| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0312/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/322 |
| Огноо | 2023-09-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.4., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/322
2023 9 05 2023/ШЦТ/322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ж.Б,
иргэний нэхэмжлэгч Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны хууль ёсны төлөөлөгч Б.Э,
шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ч.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Б.Х-д холбогдох эрүүгийн 2225007000223 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Б.Х
Шүүгдэгч Б.Х нь;
2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цагийн үед Орхон аймаг Жаргалант сум “Хуурай ам” гэх газар, Эрдэнэтээс Дархан явах чиглэлийн А/1001/ дугаартай замд Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны өмчлөлийн “Lexus470LX” загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа,
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын зорчих хэсгээс гарч онхолдож,
зорчигч Б.А-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, уг тээврийн хэрэгсэлд 60.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд;
шүүгдэгч Б.Х “...мэдүүлэг өгөхгүй, шүүхийн танхимд анх удаа орж ирж байгаа болохоор айж, сандраад буруу, зөрүү ярьж магадгүй тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.” гэв.
иргэний нэхэмжлэгч Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны хууль ёсны төлөөлөгч Б.Э “...прокурорын яллах дүгнэлтийг дэмжиж байна, байгууллагын зүгээс 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэлд шаардлагатай засварыг хийлгэсэн талаарх баримтууд хэрэгт авагдсан байгаа, тээврийн хэрэгсэлд шүүгдэгчийн мэдүүлээд байгаа шиг нөхцөл байдал байгаагүй. Тээврийн хэрэгслийг бүхэлд нь 60.000.000 төгрөгөөр, учирсан хохирлыг 31.016.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байдаг, манай байгууллага 31.016.000 төгрөг, мөн тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэхэд төлсөн 1.272.000 төгрөг, нийт 32.288.000 төгрөгийг шүүгдэгч Б.Хишигсүрэнгээс нэхэмжилж байна, байгууллагаас гарсан бусад зардлыг нэхэмжлэхгүй. “Lexus470LX” загварын 00-34УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулаагүй байсанд харамсаж байна, мөн үйлвэрлэлийн осол мөн эсэхийг судлан бүртгэхэд эрүүгийн хэрэг байсан тул хөдөлмөрийн улсын байцаагч дүгнэлт гаргаагүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Б.А-н “...2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр томилолтоор Улаанбаатар хотоос албаны автомашинтай байгууллагын жолооч Б.Хишигсүрэнгийн хамт Эрдэнэт рүү явсан, тус өдрийн 23 цагт Эрдэнэт өртөөний амрах байранд буудалласан. ...2022 оны 9 дүгээр сарын 30-ны өглөө жолоочоо буудалдаа амрааж үлдээгээд би өөрөө бусад байгууллагын төлөөлөгч нартай хамт автобусаар явж “Уурхайчин” соёлын ордонд зөвлөгөөнд оролцсон, 13 цаг 30 минутын үед “Уурхайчин” соёлын ордны гаднаас жолооч ирж аваад Хөтөл рүү хуралд оролцохоор явсан. Эрдэнэтийн мөнгө хураадаг пост дээр очоод цааш 4-5км яваад осолд орсон, тухайн автомашины жолооны хүрд нь зөв талдаа байрлалтай, жолооч тахир тойрог дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн үед миний баруун гар талын цонхоор тендерийн цагаан эсвэл саарал өнгийн “Sonata-7” загварын автомашин явж байсан. Тахир тойрог дээр “Sonata-7” загварын автомашинтай зэрэгцэх үед эсрэг урсгалаас нэг автомашин уруудан ирж байгаа харагдсан, “Sonata-7”-г гүйцэж түрүүлэх гээд жолооны хүрдийг баруун буюу “Sonata-7” явж байгаа тал руу эргүүлэхэд жолоочийн талын арын дугуй замын хөвөө рүү /зах/ гарч шарвахад жолооч хүрдээ буцаагаад эсрэг тал руу буюу зүүн гар талруугаа эргүүлсэн. Тэгээд зүүн гар тийш жолооны хүрдийг эргүүлэхэд зүүн тийш замаас гарч бүтэн эргэж, жолооч тал нь газарт хажуугаа харж онхолдсон, “Sonata-7” болон эсрэг урсгалаар уруудаж байсан автомашинтай хүмүүс бидэн дээр ирж автомашинаас гаргасан, урд талын салхины шил хагарсан байсан учир салхины шилээр эхлээд намайг, дараа нь жолоочийг гаргасан. Гүйцэж түрүүлсэн болон урдаас ирж байсан автомашинуудтай ямар нэгэн байдлаар шүргэсэн, мөргөлдсөн зүйл байхгүй. ...Ослын улмаас миний хүзүүний 7 дугаар үений булангийн яс сэтэрхий хугаралтай, хүзүүний зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн хөлийн өвдөгний доод талд урд хэсэгтээ зөөлөн эдийн гэмтэл цус хуралттай, духан дээр хоёр хөмсөгний баруун, зүүн талд шалбарсан зэрэг гэмтэл учирсан. Тээврийн хэрэгсэл бүрэн бус байсан эсэх талаар би сайн мэдэхгүй байна, 2022 оны 6 дугаар сард оношилгоо хийлгэн засвар хийж байсан, тээврийн хэрэгсэл жил бүр оношилгоонд хамрагддаг.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
“...2022 оны 7 сар гэж санаж байна, яг ямар засварын ажил хийлгэснийг санахгүй байна, ямартай ч эвдрэлтэй эд ангиудыг засуулсан. ...Тухайн үед явж байсан зам нь бага зэрэг тойруу байсан, миний сууж явсан 00-34УНР улсын дугаартай “Lexus470LX” загварын тээврийн хэрэгслийн яг урд талд мөнгөлөг саарал билүү цагаан өнгийн “Sonata-6” эсхүл “Sonata-7” загварын хот хоорондын такси үйлчилгээний тээврийн хэрэгсэл байсан, жолооч Б.Хишигсүрэн тээврийн хэрэгсэлтэйгээ урд явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн, яг замын тойруу хэсэг дээр урд явсан тээврийн хэрэгсэлтэй зэрэгцэж ирсэн, үүнийг би маш сайн санаж байна. Яагаад гэвэл тухайн тээврийн хэрэгсэлтэй зэрэгцэж ирэхэд миний сууж явсан тээврийн хэрэгслийн хаалганы цонхоор тухайн тээврийн хэрэгслийн урд талын хаалганы урд хэсэгт наасан компанийх нь лого харагдаж байсан, тэгэхээр Б.Хишигсүрэн тээврийн хэрэгсэлтэйгээ эсрэг талын урсгал руу орчихсон явж байсан гэсэн үг. Эсрэг талын урсгалаас тээврийн хэрэгсэл ирж байсан, тийм болохоор Б.Хишигсүрэн уг “Sonata” загварын тээврийн хэрэгслийг яг өөрийнхөө урсгалд орж гүйцэж түрүүлээгүй байхдаа буюу тухайн тээврийн хэрэгслийн урд хэсэгт гарчихсан мөртөө эсрэг талынхаа урсгалд явж байхдаа жолоогоо баруун тийш дартал миний сууж явсан машины хойд хэсэг нь замын зорчих хэсгээс гарч шороон дээгүүр явж байгаа нь мэдрэгдсэн, яг тэр үед Б.Хишигсүрэн жолоогоо хариулж эсрэг тийш нь дартал машин онхолдсон. Тухайн үед жолооч Б.Хишигсүрэн нь 80км/цагаас дээш хурдтай явж байхдаа тойрог хэсэг дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
“...2021 онд надад “тоормос, рулийн аппарат эвдэрсэн янзлах шаардлагатай байна” гэж хэлж байсан тэгээд тухайн мэдээллийн дагуу 2022 оны 6 билүү 7 дугаар сард тээврийн хэрэгслийг янзлуулсан байсан. ...янзлуулсны дараа санхүүд баримтаа өгдөг, тэр баримтыг нь хэрэгт хавсаргасан байгаа. Эмчилгээний зардлыг байгууллагаас даасан, өөрөө хувиасаа эм, эмийн бүтээгдэхүүний зардал байхгүй, надад эрүүл мэндийн хувьд бол гомдол, санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 211 дэх тал/,
иргэний нэхэмжлэгч Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны хууль ёсны төлөөлөгч Б.Тулгын “...Жолоочийн хариуцлагагүй үйлдлийн улмаас холбооны 00-34УНР улсын дугаартай “Lexus470LX” загварын тээврийн хэрэгсэл дахин ашиглагдах боломжгүйгээр эвдэрч, гэмтсэн. ...Манай байгууллагад учирсан бодит хохирлыг буруутай этгээдээс гаргуулж авах хүсэлтэй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
“...“Lexus470LX” загварын тээврийн хэрэгсэл дээр “Ашид билгүүн” ХХК-иар хохирлын үнэлгээг гаргуулсан, тээврийн хэрэгсэлд 31.016.000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан. Манай байгууллагын зүгээс Б.Х-тэй холбоотой хоёр асуудал байна.
1-рт; байгууллагын дэд дарга Б.А зам тээврийн осолд орж эрүүл мэндээрээ хохирсон,
2-рт; “Lexus470LX” загварын тээврийн хэрэгсэлд 31.016.000 төгрөгийн хохирол учирсан,
мөн хохирлын үнэлгээ гаргуулахад 1.272.600 төгрөг, тээврийн хэрэгслийг журмын хашаанаас “Моннис” автозасварын газар хүргүүлээд буцааж байрлуулахад 120.000 төгрөг, зам тээврийн осол гарсан газраас журмын хашаа хүртэлх тээвэрлэлт болон журмын хашаанд хонуулсан зардалд 494.000 төгрөг, Орхон аймгийн автотээврийн төвд техникийн хяналтын үзлэгт оруулахад 88.000 төгрөг, Орхон аймгаас Улаанбаатар хот руу тээврийн хэрэгслийг тээвэрлэхэд 700.000 төгрөг, байгууллага дээр авч ирээд харуул хамгаалалттай байгууллагад байрлуулах тээврийн зардалд 110.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх тээврийн хэрэгсэл түр саатуулах ТС-2 дугаартай журмын хашаанд хоногийн 5000 төгрөг төлж байлгаж байна. Миний бие хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгоод Орхон аймагт 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд дөрөв хоногийн томилолтоор ажиллахад буудалд 120.000 төгрөг, таксины мөнгө 199.000 төгрөгийн зардлууд гарсан, Б.Хишигсүрэн, Б.Алтанхуяг нарын эмчилгээ, үйлчилгээ, шинжилгээнд зориулж 1.670.000 төгрөг төлсөн, жолооч Б.Хишигсүрэнгээс 35.849.600 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56-58 дахь тал/,
“...Б.Х нь 2019 онд ажилд орсон бөгөөд ажлаа хийхдээ хариуцсан техник хэрэгсэлд техник үйлчилгээ хийхдээ тааруу ажиллаж байсан, тухайн асуудал дээр хэлж, сануулж байсан зүйл зөндөө байсан. “Lexus470LX” загварын 00-34УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны нэр дээр байдаг бөгөөд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тухайн жолооч автомашиныг хариуцана гэж тусгасан байгаа. Манай байгууллагын машин 2022 оны 7 дугаар сард Хөвсгөл аймаг руу явж ирээд иж бүрэн засвар үйлчилгээг мөн оны 7 дугаар сарын 31-ний өдөр /рулийн аппарат, явах эд ангийг иж бүрэн сольсон, тосны үйлчилгээ/ засвар үйлчилгээг “MAC” ХХК-д ямар засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай байна, тэр бүрийг нь нэг бүрчлэн хийлгэсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 209 дэх тал/,
гэрч Б.Н “...2022 оны 6 дугаар сард 7 хоногийн хугацаатай тухайн автомашиныг би өөрөө жолоодож Хишигсүрэн болон бусад ажилчдын хамт Хөвсгөл рүү явж байсан. Би инженер мэргэжилтэй учраас Хөвсгөлөөс ирээд тухайн автомашины техникийн байдлын талаар ямар, ямар засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай байгааг Баяраа даргад хэлтэл “цаасан дээр бичээд өгөөрэй” гэсний дагуу бичиж өгч байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 64-65 дахь тал/,
“...Би Хөвсгөл аймгаас ирснийхээ дараагаар уг тээврийн хэрэгсэлд засварын ажлууд шаардлагатай юм байна гэж бодоод жолооны хүрд, рулийн аппарат, явах эд анги зэргийн засварын ажил хийлгэх талаар хүсэлт гараар бичиж өгсөн. ...сүүлд ямартай ч рулийн аппарат, өндгөн тулгуур гэх мэт доод эд ангиудыг сольсон талаар сонссон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 70-71 дэх тал/,
гэрч Ш.Д “...2022 оны зун Улаанбаатар хотоос хамт ажилладаг хүмүүсийн хамт Хөвсгөл аймаг руу ***** улсын дугаартай “Lexus470LX” загварын тээврийн хэрэгсэлтэй явсан. Би тухайн тээврийн хэрэгслийг Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот хүрэх замдаа барьж явахад тээврийн хэрэгсэл руль, тоормос гэх мэт эвдрэл гэмтэлтэй, бүрэн бус байна, үүнийг яаралтай янзлах талаар Б.Х-д хэлж байсан. ...Б.Х гэх хүн манай байгууллагын жолооч учраас тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн талаар дарга нарт уламжилж, тээврийн хэрэгслийг засаж янзлах үүрэгтэй жолооч хүн юм.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 67 дахь тал/,
иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч Д.Г-н “...2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймаг Жаргалант сум “Хуурай ам” гэх газарт “Lexus470LX” загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын хажууруу онхолдож зорчигч Б.Алтанхуяг гэмтсэн гэмт хэрэг үйлдэгдсэн. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.А эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.026.460 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, тусламж үйлчилгээний зардлыг Б.Х-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 215 дахь тал/,
Б.Х-н сэжигтнээр өгсөн “...Эрдэнэтийн гардаг постоор гараад удаагүй явж байтал техникийн бүрэн бус байдлаас болж замын хажуу руу унаж бүтэн эргэж хажуу талаараа харсан байдалтай байсан. Осол болохоос өмнө тухайн автомашины тоормос барилт муу байсан ба жолооны хүрд хуваарилалт ажиллахгүй болсон. ...Би тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр /тос, масло, дугуй/ шалгасан. ...техникийн бүрэн бус байдлын улмаас болж авто осол болсон гэж үзэж байна. ...дарга Алтанхуягт “уг тээврийн хэрэгсэлтэй Эрдэнэт рүү яваад хэрэггүй” гэж хэлсэн боловч Алтанхуяг “хоёулаа албаны ажил, албан томилолтоор явж байгаа, чи төрийн ажил хойш нь тавихгүй, чамтай хариуцлага ярина” гэсэн учраас хүний эрхшээлд ороод аргагүйдээд уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 74-76 дахь тал/,
Б.Х-н яллагдагчаар өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр орлогч дарга Б.Алтанхуяг гэх хүн Орхон аймаг руу томилолтоор явах болсон, тэгээд намайг “...“Lexus470LX” загварын***** улсын дугаартай машиныг жолоодон явна.” гэсэн, тэгэхээр нь “би энэ машинаар явахгүй, энэ машин хамаг юм /тоормос ажиллахгүй, рулийн механизм/ нь ажиллахгүй” гэж хэлэхэд “улсын ажил хойш нь татлаа, дандаа машин эвдрэлтэй гэх юм ярьдаг, би чамайг даргад хэлж арга хэмжээ авахуулна” гэж хэлсэн, тэгээд би аргагүйн эрхэнд явахаар болсон. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 17 цаг өнгөрөөд Улаанбаатар хотоос Орхон аймаг руу явсан, шөнийн 01 цагийн үед Орхон аймагт очсон, амрах байрандаа амраад 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орлогч дарга оролцох гэж очсон арга хэмжээндээ оролцож дуусаад буцаад Сэлэнгэ аймгийн Хөтөл сум руу дараагийн ажилд явж байхад буюу Эрдэнэтээс гараад зам ашиглалтын төлбөр төлдөг пост дээр ирэхэд машины тоормос гишгээд барихгүй байгаа юм шиг зүйл ажиглагдсан, тэгэхээр нь орлогч дарга Б.Алтанхуяг гэх хүнд “тоормос болохгүй байна, нэг л сонин байна.” гэж хэлсэн, тухайн постоос цааш 1км орчим яваад миний урд талд “Sonata-6” билүү “Sonata-7” загварын машин 10 орчим метрийн зайнд явж байсан, зам орчноо ажиглах гээд замын голын цагаан зураасруу дөхсөн гэхдээ давж урсгал сөрсөн зүйл байхгүй, машины руль залагдахгүй хатуурч байсан тэгээд анх дарсан талруу руль булаасан чигээрээ замын хажууруу ороод урд хамар хэсгээрээ газар мөргөөд хажуу тийшээгээ налаад унасан. ...миний хүзүүний С7 дугаар үеийн яс хугарч бүлтэрсэн гээд намайг шууд хэвтүүлсэн, орлогч дарга Б.Алтанхуяг бас эмнэлэгт үзүүлсэн гэхдээ эмнэлэгт бол хэвтээгүй. Би тухайн үед 70-75 орчим км/цагийн хурдтай явж байсан, осол болсон хэсэг нь үзэгдэх орчин чөлөөтэй, шулуун зам байсан. Машины руль залагдахгүй болж хатуурсны улмаас машинаа залж чиглүүлж чадалгүй замын хажууруу орж онхолдсон. ...тухайн үед гүйцэж түрүүлэх үйлдэл огт хийгээгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 204-205 дахь тал/,
Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Өлзийсүрэнгийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 9-11 дэх тал/,
гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 13-15 дахь тал/,
Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Өлзийсүрэнгийн “Lexus470LX” загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 16-18 дахь тал/,
гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 16-20 дахь тал/,
“Lexus470LX” загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 241-242 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, эмч Б.С-н 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15037 дугаартай; “...1.Б.Алтанхуягийн биед хүзүүний 7-р нугалмын их биеийн сэлтэрсэн хугарал, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр авто ослын үед үүсэх боломжтой. 3.Хүзүүний 7-р нугалмын хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн Авто тээврийн төвийн техникийн шинжээч Ц.Амаржаргал, Л.Энхцэцэг, Б.Золбоо, Б.Мөнхөө нарын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай; “...Зам тээврийн осол гарахаас өмнөх эвдрэл байгаа эсэхийг тогтоохын тулд техникийн хяналтын үзлэгт орсон 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр УБ хот БГД-н мехникийн хяналтын үзлэгт хамрагдсан дүгнэлтийг татаж үзэхэд эвдрэл гэмтэл үүсээгүй байсан нь осол гарахаас өмнө ямар нэг эвдрэл байгаагүй гэж үзлээ. ...уг тээврийн хэрэгслийг дахин замын хөдөлгөөнд оролцуулах боломжгүй гэж шинжээчид үзлээ.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 92-100 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 955 дугаартай; “...“Lexus470LX” загварын ***** дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 31.016.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 106, 107-110 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1001282 дугаартай; “...Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны эзэмшлийн 00-34УНР улсын дугаартай 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн “Lexus 470LX” загварын автомашины өнгө, үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зах, зээлийн дундаж үнийг 60.000.000 төгрөгийн үнэтэй байгааг тодорхойлов.” гэсэн тээврийн хэрэгслийн техникийн үнэлгээний тайлан /1 дэх хавтаст хэргийн 122-124 дэх тал/,
Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, хошууч А.Оюунболдын 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн;
“...тээврийн хэрэгслийн жолооч Б.Хишигсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”,
12.1.“Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”,
12.3.“Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэсэн магадлагаа /1 дэх хавтаст хэргийн 125-127 дахь тал/,
Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраагаас хэрэгт хавсаргуулсан;
Улаанбаатар төмөр зам гэсэн албан томилолтын үнэмлэх, Б.Хишигсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбарууд, жолоочийн ажлын байрны тодорхойлолт, холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын тогтоол /1 дэх хавтаст хэргийн 156-164 дэх тал/,
шүүгдэгч Б.Хишигсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 226 дахь тал/, жолоодох эрхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 227 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 228 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 235 дахь тал/,
шүүх хуралдаан эхлэхэд өмгөөлөгч Ч.Энхээгээс гаргаж хэрэгт хавсаргуулсан;
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0577576 дугаартай, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /2 дахь хавтаст хэрэгт/,
5562 дугаартай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх /2 дахь хавтаст хэрэгт/,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 3639 дугаартай, “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол /2 дахь хавтаст хэрэгт/,
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ц.Золзаяагийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 131 дугаартай, хариу мэдэгдэх хуудас /2 дахь хавтаст хэрэгт/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын;
2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 04/2287 дугаартай албан бичиг болон гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээллийн хуулбар хувь /1 дэх хавтаст хэргийн 238-239 дэх тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мөн Б.Хишигсүрэнгээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Б.Х-г гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Б.Х нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цагийн үед Орхон аймаг Жаргалант сум “Хуурай ам” гэх газар, Эрдэнэтээс Дархан явах чиглэлийн А/1001/ дугаартай замд Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны өмчлөлийн “Lexus470LX” загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас замын зорчих хэсгээс гарч онхолдож, зорчигч Б.А-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Б.А-н “...Эрдэнэтийн мөнгө хураадаг пост дээр очоод цааш 4-5км яваад осолд орсон, тухайн автомашины жолооны хүрд нь зөв талдаа байрлалтай, ...Тахир тойрог дээр “Sonata-7” загварын автомашинтай зэрэгцэх үед эсрэг урсгалаас нэг автомашин уруудан ирж байгаа харагдсан, “Sonata-7”-г гүйцэж түрүүлэх гээд жолооны хүрдийг баруун буюу “Sonata-7” явж байгаа тал руу эргүүлэхэд жолоочийн талын арын дугуй замын хөвөө рүү /зах/ гарч шарвахад жолооч хүрдээ буцаагаад эсрэг тал руу буюу зүүн гар талруугаа эргүүлсэн. Тэгээд зүүн гар тийш жолооны хүрдийг эргүүлэхэд зүүн тийш замаас гарч онхолдон бүтэн эргэж, жолооч тал нь газарт хажуугаа харж онхолдсон. ...Ослын улмаас миний хүзүүний 7 дугаар үений булангийн яс сэтэрхий хугаралтай, хүзүүний зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн хөлийн өвдөгний доод талд урд хэсэгтээ зөөлөн эдийн гэмтэл цус хуралттай, духан дээр хоёр хөмсөгний баруун, зүүн талд шалбарсан зэрэг гэмтэл учирсан.” гэх,
иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-н “...Жолоочийн хариуцлагагүй үйлдлийн улмаас холбооны ***** улсын дугаартай “Lexus470LX” загварын тээврийн хэрэгсэл дахин ашиглагдах боломжгүйгээр эвдэрч гэмтсэн.” гэх,
иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-н “...хохирогч Б.А эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.026.460 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна.” гэх,
Б.Х****н өөрийнх нь өгсөн “...Эрдэнэтийн гардаг постоор гараад удаагүй явж байтал техникийн бүрэн бус байдлаас болж замын хажуу руу унаж бүтэн эргэж хажуу талаараа харсан.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Ө-н Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн болон “Lexus470LX” загварын 00-34УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, эмч Б.С***н 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15037 дугаартай, “...1.Б.А-н биед хүзүүний 7-р нугалмын их биеийн сэлтэрсэн хугарал, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл топгоогдлоо. ...Хүзүүний 7-р нугалмын хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 955 дугаартай, “...“Lexus470LX” загварын *** дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 31.016.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан,
Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, хошууч А.О-н 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн магадлагаа зэрэг шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол үндсэн шинжид хамруулж хуульчилсан.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;
шүүгдэгч Б.Х-н хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдлийн улмаас Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны өмчлөлийн “Lexus470LX” загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчигч Б.Алтанхуягийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг тогтоосон 1 дэх хавтаст хэргийн 87-88 дахь талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, эмч Б.Сэргэлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15037 дугаартай, “...Б.Алтанхуягийн биед хүзүүний 7-р нугалмын их биеийн сэлтэрсэн хугарал, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...хүзүүний 7-р нугалмын хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтийг,
уг тээврийн хэрэгсэлд 31.016.000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсныг тогтоосон 1 дэх хавтаст хэргийн 106 дахь талд авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 955 дугаартай үнэлгээний тайлан зэргийг үндэслэн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Б.Хишигсүрэнд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй.
Хэдийгээр “Ашид билгүүн” ХХК-ийн 1001282 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн үнэлгээний тайлангаар “Lexus 470LX” загварын автомашины өнгө, үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг нь харгалзан 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зах, зээлийн дундаж үнийг 60.000.000 төгрөгийн үнэтэй болохыг,
“*******” ТӨҮГ-ын Орхон аймгийн Авто тээврийн төвийн техникийн шинжээч Ц.А, Л.Э, Б.З, Б.М нарын гаргасан 19 дугаартай дүгнэлтээр тээврийн хэрэгслийг дахин замын хөдөлгөөнд оролцуулах боломжгүй гэж дүгнэсэн байгаа боловч аливаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг хариуцах нь хуульд нийцэх тул шүүгдэгч Б.Х-г Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоонд 31.016.000 төгрөгийн бодит хохирол учруулсан гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохих байдлыг заасан бөгөөд хуулийн 1.1-д заасан “гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн.”, мөн зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоох” зорилгоор мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн ослын газарт үзлэг хийж, схем зураглал үйлдэж, “Lexus470LX” загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, үнэлгээ, дүгнэлт гаргуулах, шинжилгээ хийлгэх зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсэн, шүүгдэгчийн гэм буруу, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг бүрэн тогтоосон байна.
Шүүгдэгч Б.Х-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн,
гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Шүүх нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Х-н “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Мөрдөн байцаалтын шатанд Б.Х “...техникийн бүрэн бус байдлаас болж замын хажуу руу унасан.” гэж,
шүүх хуралдааны үед өмгөөлөгч Ч.Энхээ “...шүүгдэгч Б.Х***г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-т заасныг зөрчсөн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнийг хурд хэтрүүлснийг тогтоож чадаагүй.” гэж тус тус маргасан бөгөөд эдгээр нь,
хохирогч Б.А-н “...жолооч тахир тойрог дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн үед миний баруун гар талын цонхоор тендерийн цагаан эсвэл саарал өнгийн “Sonata-7” загварын автомашин явж байсан. Тахир тойрог дээр “Sonata-7” загварын автомашинтай зэрэгцэх үед эсрэг урсгалаас нэг автомашин уруудан ирж байгаа харагдсан, ...2022 оны 6 дугаар сард оношилгоо хийлгэн засвар хийж байсан, тээврийн хэрэгсэл жил бүр оношилгоонд хамрагддаг.” гэх,
мөн түүний “...жолооч Б.Х тээврийн хэрэгсэлтэйгээ урд явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн, яг замын тойруу хэсэг дээр урд явсан тээврийн хэрэгсэлтэй зэрэгцэж ирсэн, үүнийг би маш сайн санаж байна. Яагаад гэвэл тухайн тээврийн хэрэгсэлтэй зэрэгцэж ирэхэд миний сууж явсан тээврийн хэрэгслийн хаалганы цонхоор тухайн тээврийн хэрэгслийн урд талын хаалганы урд хэсэгт наасан компанийх нь лого харагдаж байсан. ...Б.Х нь 80км/цагаас дээш хурдтай явж байхдаа тойрог хэсэг дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн.” гэх,
гэрч Б.Н “...би Хөвсгөл аймгаас ирснийхээ дараагаар уг тээврийн хэрэгсэлд засварын ажлууд шаардлагатай юм байна гэж бодоод жолооны хүрд, рулийн аппарат, явах эд анги зэргийн засварын ажил хийлгэх талаар хүсэлт гараар бичиж өгсөн. ...сүүлд ямартай ч рулийн аппарат, өндгөн тулгуур гэх мэт доод эд ангиудыг сольсон талаар сонссон.” гэх мэдүүлгүүдээр,
“*****” ТӨҮГ-ын Орхон аймгийн Авто тээврийн төвийн техникийн шинжээч нарын 2022 оны 19 дугаартай, “...Зам тээврийн осол гарахаас өмнөх эвдрэл байгаа эсэхийг тогтоохын тулд техникийн хяналтын үзлэгт орсон 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр УБ хот БГД-н мехникийн хяналтын үзлэгт хамрагдсан дүгнэлтийг татаж үзэхэд эвдрэл гэмтэл үүсээгүй байсан нь осол гарахаас өмнө ямар нэг эвдрэл байгаагүй гэж үзлээ.” гэсэн дүгнэлтээр тус тус няцаагдсан болно.
Шүүгдэгч Б.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Х-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед;
улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д 8 сарын хугацаагаар Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхээ “...гэм бурууд маргахгүй гэдгээ хэлсэн тул 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Х-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Улаанбаатар хот Чингэлтэй дүүргээс явахыг хориглож,
зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Б.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,
505 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.
Хохирогч Б.А-н “...Эмчилгээний зардлыг байгууллагаас даасан, өөрөө хувиасаа эм, эмийн бүтээгдэхүүний зардал байхгүй, надад эрүүл мэндийн хувьд бол гомдол, санал байхгүй.” гэсэн мэдүүлэг 1 дэх хавтаст хэргийн 211 дэх талд авагдсан тул шүүгдэгч нь хохирогч Б.Алтанхуягт төлөх төлбөргүй байна.
Харин иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-н шүүх хуралдааны үед өгсөн “...манай байгууллага 31.016.000 төгрөг, мөн тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэхэд төлсөн 1.272.000 төгрөг, нийт 32.288.000 төгрөгийг нэхэмжилж байна, байгууллагаас гарсан бусад зардлыг нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлгийг,
мөн “Lexus470LX” загварын *****дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 31.016.000 төгрөг болохыг тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 955 дугаартай үнэлгээний тайланг,
хохирлын үнэлгээ гаргуулахад 1.272.600 төгрөг баримт зэргийг үндэслэн шүүгдэгч Б.Х-с нийт 32.288.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоонд олгох үндэслэлтэй.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж тус тус заасан. Гэвч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгчийн хэрэгт хавсаргуулсан гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалтай холбоотой баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэлэлцэхгүй орхиж,
иргэний нэхэмжлэгч нь нотлох баримтаа хуульд заасан шаардлага ханган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Б.Х-д Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-г 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-г дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот Чингэлтэй дүүргээс явахыг хориглож,
мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Х-с 32.288.000 төгрөг гаргуулж Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоонд олгосугай.
8.Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүгдэгч Б.Хишигсүрэнгээс нэхэмжлэх эрхтэй.
9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.А-т төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ