Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 1061

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00761 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “К ББСБ” ХХК,

Хариуцагч Б.Н-т холбогдох,

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Энхзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч “К ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гүйцэтгэх захирал Ц.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нь 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 40 000 000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 14 дүгээр байр 30 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэвч зээлээ хугацаандаа төлөөгүй тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулж Б.Н 68 319 240 төгрөг төлөхөөр эвлэрсэн.

Б.Н зээлээ эргэн төлөхгүй байгаа учраас барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 14 дүгээр байр 30 тоот 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Нт холбогдох хэрэгт зохигчид эвлэрч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа тул энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй.

Орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрээр үнэлгээ хүчингүй болгуулах Б.Нын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Нын өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 14 дүгээр байр 30 тоот 2 өрөө 29 мкв талбайтай орон сууцаар гэрээний үүрэг 68 319 240 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499 546 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 429 346 төгрөгийг буцаан гаргуулж, мөн хариуцагч Б.Наас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-нд тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч “К ББСБ3 ХХК нь 2015 онд Б.Нт холбогдуулан 68 319 240 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүхээс зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн захирамжийг хариуцагч талаас нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх энэ баримтыг үнэлсэнгүй. Өөрөөр хэлбэл, зохигчдын хоорондын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа хийгдэж байхад дахин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шүүхийн шийдвэр гарч буй нь нэг шийдвэрлэсэн хэргийг дахин шийдвэрлэж байна гэж үзэж байна.

Түүнчлэн барьцаа хөрөнгө нь зөвхөн хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө биш бөгөөд эцэг н.Баасанхүү, эх Жавзандулам нарын хамтын өмч байхад хамтран өмчлөгч нарын эрх ашиг хөндөгдөх эсэхийг харгалзаж үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч “К ББСБ” ХХК нь хариуцагч Б.Нт холбогдуулан 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 12-р хороо, 6 дугаар бичил хороолол, 14-р байрны 30 тоот орон сууцаар хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний дагуу 68 319 240 төгрөг гаргуулахаар шаардсаныг шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэсэн ба одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад дахин нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй гэж тайлбарлан маргажээ.

“К ББСБ” ХХК болон Б.Н нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон хариуцагч нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6-р бичил хороолол, 14-р байрны 30 тоот орон сууцыг барьцаалсан тул шүүх тус барьцаа хөрөнгөөр гэрээний үүрэг 68 319 240 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх зээлийн гэрээнд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө нь эцэг Л.Баасанхүү, эх Б.Жавзандулам, хариуцагч Б.Н нарын 3 хүний өмч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр /хх-11/ тогтоогдож байх ба тус үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахыг хамтран өмчлөгч нар зөвшөөрөн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж байгаа тохиолдолд хамтран өмчлөгч нарын эрх зөрчигдөх эсэхийг анхааран үзэж, өмчлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, холбогдох ажиллагааг хийх шаардлагатай. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар хамтран өмчлөгч нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх тул энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00761 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                               Т.ТУЯА

 

                                                                                          А.ОТГОНЦЭЦЭГ