Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/688

 

 

   

 

 

 

 

   2023           8           28                                    2023/ШЦТ/688

 

 

                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Доорой овогт Л- Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “******” ХХК-д жолооч ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр гудамжны *** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Д овогт Л- Б- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Л.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Л.Б- нь 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 15 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3*** дүгээр байрны гадна талын дэлгүүрийн шатан дээр түгээлтийн ажил хийж байхдаа Б.Б- эрх чөлөөнд халдаж, түүнийг гараараа түлхэж, доош нь дарж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун гуянд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр байрны дэлгүүрт ундаа оруулж, түгээлтийн ажил хийгээд Г, Б нарын хамт ажиллаж байсан. Ундаагаа зөөж байхад ард хар өнгийн “приус 30” маркийн автомашин ирээд зогсоод урагшилж бай, цаана чинь зогсоол дээр машинаа тавиадхъя гэж хэлсэн. Би түгээлтийн ачааны машиныг урагш нь зогсоол дээр тавихад “приус 30” маркийн машин нь зогсоол дээрээ орсон. Би Г, Б нарын хамт үлдсэн. Ундаагаа дэлгүүр рүү оруулж байхад “приус 30” маркийн машины жолооч бууж ирээд чи холдоод өгөхгүй яасан сүртэй юм бэ гэж хэлсэн. Энэ асуудлаас болж маргалдсан. Би  барьж аваад шат руу түлхсэн. Гэтэл тухайн залуу дэлгүүрийн гадаа байсан төмөр хогийн савны ирмэгт баруун гуяа зүссэн байсан. Би тухайн үед нь мэдээгүй. Цагдаа нар ирээд цагдаагийн машинд хамт суугаад цагдаагийн байгууллага дээр ирэх замд баруун хөлнөөс нь цус гарч байсан. Тэр үед би шатан дээр зүссэн юм байна гэж бодсон.

...Надад гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй, би хохирогчид эмчилгээний зардал гэж 170.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

 

            Хохирогч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, 31 дүгээр байрны зогсоол руу автомашинтайгаа орох гэж байхад автомашины зогсоол дээр улаан өнгийн бүхээгтэй түгээлтийн автомашин зам таглаад зогсож байсан. Тухайн машинаас ажилчид нь бараагаа зөөгөөд дэлгүүр рүү оруулж байсан тул холдчих болов уу гээд хүлээж байгаад “урагшлаад өгчих, би машинаа тавих гэсэн юм” гэж хэлсэн. Түгээлтийн машины жолооч нь машин урагшлуулаад тавьсан. Би өөрийн автомашинаа зогсоолд байрлуулаад гэр рүүгээ орох гээд явж байхдаа түгээлтийн ажилчидтай зөрсөн. Тухайн машины жолооч нь хажуугаар зөрөхөд “сүртэй юм” гээд хараал хэлсэн. Тухайн машины түгээлтэд улаан өнгийн хувцастай 3 залуу байсан ба би машины жолоочтой маргалдаж эхэлсэн. Би шатаар өгсөөд дэлгүүр рүү орох гэж байхад араас доромжлоод байхаар нь “чи юу гээд байгаа юм бэ” гээд эргээд харахад түгээлтийн том биетэй залуу нь миний шилэн хүзүүн дээр дараад намайг цохиж эхэлсэн. Намайг заамдаж түлхэх явцад шатан дээр мөнгөлөг өнгийн хогийн сав байсан. Би тухайн үедээ баруун хөлний гадна тал зүсэгдсэн байсныг мэдээгүй. Цагдаад дуудлага өгөөд цагдаагийн машинд суухад миний баруун хөлний гадна талаас нойтон оргиод хорсоод байхаар нь харахад нилээн цус гарсан байсан. Миний биед үзлэг хийхэд миний хар өнгийн жинсэн өмд гадна талаараа урагдсан, баруун гуяны гадна хэсэг зүсэгдээд арьс нь ангайж нилээн цус гарч миний өмдний баруун гуяны хэсэг тэр чигтээ цус болсон байсан. Би цагдаад гомдлоо гаргаад гэмтэл явж оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 14-15 дахь тал/,

 

           Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /хавтаст хэргийн 16-19 дэх тал/,

 

           Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20-25 дахь тал/,

 

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Баянгол дүүргийн 33 дугаар хороо, 31 дүгээр байрны гадаа ирээд дэлгүүрт бараагаа өгөхөөр хотхон руу автомашинтайгаа ороод дэлгүүрийн урд автомашины зогсоол хаагаад зогсож байсан. ...Хойноос хар өнгийн приүс 30 маркийн машин орж ирээд “холдоод өгөөч” гэж хэлсэн. Жолооч Б- нь ундаагаа оруулчихаад машинаа холдуулсан. Машин холдуулах явцдаа “приүс 30” маркийн машины жолоочтой жаахан маргалдсан. “Приус 30” маркийн машинтай ах машинаа зогсоолд байрлуулчихаад бууж ирээд “яагаад холдуулж өгөхгүй байна” гэж хэлсэн. Б- нь ундаагаа зөөж дуусгаад холдууллаа гэж хэлсэн шүү дээ гэж хэлсэн. Гэтэл хоорондоо маргалдаж эхэлсэн. “Приус 30” маркийн машины жолооч бид нарыг ундаагаа зөөж байхад хойноос гарч ирээд “чи яах гээд байгаа юм” гээд уурласан. Б- нь нөгөө хүнтэй маргалдаад хүзүүн дээр нь дараад барьж авсан. Нөгөө ах өөдөөс нь барьж аваад ноцолдож эхэлсэн. Нэг нэгэнтэйгээ зууралдаж байгаад салсан. ...“Приүс 30” маркийн машины жолооч ах Б-н гар руу цохисон. Б- нь “приус 30” маркийн машины жолоочийн нүүр рүү нь мангасдаж цохисон. Маргалдаж байх явцад цагдаа ирсэн. Б- надад “приус 30” маркийн машины жолооч гуяндаа шархадсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн түгээлтээ жолооч Б-,  туслах Г нарын хамт хийгээд явж байсан. 15 цагийн үед Баянгол дүүргийн 3***3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны дэлгүүрийн захиалсан барааг оруулж дуусаад гарч ирэхэд манай машины хойно нэг машин ирчихсэн болохоор хүлээж байгаа юм байна гээд нэг авдар ундаа аваад дэлгүүр рүү оруулаад гарч ирсэн. Тэр 2 духаа нийлүүлчихсэн хэрэлдээд байж байхаар нь салгах гэсэн чинь өөрсдөө салахаар нь дахиад нэг авдар ундаа зөөж байхад Г “ах хурдан гараад ир” гэж хэлэхээр нь гараад очтол манай жолооч Б- тэр 2 барилцаад байхаар нь салгах гээд татах гэж оролдсон чинь дийлэхгүй байхаар нь шатан дээр байсан ундаагаа оруулаад тооцоогоо хийгээд гарч ирсэн. Гэтэл тухайн залуу манай жолоочийг хараад хэл амаар доромжлоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 26-ны  өдрийн *** дугаартай шинжээчийн “...Б.Б- биед баруун гуянд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлийн алинд нь ч үүсэх боломжтой бөгөөд нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 51-53 дахь/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох

  • иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/,

-    эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст

хэргийн 63 дахь тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Л.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Л.Б-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Б- “...нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт хавтаст хэргийн 74 дэх талд авагдсан байх тул шүүгдэгч Л.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д овогт Л- Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Л.Б- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ