Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/680

 

       

 

 

 

 

 

 

    2023          8            23                                    2023/ШЦТ/680

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч А.Ариунаа,  

шүүгдэгч О.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г овогт О-н Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  “***”-д  үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн 20 дугаар хороо, **  тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Г овогт О-н Н /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.Н- нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчдын  гудамж, Гурвалжингийн гүүрний урд замд “Тоёота Приус” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд  нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч “Husqvarna” /Хюскварна/ маркийн 49-72 УБ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж улмаар мотоциклийн жолооч Б.М-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Н- нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.М-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч О.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй. Би хохироол төлбөрийг бүрэн барагдуулсан, гаргасан үйлдэлдээ харамсаж байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дахь тал/,

          Шүүгдэгч О.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 06-ны өглөө 07 цаг 40 минутын орчим ажил дээрээ очсон. Тэр өглөө ** худалдааны төвийн урд байрлах салбар дээр очиж цэвэрлэгээ хийгээд 11 цаг өнгөрөөд өдрийн цайны цагаар цайгаа уух гээд ажлаасаа гараад баруун дөрвөн зам орохоор явж байсан. Тэгээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зүүн зүгт шороон замаар явж байгаад Гурвалжны гүүрний урд хэсэгт буюу Тэхийн зогсоолын гарцны замын баруун талаас төв зам руу нийлсэн. Замын баруун талаас нийлээд зүүн гар тийш буюу хойд зүгт эргэж явахаар зам руу нийлэх үед хөдөлгөөн сийрэг байхаар нь зүүн гар талаас ойртон ирсэн автомашин болон тээврийн хэрэгсэл байхгүй болохоор нь замд нийлж байх үед миний автомашины зүүн талаас нь зүүн хойд хэсэг рүү нэг мотоцикль ирж мөргөсөн. Би тэр мотоциклийг хараагүй. Дуу чимээ гарахаар нь зогсоод машинаасаа буугаад харахад нэг мотоцикльтой хүн газарт унасан байдалтай байхаар нь би очоод биеийн байдлыг нь асуухад өвдөөд байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 56 дахь тал/,

           

           Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-11 дэх тал/,

 

            Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

            Хохирогч  Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

           “...Би 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3, 4 дүгээр хороололд найз нартайгаа уулзаад Сонгинхайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ажилтай явж байсан. Тэгээд хорооллоос хөдлөөд өөрийн эзэмшлийн мотоцикльтой Гурвалжингийн гүүрний хойноос урагшаа давж явсан. Хойноосоо урагшаа чиглэлтэй гүүрээ даваад бага зэрэг уруудаад урагшаа явж байтал миний баруун гар талын шороон замаас төв зам руу нийлээд хар өнгийн суудлын автомашин гэнэт ороод ирсэн. Тэр автомашиныг хараад боломжит бүх арга хэмжээг аваад тормос дараад уг автомашины баруун гар талаараа буюу хойд хэсгээр нь тойрч гарах гэсэн боловч тэр автомашин гэнэт урд орж ирээд зогссон. Тэгээд тэр автомашины хойд хэсэг рүү мотоцикльтой мөргөөд даваад газарт унасан. Тэр үед миний хойноос ирсэн мопедтой эрэгтэй хүн намайг босгосон боловч зүүн хөл гишгэж болохгүй өвдөөд байхаар нь замаас гарч замын хажуугийн хашлага дээр суусан. Зүүн хөл хугарсан, зүүн хавирга хөндүүртэй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

           Иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч Т.Э-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

           “...Би ослын талаар мэдэхгүй, манай эхнэр О.Н- надад би зам тээврийн осол гаргачихлаа бичиг баримт нь хаана байна гэж хэлсэн. Манай эхнэр 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэрээс хамт гараад намайг ажил дээр буулгаад ажил руугаа “Тоёота Приус” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ** дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Б.М-н биед зүүн хөлийн шаант ясны доод булууны отор хавчаар ясны далд хугарал, зүүн гуя, өвдөгт цус хуралт, хоёр гарын эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүсэлхийд цус хуралт, зулгаралт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

 

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 52-55, 64-67 дахь/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээ /хавтаст хэргийн 71 дэх тал/,

 

“Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 77 дахь тал/,

 

2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 712 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 84 дэх тал/,

 

Хохирлын баримтуд /хавтаст хэргийн 90, 91, 92, 93 дахь тал/,

 

Шүүгдэгч О.Н-ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст 26 дахь тал/,

- жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 27 дахь/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

- гэрч Э.Амаржаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 104 дэх тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч О.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч О.Н-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч О.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт шүүгдэгч О.Н- нь Эрүүл мэндийн даатгалын санд 631.400 төгрөг төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 89 дэх тал/, хохирогч Б.М-т 5.651.000 төгрөг төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 89 дэх тал/ тус тус авагдсан байх тул шүүгдэгч О.Н-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт хураагдан ирсэн *** ангиллын *** дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Н-т буцаан олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Н- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г овогт О-н Н-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч О.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Н-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч О.Н-т нь хохирогч Б.М-т нийт 5.651.000 /таван сая зургаан зуун тавин нэгэн мянга/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын газарт Иргэний хуулийн 513 дугаар зүйлд заасны дагуу 631.400 /зургаан зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун/ төгрөг нөхөн төлөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэргэт хураагдан ирсэн ** ангиллын *** дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Н-т буцаан олгосугай.

 

7. Шүүгдэгч О.Н- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ