Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/495

 

 

 

  2023        07          21                                   2023/ШЦТ/495

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал,

хохирогчийн өмгөөлөгч Л.Ононбаяр,

гэрч Б.Түвшинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хувьт овогт ГБд холбогдох эрүүгийн 1711 00926 0911 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 54-10 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 8 дугаар хороо Алтан дорнодын 7-8 тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Хувьт овогт ГБ /РД:......................................../,

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ганболдын Батцэнгэл /ЧС81100678/ нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон “Дэрвэгэр жиргэрүү” гэх ургамлыг түүж бэлтгэх, гадаад улсад гаргах тусгай зөвшөөрөл авч өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон Р.Уранчимэгийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 50.194.000 төгрөгийг Хаан банкны 5063160691 дугаартай дансаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 430 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд,

Улсын яллагчаас: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм бурууг шүүхийн өмнө нотлох яллах байр суурьтай төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Хавтаст хэргээс 430 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтанд дурдагдсан нотлох баримт, 149-153 дугаар хуудсанд авагдсан бичигийн баримтуудыг шинжлэн судлана гэв.

Хохирогч өмгөөлөгч Л.Ононбаяр:Судлах зүйл байхгүй, санал хүсэлтгүй гэсэн болно.

шүүгдэгч Б.Батцэнгэлийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал:

“Зүйлчлэлийг өөрчлүүлж, хөнгөрүүлэх байр сууринаас оролцож, хавтаст хэргийн 16 дугаар хуудас, 103-111, 79 хуудас, 135-136 хуудас, сүүлд ажиллагаа хийсэн баримтуудыг шинжлэн судлана гэв.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын зүгээс шүүх хуралдаанд гэрчээр Б.Түвшинбаярыг оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч  шийдвэрэлсэн болно.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ганболдын Батцэнгэл нь:

Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон “Дэрвэгэр жиргэрүү” гэх ургамлыг түүж бэлтгэх, гадаад улсад гаргах тусгай зөвшөөрөл авч өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон Р.Уранчимэгийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 49.194.000 төгрөгийг Хаан банкны 5063160691 дугаартай дансаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоогдсон болно.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 1.000.000 төгрөгийг би аваагүй, энэ 1 сая төгрөг тусгай зөвшөөрөлтэй хамаагүй асуудал, тэр мөнгийг Б.Түвшинбаярт өгсөн байгаа. Миниий хувьд 49 194 000 төгрөг хүлээн зөвшөөрч байгаа.Түвшинбаяр, Уранчимэг хоёр хоорондоо ярилцаад худалдан авах юм энэ тэрээ тохиролцсон, замдаа намайг өгчих гэсэн тухайн үед хохирогч эмнэлэгт хэвтэж байсан” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Р.Уранчимэгийн “...би 2017 оны 08 дугаар сарын эхээр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод дэрвэгэр жирвэгэр нэртэй эмийн ургамал түүж, бэлтгэх, импортлохыг судлахаар явж байсан. Энэ үеэр надтай цуг ажиллаж байсан хуурай дүү Цэвэгдорж утасдаад надаас техник асуусан юм. Ингээд би яриан дундаа Дорнод аймагт эмийн ургамал судлаад явж байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгсэн чинь Цэвэгдорж над руу эргэж залгаад та арай наанаа дэрвэгэр жирвэгэр сонирхоод явж байгаа биш гэж асуусан. Тэгэхээр нь чи яаж мэддэг юм бэ гэхэд мэднэ мэднэ гэж хэлээд наад ажлыг чинь ноднин манай ах бид хоёр хийж байсан юм одоо надад ч гэсэн 3 тонн байна танд зөвшөөрлийг нь гаргаад өгч болно гэж хэлсэн. Мөн зөвшөөрлөөс гадна импорт, гааль зэргийн зөвшөөрлийг нь гаргаад өгнө гэж хэлсэн. Тэгээд тухайн үед нэг их ач холбогдол өгөөгүй тийм үү гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд 7 хоногийн дараа Цэвэгдорж над руу утасдаад юу болсон гээд асуухаар нь энэ ажлыг би хийж чадахгүй юм байна гэсэн чинь зүгээр асуудалгүй би зөвшөөрлийг нь гаргаж өгөх юм гэхэд 50 сая төгрөг болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би цаана чинь ямар хүмүүс байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чинь та эхний ээлжинд надад байгаа 3 тонн ургамлыг гаргах юм бол зөвшөөрлийг нь аваад өгье гэж хэлсэн. Ингээд дахиад долоо хоногийн дараа хятадаас авна гэсэн хүмүүс над руу утасдаад ургамал явуулж чадах уу гээд надаас асуусан. Тэгээд би Цэвэгдорж руу утасдаад зөвшөөрлийг нь яаж авдаг юм бэ хятадууд над руу залгаад байна гэж хэлсэн. Тэгсэн чинь манай ах хийж чадна Батцэнгэл гээд хүн байдаг юм надад итгэ гэж хэлсэн. Би таныг хулхидахгүй манай ах хөрөнгөтэй хүн гэж хэлсэн. 50 сая төгрөг байх юм бол зөвшөөрөл асуудалгүй гарна гэж хэлсэн. Ингээд би хувь хүнээс хүүтэй мөнгө зээлэх гэж байна найдвартай юм уу гээд асуухад зээл хамаагүй та мөнгөө аваад ир гэж хэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эх нялхасын орчим Цэвэгдорж, Батцэнгэл хоёртой уулзаад зөвшөөрөл гаргуулахаар тохирсон. Тэгээд би 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өвөр Монгол найз Уулаас 134.400 юань зээлээд Монгол мөнгөөр 49.194.000 төгрөг болгоод үүн дээрээ өөрөөсөө 1,0 сая төгрөг гаргаад Батцэнгэл гэж хүний Хаан банкны 5063160691 дугаарын данснаас 5007644884 гэсэн данснаас 50,0 сая төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 62-77, 82-85 дугаар тал/,

Гэрч Ц.Цэвэгдоржийн “...би 2017 оны 07 дугаар сарын үеэр байх миний нэр дээр түр бүртгэлтэй байсан машиныг асуухаар Уранчимэг эгчийн 99579993 дугаарын утсаар ярьсан. Энэ үед Уранчимэг эгч Дорнод аймагт явж байна гэсэн. Тухайн үед Уранчимэг эгч дэрвэгэр жиргэвэрүү гээд ургамал сонирхоод судлаад явж байна гэсэн. Чамд энэ ургамлыг мэддэг хүн байна уу Сэлэнгэ аймагт их байдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа асуугаад тийм хүн байвал эргээд холбогдъё гэж хэлсэн. Ингээд би Батцэнгэлтэй утсаар яриад дэрвэгэр жирвэгэр ургамлын зөвшөөрөл гаргаж өгч чадах уу гэж асуухад болно гэж хэлсэн. Тэгээд би хэзээ уулзсан гэдгээ санахгүй байна Уранчимэг эгчтэй ярихад эх нялхас дээр хүүхэд төрж байна гээд Батцэнгэл бид хоёр очиж уулзсан. Тэгээд Батцэнгэл тэр хоёр хоорондоо энэ ургамлын зөвшөөрлийг гаргах талаар ярилцахад Батцэнгэл болох байх гэж хэлсэн. Тэгээд Уранчимэг зөвшөөрөл авах мөнгийг нь шилжүүлнэ гэсэн. Тухайн үед Батцэнгэл тусгай зөвшөөрөл гаргахад 50 сая төгрөг гэж байна гэсэн. Тухайн үед зөвшөөрлийг нь сарын хугацаанд гаргаж өгнө гэж ярьсан. Ингээд тэр өдөр уулзчихаад хэсэг хугацаанд чимээгүй болсон. Тэгээд надад мөнгөний хэрэг гарсан учраас Уранчимэг эгч рүү яриад 3,0 сая төгрөг зээлээч гэж ярихад мөнгө байхгүй гэж хэлсэн. Ингээд 2017 оны 08 дугаар сарын сүүлээр Батцэнгэлтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өргөө кинотеатрын орчимд уулзахад Уранчимэг гэж хүнээс 50 сая төгрөг авсан зөвшөөрлийг нь авах гээд өгсөн гэсэн. Тэгээд Батцэнгэл Уранчимэг эгч дэрвэгэр жирвэгэр ургамал авч өгөөд надад туслаач гэж хэлсэн гэсэн. Би ганцаардаад байна хамтраад ажиллаад өгөөч гэсэн. Батцэнгэлийн хувьд болно гэж хэлсэн гэсэн. Түүнээс хойш хэсэг дахиад чимээгүй байж байгаад Уранчимэг эгч залгаад нөгөө Батцэнгэл чинь хаана байгаа юм бэ гээд асуухаар нь би хаана байгааг нь сайн мэдэхгүй  байна Дархан-Уул аймагт байгаа гэж байх гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Батцэнгэлтэй холбогдчихлоо гээд яриад хэлсэн. Тэгэхээр нь одоо над руу битгий яриад бай гайгүй байлгүй дээ би наад асуудалд чинь хамаа байхгүй шүү гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 97-101 дүгээр тал/,

Хаан банкны 2018 оны 5 сарын 11-ний өдрийн 29/5180 дугаартай албан бичиг, Г.Бийн эзэмшлийн Хаан банкны 5063160691 дугаартай дансны хуулга /2 хавтаст хэргийн 69-83 дугаар тал/,

Шүүгдэгч Г.Бийн “...Харин миний бие хохирогч Уранчимэгээс надад дансаар шилжүүлж өгсөн гэх 49,194,000 төгрөгийг Дэргэвэр, жиргэрүү гэх нэршилтэй ургамалыг түүх зориулалттай тусгай зөвшөөрлийг гаргаж өгнө гэж уг мөнгийг авсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол дээр дурьдагдсан 50,194,000 төгрөгийн хохирол учируулсан гэсэн байна. Дээрх мөнгөн дүнг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн яагаад гэвэл бичиг баримт буюу тусгай зөвшөөрөл гаргаж авахаар Уранчимэг надад 49,194,000 төгрөгийг хүнээс юань хэлбэрээр авч над руу өөр хүний данснаас шилжүүлсэн. Тэгээд өөр хүнээс юанаар авсан мөнгөөрөө тусгай зөвшөөрөл гаргах мөнгийг шийдэж өгөөч гэж хандсан. Тэгээд би Уранчимэгт тэгий гэж хэлсэн. Харин 1 сая төгрөгийг Уранчимэг нь уг уг юань шилжүүлсэн өдрөө өөрийн данснаас миний мөн хаан банкны данс руу Сэлэнгэ аймагт Дэргэвэр жиргэрүү ургамалыг худалдаж авах зорилгоор туслалцаа хүсэж тээврийн хэрэгслийн түлш, хүмүүсийн хоол, ундны мөнгө гэх зорилгоор уг мөнгийг шилжүүлсэн юмаа. Тиймээс дээрх 1 сая төгрөгийг шилжүүлэн аваад уг өдрөө Сэлэнгэ аймаг руу Дэргэвэр жиргэрүү гэх ургамлыг худалдан авах зорилгоор Сэлэнгэ аймагт амьдардаг Түвшинбаяр, Батбаяр нартай холбогдож Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд очсон. Мөн Уранчимэг уг өдрөөс хойш хэзээ гэдгийг нь санахгүй байна 10 хоногийн дараа байхаа Уранчимэг нь Түвшинбаяр, Батбаяр гэх хүмүүстэй уулзаад Дэргэвэр, жиргэрүү гэх ургамалыг худалдан авах зорилгоор ирсэн юмаа. Тэгээд Уранчимэг нь буцаад Улаанбаатар хотод ирсэний дараа надруу Дэргэвэр жиргэрүү гэх ургамлыг худалдан авахад зориулж 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 6 удаагийн гүйлгээгээр 35,000,000 төгрөгийг хүний данснаас шилжүүлсэн. Тухайн мөнгөөр нь би Дэргэвэр жиргэрүү гэх ургамлыг нь би болон Түвшинбаяр, Батбаяр хоёртой ажлын хөлс тохироод худалдаж авч өгсөн юмаа. Тэгээд буцаагаад худалдаж авсан Дэргэвэр жиргэрүү ургамлаа Уранчимэгт өөр нь хуурай болон хатаасан ургамал өгсөн. Хатаасан ургамал өгөхөд Түвшинбаяр, Батбаяр нар нь цуг байсан тухайн үед Уранчимэг нь ирээд Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд ирж авсан юмаа. Тухайн үед надаас ургамал авахдаа 2 хятад улсын иргэнтэй хамт ирсэн юмаа. Тухайн үед Урамнчимэг нь надтай уг ургамлыг худалдан авч өгсөний хөлсөнд надад түүсэн ургамлаасаа ашиг өгнө гэж амаар харилцан тохиролцсон. Тэгээд надад зардал гэх 1 сая төгрөгийг өгсөнөөс хойш зардалын мөнгө гэж ямар мөнгө өгөөгүй. Дээрх ургамлыг худалдан авахтай холбоотой автомашины шатахуун, ажилчдын цалин хөлс, хоол ундны зэрэг зардлын мөнгийг огт өгөөгүй. Би өөрөө хувиараа урсгал зардлыг гаргасан юмаа. Зарим Дэргэвэр жиргэрүү ургамалыг би өөрийн мөнгөнөөс авсан. Нийт Уранчимэг гэгчид 890 кг хуурай хатаасан ургамлыг өгсөн. Яг өөрт нь өгөхдөө 1 тонн гаранг өгсөн. Тэгээд хорогдол гээд 890-900 кг гэж тооцохоор өгсөн. Тухайн үеийн ханшаар нийт 890-900 кг нь Монгол Улсын хэмжээнд 70 орчим сая төгрөгийн үнэ хүрэх ургамал байсан. Мөн удаа дараа надаас зээлчих гэж Уранчимэг надаас 10,000,000 төгрөгийг авсан Цэвэгдорж нь анх 49,194,000 төгрөгийн мөнгө орсон талаар мэдэж байгаа мөн уг мөнгөн дүн дээр тохиролцож тусгай зөвшөөрөл гаргах болсон гэдгийг Цэвэгдорж мэдэж байсан. Унаа зардлын мөнгө, өөрөөс гарсан бүх зардал, ажилчид өгөх цалин, хоол хүнс, унааны мөнгө, бинзен тосны мөнгүүдийг мөн өөрийн мөнгөөр Дэргэвэр , жиргэрүү авах шаардлагатай үед өөрийн мөнгөөр худалдаж авч байсаныг Түвшинбаяр, Батбаяр нар энэ талаар мэднэ. Мөн дээрх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч хэрэгт хавсаргах хүсэлттэй байна ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 135-136 дугаар тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хавтаст хэргийн 56 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хавтаст хэргийн 186 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр дээр дурдсан хэргийн нөхцөл байдал тогтоогдсон болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодить байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтын эх сурвалжийг магадлах, бусад нотлох баримттай харьцуулах аргаар шалгаж, шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрээ гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлт:

“Шүүгдэгч Г.Б нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон Дэрвэгэр Жиргэрүү гэх ургамлыг түүж бэлтгэх, гадаад улсад гаргах тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон Р.Уранчимэгийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь түүнээс өөрийн 5063160691 дугаартай Хаан банкны дансаар нийт 50,194,000 төгрөгийг шилжүүлсэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар хангалтай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Хэдийгээр шүүгдэгч Г.Б нь тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж Р.Уранчимэгээс 49,194,000 төгрөг шилжүүлэн авсан ба 1,000,000 төгрөгийг тусгай зөвшөөрөл гаргахад холбогдуулан аваагүй Б.Түвшинбаярт дамжуулан өгсөн мөнгө гэж мэдүүлж байгаа боловч тухайн үед Г.Бийн дансаар нийт 50,194,000 төгрөг 2 хуваагдан хийгдсэн байдаг. Хохирогч Р.Уранчимэг нь хэлэхдээ Г.Б нь тусгай зөвшөөрлийг нийт 50,000,000 төгрөгөөр гаргуулж өгнө гээд шилжүүлэн авсан гэж мэдүүлсэн нь дансны хуулгаар болон гэрч Цэвэгдоржийн мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Цэвэгдорж нь анх тусгай зөвшөөрөл гарагж өгнө гэж хэлэх үед байлцсан ба тухайн үед 50,000,000 төгрөг гэж хэлж байсан, мөн дараа нь уулзахад 50,000,000 төгрөг авсан гэж хэлсэн байдаг. Р.Уранчимэг хэлэхдээ Г.Б рүү нийт 35,000,000 төгрөг шилжүүлсэн гэж мэдүүлсэн байдаг. Нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад Р.Уранчимэг нь 50,000,000 төгрөгийн хохирол үлсдэн гэж хэлсэн байдаг. Иймд шүүгдэгч Г.Б нь хохирогч Р.Уранчимэгээс тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж хэлээд нийт 50,194,000 төгрөг авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байгаа тул шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгаа учраас бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа. Хохирол төлөх гэрээ байгуулсаны дагуу хохирлыг төлсөн учраас түүнээс дахин нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гээд 50,000,000 төгрөг гэж яригдсан асуудлаар шууд яллах боломжгүй. 13,400 юань БНХАУ-ын иргэн Уул гэх хүнээс аваад тэрхүү мөнгөө тусгай зөвшөөрөл гаргахад зориулж өгсөн гэж хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж байна. Хавтаст хэргийн 51 дэх талд 13,400 юанийг солиулсан баримт байгаа. 49,194,000 төгрөг болсон байна. Мөн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Г.Бийн данс руу 49,194,000 төгрөгийг Өнөржаргал гэх хүний данснаас шилжүүлсэн баримт байгаа. Тухайн үед мөнгө шилжүүлэх үед Р.Уранчимэг гэх хүн Г.Бтэй хамт явж байсан. Мөн Цэвэгдорж гэх гэрч хамт байсан гэх үйл баримт хэрэгт байгаа. Гэрч Цэвэгдоржоос мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин мэдүүлэг авахыг хүссэн ч прокурорын бүх шатанд гомдол гаргаад авахуулж чадаагүй. Шүүх олон удаа дуудаж байж түүнийг өмнөх шүүх хуралдаанаар оролцуулсан ба 50,000,000 төгрөгийг гүйцээж өгөөгүй гэж хэлдэг. Нүүрэлдүүлэн байцаалт дээр Г.Б нь 50,000,000 төгрөгийн хохирлыг төлнө гэж мэдүүлсэн гэж прокурор сая хэллээ. Гэтэл миний бариад сууж байгаа нүүрэлдүүлэн байцаалтын цаасан тэмдэглэлээс үзвэл 50,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн өгүүлбэр байхгүй байна. Ган-Эрдэнэ мөрдөгч энэ хэргийн талаар огт мэдээлэлгүй байж миний үйлчлүүлэгчээс мэдүүлэг авахдаа 1,000,000 төгрөг шилжүүлсэн байна гэх мэтээр хөтлөн, хууль бусаар цуглуулсан нотлох баримтыг шүүх үнэлэхгүй гэж үзэж байна. Ган-Эрдэнэ мөрдөгчид хэрэг байгаагүй, миний үйлчлүүлэгчийн гэрч, яллагдагчаар өгсөн мэүүлгийг уншиж танилцаагүй байж байхгүй зүйлийг зохиох байдлаар мэдүүлэг авсан байна гэж үзэж байна. 2022 онд хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 3 сарын өмнө хүчээр 50,000,000 төгрөгийн бариулах гэж дансны гүйлгээг чиглүүлж өдий хүртэл яваад байгаад гомдолтой байна. Тусгай зөвшөөрөл авахаар 100,000,000 төгрөг гэж тохиролцсон байж ч болно. Гэхдээ яг хэдэн төгрөгийг өгсөн байгаагаар хохирлын хэмжээг тогтоох, хэргийг зүйлчлэх ёстой. Хохирол төлбөрийг барагдуулъя гэж яллагдагч талаас санаачлага гаргаад бэлэн мөнгө байхгүй учраас газраар тооцож өгье гээд хохирогчийн хүсэл зоригийн дагуу гэрээ хийгээд хохирол, төлбөрийг барагдуулсан байгаа. Хохирогч нь олон удаагийн мэдүүлэг дээрээ 86,000,000 76,000,000 гэх мэтээр мэдүүлсэн байдаг. Нэг тодорхой зүйл бол тусгай зөвшөөрөл авахтай холбогдуулан өгсөн мөнгө нь 49,194,000 төгрөг байгаа. Ургамалтай холбоотой асуудал бол тусдаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйчлэлийг зөвтгөж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Шүүгдэгч Г.Б нь залилагч юм бол 2017 оны 8 дугаар сараас хойш 6 жилийн хугацаанд хэрэгт холбогдохгүй өдий хүртэл яаж явж байгаа юм бэ гэдэг нь харагдаж байгаа гэж үзэж байна ...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Р.Уранчимэгт 2018 оны 08 дугаар сарын эхээр Дэрвэгэр жиргэрүү” гэх ургамлыг түүж бэлтгэх, гадаад улсад гаргах тусгай зөвшөөрөл авч өгөхөөр тохиролцож, уг хүрээнд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр   шүүгдэгч Г.Бийн хаан банкны дансруу 49 194 000 төгрөг шилжүүлсэн байна.

Улмаар шүүгдэгч Г.Бийн хаан банкны дансруу хохирогч нь дахин 1 000 000 төгрөг шилжүүлсэн дээрх нөхцөл байдал нь хохирогч Р.Уранчимэг нь гэрч Б.Түвшинбаяртай уг ургамлыг түүж, бэлтгэх талаар харилцан тохиролцсон, уг мөнгийг Г.Б нь 2018 оны 08 дугаар сарын 19-ны өдөр АТМ бэлэн мөнгөний машинаас бэлнээр авч, гэрч Б.Түвшинбаярт шилжүүлэн өгсөн талаарх үйл баримт  тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

            Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Шүүх 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Ц.Цэвэгдорж, 2023 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Б.Түвшинбаяр нарыг оролцуулан тайлбар, мэдүүлэг авсан болно.

Уг хуралдаанд гэрч Ц.Цэвэгдорж мэдүүлэхдээ:

Шүүгдэгчийг таньдаг, хамт ажиллаж байсан гээд би энэ хоёрыг танилцуулсан, нарийн ширийн зүйлд нь оролцоогүй, 50 сая төгрөг гэж ярьж байсан, маргааш нь 40 гаран сая төгрөг орж ирсэн гэж ярьж байсан Г.Б.Яг хэдэн төгрөг өгч авалцсаныг мэдэхгүй байна.Би мөнгө төгрөг аваагүй, зүгээр л танилцуулсан, анх зөвшөөрөл гаргаж өгнө л гэж ярьсан.Түвшинбаяр энэ хоёрыг Уранчимэг эгчтэй уулзуулж өгсөн.зөвшөөрөл гаргах гээд өгчихсөн юм чинь түүж байя, худалдаж авий гэхээр нь энэ хоёртой уулзуулаал явсан гэх тайлбар өгсөн болно.

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн дээрхи мэдүүлэг, өмгөөлөгчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаас дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан нөхцөл байдал үүссэн байна гэж шүүх дүгнэн,

шүүгдэгч Г.Бд холбогдох хэрэгт Б.Түвшинбаяр, Батбаяр нараас хууль сануулан, гэрчийн мэдүүлэг авах, уг холбогдох хэрэгт үйлдэл оролцоог тодорхой болгох, мөнгийг хэрхэн авсан, юунд зарцуулсан, хэнээс хэрхэн шилжүүлж авсан болон Г.Бтэй хэзээ, ямар ажил гүйцэтгэх талаар хэрхэн яаж тохирсон зэргийг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр нэр бүхий хүмүүсийг гэрчээр мэдүүлэг авах ажиллагааг явуулах нь зүйтэй гээд уг ажиллагааг прокурорт даалгаж шийдвэрлэсэн.

Уг ажиллагааны хүрээнд гэрчээр Б.Түвшинбаяраас мэдүүлэг хууль сануулан авч шүүхэд ирүүлсэн байна.

...Миний санаж байгаагаар 2017 оны 8 сард шиг санаж байна.Намайг Сэлэнгэ аймагт байхад Уранчимэг гэх утсаар холбогдож яриад Дэрвэгэр жирэвгэрүү гэдэг ургамлыг олоод өгөх боломж байна уу хамтраад ажиллая гэсэн санал тавьсан. Ингээд ярилцаж тохиролцоод би дээрхи ургамлыг нь хүмүүсээс худалдан авч Уранчимэг гэх хүнд нийлүүлэхээр болсон. Ингээд үйл ажиллагааны зардал хоол унд, бинзен тосны мөнгө урьдчилгаа 1 000 000 төгрөг авахаар болсон. Уранчимэг нь өвчтэй эмнэлэгт хэвтэж байна гээд Батцэнгэл гэх миний танил ах надтай холбогдоод өөрийнхөө данснаас 1 000 000 төгрөг шилжүүлж өгсөн. Би ургамал түүдэг хүмүүстэй нь Уранчимэг гэх хүнийг холбогдуулж өгсөн ингээд сүүлдээ Уранчимэг гэх хүнтэй хамтарч ажиллаж боломжгүй болоод энэ ажил үндсэндээ зогссон. Батцэнгэлийн надруу шилжүүлсэн 1 000 000 төгрөг бол бинзен хоол ундны зардал урьдчилгаа байсан. Би Батцэнгэлээс авсан мөнгөөрөө Сэлэнгэ аймгийн сумдуудаар Батбаяраар өөрийнхөө машиныг бариулаад бинзен хийгээд явсан. Бинзен хоол унданд зарцуулаад дууссан... гэсэн мэдүүлэг өгсөн болно.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал нь гэрч Б.Түвшинбаярыг оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч тайлбар, мэдүүлэг авсан болно.

Гэрч Б.Түвшинбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

... Хохирогч Р.Уранчимэгийг танина.2017 онд Сэлэнгэ аймагт байхад холбогдоод санал тавиад хамтарч ажиллаж байсан.Эрэвгэр жирэвгэр түүж, борлуулахад хамтарч ажилласан.2017 оны 8 сард ажил гүйцэтгэхээр тохиролцоод хоол, унаа, шатахууны зардал гээд Г.Б гэдэг хүнээс бэлнээр 1 сая төгрөг 2017 оны 08 дугаар сарын 19-ны хавьцаа авсан... гэх мэдүүлэг өгсөн болно.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.Б нь

Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон “Дэрвэгэр жиргэрүү” гэх ургамлыг түүж бэлтгэх, гадаад улсад гаргах тусгай зөвшөөрөл авч өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон Р.Уранчимэгийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 49.194.000 төгрөгийг Хаан банкны 5063160691 дугаартай дансаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоогдсон гэж дүгнэсэн болно.

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг болно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Г.Б нь тусгай зөвшөөрөл гаргах эрх бүхий этгээд биш бөгөөд хохирогчийн эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодить байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан нь Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д ;...их хэмжээний хохирол; гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг гэж заасан байна.

Шүүгдэгч Г.Бийн “Дэрвэгэр жиргэрүү” гэх ургамлыг түүж бэлтгэх, гадаад улсад гаргах тусгай зөвшөөрөл авч өгнө гэж хуурч үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Р.Уранчимэгт энэ хуульд заасан их хэмжээний хохирол учирсан  нь тогтоогдохгүй, хохирлын хэмжээнд хүрэхгүй байна.

Иймд шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг  үйлдсэн гэж дүгнэн

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч Г.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Батцэнгэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчид урьд авсан Монгол улсын хилээр гарах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна...” гэсэн санал, дүгнэлт гаргасан.

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “... Хэлэх зүйл байхгүй ...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. 2017 оны 8 дугаар сарын 18-ны үйлдлээс 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг тооцож үзвэл 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Эрүүгийн хариуцлагыг биечлэн эдлүүлэх боломжгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг журамлан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээх боломжгүй байна гэж үзэж байна ...” гэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

 Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй боловч тэрээр хохирогч Р.Уранчимэгийг 2017 оны 08 дугаар сарын эхээр залилсан бөгөөд түүний үйлдсэн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гээд 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно...” гэж тус тус заасан.

 

Иймд прокуророос шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Р.Уранчимэгээс “...миний бие Г.Бтэй хохирол төлбөр барагдуулах гэрээ байгуулж сайн дураар эвлэрсэн болно. Дээрх гэрээний дагуу эрүүгийн хэргийн хохирлын үнийн дүнд Сонгинохайрхан дүүрэгт 4000м2, Сүхбаатар дүүрэгт 700м2, Баянзүрх дүүрэгт 699м2, Баянзүрх дүүрэгт 699м2 нийт 4 тусдаа газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр лүү нотариатаар тус тусад нь гэрчлүүлэн авснаар Г.Б нь 49.194.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Г.Бд холбогдуулан Эрүүгийн болон Иргэний хэргийн журмаар нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол төлбөр барагдсан, гомдолгүй ...” гэх хүсэлтийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нотариатаар батлуулан шүүхэд ирүүлсэн бөгөөд,

хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа. Хохирол төлөх гэрээ байгуулсаны дагуу хохирлыг төлсөн учраас түүнээс дахин нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэснийг дурдснаар,

Шүүгдэгчийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 1. Прокуророос шүүгдэгч Г.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Хувьт овогт Ганболдын Батцэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Бд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.РЕНЧЕНХОРОЛ