| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0299/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/315 |
| Огноо | 2023-08-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/315
2023 8 24 2023/ШЦТ/315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ж.Б,
шүүгдэгч З.Б, Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Б-д тус тус яллах дүгнэлт үйлдсэн, эрүүгийн 2325000000358 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Б.Б
Монгол Улсын иргэн, З.Б
Шүүгдэгч Б.Б нь;
2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг******тоотод хохирогч З.Б-н зурагтын антен, удирдлагыг дураараа авч хэрэглэн, буцаан авах талаар хэлсэн түүнтэй маргалдан өндөр настай, биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн толгойн тус газар нь модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч З.Б нь;
2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг ******* тоотод хохирогч Б.Б-тэй зурагтын антен, удирдлагыг дураараа авч хэрэглэсэн гэх шалтгаанаар түүнтэй маргалдан толгойн тус газар нь модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.Б “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
шүүгдэгч З.Б “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч З.Б “...2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр миний бэр Буянхишиг зурагтын антен болон удирдлагыг гэртээ аваад орчихсон байхаар нь “одоо баяр наадам болох гэж байна, би үзэх юмгүй болчихлоо, гэрт байсан зүйлийг оруулаад тавиадах” гэхэд хэл, үгээр доромжилж байгаад миний толгойг модоор цохиод хагалчихаар нь зөрүүлээд намайг цохисон модоор Буянхишигийн толгой руу цохиод хагалчихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
хохирогч Б.Б “...2023 оны 6 дугаар сарын дундуур хадам аав Баянсан ахмадын сувилалд хэвтэж байх хооронд манай гэрийн агаарын сувгийн төлбөр дуусчихаар нь нөхөр Батнасан хадам аавын гэрийн төхөөрөмжийг гэртээ оруулж ирээд тавьчихсан. Тэгсэн чинь өчигдөр хадам аав гэрт орж ирээд “гэрт байсан агаарын сувгийн төхөөрөмж одоо өгөөдөх, би юм үзнэ” гэхээр нь “манай агаарын сувгийн хугацаа дуусчихаад байна, таны төхөөрөмж дээр хүүхдүүдийн үздэг суваг гардаг юм чинь манайх тавиад, манай агаарын сувгийг та тавьчих, би маргааш банк ороод сунгаад өгье” гээд нөхөр Батнасан хэлсэн чинь хадам аав уурлаад “тийм юм байхгүй” гээд орилоод байхаар нь би “таныг орилоод байхаар хүүхэд айгаад, уйлаад байна, та гар” гэсэн чинь “чи намайг миний гэрээс хөөдөг хэн юм” гэж хэлээд надруу дайраад байхаар нь би гал түлэх гээд бариад сууж байсан модоо аваад шидчихсэн чинь хөлийг нь оносон. Би том өрөөндөө орсон чинь араас миний шидсэн модыг барьж орж ирээд намайг буланд шахаж байгаад модоороо миний толгой хэсэгт цохисон чинь толгойноос их хэмжээгээр цус гарахаар нь “миний толгойг хагалж байгаа юм бол би бас толгойг чинь хагалчихъя” гэж хэлээд зуухны хажууд байсан түлээний савнаас жижиг мод аваад шидсэн чинь толгойг нь оночихсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
Б.Б яллагдагчаар өгсөн “...хадам аав гэрт орж ирээд хэрүүл хийгээд нөхөр маргалдаад байхаар нь би “та одоо гараач, шөнө орой орж ирчихээд хэрүүл хийгээд байх юм” гээд халуун савны таг аваад шидсэн, надруу босоод ирэхээр нь түлээний хайрцагт байсан модыг аваад шидсэн чинь толгой дээр нь оносон, тухайн модоороо миний толгойруу цохиод хагалсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
З.Б яллагдагчаар өгсөн “...бэр Буянхишиг намайг түлээний модоор цохиод авахаар нь би хүнийг цохихоор ямар байдгийг өөрт нь мэдрүүлэх гээд намайг цохисон модоор өөрийг нь буцаагаад цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 593 дугаартай;
“...З.Б-н биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Духанд үүссэн зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 594 дугаартай;
“...Б.Б-н биед хуйханд шарх, зүүн гарын шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хуйханд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн гарын шуунд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
иргэн З.Б-н “...2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг Тариаланчдын 11-11 тоотод бэр Буянхишигт зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,
түүний өргөдөл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
шүүгдэгч Б.Б-н;
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дахь тал/,
шүүгдэгч З.Б-н;
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 70 дахь тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Б.Б, З.Б нараас хохирогчоор, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Б.Б нь 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг **** тоотод хохирогч З.Б-тай маргалдан өндөр настай, биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн толгойн тус газар нь модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
шүүгдэгч З.Б нь 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг ***** тоотод хохирогч Б.Б-тэй маргалдан толгойн тус газар нь модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч З.Б-н “...2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр миний бэр Буянхишиг...миний толгойг модоор цохиод хагалчихаар нь зөрүүлээд намайг цохисон модоор Буянхишигийн толгой руу цохиод хагалчихсан.” гэх,
хохирогч Б.Б-н “...Би том өрөөндөө орсон чинь араас миний шидсэн модыг барьж орж ирээд намайг буланд шахаж байгаад модоороо миний толгой хэсэгт цохисон чинь толгойноос их хэмжээгээр цус гарахаар нь “миний толгойг хагалж байгаа юм бол би бас толгойг чинь хагалчихъя” гэж хэлээд зуухны хажууд байсан түлээний савнаас жижиг мод аваад шидсэн чинь толгойг нь оночихсон.” гэх мэдүүлгүүд,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 593, 594 дугаартай дүгнэлтүүд,
иргэн З.Б-н “...2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг ******* тоотод бэр Б-т зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь энэ хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Б З.Б нарын гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч нарын харилцан бие, биенийхээ эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдсэн, бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүдийг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б-н биеэ хамгаалж чадахгүй өндөр настай, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хадам аав З.Б-хаа эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,
харин шүүгдэгч З.Б-н хохирогч Б.Б-н эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, тэдэнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болно.
Иймд шүүх шүүгдэгч Б.Б-г “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй өндөр настай болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь,
шүүгдэгч З.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтүүдийг гаргасан тул тэднийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Б.Б-г “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй өндөр настай болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч З.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсгүүдэд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед;
улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч З.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах.” гэсэн саналыг гаргав.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;
шүүгдэгч Б.Б, З.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 593, 594 дугаартай дүгнэлтүүд болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан,
шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч З.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож,
мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Шүүгдэгч нар нь шүүх хуралдааны үед “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн тул тэднийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй,
тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тэдэнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй өндөр настай болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч З.Б“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч З.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, З.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ