Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/314

 

2023         8              24                                   2023/ШЦТ/314

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,    

улсын яллагч Г.А,  

шүүгдэгч Н.У, Б.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Н.У,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Б.М нарт холбогдох эрүүгийн 2325002280361 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Н.У

Монгол Улсын иргэн, Б.М

Шүүгдэгч Н.У нь;

2023 оны 6 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ********** тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Б.М-н хацраас хазах, гараас базах зэргээр биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь “нүүр, баруун гарын бугалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

 

шүүгдэгч Б.М нь;

2023 оны 6 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум *************тоотод хамтран амьдрагч Н.У-тай маргалдан зүүн гар руу нь сандлаар цохиж, эрүүл мэндэд нь “зүүн гарын шуу, гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Н.У “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

шүүгдэгч Б.М “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.М-н “...2023 оны 6 дугаар сарын 19-ний орой 20 цагийн орчим манай найз Ж.Баярцэцэг, найз залуу Н.Ууганбат бид гурав хоолонд ороод, Н.Ууганбат Улаанбаатар хот руу явахаар болоод манай найз бид хоёрыг гэрт хүргэж өгчихөөд явсан. Тэгээд 22 цагийн орчим Н.Ууганбат “Улаанбаатар хот руу явах гэсэн чинь хүн олдохгүй байна” гэж ярихаар нь “хүн олдохгүй бол хүрээд ир” гэж хэлсэн, Н.Ууганбатыг гэрт ирэхэд би найз Ж.Баярцэцэгтэй пиво ууж байсан, “өөрөө уухаар бол пиво аваад ороод ирээрэй” гэж хэлээд Н.Ууганбатын данс руу мөнгө шилжүүлсэн, удалгүй 2.4л “Сэнгүүр” пиво нэгийг барьж орж ирсэн. Тэгээд авч орж ирсэн пивийг нь бид гурав уугаад сууж байхад Н.Ууганбат миний ажлаас болоод намайг хардаж, маргалдаж байгаад гэрээс гараад явчихсан, удалгүй буцаж орж ирээд ажилтай маань холбож намайг хараагаад байсан, “чи унтаж амраач” гэхэд намайг ор луу түлхэж унагаагаад зүүн талын хацар, эрүү хэсгээс хазсан, намайг орилоход манай найз Ж.Баярцэцэг бид хоёрыг салгасан. ... би Н.Ууганбатыг “уухаа болиод амарчих, чи муудсан байна” гэхэд миний үснээс зулгаасан...тэгэхээр нь “би чамайг алчих уу” гэхэд “тэг” гээд өөдөөс орилоод байхаар нь гэрт байсан ногоон өнгийн модон сандлаар гар хэсэгт нь цохиж түлхэхэд хойшоо уначихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

хохирогч Н.У-н “...2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу явах гэж байгаад хүн олдохгүй болохоор нь болиод найз охин Б.Марал-Эрдэнийн гэрт очсон. Тэгээд Б.Марал-Эрдэнэ, Ж.Баярцэцэг бид гурав 2.4л хоёр ширхэг “Сэнгүүр” пиво ууж байгаад Б.Марал-Эрдэнэ бид хоёр хоорондоо маргалдаж байхад миний зүүн талын гар луу модон сандлаар цохисон, би гараас нь барьж байгаад хойш нь түлхэж ор луу унагаачихаад гэрээс нь гараад ганцаараа хэсэг сууж байхад цагдаа ирээд намайг авч явсан. Би Б.Марал-Эрдэнийн гараас барьж байгаад ор луу түлхсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

“...Би өөрийн найз охин Б.Марал-Эрдэнийг ор луу унагааж нүүрийг нь түрүүлж хазсан, гэрээс нь гарах гэхэд Б.Марал-Эрдэнэ намайг сандлаар цохисон.” гэсэн  мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

гэрч Ж.Б-н “...2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед найз Б.Марал-Эрдэнийн хамт ажлаа тарчихаад гэрт нь ирээд 2.4л “Сэнгүүр” пиво уугаад сууж байхад 23 цагийн орчим найз залуу Н.Ууганбат нэг том пиво авч орж ирсэн, бид гурав авч ирсэн пивийг ууж дуусахад Н.Ууганбат дахиж пиво дуудаж авсан, манай найз тухайн пивийг Н.Ууганбатад “уулгахгүй” гэж хэлээд гэрийнхээ гадна талд орхичихсон, тэгэхэд Н.Ууганбат манай найзтай маргалдаж, муудалцаж байгаад ор луу түлхэж унагаагаад зүүн талын хацраас нь хазсан, тэгэхээр нь би салгасан, хэсэг гайгүй болж байгаад дахиж маргалдаад найз Б.Марал-Эрдэнэ нь Н.Ууганбатын гар хэсэг рүү жижиг модон сандлаар цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

Н.У-н яллагдагчаар өгсөн “...би 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу явах гэж байгаад хүн олдохгүй болохоор нь больж найз охин Б.Марал-Эрдэнийн гэрт очсон. Тэгээд Б.Марал-Эрдэнэ, Ж.Баярцэцэг бид гурав 2.4л хоёр ширхэг “Сэнгүүр” пиво ууж байгаад Б.Марал-Эрдэнэ бид хоёр хоорондоо маргалдаж байхад миний зүүн талын гар луу модон сандлаар цохисон, би гараас нь барьж байгаад хойш нь түлхэж ор луу унагаачихаад гэрээс нь гараад ганцаараа сууж байхад цагдаа ирээд намайг авч явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Б.М-н яллагдагчаар өгсөн “...Ууганбатыг манай гэрт ирэхэд би ажлын найз Ж.Баярцэцэгтэй пиво ууж байсан, “өөрөө уухаар бол пиво аваад ороод ирээрэй” гэж хэлээд Н.Ууганбатын данс руу мөнгө шилжүүлсэн, удалгүй Н.Ууганбат 2.4л “Сэнгүүр” пиво барьж орж ирсэн, тэгээд авч орж ирсэн пивийг бид гурав уугаад сууж байхад Н.Ууганбат миний ажлаас болоод намайг хардаж, маргалдаж байгаад гэрээс гараад явчихсан. Удалгүй буцаж орж ирээд ажилтай маань холбож намайг хараагаад байсан, тэгэхээр нь “чи унтаж амраач” гэхэд намайг ор луу түлхэж унагаагаад зүүн талын хацар, эрүү хэсгээс хазсан, намайг орилоход манай найз Ж.Баярцэцэг бид хоёрыг салгасан. ...би Н.Ууганбатыг “уухаа болиод амарчих, чи муудсан байна” гэхэд миний үснээс зулгааж манай хүүхэд сэрсэн, би Н.Ууганбатыг “би чамайг алчих уу” гэхэд “тэг” гээд өөдөөс орилоод байхаар нь гэрт байсан ногоон өнгийн модон сандлаар гар хэсэгт нь цохиж түлхэхэд хойшоо уначихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 555 дугаартай;

“...Б.М-н биед нүүр, баруун гарын бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Нүүр, баруун гарын бугалганд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 556 дугаартай;

“...Н.У-н биед зүүн гарын шуу, гуянд цус хуралт, баруун хацар, зүүн чихний ар хэсэг, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Зүүн гарын шуу, гуянд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун хацар, зүүн чихний ар хэсэг, нуруунд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

иргэн Б.М-н “...2023 оны 6 дугаар сарын 20-ны шөнө 4 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 48-02 тоотод манай хамтран амьдрагч Н.Ууганбат нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэл үгээр доромжлоод, хэрүүл маргаан үүсгээд, миний биед халдаж зодсон.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 16 дахь тал/,

Н.У-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 75 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дэх тал/,

Б.М-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 88 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 83 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Н.У, Б.М нараас хохирогчоор, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Н.У нь 2023 оны 6 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ************ тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Б.Марал-Эрдэнийн хацраас хазах, гараас базах зэргээр биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь “нүүр, баруун гарын бугалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

шүүгдэгч Б.М нь 2023 оны 6 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ********** тоотод хамтран амьдрагч Н.У-ай маргалдан зүүн гар руу нь сандлаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Б.М-н “...Н.У миний ажлаас болоод намайг хардаж, маргалдаж байгаад гэрээс гараад явчихсан, удалгүй буцаж орж ирээд ажилтай маань холбож намайг хараагаад байсан, “чи унтаж амраач” гэхэд намайг ор луу түлхэж унагаагаад зүүн талын хацар, эрүү хэсгээс хазсан, ...Н.У-г “уухаа болиод амарчих, чи муудсан байна” гэхэд миний үснээс зулгаасан... тэгэхээр нь “би чамайг алчих уу” гэхэд “тэг” гээд өөдөөс орилоод байхаар нь гэрт байсан ногоон өнгийн модон сандлаар гар хэсэгт нь цохиж түлхэхэд хойшоо уначихсан.” гэх,

хохирогч Н.У-н “...Б.М  бид хоёр хоорондоо маргалдаж байхад миний зүүн талын гар луу модон сандлаар цохисон, би гараас нь барьж байгаад хойш нь түлхэж ор луу унагаачихаад гэрээс нь гараад ганцаараа хэсэг сууж байхад цагдаа ирээд намайг авч явсан. Би Б.М-н гараас барьж байгаад ор луу түлхсэн.” гэх,

гэрч Ж.Б-н “...Н.У манай найзтай маргалдаж, муудалцаж байгаад ор луу түлхэж унагаагаад зүүн талын хацраас нь хазсан, тэгэхээр нь би салгасан, хэсэг гайгүй болж байгаад дахиж маргалдаад найз Б.М нь Н.У-н гар хэсэг рүү жижиг модон сандлаар цохисон.” гэх мэдүүлгүүд,

 

 

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 555 дугаартай,

“...Б.М-н биед нүүр, баруун гарын бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн,

мөн өдрийн 556 дугаартай, “...Н.У-н биед зүүн гарын шуу, гуянд цус хуралт, баруун хацар, зүүн чихний ар хэсэг, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлтүүд, иргэн Б.Марал-Эрдэнийн “...2023 оны 6 дугаар сарын 20-ны шөнө 4 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 48-02 тоотод манай хамтран амьдрагч Н.Ууганбат нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэл үгээр доромжлоод, хэрүүл маргаан үүсгээд, миний биед халдаж зодсон.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

Хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч Б.М, Н.У нарын харилцан бие, биенийхээ эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдсэн, бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүдийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Н.У-н гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэрийнхээ эсрэг бие махбодын, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, улмаар хохирогч Б.Марал-Эрдэнийн биед “нүүр, баруун гарын бугалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг нь зөрчсөн төдийгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг,

шүүгдэгч Б.М-н хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу хохирогч Н.У-н эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “зүүн гарын шуу, гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг заасан байна. Тухайлбал; 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж,

хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг,

хуулийн 5.1.2-д “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулсан, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх бөгөөд шүүгдэгч Н.У-н,

мөн шүүгдэгч Б.М-н хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүгдэгч Н.Ууганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,  

шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Н.У-г “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь,

шүүгдэгч Б.М-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх тэднийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч Н.У-ггэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.М-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Н.У, Б.М нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн саналыг гаргав.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;

          шүүгдэгч Н.У, Б.М нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 555, 556 дугаартай  дүгнэлтүүд болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан,

          шүүгдэгч Н.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял, 

          шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг шүүгдэгч Н.У 6 /зургаа/ сарын хугацаанд,

шүүгдэгч Б.М 5 /таван/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.  

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

шүүгдэгч нарт энэ хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Шүүгдэгч нар нь шүүх хуралдааны үед “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн тул тэднийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,   

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тэдэнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Н.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч  Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.У шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаан/ сарын хугацаанд,

шүүгдэгч Б.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.У, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ