Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 221/ма2025/0722

 

 

 

 

 

 

 

 

Б.Ө-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э

Нэхэмжлэгч: Б.Ө

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Дулаанхаан тосгоны багийн иргэдийн Нийтийн Хурлаар 115 хүний санал авч, тосгоны захирагчаар сонгогдсон Б.Ө-г захирагчаар томилохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Дулаанхаан тосгоны захирагчаар томилохыг Шаамар сумын Засаг даргад даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 159/ШШ2025/0073 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Ө

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 159/2025/0074/З

ТОДОРХОЙЛОХ нь:

        1. Нэхэмжлэгч Б.Ө-өөс Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдуулан “Дулаанхаан тосгоны багийн иргэдийн Нийтийн Хурлаар 115 хүний санал авч, тосгоны захирагчаар сонгогдсон Б.Ө-г захирагчаар томилохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Дулаанхаан тосгоны захирагчаар томилохыг Шаамар сумын Засаг даргад даалгах”-аар маргасан байна.

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 159/ШШ2025/0073 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Өгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын “Б.Ө-г Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг буюу Дулаанхаан тосгоны захирагчаар томилохоос татгалзсан шийдвэр” хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Ө-г Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг буюу Дулаанхаан тосгоны захирагчаар томилохыг хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад даалган шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. Анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гаргаагүй гэж үзэж байна.

3.2. Анхан шатны шүүх шийдвэртээ “Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар уламжилсан багийн иргэдийн Нийтийн Хуралдааны тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь тус тогтоолыг хүлээж аваад томилохоос татгалзах эрхтэй хэдий ч багийн Засаг даргад нэр дэвшигчийн хувьд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өртэй бол шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өртэй бол, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөртэй бол, түүнчлэн ялтай байхдаа нэр дэвшсэн тохиолдолд түүнийг томилохоос татгалзахаар байна” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэх замаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар сумын Засаг даргад олгогдсон томилохоос татгалзах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан дүгнэлт хийсэн байна. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д “Дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно” хэмээн хуульчилсан байх бөгөөд ийнхүү татгалзахад шүүхийн шийдвэрийн үндэслэлд дээр дурьдагдсан байдлаар ямар нэгэн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өртэй бол шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өртэй бол, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөртэй бол, түүнчлэн ялтай байхдаа нэр дэвшсэн тохиолдолд л тус татгалзах эрх олгосон хуулийн зохицуулалтыг хэрэглэх талаар хуульчлаагүй байна. Харин сумын Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д заасан үндэслэлээр томилохоос татгалзсан тохиолдолд тус хуулийн 56.8-д “Энэ хуулийн 56.7-д зааснаар томилохоос татгалзсан тохиолдолд зохих шатны Хурал энэ хуулийн 56.5-д заасан журмаар дахин нэр дэвшүүлнэ” гэж хуульчилсан байх бөгөөд дахин нэр дэвшүүлэх замаар дараагийн шийдвэрүүд хуулийн дагуу гарахаар зохицуулсан байна.

3.3. Мөн анхан шатны шүүх шийдвэртээ “Өөрөөр хэлбэл багийн иргэдийн Нийтийн Хуралдааны Засаг даргад уламжлах тухай тогтоол болон иргэдийн Нийтийн Хуралдааныг хууль бус гэж үзэж, эрх бүхий байгууллагаас хуралдаан болон хуралдаанаас гарсан шийдвэрийг хууль бус гэдгийг тогтоож шийдвэрлэсэн, мөн багийн иргэдийн Нийтийн Хурал өөрөө тогтоолоо хүчингүй болгосон тохиолдолд, түүнчлэн багийн Засаг даргад нэр дэвшигч нь хуульд заасан шаардлага хангаагүй талаар үндэслэл бүхий шалтгаан байгаа тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг багийн Засаг даргаар томилохоос татгалзах эрхтэй байна." гэх ямарч хууль зүйн үндэслэлгүй тайлбар дүгнэлтийг мен хийсэн байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.9-д “Энэ хуулийн 56.8-д заасны дагуу дахин нэр дэвшүүлсэн хүнийг ажлын таван өдрийн дотор дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд томилох үүрэгтэй” гэж зохицуулсан байхад шүүхийн дээрх дүгнэлт нь хуулийн яг аль заалтыг тайлбарлан шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дүгнэлт хийгээд байгаа нь ойлгомжгүй, хуулиар хориглоогүй Засаг даргын томилохоос татгалзах эрхийг хязгаарласан үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

3.4. Мөн анхан шатны шүүх маргааны талаар бодитой дүгнэлт хийгээгүй хариуцагчийн татгалзал үндэслэлтэй эсэх асуудлын нотлох баримтыг цуглуулах, түүнийгээ үнэлэх замаар үндэслэл бүхий няцаалт дүгнэлтийг гаргаж чадаагүй байна. Сумын Засаг дарга томилохоос татгалзахдаа иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл хууль бус бүрэлдэхүүнтэй байсан талаар, тус Зөвлөлийн эрх зүйн чадамжийн асуудлаар үндэслэж татгалзаж байгаагаа илэрхийлсэн байдаг. Гэтэл энэ талаар нотлох баримтыг шүүх цуглуулж бүрдүүлээгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагаar хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар Захиргааны хэргийн шүүхийн онцлог нь Шүүх нотлох зарчимын хүрээнд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулсаны үндсэн дээр тухайн нотлох баримтаа үнэлэх замаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй юу хариуцагчийн татгалзал үндэслтэй юу гэдэг дээр хууль зүйн дүгнэлт хийж хэрэг маргааныг шийдвэрлэх учиртай. Гэтэл хариуцагчийн татгалзлын үндэслэлийг шалгах, иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн эрх зүйн чадамжийн асуудал дээр шүүх хуульд заасан дээрх үүргээ бүрэн дүүрэн биелүүлээгүйн улмаас хэрэг маргааныг бодитой, үндэслэлтэй шийдвэрлэж чадаагүй байна. Мөн анхан шатны шүүх уг хэрэг маргааныг шийдвэрлэхдээ эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны захирагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг минь хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.09.11-ний өдрийн 159/ШШ2025/0073 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Ө-өөс Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдуулан “Дулаанхаан тосгоны багийн иргэдийн Нийтийн Хурлаар 115 хүний санал авч, тосгоны захирагчаар сонгогдсон Б.Ө-г захирагчаар томилохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Дулаанхаан тосгоны захирагчаар томилохыг Шаамар сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

            3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан “... багийн иргэдийн Нийтийн Хуралдааны Засаг даргад уламжлах тухай тогтоол болон иргэдийн Нийтийн Хуралдааныг хууль бус гэдгийг тогтоож шийдвэрлэсэн, мөн багийн иргэдийн Нийтийн Хурал өөрөө тогтоолоо хүчингүй болгосон тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг багийн Засаг даргаар томилохоос татгалзах эрхтэй байна ...тус хурлын тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байхад хариуцагчийн Хуралдааныг удирдаж явуулсан зөвлөл нь хууль зөрчсөн тул томилох боломжгүй гэх тайлбар нь нэхэмжлэгчийг Засаг даргаар томилохоос татгалзах үндэслэл болохгүй...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

            4. Хэргийн үйл баримтын тухайд:

            4.1. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг буюу Дулаанхаан тосгоны иргэдийн Нийтийн Хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдаж, тосгоны захирагчаар Б.Ө нэр дэвшиж санал хураалтад 118 хүн оролцсоноос 115 хүний санал авснаар тус иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Б.Ө-г тосгоны захирагчаар батламжлуулахаар сумын Засаг даргад уламжлахаар тогтоож, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр холбогдох баримтын хамтаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад хүргүүлжээ.

            4.2. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга нь 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/166 тоот албан бичгээр 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд хандан “Тус сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэн Б.Ө-г багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан. Уг хурлыг зарласан зөвлөлийн бүрэлдэхүүн нь хурал зарлах эрхгүй талаар иргэнээс гомдол ирүүлсэн тул 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг хуралдуулж шийдвэрлэнэ үү” гэж хариуг хүргүүлж Б.Ө-г багийн Засаг даргаар томилохоос татгалзсан байна.

5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д “Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна”, 56.4.1-т “хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой”, 56.4.2-т “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх”, 56.4.3-д “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх”, 56.4.4-д “ялгүй байх”, 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна”, 56.5.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана” гэж тус тус заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурал нь багийн Засаг даргад нэр дэвшиж, олонхын саналаар сонгогдсон Б.Ө-г багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан.

6. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга нь Б.Ө-г багийн Засаг даргаар томилохоос татгалзсан албан бичигтээ “...2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарласан зөвлөлийн бүрэлдэхүүн хурал зарлах эрхгүй талаар иргэнээс гомдол ирүүлсэн ...” гэх үндэслэл дурдсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй бөгөөд уг албан бичигт дурдсан үндэслэлээр багийн Засаг даргаар Б.Ө-г томилохоос татгалзсан энэ тохиолдолд тус багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарласан зөвлөлийн бүрэлдэхүүн хурал зарлах эрхгүй нь тогтоогдсон байх шаардлагатай.

7. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийнх нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны Засаг дарга болон Хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй. Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлнэ”, 32.10-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хуралдаанаас хуралдаан даргалагчийг 2 жилийн хугацаагаар сонгоно. Хуралдаан даргалагч нь хуралдааныг удирдан явуулах, хуралдааны шийдвэрийг албажуулан гарын үсэг зурах, дараагийн хуралдааны зохион байгуулалтын бэлтгэлийг хангах үүрэгтэй.” гэж тус тус заасан байна.

8. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлэн явуулж, иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хуралдааныг товлохоор заасны дагуу Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны Багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөл нь дарга Т.Л, нарийн бичиг Т.Г, тэргүүлэгч П.Т нарын бүрэлдэхүүнтэй, 60 хувийн ирцтэй хуралдаж, тосгоны иргэдийн Нийтийн Хурлыг товлосон бөгөөд багийн Засаг даргад нэр дэвшигчид энэ талаар маргаангүйгээр 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр товлогдсон сонгуульд оролцож, Б.Ө-г 97,5 хувийн саналаар сонгогдсонд тооцсон тус багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоолыг Шаамар сумын Засаг даргад уламжилсан нь хуульд нийцжээ.

9. Багийн Засаг даргад нэр дэвшиж, олонхын санал авсан Б.Ө-г томилуулахаар уламжилсан багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа энэ тохиолдолд нэр дэвшигч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасан шаардлагыг хангасан байтал Шаамар сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/116 дугаар албан бичгээр Б.Ө-г багийн Засаг даргаар томилохоос татгалзсан хууль зүйн үндэслэл заагаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж тус тус заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлаагүй нь хууль бус байна.

10. Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

    

 

               ШҮҮГЧ                                                      Г.МӨНХТУЛГА

    ШҮҮГЧ                                                      Д.ОЮУМАА

                          ШҮҮГЧ                                                     Б.АДЪЯАСҮРЭН