Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/698

 

 

 

 

 

 

 

 

   2023          8          30                                       2023/ШЦТ/698

 

 

 

                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг

хохирогч С.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Д-н Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн ** суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, боловсролгүй, бичиг мэдэхгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, *** дугаар гудамжны 40 тоотод оршин суудаг гэх, урьд *** оны ** дугаар сарын **-ний өдөр Хархорин Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 2018  оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /регистрийн дугаар **/ Б овогт Д-н Б-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Б- нь 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” худалдааны төвд  хохирогч С.У-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-ийн өгсөн “...Миний буруу, тухайн өдөр эхнэртэйгээ маргалдаад архи уусан байсан. Санаандгүй ийм зүйл болчихлоо...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.У-ы өгсөн “...Хархорин зах руу ороход энэ 2 хүн маш хүчтэй зөрчилдөж байсан. Тэгээд Д.Б- эхнэрээ том хүүтэйгээ унтсан гээд байхаар нь чи болиоч гэхэд намайг маш хүчтэй нүд рүү цохисон... Намайг өвчтэй хэвтэж байхад ирж уулзсан бол би өөрөөр хандана. Би сэтгэл санаа, гоо сайхнаараа хохирч байна. Нийт 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээнд 500.000 төгрөг зарцуулсан...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн *** дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.У-ы хохирогчоор өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 23-ны орой 17 цагийн үед би Хархорин худалдааны төвийн хашаан дотор худалдаа эрхэлдэг ядарсан хүмүүст буяны зүйл тарааж явтал хажууд үл таних 2 хүн хоорондоо маргалдаад байхаар нь би хажуунаас нь “чимээгүй бай” гэхэд тэр эрэгтэй миний зүүн талаас гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний нүдний шил газарт унаад би хашхирахад тэнд байсан хүмүүс цагдаа дуудаж өгсөн. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хамар хугарсан байна гэж хэлсэн. Нөгөө хүнийг цагдаа нар эрүүлжүүлэхээр аваад явсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 68***21 дугаартай С.У-ы биед хамар ясны хугарал, хамар, зүүн нүдний дотор булан, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх  хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Ц-н гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр би Хархорин зах дээр ажлаа хийгээд байж байхад манай нөхөр Б- над дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хүрч ирэхээр нь би Б-ид хандаж удахгүй хүүхдийн баяр болох гэж байхад чи архи уугаад яваад байна гээд маргалдаад байж байтал нэг үл таних эмэгтэй манай ногооны лангууны хойд талын үзүүр хэсэгт цүнхээ тавьсан байдалтай зогсож байсан. Тэгээд би нөхөртэйгөө муудалцаад зогсож байхад тухайн үл таних эмэгтэй Б-ид хандаж та хоёр дуугүй байгаач, балай юм уу гэж хэлэхэд Б- баруун гарын ар талын хэсгээрээ тэр үл таних эмэгтэйн нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Гэтэл тэр эмэгтэйн нүдний шил газар унасан чинь манай хажуу талын лангууны эмэгтэй тухайн эмэгтэйн нүдний шилийг авч өгсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр согтуу явж байгаад эхнэрийнхээ зогсдог ногооны лангуун дээр очиж эхнэртэйгээ муудалцаад эхнэрийгээ цохих гэж байгаад өөр нэг эмэгтэйг цохисон байсан. Би цохисноо санахгүй байсан. Тэгээд нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн. Тэр өдөр нилээн согтуу байсан болохоор санахгүй байгаа,  тэр хүнийг танихгүй, тэр хүн ч намайг танихгүй...” гэх мэдүүлэг /хавтаст  хэргийн 35-36 дэх тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 дахь тал/ зэргийг тус тус  шинжлэн судлав.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл:

Шүүгдэгч Д.Б- нь 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны зах дотор тодорхой шалтгаангүйгээр хохирогч С.У-ы нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч С.У-ы эрүүл мэндэд гэмтэл учирсан нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Ц.Ц-н мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Д.Б- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай ба шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б- нь 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвд  хохирогч С.У-ы биед хамар ясны хугарал, хамар, зүүн нүдний дотор булан, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Д.Б-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-ид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч С.У-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус  хуульчилжээ.

 

Хохирогч С.У- нь баримтаар нийт 298.800 /хоёр зуун ерэн найман мянга найман зуун/ төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.Б- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гарган шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулах хүсэлт гаргаж уг хугацаанд хохирогч С.У-д 300.000 /гурван зуун мянган/ төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Б овогт Д-н Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Д.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч С.У- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Б-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.  Шүүгдэгч Д.Б- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.У-д 300.000 /гурван зуун мянган/ төгрөг төлснийг болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ