| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2020/00321/И |
| Дугаар | 181/ШШ2020/00644 |
| Огноо | 2020-03-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2020/00644
2020 03 09 181/ШШ2020/00644
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Х-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.А-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Х, хариуцагч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Атой 2005 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2006 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Х.Э төрсөн. 2010 оноос хойш эхнэр Ж.Атой тааламжгүй харилцаатай болсоны улмаас 2010 оны 01 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа. Ж.А нь өөр хүнтэй гэр бүл болж, дахин хүүхэдтэй болсон. Миний бие мөн адил өөр хүнтэй сууж хүүхэдтэй болсон. Тус тусдаа гэр бүлтэй болсон тул цаашид хамтран амьдрах ямар ч боломж байхгүй. Охин Х.Э нь төрсөн эх Ж.Агийн асрамжид байгаа бөгөөд охин Х.Эийг Ж.Агийн асрамжид үлдээхэд татгалзах зүйл байхгүй. Мөн бидний хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Ж.А шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2005 онд танилцаж, 2006 оны 01 сард гэрлэлтээ батлуулсан. 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Х.Э төрсөн. Охин Х.Э миний асрамжид байгаа нь үнэн. Б.Х бид хоёрын хооронд ямар нэгэн эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудал дээр маргаан байхгүй. Охин Х.Эийг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Ж.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Д.Х, Ж.А нар нь 2006 оны 01 сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2005 оны 12 сарын 23-ны өдөр Х.Э төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д зааснаар гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэдэг. Гэрлэгчид болох Д.Х, Ж.А нар нь 2010 оноос хойш тусдаан амьдарсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эвлэрээгүй, хэн аль нь тусдаа гэр бүлтэй болсон гэх үндэслэлээр цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарлан гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч байх тул шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Х нь охин Х.Эийг эх Ж.Агийн асрамжид үлдээхийг зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу талуудыг хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд охин Х.Эийг эх Ж.Агийн асрамжид үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Д.Х, Ж.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт 2005 оны 12 сарын 23-ны өдөр төрсөн охин Х.Эийг эх Ж.Агийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА