| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0308/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/318 |
| Огноо | 2023-08-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/318
2023 8 28 2023/ШЦТ/318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ж.Б,
насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгч Д.Ц,
шүүгдэгч Г.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Г.Д-д холбогдох эрүүгийн 2325000000384 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Г.Д
Шүүгдэгч Г.Д нь;
2023 оны 7 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум, ******* тоот гэртээ биеэ хамгаалах чадваргүй, бага насны буюу 11 настай дагавар хүү Р-г “дүүдээ буруу зүйл зааж өгсөн” гэх шалтгаанаар гар утасны цэнэглэгч, компьютерын залгуураар ороолгож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Г.Д дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
иргэн Д.Ц “...Павел.Р нь Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-1а-38 тоотод 2023 оны 7 дугаар сарын 17-ны орой хойд аавдаа зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
насанд хүрээгүй хохирогч Р-н “...Би 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ***** тоотод хойд аав Дашням, ээж Аня, 4 настай дүү Минжин нарын хамт байсан. Бид нар унтах гэж байсан, тэгсэн аав намайг “дүүдээ буруу зүйл зааж өгсөн” гэж гар утасны цэнэглэгч, компьютерын залгуураар зодсон, ...“цагдаад хэлбэл ална шүү” гэсэн. ... Манай дүү аавын хажууд эвгүй үйлдэл гаргасны төлөө намайг зодсон, дүүгээс аав “чи хаанаас юу сурсан” гэсэн чинь дүү “Паша ахаас сурсан” гээд аав надад уурлаад зодсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
гэрч Б “...2023 оны 7 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед...манай зээ хүү Павель хойд аав Дашням гэх хүнд зодуулсан байсан. ...Зээ хүүгээ зодуулсныг хараад сэтгэл өвдсөн. ...Дашнямаас “яагаад зээ хүүг минь зодсон” гэж асуусан чинь “Минжин эвгүй хөдөлгөөн хийгээд тоглоод байхаар нь “хэн чамд зааж өгсөн” гэтэл “Паша ах надад зааж өгсөн” гэхээр нь би зодсон” гэсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,
гэрч Б “...2023 оны 7 дугаар сарын 17-ны орой...манай нөхөр Дашням сандарсан, гайхсан байдалтай дуу хоолойгоор намайг дуудаад “чи охиныхоо ярьж байгааг сонсооч” гэсэн. ...Дашням надад “миний гэдсэн дээр охин сууж тоглож байхдаа доошлоод эрхтэн рүү суух гээд байхаар нь дээшээ татаад суулгах гэтэл доошлоод байхаар нь би “хүүе миний охин тэгж болдоггүй юм, хэн чамд зааж өгсөн юм” гэтэл “Паша ах миний дээр гараад хөдөлсөн гэж байна” гэснийг сонсоод тэр хоёрын өрөөнөөс гараад охиноосоо асуухад охин “аав ажилдаа, маамаа ажилдаа явсан байхад Паша миний дээр гараад хөдөлсөн” гэж үйлдлээр үзүүлсэн тэгэхээр нь миний уур хүрээд хүү Пашка дээр очоод “чи юу хийх гэж байсан юм бэ, яах гэж байсан юм, дүү чинь юу яриад байгаа юм” гэтэл Пашка “би тийм бичлэг үзсэн” гэхээр нь уур хүрсэн, “за арайч дээ чи, дүү дээрээ турших гэж байсан юм уу” гэтэл дуугарахгүй байсан, ...Дашням уртасгагчаар хөл, гар, гуя руу нь ороолгосон. Дашням Пашад “чи буруу зүйл хийснээ ойлгосон уу, ахиж тийм зүйл хийж болохгүй гэдгийг ойлгосон уу” гэж хэлж байсан. ...Дашням хөл рүү нь ороолгож байхыг би харсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
Г.Д өгсөн “...2023 оны 7 дугаар сарын 17-ны орой...4 настай охины хамт том өрөөндөө тоглож байтал манай охин миний гэдсэн дээр суусан, тэгснээ доошлоод бэлэг эрхтний ойролцоо ирэхээр нь дээш нь татаад гэдсэн дээрээ суулгасан чинь ахиад доошлоод миний эрхтнийг мэдрэх гээд байгаа юм шиг эвгүй хөдөлгөөн хийгээд байхаар нь “аавын охин ингэж болдоггүй юм, хэн зааж өгсөн юм, яагаад ингээд байгаа юм” гэтэл “та ажилдаа явчихсан, мама ажилдаа явчихсан байхад Паша ах миний божий гаргаад оролдсон” гэж хэлсэн. ...Эхнэр гарч ирээд Пашаг загнаад “хаанаас чи ийм юм сурсан” гэж асуухад хүү “би гар утсан дээрээс бичлэг үзсэн” гэж хэлсэн. Тэгээд би компьютерын залгуураар ороолгосон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 629 дугаартай;
“...1.2.Р биед баруун шуу, зүүн гуянд шарх, баруун зүүн шуу, баруун, зүүн бугалга, зүүн гуя, баруун чих, зүүн шилбэ, нуруунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Г.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх хуралдааны үед иргэний нэхэмжлэгч Д.Ц “сэтгэл санааны хохирол учирсан, нэхэмжилнэ.” гэж тайлбарласан тул түүний нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн нэг мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,
торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-г нэг мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг,
иргэний нэхэмжлэгч Д.Ц сэтгэл санааны хохиролтой холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ