Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/436

 

  

2023        06          26                                   2023/ШЦТ/436

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч Б.Баярчимэг,

шүүгдэгч Л.Г /Lee Gideon Young/, түүний өмгөөлөгч Ч.Ганболд,

орчуулагч Г.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  “Е” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Г /Lee Gideon Young/-д холбогдох эрүүгийн 2311009870941 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Л.Г /Lee Gideon Young/, паспортын дугаар: ..................................,

Америкийн Нэгдсэн улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Америкийн Нэгдсэн улсад төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 51 дүгээр байрны 101 тоотод түр оршин суух,

Урьд: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 956 дугаартай дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Г /Lee Gideon Young/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Америкийн Нэгдсэн Улсын иргэн Л.Г /Lee Gideon Young/ нь 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрх чөлөөний талбай”-н орчимд хохирогч И.Балжиннямын нүүрэн тус газарт түлхүүр барьсан гараараа цохиж биед нь хамрын угалзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэллийг шалгах хугацааг сунгах тухай Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хавтаст хэргийн 2 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/, хохирогч И.Балжиннямын мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/, гэрч Э.Гүрхүүгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/, гэрч Д.Мэндбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/, гэрч Д.Бямбадуламын мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 5653 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Л.Г /Lee Gideon Young/ нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль буцсаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч И.Балжинням нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалтай холбоотой хохирлын баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулаагүй ба тэрээр “...миний хохирлыг барагдуулж 1.000.000 бэлнээр төлсөн тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна, энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй, миний бие гадагшаа явж байгаа тул шүүх хуралдаанд оролцохгүй болно” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 90 дэх тал/-ээ бичгээр гаргажээ.

Мөн шүүгдэгч Л.Г /Lee Gideon Young/ нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн болно.

Иймд шүүгдэгч Л.Г /Lee Gideon Young/-г энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд шүүгдэгч Л.Г /Lee Gideon Young/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Л.Г /Lee Gideon Young/ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Г /Lee Gideon Young/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г /Lee Gideon Young/-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г /Lee Gideon Young/д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Г /Lee Gideon Young/-д сануулсугай.

5. Шүүгдэгч Л.Г /Lee Gideon Young/ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г /Lee Gideon Young/-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.РЕНЧЕНХОРОЛ