Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 329

 

Ж.Ө-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Ж.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2017/0308 дугаар магадлалтай, Ж.Ө-ийн нэхэмжлэлтэй, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаанд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10, 27 дугаар зүйлийн 27.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Ө-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, дутуу олгосон тэтгэмжийн 6 584 374 төгрөгийг хариуцагч Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаанаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, “Нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох тухай” тушаал шинээр гаргахыг Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0308 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1, 3, 4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Ж.Ө-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын Ж.Ө-д төрийн албан хаагчид олгох нэг удаагийн тусламжийг бүрэн олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дутуу олгосон 6.584.374 төгрөгийг Ж.Ө-д олгохыг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан Ж.Ө-ийн гаргасан “Дорнод аймгийн Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 3 дахь заалтыг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх нь Төрийн албаны хууль, Байгаль орчныг хамгаалах хамгаалах тухай хууль,Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Хоёр шатны шүүх нь нэхэмжлэгчийн цалин хөлсийг ажиллаж байгаагүй албан тушаалын цалингаар бодож нэхэмжлэлийг хангасан нь буруу бөгөөд нэхэмжлэгч Ж.Ө нь манай байгууллагад байгаль хамгаалагчаар ажиллаж тэтгэвэрт гарсан байхад улсын байцаагчийн цалингаар тооцож тэтгэмжийг бодож тооцсон нь хууль зөрчсөн юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь манай байгууллагад байгаль хамгаалагчаар ажилладаг байсан нь ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэрээ, ажилд томилогдсон тушаал зэргээр бүрэн тогтоогддог.

Манай байгууллагын бүтэц орон тоог жил бүр салбарын яамнаас баталж ирүүлдэг бөгөөд бүтэц орон тоонд өнөөдрийг хүртэл улсын байцаагчийн орон тоог батлаагүй юм. Тус газар ажиллаж байгаа улсын байцаагчийн эрхтэй бүх байгаль хамгаалагчид байгаль хамгаалагчийн орон тоонд ТЗ-2-5-аар цалинждаг юм. Манай байгууллага яамнаас батлаагүй орон тоонд дур мэдэн ажилтныг ажиллуулах эрхгүй бөгөөд батлагдсан бүтэц орон тоо, төсөвт багтаан үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг дур мэдэн улсын байцаагчаар ажиллуулах, цалингийн хэмжээг нэмэгдүүлэх эрх хэмжээ байхгүй болно. Нэхэмжлэгч Ж.Ө нь нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд өөрийн ажиллаж байсан орон тоо болон цалингийн хэмжээний талаар нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй бөгөөд шүүх энэ байдлыг огт харгалзаж үзээгүйд гомдолтой байна.

Тус байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан байгаль хамгаалагч П.А нь улсын байцаагчийн эрхтэй байхад байгаль хамгаалагчаар ажиллуулж байсан нь хууль бус болохыг тогтоолгож цалингийн зөрүү хүссэн нэхэмжлэл Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч хяналтын шатны шүүхээс 2017 оны 5 сарын 08-ны өдрийн 165 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл манай байгууллага батлагдсан орон тоонд улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчийг байгаль хамгаалагчаар ажиллуулж цалинжуулж байсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн юм. П.А болон Ж.Ө нар нь улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчид бөгөөд байгаль хамгаалагчийн цалингаар цалинждаг бөгөөд батлагдсан орон тоо нь байгаль хамгаалагч юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэгч Ж.Ө-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийг хэрэглэсэн байна.

Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б-19 дүгээр тушаалаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрч төрийн албанаас чөлөөлөгдсөн тус газрын байгаль хамгаалагч Ж.Ө-д нэг удаагийн буцалтгүй тусламжид 17803322 төгрөг олгосон, нэхэмжлэгч Ж.Ө нь “улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчаар ажиллаж байсан тул улсын байцаагчийн цалингаас буюу ТЗ-6 ангиллын албан тушаалын цалингаас тооцож, нэг удаагийн тусламжийн мөнгийг олгох ёстой байсан” гэж маргаж, уг тушаалыг хүчингүй болгуулах, дутуу олгогдсон 7 сая төгрөгийг олгох шийдвэр гаргуулах шаардлага гаргасныг, хариуцагч нь “байгаль хамгаалагч нь ТЗ-2 зэрэглэлээр цалинждаг, авч байсан цалингаас тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч Ж.Ө нь Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчаар 2008 оноос эхлэн ажиллаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 195 дугаар тушаалаар байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх авсан, байгаль хамгаалагчийн буюу ТЗ-2-5 зэрэглэл, шатлалаар цалинжиж байсан, уг асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хамгаалалтын захиргааны хамгаалалт хариуцсан ажилтан болон байгаль хамгаалагч нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх, үүрэгтэй байна”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “...хуулиар улсын байцаагчийн эрхтэй бусад этгээдэд улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно” гэж зааснаас үзвэл улсын тусгай хамгаалалттай газар нутагт ажиллаж байгаа байгаль хамгаалагчид хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь улсын байцаагчийн эрх олгож, хяналтын үүргийг гүйцэтгүүлэхээр тусгайлан заажээ. Иймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 195 дугаар тушаалаар Ж.Ө-д “улсын байцаагч”-ийн эрх олгосон шийдвэрт үндэслэн түүнийг “улсын байцаагч”-ийн албан тушаалыг эрхэлж байсан гэж үзэх үндэслэлгүй.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс уг харилцаанд хэрэглэх ёсгүй буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн “байгаль орчны хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэх”, “мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхэд аймагт байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллах”, “улсын байцаагчийн эрх олгогдсоноор байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалыг эрхлэх” зохицуулалтуудыг хэрэглэж, Ж.Ө-г бие даасан ажил, албан тушаал болох “байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан” гэж буруу дүгнэж, түүний нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталж “төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг тогтоосноор байгаль хамгаалагч нь төрийн захиргааны албан тушаалын “туслах түшмэл, ТЗ-2” ангилал, зэрэглэлд хамаарах, харин улсын байцаагчийг “дэс түшмэл, ТЗ-6”-д хамааруулсан, эдгээр нь ялгаатай өөр өөр албан тушаал байна.

Нөгөө талаар шүүхүүд Ж.Ө-г “...“ТЗ-6”-аар цалинжуулж тэтгэмж олгох ёстой байсан” гэж хариуцагчийг буруутгасан хууль бус дүгнэлт хийжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаас үзвэл улсын байцаагчийн эрх авсан улсын тусгай хамгаалалттай газар нутагт ажилладаг байгаль хамгаалагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэднийг “улсын байцаагч”-ийн албан тушаалын цалингаар цалинжуулах талаар салбарын яам болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүрээнд яригддаг асуудал боловч ийм цалин олгохыг хууль тогтоомжоор шийдвэрлээгүй, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3, 28.6-д заасны дагуу төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг албан тушаалын ангилал, зэрэглэл болон төрийн тухайн албан тушаал эрхэлсэн хугацаанаас хамааралтайгаар боловсруулж мөрдүүлэх нь Засгийн газрын чиг үүрэгт хамаарч байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 332 дугаар тогтоолд зааснаар төрийн захиргааны албан тушаалын “ТЗ-2” зэрэглэлийн 5 дугаар шатлалын цалин сард 531098 төгрөг ба энэ тогтоолыг мөрдөж эхэлсэн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгч ийм цалин авч байсан, “байгаль хамгаалагч”-ийн /албан тушаалын/ үндсэн цалингаас тооцож Ж.Ө-д “нэг удаагийн буцалтгүй тусламж” олгосон хариуцагчийн шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3-т заасанд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Засгийн газрын дээрх журмын 3-т “...төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын ...үндсэн цалинг...” гэснийг “хамгийн сүүлд авч байсан үндсэн цалингийн хэмжээнээс тооцох”-оор заагаагүй гэж уг тогтоолын агуулгыг алдагдуулсан шинжтэй, хууль зүйн буруу дүгнэлт хийжээ.

Тухайлбал, Ж.Ө-ийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаал нь “байгаль хамгаалагч”-ийн албан тушаал бөгөөд уг албан тушаалын цалинг авч байсан нь маргаангүй, уг ажил үүргийг гүйцэтгэхдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд тусгайлан зохицуулсанаар “улсын байцаагч”-ийн эрхтэй байсан байдлыг нь “улсын байцаагч”-аар ажилласан мэтээр дүгнэж, улмаар уг албан тушаалын цалинг олгох ёстой, иймд үндсэн цалинг дутуу олгож байсан нь “нэг удаагийн тусламж”-ийн мөнгийг дутуу өгөх үндэслэл болохгүй гэж үндэслэлгүй дүгнэжээ.

Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдын хооронд байгаль хамгаалагчийн цалингаас үүдэж “нэг удаагийн буцалтгүй тусламж  буруу бодож олгосон” асуудлаар гарсан маргаанд “байгаль хамгаалагч”-ийн эрх зүйн байдлыг тодорхойлсон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, тухайн харилцаанд хэрэглэх ёсгүй Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрөө тодорхойлж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн цалин хөлсийг ажиллаж байгаагүй албан тушаалын цалингаар бодож нэхэмжлэлийг хангаж холбогдох хуулийг буруу хэрэглэсэн” гэх гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2017/0308 дугаар магадлалыг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ө-ийн “Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” Б-19 дүгээр тушаалыг хүчингүй болгох, дутуу олгосон 7 сая төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ