Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 1009

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00533 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Д,

Хариуцагч Улаанбаатар хотын УЦУОШГт холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болор-Эрдэнэ,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д нь Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар Архив мэдээллийн дэд сангийн зохицуулагчаар томилогдон ажиллаж, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №41 тоот тушаалаар Улаанбаатар аэрологийн өртөөний техникчээр дэвшин ажилласан. Б.Дыг хамт олноо манлайлан ажилласныг нь үнэлэн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Энэтхэг улсын Ахмедабад хотод Цаг уурын хиймэл дагуул ба дэлхийн уур амьсгал сэдэвт мэргэжил дээшлүүлэх 9 сарын сургалтад суралцуулсан. Ингээд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/24 тоог тушаалаар аэрологийн техникчээр эгүүлэн томилогдсон.

Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Б.Дыг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны өглөөний 07 цаг 30 минутын ажил тасалсны улмаас олон улсын мэдээ тасарч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг гаргасан. Олон улсын солилцооны мэдээ тасалсан талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/265 тоот албан бичигт 8 дугаар сарын 26-ны өдрийн өглөөний 07 цаг 30 минутын хөөргөлт шалтгаангүй тасарсан тул мэдээний ирцээс 10 хувийг хасаж дүгнэсэн гэсэн байсан. Байгууллагын удирдлагын зүгээс Байгууллагын дотоод журмын 3.4.2.3, 3.4.3-т зааснаар тушаал гаргаж, 3 гишүүнтэй комисс томилж гэнэтийн шалгалт хийсэн бөгөөд ерөнхий технологич инженер Н.Идэрчулуун, Б.Д нар нь ажлын байрыг дур мэдэн орхин явдаг, ажил тасалдаг, өөр хоорондоо амаар тохиролцон ажилдаа ирдэггүй, хөөргөлтийг хийхдээ технологийн алдаа гаргадаг зэрэг зөрчлүүд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01/АГШ201709 тоот актаар тогтоогдсон. Мөн дээрх зөрчлүүд нь баримтаар нотлогдсон.

Иймд Б.Дын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар Улаанбаатар хотын УЦУОШГт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийг даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай Б.Дын гомдол буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болор-Эрдэнэ миний бие 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шийдвэрийг гардаж авсан. Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг ёсчлон гаргаагүй.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4-т заасан”ноцтой зөрчил” гэдэгт нэхэмжлэгч Б.Дын үйлдлүүд хамаарахгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлага, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Б.Д хариуцагч Улаанбаатар хотын УЦУОШГт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зөрчил буюу олон улсын солилцооны мэдээ тасалсан, зөрчлийн актаар технологийн алдаа гаргасан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргажээ.

Хариуцагч 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар Хөдөлмөрийн гэрээний 3.2.5.1, 3.2.5.5, 3.2.5.9, 3.2.5.11, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.3.2, 6.2.3, 6.2.13, Улаанбаатар хотын УЦУОШГ-ын Аэрологийн шинжилгээний “Улаанбаатар өртөөнд гэнэтийн шалгалт хийх тухай 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01/АГШ201709” тоот актыг тус тус үндэслэж 2017 оны 8 дугаар сарын 26-ны өглөөний 07 цаг 30 минутын радиозондын хөөргөлт болон олон улсын мэдээ солилцооны хөтөлбөрт ажлыг тасалсан, 8 дугаар сарын 19-ний өдрийн хөөргөлтийн нэгдсэн мэдээг 2 хоног хугацаа хоцроож дамжуулсан, гадаадад суралцсан хугацааны тайлангаа танилцуулаагүй, гэрээ болон дотоод журамд заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хэрэгт авагдсан Аэрологийн шинжилгээний Улаанбаатар өртөөнд гэнэтийн шалгалт хийсэн 01/АГШ201709 актаар “2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хөөргөлт хийгдээгүй мэдээ тасарсан, техникч Б.Д ээлжтэй байсан, унтаж хөөргөлт тасарсан, олон улсын солилцооны мэдээг тасалсан” гэх дүгнэлт, нэхэмжлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын УЦУОШГазарт гаргасан “2017 оны 8 дугаар сарын 26-ны өглөө ээлжтэй байсан боловч өөрийн буруугаас хөөргөлт тасалсан, миний өөрийн буруу тул хариуцлага хүлээхэд бэлэн” гэх тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Дын “2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн өглөөний хөөргөлт миний буруугаас болсон, нэг удаагийн зөрчил учраас ажлаас халахгүйгээр өөр арга хэмжээ авах талаар хүсэлт гаргаж байсан” гэх гэрчийн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан ажиглалтын мэдээг хугацаанд нь дамжуулах, мэдээ таслах, хугацаа хоцролт гаргахгүй байх үүргээ зөрчсөн нь тогтоогдож байна. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 3.2.5.5-д “...цаг агаарын урьдчилсан мэдээг санаатай хоцроосон, огт өгөөгүй...”, 3.2.5.9-т “ажлын байраа орхиж явсан”, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.3.1, 5.1.3.2, 5.1.3.5, 6.2.3-т ажиглалт мэдээг таслах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног, түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор тохиролцжээ. Иймд дээрх зөрчлүүдийг “ноцтой зөрчил” гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн ба энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгчийг 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хөөргөлт хийгдээгүй мэдээ тасалсан зөрчилд цалин хөлсийг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хэргийн баримтаар нотлогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 8,9 сарын цалингийн харьцуулалт, зөрүүг цалин бууруулсан сахилгын шийтгэл гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00533 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

 

                                       ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                              А.ОТГОНЦЭЦЭГ