Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2025/0728

 

 

 

 

 

 

 

 

Р.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г

Нэхэмжлэгч: Р.С

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны  тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0592 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Р.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2025/0365/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        1. Нэхэмжлэгч Р.С-аас Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны  тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 592 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Р.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын Р.С-д өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Р.С-д өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зохих журмын дагуу тогтоохыг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалган шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт нэхэмжлэгч Р.С нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтээ холбогдох барим бичгийн хамт тус газрын тэтгэвэр, тэтгэмжийн хэлтсийн Нэг цонхны үйлчилгээ хариуцсан байцаагч Ц.Ш-д өгсөн бөгөөд бүрдүүлсэн материалыг тэтгэврийн хяналтын улсын байцаагч даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, төрүүлсэн хүүхдийг гэрчлэх баримт бичгийг хянахад үрчлэн авсан С.Г-ын үрчлэлтийг шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/00862 дугаар шийдвэрээр хүчингүйд тооцсон байсан нь төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байсан тул 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бүрдүүлсэн баримт бичгийг тэмдэглэл үйлдэн Р.С-д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тухай мэдэгдсэн байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т "төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй; гэж заасан байх бөгөөд 4 хүүхэдтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу 2022 онд 183/ШШ2022/00862 дугаар шүүхийн шийдвэрээр С.Г-ыг төрүүлсэн эх болох Ц.С-ын асрамжид шилжүүлэн үрчлэлтийг хүчингүйд тооцсон байна. Энэхүү шийдвэрийг Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар биелүүлэх үүрэгтэй.

3.2. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 1, 3 дугаар зүйлд хуулийн зорилт болон хуулийн үйлчлэх хүрээг, 4 дүгээр зүйлд хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг заасан бөгөөд энэ хуулийн 4.1.13-т "тэтгэвэр" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүссэн даатгуулагч, хүнд сар бүр олгох мөнгөн хөрөнгийг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.3-т "төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй", мөн хуулийн 22.1-т Даатгуулагч тэтгэвэр тогтоолгох шаардлагатай баримт бичиг, өргөдлийг доор дурдсан хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана, 22.4- т Тэтгэвэр тогтоолгох өргөдлийн маягтын загвар, тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам, тэтгэвэр бодох зааврыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална, энэ хуулийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг 28 дугаар зүйлд тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын байгууллага болон байцаагч ажилтан нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулагч иргэнд тэтгэвэр тогтоож, олгох ажлыг зохион байгуулахдаа хуульд заасан эрх үүссэн эсэхийг хянан шалгах үүрэгтэй бөгөөд хуулийн шаардлага хангахгүй байгаа иргэнд тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох боломжгүй болно.

3.3. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4.1.2-т "даатгуулагч" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах зорилгоор нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж даатгуулсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг," гэжээ. Өөрөөр хэлбэл тэтгэвэр нь хуульд заасны дагуу тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлсөн хуулийн болзол шаардлагыг хангасан хүнд сар бүр энэ сангаас олгох мөнгөн хөрөнгийг ойлгох бөгөөд эд мөнгөний тусламжаас ялгаатай шинж онцлогт дүгнэлт хийлгүй Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 5-д өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхийг хязгаарласан хэмээн үндэслэх хэсэгт тусгасан. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас тэтгэврийн эрх үүсэхгүй тухай 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдэж баримт бичгийг буцаан өгсөн үйлдлийг хууль бус эс үйлдэхүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно." гэжээ.

Иймд нэхэмжлэгч Р.С-ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй тухай 2024 оны 09 сарын 24-ний өдөр мэдэгдэж баримт бичгийг буцаан өгсөн үйлдэл нь хууль зөрчөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Р.С-аас Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах” гэж тодорхойлсон бол 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах” гэж өөрчлөн гаргажээ.

            3. Анхан шатны шүүхээс “...хариуцагч захиргааны байгууллага хожим буюу С.Г-ыг үрчлэн авснаас хойш 11 жилийн дараа 2022 онд үрчлэлтийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэрийг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагыг хангахгүй гэж шууд дүгнэн нэхэмжлэгч Р.С-ийн “өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгох хүсэлт”-ийг хүлээж аваагүй нь хууль зүйн үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

            4. Хэргийн үйл баримтын тухайд:

            4.1. Нэхэмжлэгч Р.С нь 1995 онд Б.Б, 2004 онд Б.М, 2014 онд Б.У-ыг нарыг төрүүлж, С.Г-ыг 2010 оны 12 дугаар сард 6 сартай байхад нь үрчлэн авсан байна.

            4.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 862 дугаар шийдвэрээр Б.Г-ыг Л.Б, Р.С нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, Б.Г-ыг түүний төрсөн эх Ц.С-ын асрамжид шилжүүлж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон.

            5. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”,  4.1.13-т “”тэтгэвэр” гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу өндөр насны ... тэтгэвэр авах эрх үүссэн даатгуулагч, хүнд сар бүр олгох мөнгөн хөрөнгийг” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 5 дугаар зүйлийн 5.1.3-т “төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” гэж тус тус заасан.

6. Хэдийгээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 862 дугаар шийдвэрээр ...С.Гын  үрчлэгдсэнийг хүчингүй болгон шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч Р.С-ийн С.Г-ыг 6 сартайд нь үрчлэн авч, 12 настай болтол өсгөсөн үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

            7. Нэхэмжлэгч Р.С нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн, 50 насанд хүрсэн, 3 хүүхэд төрүүлж, 2010 онд С.Г-ыг үрчлэн авснаас хойш буюу 2022 онд шүүхийн шийдвэрээр үрчлэлтийг хүчингүйд тооцох хүртэл 11 жил өсгөсөн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн байх шаардлагыг хангасан байна.

8. Хариуцагчаас С.Г-ыг үрчлэлтийг шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцсон тул хуулийн шаардлагыг хангахгүй, Засгийн газраас баталсан тогтоолын дагуу бичиг баримтын бүрдлийг хангаж ажиллана гэж маргадаг боловч хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлэг тайлбараар С.Г-ыг 6 сартайгаас 12 нас хүртэл нь Р.С, түүний нөхөр Л.Б нар албан ёсоор үрчлэн авсан, одоо ч гэр бүлдээ өсгөж байгаа гэх үйл баримт тогтоогдож байна.

            9. Иймээс анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Р.С-ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэн, өндөр насны тэтгэврийг зохих журмын дагуу тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 592 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

               ШҮҮГЧ                                                А.САРАНГЭРЭЛ

    ШҮҮГЧ                                                Ц.САЙХАНТУЯА

                          ШҮҮГЧ                                                 Б.АДЪЯАСҮРЭН