Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0675

 

“Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлт”

БГБХН-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлт” БГБХН-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын орлогч, Ховд аймгийн Дарви сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбатын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Санал ирүүлэх тухай” 1/3102 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “г” хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.4 дэх хэсэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлт” Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын “Ховд аймгийн Дарви сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар “Ажил сайжруулах тухай” тогтоол, Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Ган-Эрдэнийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай”, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаар “Ажилд түр томилох тухай” 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар “Комисс байгуулах тухай” захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч “Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлт” Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэхээр 2 гишүүнтэйгээр 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үүсгэн байгуулагдсан.

... “Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлт” БГБХН нь тусгайлан олгосон зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг бие даасан “аж ахуйн нэгж” байтал аймаг, орон нутгийн удирдлагаас манай нөхөрлөлийн үйл ажиллагааг хууль зөрчин боомилох, элдэв шахалт дарамт үзүүлэх, хууль бус захиргааны акт гарган дур зоргоороо авирлах, нөхөрлөлийн дотоод үйл ажиллагаанд байнгын орж байсан.

... Нэхэмжлэгч “Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлт” нөхөрлөлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, аж ахуйн нэгжийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс хууль бусаар нөлөөлсөн тогтоол гаргасныхаа хувьд Дарви сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээж хариуцна гэж байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

... Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбатад нэхэмжлэгч “Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлт” нөхөрлөлийн эзэн Д.Баасанжаргалын албан ажилдаа тэнцэхгүй байгаа талаар үнэлэлт дүгнэлт өгч, өөр мэргэжлийн хүнээр солиулахаар даалгах эрх хэмжээ огтхон ч байхгүй.

... Дээрх Дарви сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Ховд аймгийн Засаг даргын орлогчийн албан бичгийн хэрэгжилтийн улмаас нэхэмжлэгч “Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлт” нөхөрлөлийн эзэн Д.Баасанжаргалыг эмийн сангийн эрхлэгчийн ажлаас нь хууль бусаар чөлөөлж, нөхөрлөл эмийн сангийн үйл ажиллагаа боомилогдон аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрх зөрчигдсөн байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанд гомдолтой.

... Хувийн эрх зүйн хуулийн этгээд болсон нөхөрлөл нь өөрийн үйл ажиллагаа явуулдаг эмийн сандаа хэнийгээ ажиллуулах нь тухайн аж ахуйн нэгжийн дотоод хэрэг бөгөөд үүнд төр, түүний албан тушаалтан оролцож, удирдлагыг нь халж, чөлөөлөх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй.

Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Ган-Эрдэнэ нь “Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлт“ нөхөрлөлийн эзэн Д.Баасанжаргалын ажил олгогч ч биш, Д.Баасанжаргал нь түүний ажилтан ч биш. Ямар ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа ч үүсээгүй. Хариуцагч Дарви сумын Засаг дарга Д.Ган-Эрдэнэ нь Эргэлтийн эмийн сангийн эрхлэгч, нөхөрлөлийн эрхлэгч Д.Баасанжаргалыг өөрийн ажилтан мэтээр үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн байгаа нь илт хууль бус захиргааны акт гаргасан.

... Хариуцагч Ховд аймгийн Засаг даргад нэхэмжлэгч “Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлт” БГБХН-ийн үйл ажиллагааг хянах удирдах зөвлөлийг байгуулах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, тухайн захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байхгүйд оршино.

... Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Ган-Эрдэнэ нь 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар захирамж гарган сумын эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагааг хянах, удирдах салбар зөвлөлийн дарга, гишүүд 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “г” ... заалтыг сайтар үзвэл “хуульд өөрөөр заагаагүй бол” уг эрх хэмжээг хэрэгжүүлэхээр, хэрэгжүүлэхдээ ямар арга замаар хэрэгжүүлэх механизмыг тусгайлан хуульчлаагүй байна. ... Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг үзэхэд хариуцагч нэхэмжлэгч хуулийн этгээдийн эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавих, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хутгалдан оролцож, хянаж шалгах зөвлөл байгуулах эрх хэмжээ үгүй.

... Засгийн газрын тогтоолоор бараа, бүтээгдэхүүний үнийг чөлөөлөөд 13 жил өнгөрч байхад Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Ган-Эрдэнэ нь эмийн сангаар худалдаалдаг эмийн үнийг тогтооход нь хяналт тавих үүднээс захирамж гаргасан байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Ховд аймгийн Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлтийн эрхлэгч Д.Баасанжаргалд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь итгэмжлэлээсээ татгалзсан байхад шүүх “Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлт” БГБХН-ийн эрхлэгч Д.Баасанжаргалаас тодруулахгүйгээр шийдвэрлэсэн нь шүүх хуралдаанд оролцох хэргийн материалтай танилцах нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, мэтгэлцэх эрхүүдээр хангасангүй.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэг. Ховд аймгийн Засаг даргын орлогчийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Санал ирүүлэх тухай” 1/3102 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын тухайд:

Тухайн албан бичгээр Ховд аймгийн Засаг даргын орлогчоос “Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлт” БГБХН эмийн сангийн үйл ажиллагааг иргэдэд хүргэхдээ чирэгдэл учруулдаг, иргэдэд хөнгөлөлттэй эмээр үйлчлэхгүй байгаа зэрэг зөрчил, дутагдлууд гарч байгааг мэдэгдэж, үүнтэй холбогдуулан холбогдох арга хэмжээ авах” талаар Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад мэдэгджээ.

Уг албан бичгийг гаргах үед Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д тодорхойлсноор захиргааны байгууллага, албан тушаалтнаас нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар гаргасан эрх зүйн үр дагавар шууд бий болгодог захирамжилсан үйл ажиллагаатай холбоотой маргааныг, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэж байсан.

Дээр дурдсан захиргааны актад тавигдах үндсэн шинжүүдийг тухайн албан бичиг бүрэн агуулаагүй, өөрөөр хэлбэл, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар гаргасан захирамжилсан шинжийг агуулаагүй, эрх зүйн үр дагавар шууд бий болгоогүй байна.

Анхан шатны шүүх холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Хоёр. Ховд аймгийн Дарви сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Ажил сайжруулах тухай” 07 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын тухайд:

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д өөрийн орон нутгийн онцлогт тохируулан эм, эмнэлгийн хэрэгслээр хангах үйл ажиллагааг зохицуулах үүргийг нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэсэн бөгөөд уг үүргийн хүрээнд болон Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 /харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн асуудлаар Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэн дүгнэлт өгөх/, 10.1.3 /харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар хөтөлбөр, шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих/-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тайланг хэлэлцэж, нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн талаар үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч, эмийн эргэлтийн санд байвал зохих эмийн хангалт муу, хөнгөлөлттэй эмийн жороор үйлчлээгүй, нийгмийн даатгалын сангаас авах ёстой санхүүжилтийг аваагүй, өр үүсгэсэн зөрчил дутагдал гарсныг арилгуулж ажиллахыг сумын Засаг даргад зөвлөсөн, үүрэг болгосон шийдвэрийг гаргасан нь хууль зөрчөөгүй бөгөөд уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв бөгөөд “өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар тогтоол гаргасан” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Гурав. Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Комисс байгуулах тухай” Б/35 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1.5-ын г/-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн :.. эрүүл мэнд, ... спортын байгууллагууд эрх бүхий байгууллагаас тогтоосон стандарт, норм, нормативыг сахин мөрдөж байгаа эсэхэд тэдгээрийн харъяалал, өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр хяналт тавих” бүрэн эрхтэйгээс гадна Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1/-д зааснаар төрийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн бүрэн эрхийн хүрээнд сумын эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагааг хянах, удирдах салбар зөвлөлийг байгуулсан нь ямарваа нэг хуулийг зөрчөөгүй, тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Дөрөв. Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/04, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” Б/05 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлт” БГБХН нь эмийн сангийн үйл ажиллагааны чиглэлээр, 2 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан, үүсгэн байгуулагчдын хурлын 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолыг үндэслэн 2012 оны 02 дугаар сарын 09-ний  өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноор үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Нөхөрлөлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 /Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг нөхөрлөлийг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ/, 21 дүгээр зүйлийн 1 /Гишүүн бүр нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй/, 3 /Удирдах эрх бүхий гишүүд олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна/-д зааснаар нэхэмжлэгч “Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлтийн сан” БГБХН-ийн удирдлага нь тус нөхөрлөлийн бүх гишүүд болох Ч.Улам-Өрнөх, Д.Баасанжаргал нар байх бөгөөд тус нөхөрлөлийн эмийн сангийн эрхлэгчийг томилох эрх хуулийн дээрх заалтуудын дагуу тухайн нөхөрлөлийн гишүүдэд хадгалагдаж байна.

Гэтэл Нөхөрлөлийн тухай хуулийн дагуу байгуулагдаж, сумын эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагааг Дарви сумын Засаг даргатай байгуулсан 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжийн эрхлэгч буюу удирдлагыг сумын Засаг дарга үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар илт хууль бус захиргааны акт гаргажээ.

Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар захирамжаар сумын эмийн эргэлтийн сангийн эрхлэгчээр Д.Баасанжаргалыг томилж, цалинг эрүүл мэндийн цалингийн сүлжээг жишиглэн тогтоосон зэргээс дүгнэхэд тухайн үед сумын эмийн эргэлтийн сан нь орон нутгийн өмчид суурилсан хуулийн этгээд байж, удирдлагыг нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2/-д заасан бүрэн эрхийн хүрээнд сумын Засаг дарга томилж байсан гэж үзэхээр байна.

Харин тухайн нөхцөл байдал хожим өөрчлөгдсөн нь хэрэгт авагдсан баримтууд, тухайлбал, “Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлтийн сан” БГБХН нь Нөхөрлөлийн тухай хуулийн дагуу шинээр байгуулагдсан талаарх баримтууд, тухайн нөхөрлөлтэй Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга “Ховд аймгийн Дарви сумд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, ард иргэдэд хөнгөлөлттэй үнээр эм олгох” зорилгоор 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Хамтран ажиллах тухай гэрээ”-г 3 жилийн хугацаагаар байгуулсан, мөн “Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлтийн сан” БГБХН-ийн үйл ажиллагааг зогсоосны дараа уг нөхөрлөлийн гэрээгээр гүйцэтгэж байсан үйл ажиллагааг “Дарви тариат булаг” БГБХН-өөр гүйцэтгүүлсэн зэрэг үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч “Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлтийн сан” БГБХН-ийг төрийн өмчит хуулийн этгээд, өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 297 дугаар тушаалаар баталсан “Эмийн эргэлтийн сангийн ажиллах журам”-ын 1.2-т заагдсан уг журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчид суурилсан нөхөрлөл гэж үзэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх энэ талаар “Хөдөлмөрийн болон Хамтран ажиллах гэрээ байгуулж байгаагүй, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх, үүрэг чиглэл өгч байсан эсэх талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, ажлаас чөлөөлөх болсон шалтгаан нөхцөл, зөрчлийг тогтоосон байдал, хариуцлага тохирсон эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагагүй” гэх буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Хариуцагч албан тушаалтны тухайд “урьд өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй” гэх үндэслэлээр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан нэг тал болох нөхөрлөлийн захирлыг ажлаас нь чөлөөлөх хууль зүйн боломжгүй.  

Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал өөрчлөгдөж сумын эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагааг гэрээгээр орон нутгийн өмчлөлийн бус этгээд буюу хуулийн этгээд гүйцэтгэж байгааг хариуцагч албан тушаалтан анхааралгүй орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилдог бүрэн эрхийг хэрэгжүүлсэн агуулгатай шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Харин гэрээ байгуулагч эрх тэгш талуудын нэг болохын хувьд Засаг дарга гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл гэрээг цуцалж, дуусгавар болгох, өөр этгээдтэй гэрээ байгуулах зэрэг үр дагаварт хүргэж болно.

Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актуудыг гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагүй, 2016 оны 07 дугаар сарын 01-нээс мөрдөгдсөн Захиргааны ерөнхий хуулийг маргаан шийдвэрлэхдээ хэрэглэсэн нь бурууг анхаарах нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1” гэснийг хасч, 2 дахь заалтыг “2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2-ын 2, Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “г”-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/04 дүгээр, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” Б/05 дугаар захирамжуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Ховд аймгийн Дарви сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Ажил сайжруулах тухай” 07 дугаар тогтоол, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Комисс байгуулах тухай” Б/35 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР