Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2020/00734

 

 

 

 

 

 

   2020        03         25                                          181/ШШ2020/00734         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЗИ ХХК ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: АБ ХХК

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 937 500 төгрөг, алданги 1 468 750 төгрөг, нийт 4 406 250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЗБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АБ ХХК нь 2016 оны 09 дүгээр сараас эхлэн манай байгууллагатай бараа материалын зээлийн гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн билээ. Тус компани нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр манай компаниас 14 437 500 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан аваад гэрээний хавсралтад заасны дагуу графикаар төлнө, хэрэв графикийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэсэн боловч 2016 оны 12 дугаар сараас эхлэн одоог хүртэл үлдэгдэл төлбөр болох 2 937 500 төгрөгийг төлөхгүй байгаа.

Манай компанийн зүгээс тус компанийг гэрээнийхээ дагуу төлбөрөө барагдуулахыг удаа дараа биеээр уулзаж шаардсан боловч удахгүй төлнө, өөр бараа бүтээгдэхүүнээр төлнө гэсэн шалтгаанаар төлөхгүй байгаа нь бидний ажилд маш их хүндрэл учруулаад байна.

Иймд АБ ХХК-иас манай компаниас худалдан авсан барааны үнэ болох 2 937 500 төгрөг, мөн манай 2 компанийн байгуулсан “Барилгын материалын зээлийн гэрээ”-ний 2-р зүйлийн 2.1-дэх хэсэгт заасны дагуу хугацаа хэтрэлтийн алдангийн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу 50% болох 1 468 750 төгрөг, нийт 4 406 250 төгрөгийг хариуцагч АБ ХХК-иас гаргуулж өгнө үү гэв. 

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЗБ ХХК нь хариуцагч АБ ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 937 500 төгрөг, алданги 1 468 750 төгрөг, нийт 4 406 250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

ЗБ ХХК нь АБ ХХК-тай 2016 оны 09 сарын 21-ны өдөр №2016/06 дугаартай “Барилгын материалын зээлийн гэрээ”-г байгуулж, худалдагч ЗБ ХХК нь 125м3 хөөсөнцөрийг 14 437 500 төгрөгөөр нийлүүлэх, худалдан авагч АБ ХХК нь үнийг 2016.09.29-ны өдөр 5 000 000 төгрөг, 2016.10.10-ны өдөр 5 000 000 төгрөг, 2016.10.20-ны өдөр 4 437 500 төгрөгөөр төлөхөөр тохиролцон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Худалдах худалдан авах гэрээ”-г байгуулсан байна. /хх-6-7х/

 

Худалдагч ЗБ ХХК нь хөөсөнцөрийг 2016.09.30-ны өдөр 103 м3, 2016.10.01-ны өдөр 22м3, нийт 125м3-ийг АБ ХХК-д нийлүүлсэн /хх-8-9х/, байх бөгөөд худалдан авагч АБ ХХК нь 11 912 500 төгрөгийг төлж /хх-12х/, үлдэх 2 937 500 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын 2018.10.22-ны өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-гаар тогтоогдож байна.

Иймд АБ ХХК-иас 3 937 500 төгрөгийг гаргуулж ЗБ ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

“Барилгын материалын зээлийн гэрээ”-ний 2.1-д “Худалдан авагч төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0,5 хувь хэмжээгээр алданги төлнө” гэж талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийн талаар тохиролцжээ.

 

Хариуцагч АБ ХХК нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тул ЗБ ХХК нь 2016.10.21-ний өдрөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5%-ийн алданги тооцож нэхэмжлэх эрхтэй бөгөөд үлдэгдэл төлбөр болох 2 937 500 төгрөгийн 50%-тай тэнцэх алданги 1 468 750 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232.6, 232.4-д заасантай нийцсэн байна.

Иймд хариуцагч АБ ХХК-иас алданги 1 468 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЗБ ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч АБ ХХК-иас 4 406 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЗБ ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч АБ ХХК нь нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гардан авсан боловч хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч АБ ХХК-иас 4 406 250 /дөрвөн сая дөрвөн зуун зургаан мянга хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулж ЗБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ЗБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 450 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч АБ ХХК-иас 85 450 /наян таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж ЗБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.ОЮУНТУЯА