Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 1060

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00638 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Г,

Хариуцагч МҮЭХ-ны харьяа ҮҮТ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, Н.Мөнхзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажлаа хийж байгаад Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны харьяа ҮҮТийн захирлын зөвшөөрлийн үндсэн дээр 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 3 хоног сургалтад суусан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 02, 03, 16-ны өдрүүдэд ажилдаа ирсэн болох нь баримтаар нотлогдож байгаа.

2017 оны 11 дүгээр сард ээлжийн амралт авах төлөвлөгөөтэй байсан боловч 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс амралтаа авмаар байна гэдгээ хүний нөөцийн ажилтанд хэлэхэд амаар зөвшөөрөөд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл амрах юм байна гээд ярилцаад ажлаа дуусгаад амрахаар явсан. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авч, амарч байх хугацаанд надад мэдэгдэлгүй, захирлын зөвлөлийн хурлаар оруулалгүй МҮЭХолбооны харьяа Үйлдвэрлэл, үйлчилгээний төвийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 144 тоот тушаал гаргаж намайг үүрэгт ажлаас үндэслэлгүй халсан бөгөөд би уг тушаалыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гардаж аваад шүүхэд хандсан.

Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нягтлан бодогч ажилтай Б.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа ирээд сургалтанд сууж байгаа тул 3 хоногийн чөлөө хүсэхэд нь 3 хоногийн чөлөө өгсөн. Байгууллагын дотоод журамд ээлжийн амралтыг захирлын тушаалаар олгоно гэж заасан байдаг бөгөөд ээлжийн амралтын хуудас авч хүний нөөц болон ерөнхий нягтлан бодогчдоо танилцуулах үүрэгтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь амаараа яриад л яваад байсан, мөн амрах тушаал гараагүй тул ажил тасалсан гэж үзнэ.

Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ажиллаж эхэлсэн байдаг бөгөөд Биокомбинатын захирлын Б/132 тоот тушаалаар ажилд томилогдсон байсан. МҮЭХ-ны ажилчдын цагийн бүртгэлийн системд бүртгүүлээгүй байсан үедээ өөр газар давхар ажиллаж байсан. Түүнчлэн 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрөөс хойш ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Хөдөлмөрийн гэрээний 6.1.ё-д Хүндэтгэх шалтгаангүйгээр ажлын дараалсан 2 ба түүнээс дээш хоног ажил тасалсан гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан. Мөн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №223 дугаартай Өдрийн сонинд худал ярилцлага өгч Байгууллагын нэр төрийг гутаасан мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан учир 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 144 тоот тушаал нь үндэслэл бүхий юм.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай Б.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ээлжийн амралтаа биеэрээ эдлэхээр эрх бүхий албан тушаалтанд хүсэлтээ өгсөн бөгөөд намайг амрахыг зөвшөөрсөн хариу өгсөн бөгөөд шүүх хэзээнээс амарсан нь тогтоогдохгүй, мөн ээлжийн амралт олгох захирлын тушаал гараагүй байна гэж үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан миний Хаан банк ХХК-ийн харилцах дансанд хариуцагч МҮЭХ-ны харьяа ҮҮТ нь ажлаас халагдах тушаал гарсны дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ээлжийн амралтын олговор, түлээний хөнгөлөлтийн мөнгө зэргийг шилжүүлсэн баримтаар ажилтан ээлжийн амралттай байсан нь тогтоогдож байгаа.

Миний бие Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан мэдээлэл авах эрх, 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үйл ажиллагаагаа идэвхитэн, гишүүдэд ил тод байлгах талаар МҮЭХ-ны удирдах албан тушаалтнуудаас шаардсан болохоос МҮЭХ-ны эсрэг үйл ажиллагаа явуулаад хохироосон, эсрэг үйл ажиллагаа явуулсныг нь тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хэрэгт байхгүй байхад шүүх нэхэмжлэгч нь хариуцагчийн эсрэг харш үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдож байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно хэмээн хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр МҮЭХ-ны 22 дугаар их хуралд МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд Үйлдвэрлэл, үйлчилгээний төвийн захирал нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 144 дугаартай тушаалаа уг сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлд үндэслэн гаргасан байдаг. Уг тушаалаар хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө хуулийн хариуцлага, шийтгэл хүлээлгэхгүй байх зарчмыг үгүйсгэж байхад анхан шатны шүүх тус тушаалыг үндэслэлтэй байна гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Б.Г нь ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч МҮЭ-ийн холбооны харьяа Үйлдвэрлэл үйлчилгээний төв эс зөвшөөрч марган, үндэслэлээ хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлажээ.

            2017 оны 10 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан гэх хариуцагчийн татгалзлыг ажилтан Б.Г эсэргүүцэж, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс ээлжийн амралтаа авах хүсэлт гаргасныг удирдлага зөвшөөрсөн гэх боловч дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна.

            Б.Г 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр МҮЭ-ийн холбооны Үйлдвэрлэл, үйлчилгээний төвийн захирал Н.Энхманлайд хандан 10 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны ээлжийн амралт олгохыг хүсчээ. /хх-42/

Захирал дээрх хүсэлттэй танилцаж, хүний нөөцийн менежерт цохолт хийхдээ 11 дүгээр сарын 11-ний өдрөөс амралтыг олгох талаар уулзаж тохиролцоно гэсэн боловч ээлжийн амралт олгосон талаарх шийдвэр хэрэгт авагдаагүй, 10 дугаар сард ажилдаа ирсэн тухай ажлын цагийн бүртгэлийн системд бүртгэлгүй байна. /хх-163/

Иймд ээлжийн амралтыг зөвхөн захирлын тушаалаар олгох байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 34 дүгээр зүйлийн 34.1, 34.6-д заасан журмын дагуу ажилтанд ээлжийн амралт олгогдоогүй, 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл олгосон чөлөөг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэн, тушаал гарах 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил тасалсан гэж үзэхээр байх тул хөдөлмөрийн гэрээний 3.4.8-д заасан үндэслэлээр Б.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах үндэслэл бүрдсэн байна.

Мөн ажилтан Б.Ггийн “Эв санааны нэгдлийн талбай байгуулахаар төлөвлөсөн газраа хивсэнцрээр сольчихсон” гэсэн гарчигтай ярилцлага 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Өдрийн сонин”-д гарсан нь хэрэгт баримтаар авагдсан ба уг ярилцлагад байгууллагын нягтлан бодогчийн ажил үүргийн хувьд мэдэх боломжтой “...зах зээлийн эхэн үед л гэхэд тэтгэвэр, тэтгэмж тавьдаг, төв талбайг тойрсон хоёр ч оффистой, спорт заалтай, уулын ам болгонд шахуу нийт 130 гаруй зуслантай, аймаг болгонд контортой, 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 650 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй, 300 гаруй авто машинтай...” байсан гэсэн мэдээллийг дурдаад дурдсан хөрөнгүүдийг үе үеийн дарга нар хувьдаа завшаад дуусч байна гэсэн нь түүнийг ажил олгогчтой 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 18 дугаартай Нууц хадгалах гэрээний 3.1.2-т заасан “ажилтан тус төвд ажиллах хугацаандаа ажил үүргээ гүйцэтгэх шаардлагын дагуу эзэмшиж, ажиллаж байгаа баримт, бичиг, мэдээ, мэдээлэл, программ хангамж, байгууллагын харилцагч, үйлчлүүлэгчийн хувийн нууцад хамаарах мэдээлэл болон ажил олгогчийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээлэл зэрэг байгууллагын нууцад хамаарахаар Төвийн дүрэм, дотоод журамд заасан аман болон бичгэн хэлбэрийн бүх төрлийн мэдээ, мэдээллийн нууцыг задруулахгүй байх, бусад этгээд олж авах, ашиглахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай бүх арга хэмжээг авах үүрэг”-ээ зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь МҮЭ-ийн холбооны Үйлдвэрлэл үйлчилгээний төвийн дотоод журмын /2017 оны/ 57 дугаар зүйлийн 57.1.5-д албан үүрэгтэйгээ холбоогүй асуудлаар байгууллагыг төлөөлөн шийдвэр гаргах, бусад мэдээлэл, ярилцлага өгөх, албаны мэдээллийг ашиг олох зорилгоор бусдад зуучлах, ашиглахыг ажилтны үйл ажиллагаанд хориглосон байна.

Иймд хөдөлмөрийн дотоод журмын 67.2.7, хөдөлмөрийн гэрээний 6-гийн 1 дэх хэсгийн б/-д заасан хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох үндэслэл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх байдлуудаас дүгнэвэл Монголын үйлдвэрчний эвлэлийн харьяа ҮҮТд нягтлан бодогч ажилтай Б.Гг тус төвийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 144 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байх бөгөөд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасанд нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                  Т.ТУЯА

 

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ