Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 1008

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Кийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/00582 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.К,

Хариуцагч П.О, С.Г, Г.Э нарт холбогдох,

Орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, Х.Оюунсүрэн,

Хариуцагч П.О /хариуцагч С.Г, Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч/, өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 9 дүгээр сард С.Гүлдарьтай тохиролцож, түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Москвагийн гудамж, 42 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн караоке, баарны зориулалттай хэсгийг 100 хувь өөрийн хөрөнгийг байршуулан үйл ажиллагааг явуулсан. Үүнтэй холбоотой маргааныг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 1407 дугаар захирамжаар С.Гүлдариас 121 000 000 төгрөг гаргуулж надад олгох, С.Гүлдарь мөнгийг бүрэн төлсөн тохиолдолд би байрыг чөлөөлж өгөхөөр эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл С.Гүлдарь төлбөрийг төлөөгүй тул 2013 оны 11 дүгээр сард шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Энэ үед С.Гүлдарь нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 40 дүгээр байр, 10 тоот орон сууцыг Ц.Оюунбямбад зарах гэж байгаа, зөрүүнд нь Ц.Оюунбямбын өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот орон сууцыг авч байгаа болохоор намайг 121 000 000 төгрөгийнхөө оронд түүний байрыг авах саналыг тавьсан. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрх орон сууцны өмчлөгчөөр миний бие бүртгүүлсэн. Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж, миний бие “Өөрийн авах ёстой 121 000 000 төгрөгийн оронд орон сууц авсан тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоож өгнө үү” гэсэн хүсэлт гаргаснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 1407 дугаар захирамжийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Миний бие Ц.Оюунбямба, С.Г, Г.Э нартай 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд бүртгүүлж авсан ба 2015 оны 6 дугаар сараас өөрийн дээрх байранд орох гэтэл хариуцагч нар байрнаас гарахгүй байх тул тус орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч буюу хариуцагч С.Г, Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.К нь П.О бид нараас Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот орон сууцыг худалдаж аваагүй, мөн 118 000 000 төгрөгийг төлөөгүй. Харин С.К нь өөрийн эгч С.Гүлдарьтай хамтран “С.Гүлдарийн С.Кд төлөх төлбөрийг хааснаар 1 тэрбум төгрөгийн төслийн зээл авч, улмаар байрны чинь үнийг төлнө” гэж хууран мэхэлж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба дүр үзүүлж хийсэн. Ийм ч учраас орон сууцыг аливаа хэлбэрээр шаардалгүй 6 сар гаруй болсон. Миний бие Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 40 дүгээр байр, 10 тоот орон сууцыг худалдаж аваагүй. С.Гүлдарь нь “1 000 000 000 төгрөгийн төслийн зээлийг гарган өгөхөөр хөөцөлдөж байгаа, төслийн зээл авах гэхээр 2 том зээл саад болоод байна, үүнийг хаахад тус болохыг гуйсан учраас миний бие тусалсан.

С.К, П.О бид нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан маргаан бүхий байрыг худалдах, худалдан авсан 2 төрлийн гэрээ байдаг. Энэ нь бодит гэрээ байгаагүй гэдгийг С.К мэдэж байгаа. Энэ хоёр гэрээний нэг нь 118 000 000 төгрөг, нөгөө нь 50 000 000 төгрөгийн гэрээ байгаа. С.К энэ байрыг худалдаж авсан гэх боловч надад нэг ч төгрөг төлөөгүй. С.К анх хуучин байр авахгүй гэж байсан боловч надтай 6 cap юу ч ярилгүй явж байгаад С.Гүлдарийн зээл бүтэхгүй болохоор нь гэнэт ирээд байраа авъя гэсэн. Тухайн үед эгч, дүү 2 түрээсийн төлбөр 500 000 төгрөг өгч байсан гэдгийг би мэдэхгүй. Энэ нь бодит худалдан авалт биш байсан. Зөвхөн С.Гүлдарийг шийдвэр гүйцэтгэлд өргүй харагдуулах гэж хийсэн тул хүсэл зоригоо бүрэн илэрхийлж байгуулсан гэрээ биш. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч буюу хариуцагч С.Г, Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээг 260 дугаартай нотариатч дээр очиж, 118 000 000 төгрөгийн үнэтэй орон сууц худалдах, худалдах авах гэрээ байгуулсан. Мөн дахин 50 000 000 төгрөгийн үнэтэй гэрээ байгуулсан. С.К үнэхээр надаас орон сууцыг худалдаж авсан бол янз бүрийн гэрээ байгуулахгүй. Зөвхөн С.Гүлдарийг шийдвэр гүйцэтгэлд өр зээлтэй харагдахгүй гэсэн дүр эсгэсэн гэрээ юм. Хоёр гэрээ байдаг боловч 50 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг. Бидний 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч С.Ктэй байгуулсан Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах 118 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул хуульд заасан шаардлагыг зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар тус гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, мөн бидний хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч С.Ктэй байгуулсан дээрх орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд зааснаар татгалзаж байна. Учир нь нэхэмжлэгч гэрээний дагуу надад нэг ч төгрөг төлөөгүй тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйл болох улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч С.Кийн өмчлөлөөс хариуцагч нарын өмчлөлд буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.К болон түүний өмгөөлөгч Д.Барсүрэн нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Гэрээг байгуулах үед надад худалдагч тал “үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд их мөнгө төлдөг тул бага үнээр бичүүлье, эхлээд 50 000 000 төгрөгийн гэрээ байгуулъя, дараа нь 118 000 000 төгрөгийн гэрээ байгуулъя” гээд намайг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл рүү дагуулж очсон. Дээрх орон сууц С.Кийн өмчлөлд улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаар бүртгэгдсэн буюу захиргааны акт хүчин төгөлдөр байгаа. Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгоогүй байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээ мөн хүчин төгөлдөр байгаа. С.К өмчлөгч нь мөн гэж нотлогдсон улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа. Үүнийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Гүлдарь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хувьд төлбөр төлөгдсөн эсэх тухай яригдах ёстой. Байрыг буцаах шалтгаан нь Ц.Оюунбямба хадам эхийнхээ зөвшөөрөлгүйгээр энэ орон сууцыг худалдсан гэдгийг мэдсэн. Би өөрийн 2014 онд байгуулсан Хан-Уул дүүрэг дэх орон сууцыг худалдсан гэрээг цуцлах саналыг тавьсан ба миний гэрээг цуцалсан. Гэрээний хүчин төгөлдөр эсэхийг тогтоох ёстой болохоос биш, залилан хийсэн гэсэн зүйл яригдахгүй. Иймээс С.К, П.О нарын хооронд төлбөр төлөгдсөн эсэх тухай асуудал гарч байна. 118 000 000 төгрөгийн асуудал үүнд явагдах ёстой гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Г, Г.Э, П.О нарт холбогдох, улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байр, 60 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч С.Кийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.К болон хариуцагч С.Г, Г.Э, П.О нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан, улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байр, 60 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 118 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байр, 60 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг нэхэмжлэгч С.Кийн өмчлөлөөс хариуцагч С.Г, Г.Э, П.О нарын өмчлөлд шилжүүлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “С.Г, Г.Э, П.О болон С.Кийн нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн, улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байр, 60 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, өмчлөлд буцаан шилжүүлэх” хэсгийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч С.Гт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг баримтлан улсын эрхийн бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байр, 60 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр С.Кийг бүртгэснийг өмчлөгчөөр П.О, С.Г, Г.Э болгон өөрчилж бүртгэн, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагч нараас төлсөн 747 650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд 407 950 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчээс 747 650 төгрөг гаргуулан хариуцагч нарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 118 000 000 төгрөгийн үнийн дүнтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь С.Гүлдарь бидний хооронд байгуулагдсан хэлцэлд үндэслэгдсэн гэж дүгнэсэн нь буруу юм. Уг хэлцэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд С.Гүлдарь надад төлөх төлбөрөө хэрхэн төлөх аргаа илэрхийлж эвлэрэхэд үйлдсэн баримт юм. Тухайн үед П.О нь маргаж буй энэ орон сууцыг худалдахаар зар мэдээ сониноор хэд хэдэн удаа зарласан байсан бөгөөд би өөртэй нь уулзаж худалдах эсэхийг нь лавлаж, өөрийнх нь хүссэний дагуу очиж үзэж үнийг тохиролцон, П.О нь хамтран өмчлөгчдөөсөө итгэмжлэл авч нотариат дээр очиж өөрийн сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулсан. Харин үнийг төлөх асуудлыг С.Гүлдарь П.Од худалдсан байрны үнээс 143 500 000 төгрөгийг төлөөгүй байсан бөгөөд 118 000 000 төгрөгийг худалдах гэж байгаа байрны үнэд суутган тооцохоор хоорондоо тохиролцож ирсэн байсан. Тийм учраас гэрээндээ төлбөр төлсөн гэж гараараа бичиж баталгаажуулсан.

Мөн бусад өмчлөгчид нь худалдах зөвшөөрлийг П.Од олгож итгэмжлэлээ олгосон бөгөөд итгэмжлэгдэгч нь үнэ болон төлөгдөх цөхцөлөө тэднийгээ төлөөлөн тохиролцсон нь хуулийн дагуу үйлдэл юм. П.О нь 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр С.Гүлдарийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, 40 дүгээр байрны 10 тоотод байрлалтай орон сууцыг худалдан авсан, түүний үнийг тухайн үед төлөөгүй байсан, уг байрыг өөрийн өмчлөлд шилжүүлэх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн зэрэг нь хэрэгт буй нотлох баримтуудаар нотлогдож байгаа.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу П.О нь өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдах гэрээг өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн байгуулж, надад өмчлөлөө шилжүүлснийг миний бие үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт зохих журмын дагуу бүртгүүлснээр түүний өмчлөх эрх дуусгавар болж, өмчлөх эрх нь надад үүссэн. Ийнхүү бидний хооронд байгуулсан хууль ёсны гэрээ, өмчлөгчөөр бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт байгаа атал шүүх нотлогдохгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. 50 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг худалдагч тал болох П.Оюунбямбын гуйлтаар хийсэн нь үнэн бөгөөд 118 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ нь бодит байдлаар байгуулагдсан тул гэрээгээ үл хөдлөх эд хөрөнгийн газар орж бүртгүүлэх боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч С.К нь хариуцагч П.О, С.Г, Г.Э нарт холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч С.К нь дээрх орон сууцыг С.Гульдараас шүүхийн шийдвэрийн дагуу авах ёстой 121 000 000 төгрөгийн төлбөрт тооцож авсан гэж тайлбарласан ба гуравдагч этгээд С.Гулдарь нь шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1407 дугаар захирамжийн дагуу С.Кд төлөх 121 000 000 төгрөгийн төлбөрийг барагдуулсан тухай 2014 оны 12 дугаар сарын 15-ний “хэлцэл” гэх баримтад 3 000 000 төгрөгийг бэлнээр, 118 000 000 төгрөгт Ү-2205007995 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот хаягт байрлах, 3 өрөө, П.О нарын өмчлөлийн орон сууцыг шилжүүлсэн гэж тусган, уг баримтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон байна.

            Дээрх үйл баримтыг нэхэмжлэгч С.К тайлбарлахдаа С.Гулдарь нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 40 дүгээр байрны 10 тоот орон сууцыг Ц.Оюунбямбад худалдаж байгаа, уг орон сууцны төлбөрийн зөрүүд түүний өмчлөлийн Баянгол дүүрэг дэх 46-60 тоот орон сууцыг 118 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон, үүнийгээ надад өгөх төлбөртөө шилжүүлсэн гэжээ.

            Гэвч С.Гулдарь дээрх орон сууц худалдах, худалдан авах 2 гэрээ нь тусдаа, харилцан хамааралгүй, бид ямар нэгэн маргаангүйгээр байраа буцааж авъя, байрыг чинь буцааж өгье гэж тохиролцоод 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр П.Оас би байраа авсан гэж анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлажээ. /хх3-120/

            Мөн П.О нарын байрыг буцааж өмчлөлд нь шилжүүлж, С.Кд төлөх 118 000 000 төгрөгийн төлбөрөө өөрөө барагдуулна гэсэн баталгааг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан нь хэрэгт баримтаар авагдсан байна. /хх2-58/

            Түүнчлэн гэрч Б.Туул, Л.Эрдэнэтуяа нар нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг төслийн зээл авахад өр төлбөргүй харагдах зорилгоор хийж байгаа гэж тухайн үед тэдний ярианаас ойлгож байсан гэж мэдүүлжээ.   /хх2-294-298/

            Зохигчдын тайлбар, хэргийн нөхцөл байдал, дээр дурдсан баримтуудыг харьцуулан үзвэл хариуцагч П.Оас 46-60 тоот орон сууцны өмчлөх эрхийг С.Кд шилжүүлсэн нь С.Гульдарийн С.Кд төлөх төлбөрийг хаасан гэж харуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох зорилгоор хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй, харин С.Гулдариас шүүхийн шийдвэрийн дагуу авах 121 000 000 төгрөгийн өрөндөө П.О, С.Г, Г.Э нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг шилжүүлэн авсан” гэх нэхэмжлэгч С.Кийн нэхэмжлэлийн үндэслэл нотлогдоогүй  байна.

            Иймд С.К, С.Г, П.О нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

            Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг 118 000 000 төгрөг, 50 000 000 төгрөг гэж ялгаатай үнийн дүнтэйгээр 2 гэрээ байгуулснаа татвар бага ногдуулахаар үнийн дүнг өөрчилж багасгаж бичсэн, уг гэрээг үндэслэн өмчлөх эрхийн бүртгэл хийгдсэн гэж тайлбарласан бөгөөд уг 2 гэрээг өөр үнийн дүнтэй гэдгээр тусдаа 2 гэрээ гэж үзэх боломжгүй, хүсэл зоригийн илэрхийлэл болон үр дагаврын хувьд адил тул нэгэн адил хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдоно. Иймд шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад 118 000 000 төгрөгийн болон 50 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг аль алиныг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон өөрчлөлтийг оруулна.

            Иймд 2014 оны 12 дугаар сарын 14-ний гэрээ хүчин төгөлдөр бус тул хариуцагчийн 50 000 000 үнийн дүнтэй гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар татгалзаж, гэрээгээр авсан өгсөн зүйлээ харилцан буцаах ёстой гэх үндэслэлээр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй ба шүүх сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

            Дээрх байдлаар нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд хийгдсэн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хэлцэл хүчин төгөлдөр бус тул орон сууцны өмчлөх эрх С.Кд хууль ёсоор шилжсэн гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүсэхгүй, шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгах нь хуульд нийцнэ.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

            Шүүх 46-60 тоот орон сууцны өмчлөгчөөр С.Кийг бүртгэсэн бүртгэлийг өөрчилж, өмчлөх эрхийг С.Г, П.О, Г.Э нарын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэх ба “шаардлагатай бол шийдвэр гүйцэтгүүлэх арга, журмыг шийдвэрт зааж” болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

             Хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл нь хийсэн үеэс байгуулагдсанд тооцогдохгүй, үр дагавар үүсгэхгүй бөгөөд нэхэмжлэгч С.Кийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр С.Г, П.О, Г.Э нартай байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх маргааны зохигч С.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу сүүлд /2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр/ нас барсан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй.

Иймд шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтаар хариуцагч С.Гт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул  уг заалтыг хүчингүй болгосон өөрчлөлт оруулна.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/00582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч С.К болон хариуцагч С,Ганбаяр, П.О, Г.Э нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах 118 000 000 төгрөгийн болон 50 000 000 төгрөгийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг орон сууцыг С.Кийн өмчлөлөөс хариуцагч С,Ганбаяр, П.О, Г.Э нарын өмчлөлд шилжүүлж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн “С.К болон хариуцагч С,Ганбаяр, П.О, Г.Э нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах 50 000 000 төгрөгийн гэрээнээс татгалзаж, өмчлөлд буцаан шилжүүлэх “шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”  гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгон, дугаарлалтын “4” гэснийг “3”, “5” гэснийг “4”, “6” гэснийг “5” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                                 С.ЭНХТӨР

 

                                                                                           А.ОТГОНЦЭЦЭГ