Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 179

 

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 370 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 139 дүгээр магадлалтай, 201724000224 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ын А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох” гэмт хэрэгт холбогджээ. 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.А-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 2 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 1 жил хорих ял шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4  дэх хэсэгт заасныг баримтлан Б.А-ийн эдлэх 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Адъяцэнд, түүний өмгөөлөгч Д.Ганбат, С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.А гаргасан гомдолдоо “Автомашиныг жолоодож яваад талийгаач Л.Б-г мөргөж амь насыг нь хохироосондоо маш их гэмшиж, чин сэтгэлээсээ уучлал хүсч байна. Өмгөөлөгч маань сайн ажиллаж байсан ч намайг мэдүүлэг өгүүлээгүйгээс гадна хохирол төлөхийг дэмжээгүй. Хуулийн мэдлэггүйн улмаас өмгөөлөгчийн үгэнд итгэж хэргээ хүлээмээр байсан ч өмгөөлөгчийн хэлснийг зөрчсөн болчих гээд байхаар нь түүний заавар, зөвлөгөөгөөр явсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж, 2,300,000 төгрөгийг авч очсон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т аваагүй. Харин давж заалдах шатны шүүх хуралдааны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 16,313,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд одоо нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй болохоо илэрхийлсэн баримтаа шүүхэд ирүүлсэн болно. Анх удаа санамсар болгоомжгүйгээр хэрэгт холбогдож, учруулсан хохирлоо төлж барагдуулсан байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна. Өвөө, эмээ, эх, оюутан дүү, эгч, түүний хоёр хүүхдийн хамт амьдардаг. Намайг хорих ял шийтгүүлснийг өвөө, эмээ, эх маань сонсоод гэнэтийн цочролд орж, сэтгэл санаа нь хямарч улмаар ухаан санаа нь тогтворгүй байгаа. Миний бие 2014 оноос СУИС-д суралцаж байгаад энэ хэргийн улмаас сургуулиасаа завсардсан. Цаашид сургуульдаа сурч мэргэжил эзэмшээд улс эх орныхоо урлаг, соёлын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч байна. Иймд давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 1 жил хорих ял оногдуулсныг зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.А нь гэм буруугаа хүлээж, сонсгосон зүйл ангийг зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинтөрд 16,313,500 төгрөг төлсөн бөгөөд хохирогчийн зүгээс гомдол саналгүй болохоо илэрхийлсэн баримтыг нотариатаар гэрчлүүлэн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байгаа болно. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан тул Б.А-эд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломж байсан. Шүүх Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэн заалтыг үндэслэн анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэлгүйгээр хорих ял оногдуулсан. Б.А нь СУИС-ийн ардын хөгжмийн ангийн оюутан, морин хуурч залуу бөгөөд 88-92 насны өвөг эцэг, эмэг эхээ тэжээн асардаг ганц зээ хүү нь юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийт хороолол явах чиглэлийн Айдсын давааны замд 58-83 УНҮ улсын дугаартай “Тоёота приус” загварын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Б-г мөргөж амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-д олгохоор шийдвэрлэсэн 14,313,494 төгрөгийн хохирлыг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан талаарх нотлох баримтыг хохирогч шүүхэд ирүүлснийг харгалзан давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлсэн нь хуульд нийцжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн байдалд тохирсон байх тул шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан хорих ялыг тэнсэх тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 370 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 139 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН