Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 11

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч П.Гандолгор даргалж 
           Улсын яллагч: М.Батзаяа 
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Шинэдэнцэлийн Сэр-Оддамбад холбогдох 201603000460 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 40-4А тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй Боржигон овогт Шинэдэнцэлийн Сэр-Оддамба /РД:АН82072215/

                   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ш.Сэр-Оддамба нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр Улаан хадны даваа гэх газарт шороон зам дээр 25-26 УБЗ дугаартай Фургон маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалт, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Шүр-Эрдэнэ, Э.Тунгалагтамир нарыг мөргөж улмаар Б.Шүр-Эрдэнийн амь насыг хохироож, Э.Тунгалагтамирын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.


         Шүүгдэгч Ш.Сэр-Оддамба шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 сарын 09-ний өдөр гэртээ амарч байхад манай найз Хатанбаатар ирээд хүүхдийн үсэнд яваад ирье гэж хэлсэн. Би за тэгье гэж  хэлээд тэдний гэр бүлийнхнийг аваад аймгийн Булган сум Улаан хадаг гэх газар руу хамт явсан. Тухайн үед нойтон цас маш их орж байсан. Даваан дээр гарч ирэхэд машин гулгаад байсан учраас би хүмүүсээ буулгаад машинаа даваанаас буулгах гээд доошоо уруудтал урдаас хүмүүс гараад ирсэн. Тэгээд би тухайн хүмүүсийг тойроод машинтайгаа хүмүүсийн дундуур гараад явчих байх гэж бодсон чинь талийгаачийг мөргөөд, дээгүүр нь гараад явсан. Даваанаас нэлээд доошлоод машин зогссон. Машинаа давааны доор үлдээчихээд хүмүүс дээрээ иртэл талийгаач газар хэвтэж байсан. Тэгээд араас ирж явсан стана маркийн машинд хамт явж байсан хүмүүсээ суулгаад, сумын эмнэлэг ортол талийгаач нас барсан байсан гэв. 


201603000460 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:


    Хохирогч Ц.Булгантөрийн өгсөн: 


    “...би дээрх хүмүүсийг танина. Талийгаач Шүр-Эрдэнэ нь миний төрсөн охин харин Тунгалагтамир бол миний эхнэр байгаа юм. Сэр-Оддамбыг бол танина. Гэхдээ төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Би мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Хуулийн хариуцлагыг ойлголоо. Асууж тодруулах зүйлгүй. Би өөрийн эхнэр Тунгалагтамир, охин Шүр-Эрдэнэ, танил Ууганбаатар , Тунгалагсайхан, Хатанбаатар нарын хамтаар Сэр-Оддамбын 25-26 УБЗ улсын дугаартай Фургон маркийн автомашинтай 2016 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Улаан хадны даваан дээр гараад иртэл автомашин гулссан гэтэл Сэр-Оддамба нь автомашинаа зогсоогоод доторхи хүмүүсээ буулгасан. Тухайн автомашинд жолооч Сэр-Оддамба, Хатанбаатар бид гурав үлдсэн. Тэгээд Ууганаа, Тунгалагсайхан, Тунгалагсайханы бага насны охин Тунгалагтамир, манай талийгаач охин Шүр-Эрдэнэ нар буусан. Тунгалагсайхан, Тунгалагтамир нар доошоо хүүхдүүдтэйгээ уруудаад явсан. Харин Ууганаа автомашины урд талд үлдсэн ба Тунгалагсайхан буцаж ирж Ууганааг аваад уруудсан. Үүнээс хойш буусан хүмүүс яасан талаар мэдэхгүй байна. Тэгээд Сэр-Оддамба автомашинаа хөдөлтөл тэр чигээрээ явсан. Би их согтуу байсан. Гэнэт л хүн дайрчихлаа гэсэн. Тэгээд доошоо нилээн явж байгаад зогссон. Ийм л зүйл болсон. Би яг сайн мэдэхгүй байна. Тэгээд л ухаан санаа самуураад хачин болсон. Мөн би их согтуу байсан. Эмнэлэг дээр ирээд л овоо гайгүй тайвширсан. Сэр-Оддамба бол архи согтууруулах ундааны зүйл ууж хэрэглээгүй. Харин Ууганаа, Хатанбаатар бид гурав бол маш их архи уусан, их ч согтсон байсан. Осол хэрэг болсон газар бол маш их бартаатай, гуу жалгатай газар байна лээ. Нилээн эрчтэй л буусан. Яг хэдэн км цагийн хурдтай буусан талаар бол нарийн хэлж мэдэхгүй байна. Миний бодлоор гулссан болов уу гэж бодож байна. Тухайн үед нойтон цас нүүр нүдгүй орж байсан. Осол болох үед автомашиныг Сэр-Оддамба жолоодож явсан. Би гомдолгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Сэр-Оддамба нь энэ гэмт хэргийг санаатай үйлдээгүй, байгалийн нөхцөл байдлаас шалтгаалж л ийм зүйл болсон гэж бодож байна. Мөн Сэр-Оддамба нь холбогдох хохирлыг барагдуулсан. Ямар нэгэн байдлаар хохирол дээр маргаангүй, гомдол саналгүй. Бид Сэр-Оддамбыг гуйж хөдөө хамт явсан юм.
    Сувд-Эрдэнэ гээд манай хамаатны охин явсан. Сувд-Эрдэнэ нь одоод дунд сургуулийн сурагч бөгөөд Улаан хадны даваан дээр автомашинаас хүмүүс буухад цуг буусан. Гэхдээ яг ослыг харсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Би дүгнэлтүүдтэй санал нэг байна. Тиймээс  гаргах санал хүсэлт байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 23 дугаар тал/

    Хохирогч Э.Тунгалагтамирын өгсөн: 


    “...би дээрх хүмүүсийг танина. Талийгаач Шүр-Эрдэнэ, Булгантөр нартай гэр бүлийн харилцаа холбоотой. Харин Сэр-Оддамбыг бол танина. Ямар нэгэн төрөл садангийн харилцаа холбоогүй. Би өмгөөлөгч сонгон аваагүй. Өмгөөлөгчгүй байцаалт өгнө. Би 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн төвөөс нөхөр Булгантөр, охин Шүр-Эрдэнэ, дүү Тунгалагсайхан, түүний нөхөр Хатанбаатар, найз Ууганаа нарын хамтаар Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Цэнхэрийн гол гэх газар руу хүүхдийн үсний найранд Сэр-Оддамбын 25-26 УБЗ улсын дугаартай Фургон маркийн автомашинаар очсон ба буцаад Архангай аймгийн төв орох гэж яваад Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Улаан хадны даваа гэх газар 23 цагийн орчимд зам тээврийн осолд орсон. Хэрэг болдог шөнө буюу 2016 оны 10 дугаар сарын 09-ний шөнө маш их нойтон цас ороод их гулгаатай болсон байсан ба Улаан хадны даваан дээр автомашин гарч ирэнгүүтээ газрын уруу руу гулгасан ба жолооч Сэр-Оддамба нь хүмүүсээ буулгасан. Тухайн автомашинд Булгантөр, Хатанбаатар, Сэр-Оддамба нар үлдээд талийгаач Шүр-Эрдэнэ, Сувд-Эрдэнэ, Тунгалагсайхан, Тунгалагсайханы бага насны охин, Ууганаа бид нар буусан. Би талийгаач охин Шүр-Эрдэнийг хөтлөөд Тунгалагсайхан өөрийнхөө охиныг хөтлөөд уулын уруу  руу замын хажуугаар уруудаад явж байсан юм. Гэтэл Ууганаа автомашины урд талд их согтуу байхаар нь Тунгалагсайхан дээрээс хүүхдүүдээ аваад ороод ирсэн. Тунгалагсайханы охин миний гараас мултраад гүйхээр нь араас нь охиныхоо гарыг тавиад хүүе гээд түүн рүү хоёр алхтал араас талийгаач охин маань ээж ээ гээд орилсон тэгээд буцаад талийгаач охин дээрээ ирэхэд автомашин ирээд талийгаач бид хоёрыг мөргөсөн. Ийм л зүйл болсон. Би маш их сандарсан. Хүний хүүхэд хөтөлж яваад автомашинд мөргүүлчих вий гэж бодоод Тунгалагсайханы охины араас хүүхдээ орхиод хоёр алхсан. Харин түүний араас охиноо орхиж холдоогүй бол автомашинд мөргүүлэхгүй байх боломжтой байсан. Тэгээд л нэг сэрэхэд автомашин дотор явж байсан ба эмнэлэг дээр ирсэн. Шүр-Эрдэнийг нас барсан гэж байсан. Би юу болоод байгааг мэдэхээ байсан. Миний баруун гар шуу хэсгээрээ хоёр удаа хугарсан, толгойндоо зөөлөн эдийн гэмтэл, хамар муруйсан зэрэг гэмтлүүд учирсан. Мөн миний биеийн баруун хэсэг мэдээ муутай байсан ба одоогийн байдлаар зүгээр байгаа. Улаанбаатар хотод Ачтан гэдэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Сэр-Оддамба өөрөө барьж явсан байх. Угаасаа өөр барих хүн байгаагүй. Үсний найран дээр архи уугаагүй. Тиймээс эрүүл байсан. Мөн Сэр-Оддамбын автомашин ч хэвийн л байсан. Сувд-Эрдэнэ бид нарын ард талд явж байсан. Би түүнийг үлдчихээр нь дуудсан юм. Бие засаад үлдчих шиг болсон. Би Сэр-Оддамбад гомдолгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Санал гэвэл Сэр-Оддамба нь надад жилдээ нэг удаа эмчилгээний зардал мөнгийг гаргаж өгч байвал хүн чанарын хувьд их тус болох гээд байна. Өөр зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/


    Гэрч Б.Уламбаярын өгсөн: 


    “...би өөрийн уншиж танилцсан гэрчийн эрх үүргийг болон хуулийн хариуцлагыг ойлголоо, асууж тодруулах зүйлгүй. Би Сэр-Оддамбыг л танина. Би түүнийтэй найз нөхдийн харилцаатай, бусад хүмүүсийг танихгүй. Дээрх хүмүүстэй төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Би энэ талаар сонссон. Нарийн сайн мэдэхгүй байна. Миний эзэмшилд дээрх авто машин байдаг.  Гэхдээ би автомашинаа Архангай аймаг руу өөрийн найз болох Сэр-Оддамбад зарсан. Тухайн авто машин одоо Сэр-Оддамбад байдаг. Би автомашинаа зарахдаа Сэр-Оддамбын нэр дээр шилжүүлж өгөөгүй юм. Тухайн автомашиныг Сэр-Оддамба худалдаж авсан учраас түүний эзэмшлийн автомашин юм. Нэр нь л минийх нэр дээр байдаг. Тухайн автомашин Сэр-Оддамбынх учраас надад угаасаа хамаагүй. Тиймээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэр-Оддамба өөрийн нэр дээр шилжүүлэх гэхээр Архангай аймгийн АРХ сертэй хөдөө орон нутгийн дугаар авах учраас Улаанбаатарын дугаартайгаа байж байг гээд л шилжүүлээгүй юм. Би түүнтэй 10 гаруй жил найзалж нөхөрлөж байгаа Сэр-Оддамба нь даруу төлөв, хүнд тусархаг сайн хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/


    Насанд хүрээгүй гэрч Б.Сувд-Эрдэнийн өгсөн: 


    “...би Шүр-Эрдэнэ, Тунгалагтамир, Булгантөр нарыг танина. Би энэ хүмүүстэй төрөл садангийн харилцаа холбоотой. Харин Сэр-Оддамбыг танихгүй. Би мэдүүлэг өгнө. Надад татгалзах зүйл байхгүй. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би Булгантөр түүний охин Шүр-Эрдэнэ, Тунгалагсайхан, Тунгалагтамир, Ууганаа гэх танихгүй ах, Хатанбаатар ах, Тунгалагсайхан эгчийн бага насны охин зэрэг хүмүүстэй Сэр-Оддамба гэгчийн Фургон маркийн автомашинтай Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутгаас Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон гэх газарт очиж үсний найранд орчихоод буцсан юм. Тэгээд Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Улаан хадны даваан дээр гарч ирсэн. Тухайн үед маш их нойтон цас орж байсан учраас Улаан хадны даваан дээр гарч ирэхэд автомашин гулссан юм. Сэр-Оддамба автомашинаа зогсоосон ба Сэр-Оддамба нь Тунгалагтамир, Тунгалагсайхан, Шүр-Эрдэнэ, Тунгалагсайханы бага насны охин, Ууганаа гэх ах бид нарыг автомашинаас буулгасан. Тэгээд Тунгалагтамир эгч Шүр-Эрдэнэ, Тунгалагсайхан эгчийн бага насны охин хоёрыг хөтлөөд уруудаж явсан ба Тунгалагсайхан эгч хамт уруудаж байгаад Ууганаа гэх ахыг авахаар автомашин дээр эргээд очсон. Ууганаа ах их согтуу газар унаад явж чадахгүй байсан. Харин би автомашины ард талд бие засчихаад байж байсан ба доороос Тунгалагтамир эгч намайг дуудсан. Тэгээд би ганцаараа доошоо уруудаад явж байсан, мөн Тунгалагсайхан Ууганаа ах хоёр миний ард явж байсан гэхдээ харанхуй байсан учраас намайг анзаарч харсан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд явж байтал хажуугаар автомашин шууд ороод ирсэн тэр чигээрээ доошоо уруудсан. Яг хүн дайрахыг нь бол харж амжаагүй. Тэгээд араас нь буухад Шүр-Эрдэнэ газар уначихсан хамар амнаас нь цус гарчихсан, нас барчихсан байдалтай байсан. Харин Тунгалагтамир эгч Шүр-Эрдэнийн доод руу ойролцоогоор 10 гаруй метр зайд хэвтэж байсан. Тунгалагсайхан эгч ч гэсэн Шүр-Эрдэнэ, Тунгалагтамир эгч хоёр дээр очсон. Ийм л зүйл болсон. Автомашин бүр доошоо уруудаад явчихсан байсан. Их л бартаатай л юм шиг байсан. Би сайн хэлж мэдэхгүй байна. Зам тээврийн осол бол ойролцоогоор 23 цагийн орчимд болсон. Тухайн үед цас орж байсан их ч сандарсан. Нилээн л хурдтай буусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/


    Гэрч Г.Ууганбаатарын өгсөн:


    “...гэрчийн эрх үүрэгтэй болон хуулийн хариуцлагатай холбогдуулан асуух зүйл байхгүй. Би Сэр-Оддамба, Тунгалагтамир, Булгантөр, Шүр-Эрдэнэ нарыг танина. Ямар нэгэн төрөл садан, гэр бүлийн харилцаа холбоо байхгүй. Би Сэр-Оддамбатай багын найзууд байгаа юм. 2016 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Улаан хадны даваа гэх газар Сэр-Оддамба нь 25-26 УБЗ улсын дугаартай Фургон автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Шүр-Эрдэнийг дайрч амь насыг нь хохироож Тунгалагтамирын биед гэмтэл учруулсан. Тухайн үед ойролцоогоор 23 цаг болж байсан ба нойтон цас ороод маш их гулгаатай байсан. Улаан хадны даваан дээр цаанаасаа гарч иртэл автомашин гулссан. Тэгээд Сэр-Оддамба нь хүмүүсээ буулгасан. Би болон Тунгалагсайхан, Тунгалагтамир, Тунгалагсайхан Тунгалагтамир нарын бага насны хүүхдүүд буусан. Харин автомашинд Булгантөр, Хатанбаатар нар суугаад үлдсэн. Тэгээд автомашинаас буугаад автомашины орчимд байж байтал Тунгалагсайхан намайг ирж аваад уруудаад алхаж явсан. Тунгалагтамир, Шүр-Эрдэнэ, Тунгалагсайханы охин хальт харагдсан. Үүнээс өмнө Тунгалагсайхан нь холдоорой гэж хашгарах шиг болсон. Би их согтуу алхаж ч чадахгүй уначих гээд байсан. Тэгээд Тунгалагсайхан намайг түшиж буулгаж байсан. Осол болох үед нойтон цас маш их орж байсан. Их гулгаатай байсан. Би үүнийг сайн мэдэхгүй байна. Би гадаа явж байсан учраас үүнийг мэдэх боломжгүй. Ямар ч байсан Цэнхэрийн гол руу явж байхад болон наашаа буцаж явахад бол автомшины тормоз нь зүгээр байсан. Цэнхэрийн голоос Улаан хадны даваан дээр ирэхэд Өлтийн даваа болон нэрийг нь мэдэхгүй нийт хоёр огцом уруутай бартаа ихтэй даваа давахад зүгээр байсан. Улаан хадны даваан дээр юу болоод автомашинаа доош нь алдсан талаар нь мэдэхгүй байна. Би түүний автомашинд сууж явсан учраас хэрэг учрал болохос өмнө тормоз нь барьж байсанг мэдэж байна. Сэр-Оддамба өөрөө жолоодож явсан. Их гуу жалга ихтэй, үерийн усанд зам нь эвдэрсэн байсан. Ер нь их бартаа саадтай газар байгаа юм. Сэр-Оддамба болон эмэгтэйчүүдээс бусад хүмүүс их согтуу байсан. Сэр-Оддамба бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Замын хойд талд мөргүүлсэн байсан. Эхлээд талийгаач Шүр-Эрдэнэ байсан Шүр-Эрдэнэийн доод талд 10-15 метрийн зайд Тунгалагтамир хэвтэж байсан. Яг нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Яг хэдэн км цагийн хурдтай явсан талаар хэлж мэдэхгүй гэхдээ их эрчтэй л уруудсан. Цас их ороод байсан учраас мөр нь мэдэгдэхгүй болсон байсан.
    Сувд-Эрдэнэ хамт явсан. Сувд-Эрдэнэ нь Булгантөр, Тунгалагтамир, Хатанбаатар, Тунгалагсайхан нарын хамаатны охин гэсэн. Надаас тухайн үед Сувд-Эрдэнэ гэгч хүн явсан уу гэж асуугаагүй. Сувд-Эрдэнэ нь ямар ч байсан зам тээврийн осол болох үед бол байсан. Автомашинаас буусан. Би их согтуу байсан учраас зам тээврийн осол болох үед хаана явж байсанг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33, 34 дүгээр тал/

    Гэрч Б.Хатанбаатарын өгсөн: 


    “...би дээрх хүмүүсийг танина. Харин Булгантөр, Шүр-Эрдэнэ, Тунгалагтамир нартай төрөл садангийн харилцаа холбоотой. Мэдүүлэг өгөхөд ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг ойлголоо. 2016 оны 10 дугаар сарын 09-ний шөнө Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Улаан хадны даваа гэх газар Сэр-Оддамба нь 25-26 УБЗ улсын дугаартай Фургон маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж Шүр-Эрдэнийн амь насыг хохироож, Тунгалагтамирын биед гэмтэл учруулсан. Би яг осол болох үед автомашин дотор Булгантөртэй хамт суугаад Сэр-Оддамба автомашинаа жолоодож явсан. Улаан хадны даваан дээр гараад иртэл автомашин гулссан ба Сэр-Оддамба автомашинаа зогсоогоод дотор байсан манай эхнэр, хүүхэд, Ууганаа, Тунгалагтамир, Шүх-Эрдэнэ нарыг буулгасан. Тэгээд араас нь автомашинтайгаа бууж яваад Шүр-Эрдэнэ, Тунгалагтамир нарыг мөргөсөн. Яг юу болоод байгааг сайн анзаарч чадаагүй, тухайн үед би маш их согтуу байсан. Сэр-Оддамба өөрөө автомашин жолоодож явсан. Би урд суудал дээр нь буюу жолоочийн хажуу талд сууж явсан, Булгантөр арын суудалд сууж явсан. Зам тээврийн осол болох үед нойтон цас ороод байсан. Их л эвгүй уруу газар байсан. Автомашинаас хүмүүсийг буулгачихаад зогсож байгаад хөдлөнгүүтээ л шууд тэр чигээрээ эрчээ аваад явсан. Тэгээд хүн гэж надад хэлсэн. Автомашин уруудаад эрчээ аваад замаас гараад чигээрээ явж байхад ард талд гэнэт л хүмүүс харагдсан. Тэгээд л хүн мөргөх шиг болсон. Их согтуу байсан учраас яг нарийн сайн санахгүй байна. Сэр-Оддамба нь миний мэдэж байгаагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тийм анзаарах сөхөө болоогүй. Тормоз нь бариагүй л байх гэж бодож байна. Шороон замын ард талд буюу ертөнцийн зүгээр хойд талд нь мөргөсөн. Яг хэнийг н түрүүлж мөргөөл хэнийг нь дараад мөргөсөн, хоёулаа зэрэг мөргүүлсэн эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Гэрэлд л хүмүүс ороод ирсэн. Нилээн эрчтэй л уруудсан.
Манай хамаатны охин болох Сувд-Эрдэнэ гэгч  дунд сургуулийн сурагч охин хамт явсан. Хэрэг болох үед байсан. Мөрдөн байцаагч асуугаагүй юм. Тэгээд хэлээгүй. Гэхдээ ямар нэгэн нууж хаасан зүйл байхгүй. Хэргийн талаар мэдэж л байгаа. Яг хүн дайрагдсан эсэхийг харсан уу гэдгийг бол би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37, 39 дүгээр тал/

Гэрч Э.Тунгалагсайханы өгсөн: 

“...Сэр-Оддамбыг танина. Төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Харин Булгантөр, Тунгалагтамир, талийгаач Шүр-Эрдэнэ нартай төрөл садангийн харилцаатай. Би мэдүүлэг өгнө. Татгалзах зүйл байхгүй. Би хуульд заасан хариуцлагыг ойлголоо асуух зүйл байхгүй. Булгантөр, Ууганаа, Тунгалагсайхан манай нөхөр Хатанбаатар бид нар танил Сэр-Оддамба гэгч залууг гуйгаад 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Цэнхэрийн гол руу хүүхдийн  үсний найранд явцгаасан. Сэр-Оддамба нь 25-26 УБЗ улсын дугаартай Фургон маркийн автомашинтай явсан. Тэгээд тус оройноо буюу 2016 оны 10 дугаар сарын 09-ний орой Цэнхэрийн голоос Архангай аймаг руу буцаж явж байгаад Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Улаан хадны даваа гэх газар зам тээврийн осолд орцгоосон. Бид нарыг Цэнхэрийн голоос Архангай аймгийн төв рүү явж байх замд цас ороод эхэлсэн. Тэгээд Улаан хадны даваан дээр гарч ирээд автомашин гулссан ба Сэр-Оддамба автомашинаа зогсоогоод хүмүүсээ буулгасан. Харин автомашинд Хатанбаатар, Булгантөр, Сэр-Оддамба гурав үлдсэн. Би болон манай бага насны нэг хүүхэд, Тунгалагтамир эгч, талийгаач Шүр-Эрдэнэ, Ууганаа бид нар бууцгаагаад даваа уруудаад алхсан. Яг энэ үед Сэр-Оддамба надад хандаж цаад хүмүүсээ замаас гаргаарай гэж байсан. Тэгээд эргээд хартал Ууганаа автомашины урд нь их ойрхон байсан ба их согтуу байхаар нь би буцаж алхаад Ууганааг очиж авсан. Тэгээд Ууганааг аваад замын хажуугаар уруудаад алхтал араас автомашин Ууганаа бид хоёрын хажуугаар гараад явчихсан ба би холдоорой гээд орилсон. Автомашин замаас гараад чигээрээ уруудсан. Тэгээд Шүр-Эрдэнэ, Тунгалагтамир нар автомашины гэрэлд хальт харагдаад л өнгөрсөн харин манай бага насны охин автомашинаа холдож гүйж байгаа нь мөн хальт харагдсан. Тэгээд автомашин чигээрээ тэр чигтээ зогсохгүй уруудаад яваад өгсөн. Уруудаад гүйгээд очтол Шүр-Эрдэнэ газар уначихсан, хамраас нь цус гарчихсан байдалтай байсан ба намайг очиход гүнзгий урт амьсгаа аваад л өөр чимээ гаргаагүй. Тэгээд л нас барсан байх, тэгээд доош уруудаад Тунгалагтамир эгч дээр очиход Шүр-Эрдэнээс ойролцоогоор 10 гаруй метрийн зайд хэвтэж байсан. Бие нь их муу байх шиг байсан. Ийм л зүйл болсон. Зам тээврийн осол ойролцоогоор 23 цагийн үед болсон бөгөөд гадаа цас ороод хайлаад байсан. Би маш их сандарсан. Тэгээд тухайн автомашиндаа хүмүүсээ суулгаад талийгаачийг аваад эмнэлгийн байгууллагад ирцгээж холбогдох байгууллагад нь болсон асуудлын талаар мэдэгдсэн. Уг автомашин нь Сэр-Оддамбын автомашин байсан ба Сэр-Оддамба өөрөө автомашин жолоодсон гэсэн. Энэ талар өөрөө бид нарт хэлсэн. Яг осол болох үед автомашин дотор Булгантөр, Хатанбаатар нар сууж явсан. Нилээн уруу гуу жалгатай бартаа ихтэй газар байсан. Сэр-Оддамба архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин Булгантөр, Ууганаа, Хатанбаатар нар их согтуу байсан. Тунгалагтамир эгч бид хоёр эрүүл байсан. Хажуугаар л өнгөрөөд явсан. Мэдээж зогсоох арга хэмжээ авсан байх. Харин тухайн үед цас хайлаад маш их хальтиргаа гулгаатай байсан учраас л ийм зүйл болсон болов уу гэж бодож байна. Шороон замынхаа ертөнцийн зүгээр хойд талд л хоёулаа мөргүүлсэн. Автомашин замаас гарч яваад дээрх хоёр хүнийг мөргөсөн. Осол болсны маргааш нь очиход цас хайлаад дуусч байсан ба нэг их мөр гээд байх зүйл байхгүй байна лээ. Би яг ослыг нүдээрээ харсан учраас сайн мэдэж байгаа.
Сувд-Эрдэнэ хамт явсан. Би энэ талаар хамгийн анх Цагдаагийн байгууллагад тайлбар өгөхдөө хэлсэн байгаа. Сувд-Эрдэнэ нь намайг Ууганааг автомашины урд талаас аваад уруудаж байхад ганцаараа бид хоёрын урд явж байсан. Харин Тунгалагтамир эгч талийгаач Шүр-Эрдэнэ манай бага насны охин гурав тусдаа доор уруудаж явсан. Сувд-Эрдэнэ нь сүүлд надад хэлэхдээ бие засах гээд машины ард үлдсэн байсан гэсэн. Намайг талийгаач Шүр-Эрдэнэ,  эгч Тунгалагтамир хоёрыг автомашинд мөргүүлсэний дараа гүйж очиход Сувд-Эрдэнэ очсон байсан шиг санагдаж байна. Одоо сайн санахгүй байна. Асуугаагүй, тийм учраас яриагүй. Фургон дотор бид нартай хамт явж байгаад Улаан хадны даваан дээр буухад хамт автомашинаас буусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42, 43 дугаар тал/ 

Гэрч Э.Булгантамирын өгсөн: 

“...би гэрчийн эрх үүргийг ойлголоо. Асууж тодруулах зүйлгүй. Би Сэр-Оддамбыг сайн танихгүй. Харин бусад хүмүүсийг бүгдийг нь танина. Төрөл садангийн харилцаа холбоотой. Би мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Би 2016 оны 10 дугаар сарын 09-ний шөнө 23 цагийн орчимд Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Улаан хадны даваа гэх газар эгч Тунгалагсайхан, Тунгалагтамир, хүргэн ах Булгантөр, Хатанбаатар, тэдгээрийн хүүхдүүдийн хамтаар Цэнхэрийн гол руу хоёр машинд хуваагдан суугаад хүүхдийн үсний найранд оччихоод буцаж явсан. Би өөр машинтай явж байсан. Харин Тунгалагсайхан, Тунгалагтамир, Булгантөр, Хатанбаатар нар хүүхдүүдтэйгээ жолооч Сэр-Оддамбын автомашинд сууцгааж явсан. Мөн Сэр-Оддамбын автомашинд Ууганаа гэгч сууж явсан. Тэгээд Улаан хадны даваа руу миний суусан байсан автомашин түрүүлж буугаад тэгшхэн газар зогсож байтал Сэр-Оддамба Фургон машинтайгаа маш эрчтэйгээр доошоо буусан. Гэтэл миний зогсож байсан газрын дээр хүмүүс орилолдоод эхэлсэн. Тэгээд даваа руу явган өгсөөд очтол манай эгч Тунгалагтамир хэвтэж байсан, түүнээс цааш ойролцоогоор 10-15 метрийн зайд манай нагац дүү Шүр –Эрдэнэ хэвтэж байсан ба түүн дээр очиход амнаас нь цус гарчихсан, ямар нэгэн амьсгалгүй болчихсон байсан. Тухайн фургон машинд дайруусан байх. Сүүлд нь сонсоход Сэр-Оддамбын автомашин Улаан хадны даваан дээр гарч ирээд гулссан гэсэн. Тэгээд Сэр-Оддамба хүмүүсээ буулгаад доош уруудсан юм байна лээ. Тэгээд гулгасан юм уу, автомашинаа алдсан юм уу тэр чигээрээ л буугаад ирсэн би түүнийг автомашиныг өөрийнхөө сууж явсан автомашины толинд харсан юм. Гэхдээ хүн дайрч шүргэж байгаа нь бол харагдаагүй. Хэрэг болох үед нойтон цас орж байсан, газарт цасан давхарга тогтсон байсан. Тухайн Улаан хадны даваа нь өндөр гуу, ганга, жалгатай газар байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар тал/

Гэрч Д.Дуламрагчаагийн өгсөн : 

“...би Сэр-Оддамбын эхнэр нь бөгөөд түүнтэйг гэр бүлийн харилцаатай. Булгантөр, Тунгалагтамир, талийгаач Шүр-Эрдэнэ нарыг танихгүй. Ямар нэгэн төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Би мэдүүлэг өгнө. Татгалзах зүйлгүй. Би өөрийн нөхөр Сэр-Оддамбыг 2016 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Улаан хадны даваа гэх газар өөрийн эзэмшлийн 25-26 УБЗ улсын дугаартай фургон маркийн автомашинтайгаа явж байгаад Шүр-Эрдэнийг мөргөж амь насыг нь хохироож, Тунгалагтамир гэгчийг шүргэж биед нь гэмтэл учруулсан гэсэн. Энэ талаар Сэр-Оддамбаас өөрөөс нь сонссон. Яг зам тээврийн ослыг хажуугаас нь хараагүй учраас юу болсон талаар нь бол нарийн хэлж мэдэхгүй байна. Би өөрийн нөхөр Сэр-Оддамбатай 2006 онд анх танилцаад үерхэж байгаад 2009 онд хуримаа хийж албан ёсоор гэр бүл болсон. Сэр-Оддамба нь айлын том хүү бөгөөд хоёр эмэгтэй дүүтэй хүн юм. Манай нөхөр Сэр-Оддамба нь 2001 онд цэргийн алба хаагаад 2002 онд халагдсан, жолооч мэргэжилтэй. Одоогоор манайх 7 настай, 4 настай, 9 настай гурван хүүтэй ам бүл тавуулаа амьдарч байна. Манай нөхөр Сэр-Оддамба нь янз бүрийн ааш авиргүй мөрөөрөө, хүнтэй хэрүүл маргаан, зодоон цохион хийгээд байдаггүй. Хүмүүстэй их нийтэч найз нөхөд олонтой, хүнд итгэмтгий, ажилсаг хичээнгүй сайн хань, сайн эцэг хүн байгаа юм. Мөн хүнд их тусархаг хүн юм. Манай нөхөр Сэр-Оддамба нь баяр ёслолоор бол өөртөө тааруулан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Харин бусад үед бол ямар нэгэн онцын шаардлагагүй үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Мөн тамхи татдаггүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн догшин ааш авиргүй хэвийн л байдаг. Сэр-Оддамбын найзуудын дунд муу хүмүүс байдаггүй. Архи дарс хэрэглээд гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдоод байдаггүй л хүмүүс байгаа юм. Сэр-Оддамба дээрх автомашиныг найз Уламбаяраасаа худалдан авч байсан бөгөөд одоогийн байдлаар нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа Уламбаярын нэр дээр байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал /

Сэжигтэн, яллагдагчаар Ш.Сэр-Оддамбын өгсөн: 

“...би өмгөөлөгч сонгон аваагүй. Өмгөөлөгчгүй байцаалт өгнө. Би мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би 2016 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Улаан хадны даваа гэх газар өөрийн эзэмшлийн 25-26 УБЗ улсын дугаартай Фургон маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж Шүр-Эрдэнийг мөргөж амь насыг нь хохироож Тунгалагтамирыг мөн шүргэж биед нь гэмтэл учруулсан. Би өөрийнхөө автомашинтайгаа Ууганаа, Булгантөр, Тунгалагтамир, Тунгалагсайхан, хоёр бага насны хүүхэд суулгаж явсан. Бид нар Цэнхэрийн гол руу хүүхдийн үсний найранд оччихоод буцаад Архангай аймаг руу явж байсан ба явж байх замд нойтон цас ороод байсан. Тэгээд Улаан хадны даван дээр гарч иртэл миний автомашин гулссан ба би автомашиныхаа тормозыг гишгэж зогсоосон. Автомашинаа зогсоогоод дотор явсан Тунгалагтамир, Тунгалагсайхан, Ууганаа болон хоёр бага насны хүүхэд зэргийг буулгасан. Тэгээд автомашинаас буусан хүмүүс доошоо уруудаад явсан. Харин Ууганаа миний автомашины урд байгаад байсан. Ууганааг Тунгалагсайхан буцаж ирж аваад алхсан. Би Тунгалагсайханд хандаж наад хүмүүсээ холдуулаарай гэж хэлсэн. Миний автомашинд Хатанбаатар,  Булгантөр бид гурав үлдсэн. Тэгээд автомашинаа асаагаад уруудсан. Гэтэл шууд гулгаад эхэлсэн би автомашиныхаа мост хүндрүүлэгчийг залгаад тормозоо гишгээд нэгдүгээр араандаа хийгээд уруудсан юм. Нойтон цасан дээр гулгаад улам эрчээ авч байсан. Зогсоох ямар ч боломжгүй байсан. Ямар ч жолоодлогогүй болсон. Тэгээд хүмүүс дээр тулаад очтол тэд нар хочр тийш бутраад гүйцгээсэн. Би яах ч аргагүйгээр Шүр-Эрдэнийг мөргөсөн, харин Тунгалагсайханыг бол автомашины баруун гар талаар шүргэх шиг болсон. Угаасаа цас манараад их ширүүн орж байсан учраас яг нарийн сайн харагдаагүй. Тэгээд цааш шууд тэр чигээрээ гулсаад улам эрчээ аваад л явсан. Шүр-Эрдэнэ, Тунгалагтамир нар автомашинд мөргүүлээд шидэгдсэн үү, машин доогуур орсон уу гэдгийг мэдэхгүй байна. Цаг агаарын нөхцөл байдал маш хүнд байсан. Нойтон цас маш хүчтэй орж байсан. Би эхлээд Шүр-Эрдэнийг мөргөсөн, дараа нь Тунгалагтамирыг шүргэсэн. Би хэрэг болох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Ууганаа, Булгантөр, Хатанбаатар нар бол маш их согтуу байсан. Тунгалагтамир, Тунгалагсайхан нар бол эрүүл байсан. Гуу жалга ганга ихтэй бартаатай газар байсан. Миний автомашины бүх зүйл ажиллаж байсан. Гагцхүү цас ороод маш их гулгаатай болсон байсан. Би энэхүү автомашиныг өөрийн найз Уламбаяр гэгчээсээ худалдан авч байсан. Одоогоор би өөрийн автомашинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж амжаагүй байна. Бид хоёр автомашин худалдан авах болон худалдах гэрээ байгуулаагүй. Учир нь бид хоёр найзалж нөхөрлөөд 10 гаруй жил болж байгаа учраас би түүнд итгэдэг. Би хохирол мөнгөө бүрэн барагдуулсан. 
Надад ял сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Асуух тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгч сонгон аваагүй бөгөөд өмгөөлөгчгүй байцаалт өгнө. Би мэдүүлэг өгнө. Би ямар нэгэн байдлаар гэмтэл бэртэл аваагүй. Сувд-Эрдэнэ гэдэг дунд сургуулийн сурагч охин байсан. Сувд-Эрдэнэ, Булгантөр, Хатанбаатар, Тунгалагтамир, Тунгалагсайхан, талийгаач Шүр-Эрдэнэ нарын төрлийн хүүхэд юм байна лээ. Би Улаан хадны даваан дээр гарч ирээд Сувд-Эрдэнийг хүмүүстэй хамт буулгасан. Миний автомашинд Булгантөр, Хатанбаатар хоёр л үлдсэн байсан. Тухайн үед нойтон цас бударч орж байсан. Маш их гулгаатай байсан. Тиймээс би хүмүүсээ буулгасан. Зам тээврийн осол 23 цагийн орчимд л болсон. Зам тээврийн осол болсон газар Архангай аймгийн Булган сумын Баянбулаг баг Улаан хадны даваа гэх газар болсон. Би хохирлоо барагдуулж дуусгасан. Үйлдсэн хэргээ зөвшөөрч байгаа. Би маш их гэмшиж байна. Дахин энэ төрлийн болон захиргааны зөрчил үйлдэхгүй. Би гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85, 87-88 дугаар тал/

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтэд: “...1. Талийгаач Б.Шүр-Эрдэнийн биед оношын 1-рт тусгагдсан цээж, хэвлийн хөндийн битүү хүнд гэмтэл, 2-рт тусгагдсан түүний хүндрэл, нүүр, хүйсний баруун хажууд зулгаралт, зүүн суга, баруун өвдөгний гадна хажууд цус хуралт, дагз орчим хуйхан доор цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэл буюу талийгаачийн босоо байдалд байх үед автомашин ар талаас мөргөж шидэгдэх үед үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4. Дээрх цээж, хэвлийн хөндийн битүү гэмтэл нь үхэлд хүргэх хүнд зэргийн гэмтэл байна. 5. Талийгаач нь цээж, хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас дотуур хурц цус алдаж нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар тал/

* Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын оношлогч инженер М.Энхбатын 2016 оны 11 сарын 16-ны өдрийн дүгнэлт: 

Дүгнэлтэд: “...1. Тээврийн хэрэгслийн гар тоормос барихгүй, салхины шил цуурснаас өөр эвдрэл гэмтлүүд байхгүй байв. 2. Уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд тоормоз ажиллахгүй байсан. Тээврийн хэрэгслийн дүгнэлтийн хуудсыг хавсаргав. 3. Дээрх гар тоормоз барихгүй салхины шил цуурсан эвдэрлүүд нь ослоос өмнөх гэмтлүүд байж болно. 4. Уг тээврийн хэрэгслийн Хүндрүүлэгч мостийг шалгаж үзэхэд хэвийн ажиллагаатай байсан болно. 5. Дээрх эвдэрлүүд нь осол гарахад нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар тал/

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 11-ний өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

Дүгнэлтэд: “...Ш.Сэр-Оддамбын гэх цусанд спиртийн алкоголь илрээгүй...” гэх дүгнэлт хх-ийн 63 дугаар тал

* Архангай аймах дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 10 сарын 26-ны өдрийн 99 дугаартай дүгнэлт: 

Дүгнэлтэд: “...1. Жолооч Ш.Сэр-Оддамба нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” , мөн дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл , осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн зам тээврийн осол гарахад нөлөөлнө. 3. Осол хэрэг гарсан зам нь шороон, уруу, нойтон, чөлөөтэй зам байх ба энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. 4. Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Отгонжаргалын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 61 тоот дүгнэлтээр жолооч Ш.Сэр-Оддамбын гэх цусанд спиртийн алкоголь илрээгүй байна. Үүгээр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь тогтоогдож байна. 5. Жолооч Ш.Сэр-Оддамба нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” , мөн дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл , осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. 6. Жолооч Сэр-Оддамба нь 186026 дугаартай BCDE ангилалтай жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. 7. Асуултанд тусгагдаагүй нөхцөл байдал илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар тал/

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 сарын 05-ны өдрийн 528 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

Дүгнэлтэд: “...1.Э.Тунгалагтамирын биед баруун шуу ясны далд хугарал, тархи доргилт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Осолд орсон тухайн цагт үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д баруун шуу ясны хугарал нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 67 дугаар тал/ 

* Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/
* Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 6 дугаар тал /
* Ослын газрын схем зураг /хх-ийн 7 дугаар тал/ 
* Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8, 9, 16, 53-55 дугаар тал/
* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82, 83 дугаар тал/ зэргийг тус тус шинжлэн судлав. 

Дээрхи нотлох баримтуудаар 2016 оны 10 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр Улаан хадны даваа гэх газарт шороон зам дээр зам тээврийн осол гарч иргэн Б.Шүр-Эрдэнийн амь хохирсон, хохирогч Э.Тунгалагтамирын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна. 


Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Сэр-Оддамбыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 


Шүүгдэгч Ш.Сэр-Оддамба нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр Улаан хадны даваа гэх газарт шороон зам дээр 25-26 УБЗ дугаартай Фургон маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалт, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч Б.Шүр-Эрдэнэ, Э.Тунгалагтамир нарыг мөргөж, Б.Шүр-Эрдэнийн амь насыг хохироосон болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 91 дугаартай дүгнэлтээр, Э.Тунгалагтамирын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 сарын 05-ны өдрийн 528 дугаартай дүгнэлтээр, хохирогч Ц.Булгантөр, хохирогч Э.Тунгалагтамир, гэрч Б.Уламбаяр, Г.Ууганбаатар, Б.Хатанбаатар, Э.Тунгалагсайхан, Э.Булгантамир, Д.Дуламрагчаа, насанд хүрээгүй гэрч Б.Сувд-Эрдэнэ нарын мэдүүлэг, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч Ш.Сэр-Оддамбын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 


Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж, шинжлэн судалсаны үндсэн дээр шүүгдэгч Ш.Сэр-Оддамба нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас Б.Шүр-Эрдэнийн амь насыг хохироосон, хохирогч Э.Тунгалагтамирын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзэв.


Иймд шүүгдэгч Ш.Сэр-Оддамбыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 


Шүүгдэгч Ш.Сэр-Оддамба нь хэдийгээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, оршуулгын зардлыг нөхөн төлсөн боловч хүний амь нас хохирсон, хохирогч Э.Тунгалагтамир гомдолтой, нэхэмжлэх зүйл байгаа гэдгээ илэрхийлсэн болох нь утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдох тул хохирол барагдуулсан, гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй байна. 


Түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээг оногдуулав. 


Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн 25-26 УБЗ улсын дугаартай Фургон маркийн автомашиныг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 40-4А тоотод оршин суух Боржигон овогт Шинэдэнцэлийн Сэр-Оддамбад буцаан олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ш.Сэр-Оддамба нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Ш.Сэр-Оддамбын №186026 дугаартай BCDE ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. 


       Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар  зүйлүүдэд  заасныг удирдлага болгон 


ТОГТООХ нь:


1. Шүүгдэгч Боржигон овогт Шинэдэнцэлийн Сэр-Оддамбыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Ш.Сэр-Оддамбыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ш.Сэр-Оддамбад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
 
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 25-26 УБЗ улсын дугаартай Фургон маркийн автомашиныг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 40-4А тоотод оршин суух Боржигон овогт Шинэдэнцэлийн Сэр-Оддамбад буцаан олгосугай.

5. Шүүгдэгч Ш.Сэр-Оддамба нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Э.Тунгалагтамир өөрт учирсан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Ш.Сэр-Оддамбад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэгт хураагдан ирсэн №186026 дугаартай Ш.Сэр-Оддамбын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Сэр-Оддамбад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж шүүгдэгч Ш.Сэр-Оддамбад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ГАНДОЛГОР