Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 38

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,         

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн 

Улсын яллагч Д.Оюунгэрэл

Хохирогч И.Түмэнжаргал түүний өмгөөлөгч С.Түвшинжаргал

Шүүгдэгч Юей Жин бао түүний өмгөөлөгч Д.Отгонбат, орчуулагч Н.Мөнхзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Юей овогт Жин Баод холбогдох 201625032150 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, 1980 оны 03 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 73-814 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай, Юей овогт Жин Бао /Yue JinBao/ РД:ЮД80031014

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Юей Жин Бао нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 73-814 тоотод бусдыг үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, танхайран иргэн И.Түмэнжаргалыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Жин Баогийн өгсөн: Мэдүүлэг өгнө гэв. Тухайн хэрэг гардаг өдөр манай дүүгийн охин гэрт орж ирсэн. Араас ээж нь орж ирээд охины гадуур хувцас өмсөхгүй яасан юм бэ гэж хэлээд гэрт байсан ээж бид хоёрыг хэл амаар доромжлоод байсан. Би ер нь хохирогчтой нээх харьцдаггүй учир нь хохирогч их ааштай хүн. Хохирогч охины авч гарахдаа манай гэрийн хаалгыг хүчтэй саваад гарсан. Тэгэхээр миний уур хүрээд гарч очоод хохирогчийн биед гэмтэл учруулсан нь үнэн, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч И.Түмэнжаргалын өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 02 өдөр 15 цагийн үед охиноо сургуулаас нь аваад гэртээ ирсэн. Миний охин тухайн үед их хөлөрсөн байсан. Охин хадам ахын гэр рүү яваад орсон. Тэгтэл охин гадуур хувцасаа өмсөхгүй гараад ирсэн. Би охиноо дагуулж ороод хүүхдийн гадуур хувцасыг өмсөхгүй яасан юм бэ гэж шүүгдэгч болон түүний ээж рүү орилж чарласан үнэн. Би охиноо хөлстэй хатгаа авчих болов уу гэж бодоод ийм үйлдэл гаргасан. Би шүүгдэгчийн гэрээс гарахдаа хаалгыг нь хүчтэй саваад гарсан. Тэгтэл араас шүүгдэгч гарч ирээд миний баруун мөрнөөс татаад миний нүүр рүү гараа  цохисон. Тэгэхээр нь би нүүрсний хувин газарт байхаар түүнийг авч шүүгдэгч рүү шидсэн. Шүүгдэгч гэр рүү орохоор нь араас ортох гэтэл амбаарын хаалгыг хаалгаар миний хөлийг хавчисан. Би гэртээ ороод нөхөр рүүгээ утсаар залгатал утас нь болохгүй байхаар нь цагдаа дуудсан гэв.

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Уужимжаргалын өгсөн: Би ороод хүүхдийнхээ хувцсыг тайлж байтал Түммэнжаргал эгч хүүе дүү чинь нүцгэн гүйж байна ш дээ  гээд эгч өөрөө гараад гүйсэн. Тэгээд Түмэнжаргал эгч Эрдэнэ ахынх руу орсон. Жаахан байж байтал Түмэнжаргал эгч тэднийхээс гараад охиноо куртик малгайтай нь дагуулаад гарч ирж байсан. Тэгтэл Эрдэнэ ахын ах Жин Бао араас нь гүйж гарч ирээд Түмэнжаргалыг шатан дээр унагасан толгой руу нь гараараа цохиж байгаа харагдсан. Би цонхоороо харж байсан.Тэгээд би хаалга онгойлгоод цагдаа дуудлаа шүү гэж  хэлтэл Жин Бао нь цаашаа гүйгээд явсан гэсэн мэдүүлэг./хх-10/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹15138 тоот дүгнэлтэнд:

1.Түмэнжаргалын биед тархи доргилт, баруун чамархай, зулайн зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, баруун шагай, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-14/, ял шалгах хуудас хх-29, хохиролын мөнгө хураан авсан тэмдэглэл хх-6, хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл хх-7, гэрчүүдийг байцаасан тэмдэглэл хх 10-11, Монгол-Хятадын Найрамдал сургуулийн тодорхойлолт хх-32, зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Юей Жин Бао нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 73-814 тоотод бусдыг үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, иргэн И.Түмэнжаргалыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулж, танхайрсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан “бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолд зааснаас үзэхэд танхайн гэмт хэргийг хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс ялган зүйлчлэхдээ гэмт хэргийн  /танхайрах гэмт хэргийг хүний амь бие, эрүүл мэндийн гэмт хэргээс ялган зүйлчлэх талаарх хэсэгт/ сэдэлт, санаа зорилго зэрэг субъектив талын шинж, үйлдэл, үр дагавар зэрэг объектив талын шинжээр ялгагдахаар заасан байна.

Шүүх дээрх нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Юей Жин Бао нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 73-814 тоотод хохирогч И.Түмэнжаргал шүүгдэгч Юей Жин Баогийн гэрт орж өөрийн охин Цэлмүүнийг “эд нар чамайг хүн гэж үзэхгүй, дахиж ийшээ орж ирвэл ална шүү гэж” загнан, шүүгдэгч болон түүний ээжид хандаж уурлаж, хаалгыг хүчтэй савж хааж гарснаас болж маргалдан улмаар хохирогчийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг тодорхой сэдэлттэй, хохирогчийн зохих буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Юей Жин Баогийн үйлдлийг хувийн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ байдал нь яллах дүгнэлтэд дурдсан “бусдыг үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан” урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн, эмх замбараагүй шинж бүхий танхайн сэдэлттэй гэж үзэх боломжгүй байна.

Харин шүүгдэгч Юей Жин Бао нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 73-814 тоотод  И.Түмэнжаргалыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

Хохирогч И.Түмэнжаргалын өгсөн…би гарч ирээд тэдний шатаар доошоо буугаад өөрийнхөө байшингийн шатаар өгсөх гэж байтал Жин Бао чи муу хаалга яасан чанга хаадаг юм гэж орилоод хүрч ирээд миний баруун мөрнөөс татаад нүүр рүү гараараа цохисон…би нүүрээ нөгөө гараараа дарж хаахад намайг шатан дээр түлхэж унагаад миний толгой руу…баруун гар руу цохисон…миний хөлийг шат хаалга хоёрын завсар хавчиж цохиод байсан…гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Уужимжаргалын өгсөн…Эрдэнэ ахын ах Жин Бао араас нь гүйж гарч ирээд Түмэнжаргалыг шатан дээр унагасан толгой руу гараараа цохиж байгаа харагдсан…би цонхоороо харж байсан…Тэгээд би хаалга онгойлгоод цагдаа дуудлаа шүү гэж  хэлтэл Жин Бао нь цаашаа гүйгээд явсан гэсэн мэдүүлэг /хх-10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹15138 тоот дүгнэлт зэрэг  бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

Шүүгдэгч Жин Баогийн  буруутай үйлдлийн улмаас хохирогч И.Түмэнжаргалын биед “биед тархи доргилт, баруун чамархай, зулайн зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, баруун шагай, шуунд цус хуралт бүхий мохоо хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 15138 дугаартай актын дүгнэлт /хх-ийн 14/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар Юей Жин Баогийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Юей Жин Баод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй бөгөөд түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв .

 

Шүүхээс Жин Баод ял оногдуулахдаа  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.