбогдох журамд зааснаар шалгаж тогтоох үүрэг захиргааны байгууллагад хадгалагдах тул маргаан бүхий газарт анх газар эзэмших эрх олгосон шийдвэр болон нэхэмжлэгчид эрх олгосон эрх бүхий байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэл зэргийг шалган тогтоож, тухайн газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн эсэх үүнтэй холбоотой захиргааны шийдвэр гаргах ажиллагааг холбогдох журмын дагуу дахин явуулах нь зүйтэй.

14. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг тодруулах ажиллагаа нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ж-ы 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/727 тоот захирамжийн М.Э-т холбогдох хэсгийг хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0656 дугааршийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Жаргалсайханы 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/727 тоот захирамжийн М.Э-т холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай гэсэн заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

       ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ 

        ШҮҮГЧ                                                      С.МӨНХЖАРГАЛ

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН