Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 228

 

 

 

 

 

 

     2020           2             18                                         2020/ДШМ/228          

 

 

                                Ц.С т холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЗ/2786 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Намууны бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Ц.С т холбогдох эрүүгийн 1903011460505 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.С  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 17 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны гэр хороолол явах замд “Хьюндай Портер” маркийн 96-76 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт нь тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг тус тус зөрчсөний улмаас морь унаж явсан насанд хүрээгүй О.Бадамдорж /эрэгтэй, 14 настай/-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.С ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурорын 543 тоот яллах дүгнэлтэд “...Ц.С  нь тээврийн хэрэгслээр насанд хүрээгүй О.Бадамдоржийг /эрэгтэй 14 настай/ мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх боловч тус этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор тогтоосон тогтоол, авсан мэдүүлэг байхгүй, яллах дүгнэлтэд яллах талын баримтаар хохирогч О.Бадамдоржийн мэдүүлэг хэргийн 16 дугаар талд гэж тусгасан байх боловч уг хуудсанд гэрчийн мэдүүлэг байх бөгөөд, яллах дүгнэлт хэргийн баримтаас зөрүүтэй.

543 тоот яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Яллагдагчийн холбогдсон хэрэг тус бүрийн гэмт хэргийн шинжийг тус бүрд нь тодорхой бичилгүйгээр, тодруулбал аль шинж нь хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн гэж буруутгаж байгаа нь тодорхойгүй байдлаар хооронд хольж бичсэн нь хуулийн шаардлагад нийцээгүй, ноцтой алдаатай.

Хэргийн 78 дугаар талд О.Ган-Эрдэнийн биед хөнгөн гэмтэл учирсан талаар шинжээчийн дүгнэлт байх ба, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, мөн яллах дүгнэлтэд энэ талаар хэргийн үйл баримтыг бүрэн тусгаагүй, нөгөө талаас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлийн асуудлыг хамтатган шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байхад тус асуудалд дүгнэлт өгөлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох этгээдийг субьектээр оролцуулалгүйгээр шалгахгүй орхигдуулсан. Түүнчлэн тус гэмт хэргийн улмаас хэний эд хөрөнгөд хохирол учруулсан эсэх асуудлыг ч шийдвэрлэлгүй орхигдуулсан зэрэг ноцтой зөрчилтэй байна.

Яллагдагч Ц.С ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тус хэрэгт ирүүлээгүй зөрчилтэй гэж үзэж эрүүгийн 1903 0114 60505 дугаартай, нэг хавтаст хэргийг тус прокурорын газарт буцааж, хэргийн прокурорт очтол Ц.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Намуун тус шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Хэрэгт О.Ган-Эрдэнээс гэрчийн мэдүүлэг авсан, хохирол төлбөрийн талаар хэрэгт эмчилгээний баримтыг хавсаргасан болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцдог тул яллах дүгнэлтэд хөнгөн хохирол учирсныг дурдаагүй боловч яллагдагч Ц.С  нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд яллах дүгнэлтэд дурдаагүй гэдгээр энэ үүргээс чөлөөлөгдөхгүй.

Мөн яллах дүгнэлтэд О.Ган-Эрдэнэд хөнгөн хохирол учирсныг дурдсан дурдаагүйгээс энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.  Шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой болно.

Шүүх О.Ган-Эрдэнийг иргэний нэхэмжлэгчээр заавал тогтоох шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж заасны дагуу шүүх иргэний нэхэмжлэгчээр тогтоох бүрэн эрх нь нээлттэй байгаа.

Яллагдагч Ц.С ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн эзэмшигч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн тул эд зүйлийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж үзсэн.

Яллагдагч Ц.С ийн жолооны үнэмлэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хураан авах боломжтой бөгөөд үүнийг хурааж аваагүйгээс хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг шийдвэрлэх боломжтой байхад хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2786 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Яллагдагч Ц.С т холбогдох хэргийг анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заажээ.

Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааны цогц утгаар илэрхийлэгддэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолдоггүй бөгөөд шүүх хуралдааны явцад боломжит байдлыг нотолдог юм.

Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хооронд нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг.

Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт хийдэг.

Хэрэгт хохирогч О.Бадамдорж /14 настай/-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба түүнийг хохирогчоор тогтоож, түүнээс мэдүүлэг аваагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилсан байх ба гэмт хэргийн улмаас хохирсон хүнийг хохирогчоор тогтоож, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй /насанд хүрээгүй/ бол хуульд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдлэх хуулийн зохицуулалттай.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хохирсон этгээдийг хохирогчоор тогтоохгүйгээр хууль ёсны төлөөлөгчийг томилох нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Яллагдагч Ц.С ийн үйлдлийн улмаас О.Ган-Эрдэнийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан байх ба яллагдагчийн үйлдлийн шинжид оруулан дүгнээгүй, уг асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Хэргийн 101 дүгээр талд “Жолоочийн лавлагаа мэдээлэл” авагдсан байх ба Цэдэнгийн С  ийн 195922 дугаартай жолооны үнэмлэх хүчинтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж ... хорих ял шийтгэнэ.” гэсэн зохицуулалттай байх ба яллагдагч Ц.С ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар жолооны үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлдэг юм.

Иймд уг хэрэгт яллагдагчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг прокуророос шүүхэд ирүүлэх нь зүйтэй.

Мөн захирамжид дурдсан “...543 тоот яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, яллагдагчийн холбогдсон хэрэг тус бүрийн гэмт хэргийн шинж, хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн гэж буруутгаж байгаа нь тодорхой бичих шаардлагатай. ...” гэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоон хуульчилжээ.

            Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах ёстой гэж үзвэл шүүгдэгчид холбогдох гэмт хэрэгт ял сонсгож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийг шүүх хянан шийдвэрлэх учиртай.

            Прокурорын яллах дүгнэлт ойлгомжтой, тодорхой бичигдсэн байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхээс гадна Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенц, Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хуульд заасан хүний эрх, түүний баталгаа зөрчигдсөн эсэхийг хянах, хэргийн оролцогч нар эдлэх эрх, хүлээх үүргээ ойлгох, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад тэдний хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхэд чухал холбогдолтойг прокурор цаашид анхаарвал зохино.

Эдгээр байдлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцсэн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хавтас хэргийн 98 дугаар хуудсанд жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг авагдсан байх ба гэрэл зурагт хэмжилт-хяналтын төхөөрөмж 0.88 хувийг зааж байхад тэмдэглэлд 0.00%, согтууруулах ундаа хэрэглээгүй гэж тэмдэглэснийг прокурор, эрх бүхий албан тушаалтан цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЗ/2786 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Намууны бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 7 дугаартай дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ