| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0736/З/Т |
| Дугаар | 221/МА2025/0730 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2025/0730
АН ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч АН ХХК
Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Хариуцагч нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд О Н Т ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар АН ХХК-д холбогдох хэсгийг хүчнгүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжийн О Н Т ХХК-д холбогдох хэсгийн АН ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах тухай”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0596 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О
Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д
Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2025/0736/З/Т
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч АН ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар АН ХХК-д холбогдох хэсгийг хүчнгүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжийн О Н Т ХХК-д холбогдох хэсгийн АН ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 596 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн /1994 оны/ 25 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан АН ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжийн О Н Т ХХК-д холбогдох хэсгийн АН ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн 2 дахь заалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар АН ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас нэхэмжлэгч нөхөн олговор олгох, дүйцүүлэн газар олгох, эсхүл хохирлын асуудлыг шийдвэрлэж дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж тус тус шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У давж заалдах гомдолдоо:
3.1.1 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан тухай: АН ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/143 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд байрлах 3.0 га талбайд аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг авч, улмаар 0201416 тоот газар ашиглах гэрчилгээг авсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А\634 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот, байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 11146 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 115353 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/143 дугаар тушаалаар эрх олгогдсон АН ХХК-ийн 3 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Анхан шатны шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалын АН ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дуга зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсэгт захиргааны байгууллага нь шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шинээр захиргааны акт гаргаагүй тохиолдолд үүсэх шүүхийн шийдвэрийн үр дагаврыг тусгаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д "Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана" гэж заасныг зөрчсөн.
Хэрвээ хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын уур өөрчлөлтийн сайд нь 3 сарын хугацаанд шинэ захиргааны акт гаргахгүй тохиолдолд нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй байсан газрын эрх сэргэх үр дагаварт хүрнэ. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан тушаалыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн атлаа гуравдагч этгээд О Н Т ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар ашиглах эрх 3 сарын дараа сэргэх нөхцөл байдалд хүрч болзошгүй байхад гуравдагч этгээд "О Н Т" ХХК-ийн ч газар мон хүчин төгөлдөр буюу маргаан бүхий газар дээр 2 хуулийн этгээдийн давхцал хэвээр үлдэхээр байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй, ойлгомжгүй байдалд хүргэсэн.
3.1.2 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй тухай:
Шүүхээс "... Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-д Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэс, заагт өөрчлөлт ороогүй, харин ороогүй, харин хил зааг бодит газар дээр бэхэлж тэмдэгжүүлж буулгахдаа алдаатай тэмдгэлснийг залруулсан" гэж дүгнээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалын АН ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
Тодруулбал, Манай компанийн хувьд Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн аливаа хууль бус үйлдэл гаргаагүй, газрын төлбөрт нийт 97,710,000 төгрөгийг бүрэн төлсөн бөгөөд газар ашиглах эрхийг хүчингүй болгох хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй байхад газар ашиглагчаас үл хамаарах шалтгаанаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд "дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана", мөн зүйлийн 3-д "хязгаарлалтын бүс", 25 дугаар зүйлд "Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 2 дахь хэсэгт "... дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх" гэж тус тус зааснаас үзвэл дархан цаазат газарт хамаарах хилийн заагийг Улсын Их Хурал батлахаар байх бөгөөд Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар дархан цаазат газрын хилийн задгийг тогтоосон бөгөөд энэхүү тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр, нэмэлт өөрчлөлт ороогүй байна.
Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-т "Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг"-ийг тогтоосноос хойш 2023 он хүртэл хугацаанд маргаан бүхий газрыг тусгай хамгаалалттай дархан цаазат газрын хилийн цэст оруулж эрх бүхий захиргааны байгууллагаас энэ хугацаанд ашиглах эрх авсан газрыг Улсын Их Хурлын тогтоол гараагүй байхад Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1\406 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн саналыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэст залруулга хийсэн гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.
Маргаан бүхий актын үндэслэлд дурдсан Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар "Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын Тогтоох нь хэсгийн 4-т "... нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах"-аар болж, тус тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгасан.
Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/2054 тоот албан бичигт "... Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын тушаалаар газар ашиглаж байгаа болон Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироолгүйгээр тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн, газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэж хамтран ажиллахыг хүсье..." гэсэн байх ба үүнээс үзэхэд Барилга, хот байгуулалтын сайдын №1/2054 тоот албан бичиг нь мөн одоо ашиглаж байгаа этгээдэд маргаан бүхий газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлж, ашиглуулахыг дэмжсэн агуулгатай байдаг.
Газар ашиглагчаас үл хамаарах шалтгаанаар газар ашиглах эрхийг шууд хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгох байдлаар хуулийн этгээдийг хохироолгүйгээр асуудлыг шийдвэрлэх ёстой байсан буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:", 4.2.8-д "хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчим үйлчлэх ёстой юм.
3.1.3. Шүүхээс "... Нийслэлийн Засаг даргаас өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох баримтыг үндэслэн газар эзэмших эрх олгосон" гэж дүгнээд Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжийн "О Н Т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 05-02/5705 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжийг маргаан бүхий 1**** м.кв газрыг "О Н Т" ХХК-д олгосон талаар олж мэдсэн. "АН" ХХК-ийн зүгээс Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн амны хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргад хандан газар ашиглах эрх авах тухай хүсэлтийг гаргасан боловч тухайн хүсэлтийг шийдвэрлээгүй.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугааp захирамжаар газар эзэмших эрхийг "О Н Т" ХХК-д олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно", 40 дүгээр зүйлийн 40.5-д "... шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй" гэж заасныг болон Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдааны "... Газрын тухай хууль эрх зүйн орчин шинэчлэгдэх хүртэл Улаанбаатар хотод шинээр дахин газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байх" гэсэн шийдвэрийг тус тус зөрчсөн.
Хэрвээ шүүхэд гомдол гаргасан эсэхээс үл хамааран газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэг хэвээр үлдвэл цаашид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалт хэрэгжихгүй шүүхийн буруу практик тогтох сөрөг үр дагавартай.
3.1.4. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар 59 хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг цуцалсан бөгөөд тухайн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1009, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0141 дүгээр магадлал Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн нийт шүүгчдийн хуралдааны 001/ШХТ2025/0209 дүгээр тогтоолоор хариуцагчийн гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байсаар байхад анхан шатны шүүхээс илт үндэслэлгүй нэг талыг барьсан дүгнэлт хийж, давж заалдах шатны шүүхээс хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0596 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д давж заалдах гомдолдоо:
3.2.1. Хэргийг үүсгэхэд холбогдох нөхцөл байдал
Нэхэмжлэгч "АН" ХХК-ийн ашиглаж байсан Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд байрлах 3.0 га газрын ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн А/634 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, мөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар. 2023 оны 03 дугаар тогтоолуудыг үндэслэн хүчингүй болгосон.
3.2.2. Хуулийн болон бодит үндэслэл
Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэс, солбицлын эрх зүйн үндэслэл:
-УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг баталсан.
-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2011 оны 1/406 дугаар албан бичгээр энэхүү хилийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгэж, Байгаль орчны яам нь энэ хүрээнд газар ашиглалтыг тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмд нийцүүлэн шийдвэрлэж ирсэн.
Хилийн цэсийн шинэчлэл, Байнгын хорооны шийдвэрүүд
-2019 онд ГЗБГЗЗЕГ-ын А/65 дугаар тушаалаар гурван талт ажлын хэсэг байгуулж, Богдхан уулын хил заагийг нягтлан тодотгосон.
-Үр дүнг УИХ-ын Байнгын хороо хэлэлцэж, 2022 оны 08, 2023 оны 03 дугаар тогтоолуудаар баталж, шинэчлэн мөрдөхөөр шийдвэрлэсэн.
Тогтоолуудаар олгосон чиглэл, үүрэг
-2022 оны 08 дугаар тогтоолын 1.6, 1.10-д тусгай хамгаалалтын бүсийг өргөтгөж, хамгаалалтыг сайжруулах, шинэ хилийн мэдээллийг мэдээллийн санд бүртган мөрдөхөөр заасан.
-2023 оны 03 дугаар тогтоолын 1.2, 1.4-т хилийн мэдээллийг мэдээллийн санд бүртгэж, тусгай хамгаалалттай газрын дэглэмийн дагуу газар ашиглалт, эрх олголтыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан.
Байгаль орчны яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн хамтын ажиллагаа
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 20-ны 01/3458 дугаар "Хамтран ажиллах тухай албан бичгээр нийслэлийн Засаг даргад тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглах эрх олгосон иргэн, аж ахуйн нэгжийн асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг хүссэн.
-Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны 1/2054 дугаар албан бичгээр "хил заагийн мэдээллийг бүртгэж, газар ашиглалтыг тусгай хамгаалалттай газрын дэглэм, менежментийн телевлегеенд нийцүүлэн зохион байгуулах" чиглэл өгсөн.
3.2.3. Анхан шатны шүүхийн гаргасан алдаа
-УИХ-ын Байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолоор баталсан шинэ хилийн заагийн мэдээллийг хэрэгт холбогдох гол нотлох баримтаар үнэлээгүй;
-Байгаль орчны сайдын А/634 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгосон мэтээр буруу дүгнэсэн;
-Хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн байна.
3.2.4. Хүсэлт
Дээр дурдсан хууль зүйн болон бодит үндэслэлүүдийг харгалзан Нийслэл дэх шатны Захиргааны анхан хэргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0596 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, захирамж гаргахыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч АН ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжийн О Н Т ХХК-д холбогдох хэсгийн АН ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор шинэчлэн тогтоосон улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг нарийвчлан тогтоох эргэлтийн цэгийг солбицолжуулах дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэсийг бодит газар дээр эргэлтийн цэгийг бэхэлж, тэмдэгжүүлж зөвтгөснөөс үзэхэд маргаан бүхий газар нь тусгай хамгаалалттай газрын хил заагт хамаарахгүй, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газарт хамаарч байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор тогтоосон тусгай хамгаалалттай газрын хилийн зааг хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэхүү хилийн заагийг зөвтгөн тогтоосноор нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газар нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээний газарт хамаарах болсон энэхүү үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.
5. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар хүчингүй болгохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нийслэлийн Засаг дарга нар Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан тохиролцож хүлээн зөвшөөрөлцсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон боловч нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг өөрөөс нь хамаарахгүй шалтгаанаар хүчингүй болгосны үр дагаврыг шийдвэрлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна.
6. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар АН ХХК-д өмнө ашиглаж байсан газрын хэмжээнд дүйцүүлэн газар ашиглах эрх олгох боломжийг судлан шийдвэрлэх, нөхөх олговор олгох, эсхүл хуульд заасан журмаар хохирлын асуудлыг шийдвэрлэх замаар дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.
7. Энэ тохиолдолд, АН ХХК-ийн газар ашиглах эрхийг төрийн байгууллагаас хилийн заагийг зөвтгөн тогтоосон үйл ажиллагааны улмаас хүчингүй болгосон тохиолдолд хууль ёсны итгэл хамгаалагдах зарчмын дагуу нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосны үр дагаврыг шийдвэрлэх үүрэг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д заасан “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;" гэж зааснаар үүснэ.
8. Мөн Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 4 дэх заалтад “Тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл ... Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашигдах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах”, Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054 тоот албан бичигт “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглаж байгаа болон Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироохгүйгээр ... эрхийн гэрчилгээг олгож, газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэх ...” үүргийг холбогдох байгууллагуудад өгчээ.
9. АН ХХК-ийн ашиглаж байсан газрын хилийн цэс нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнийх болон зөвтгөгдсөнтэй холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нийслэлийн Засаг даргад уг газраа эзэмших хүсэлт гаргасан боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01-05/1442 дугаар албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг авч, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд АН ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр уг даалгах хүсэлтээ өөрчилж, “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжийн О Н Т ХХК-д холбогдох хэсгийн өөрийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулсан байна.
10. Өөрөөр хэлбэл, О Н Т ХХК-д нийслэлийн Засаг даргаас газар эзэмших шийдвэр гаргахаас өмнө АН ХХК нь уг газраа эзэмших хүсэлт гаргасан нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан хүрээнд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн О Н Т ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаас өмнө уг газраа эзэмших, ашиглах талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйн талаар дүгнэлт хийх, түүнчлэн АН ХХК-д газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах боломжгүй.
11. Анхан шатны шүүх “маргаан бүхий газар нь нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний газар” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн О Н Т ХХК-ийн эзэмших эрх бүхий газрын өөрт давхцалтай хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч уг шүүхийн шийдвэрт дахин шинэ акт гаргуулахаар заасан 3 сарын хугацаанд хариуцагчаас дахин акт гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг сэргэснээр О Н Т ХХК-ийн эзэмших эрх бүхий газартай давхцалтай АН ХХК-ийн газар ашиглах эрх сэргэх үр дагавар үүсэхээр байна.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана.” гэж зааснаар шүүх захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэхэд нэмж тодруулах ажиллагааг хэрхэн явуулахыг заах шаардлагатай.
13. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 3-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалыг түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас АН ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосноос үүссэн үр дагаврыг хуульд заасан арга хэрэгслээр арилгах арга хэмжээг авах талаар шинээр акт гаргаагүй тохиолдолд уг акт хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн заалтыг нэмж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 болгон өөрчилж, 4 дэх хэсгийн дугаарыг хассан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 596 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 3-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалыг түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас АН ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосноос үүссэн үр дагаврыг хуульд заасан арга хэрэгслээр арилгах арга хэмжээг авах талаар шинээр акт гаргаагүй тохиолдолд уг акт хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн заалтыг нэмж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 болгон өөрчилж, 4 дэх хэсгийн дугаарыг хассан өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахаас татгалзсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн,эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэжхэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН