Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/89

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр                              Дугаар 2023/ШЦТ/89                             Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа,

            Улсын яллагч Г.Ганбаяр ,

Шүүгдэгч Э.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар    

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Эын Аод холбогдох 2328000000007 тоот 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Биеийн байцаалт: ................,

Яллах дүгнэлтэд хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ань 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, Хийдийн 3 дугаар гудамжны 07 тоот буюу өөрийн гэртээ эхнэр Б.Цтай үл ялих зүйлээс шалтгаалан хэрүүл маргаан үүсгэн, улмаар Б.Цгийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Аыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч Э.Ашүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхгүй гэв.  

Хохирогч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Аыг гэртээ юм хийсэнгүй гэж уурласан. Мөн тэрнээс өмнө нөхөр маань хүүхэнтэй танилцаад жил гаруй хугацаанд гэр бүлээс гадуур харилцаатай байсныг мэдчихсэн байсан юм. Тухайн өдөр хэрүүл болох шалтгаан нь нөхөр амбаарын хаалга янзалж байгаад орж ирээд орон дээр утсаа барьж хэвтэж байснаа утасны дата дуусгачихсан байна гээд уурлахаар нь дата дууссаны төлөө юун сүртэй юм бэ гэртээ юм хийхдээ л уурлах юм гэсэн чинь битгий хуцаад бай гээд утасныхаа цэнэглэгчийг аваад шидчихсэн. Тэгээд юу юугүй босож ирээд намайг түлхээд цохиж байгаад хувцсаа аваад гарах гэхээр нь миний авч өгсөн хувцсыг тайл гэж хэлээд үснээс нь хальт зулгаасан. Тэгсэн чинь намайг түлхчихээд зугтаасан. Удалгүй гэртээ орж ирж унтсан. Маргааш нь миний нүд хөхөрчихсөн байхаар нь би чамайг шалгадаг газраар нь шалгуулна гэхэд тэгж л байхгүй юу гэж хэлчихээд явсан. Надад санал хүсэлт гомдол байхгүй. ...2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр намайг зодсоны улмаас миний биеийн зүүн нүд, баруун гуя, зүүн ташааны цус хуралт үүсэж хөхөрсөн гэжээ.” /хавтаст хэргийн 10-11, 85 дахь тал/

Гэрч А.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Өөрийнхөө төрсөн эцэг, эхийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэжээ” /хавтаст хэргийн 14 дэх тал/

Шүүгдэгч Э.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би 1973 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд аав Ж.Э, Н.Ц нарын том хүү болон мэндэлсэн. 1976 оноос 1976 онд Даланзадгад сумын 1-р цэцэрлэгт, 1981-1989 онд Даланзадгад сумын 1-р бүрэн дунд сургуульд суралцаж Бүрэн бус дунд боловсрол эзэмшиж, 1989-1991 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын техник мэргэжлийн сургуулийг төгс ч мал аж ахуйн өргөн мэргэжил эзэмшиж, бүрэн дунд боловсролтой болсон. 1991-1993 онд Улаанбаатар хотын 021 дүгээр цэргийн ангид хугацаат цэргийн алба хаасан. 1993-1994 оны хооронд Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Нийтийн хэв журам хамгаалах тасагт цагдаагаа, 1994- 1997 оны хооронд Зэвсэгт хүчний 167-р ангид сахиулаар ажиллаж байх хугацаандаа хэрэгт холбогдож 3 жил хорих ялаар шийтгүүлж 1998 оны 09 сард хугацааны өмнө тэнсэн суллагдсан. 1999-2003 онд ГБГ ХХК-нд туслах ажилтнаар ажиллаж байгаад 2003 оноос хойш өөрийн тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэлт хийж байсан. 2018 оноос Гурван сайхан констракшинд гагнуурчин, ковшчиноор одоог хүртэл ажиллаж байна. Ам бүл 5-уулаа эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаа. 1994 онд эхнэр Б.Цтай гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үүдний амбаарын хаалга хийчихээд 17 цагийн үед гэрт орж цай уух гээд суухад эхнэр тогоонд байгаа хуушуур гаргачих гэхээр нь би шүүр аваад гаргах гэхэд эхнэр алив алив гээд надаас шүүр булаагаад авчихсан. Тэгээд би буцаад сууж байсан чинь эхнэр энэ гэр орон чин салхинд явах нь байна гэхээр нь аяга цай уучихаад гарлаа гэж хэлчихээд цай уучихаад гэрээс гарч гэрийн тэнчээ татаж уячихаад гэрт орж ирээд утсаараа фэйсбүүк орох гэхэд орж болохгүй байсан чинь дата нь дуусчихсан байсан. Тэгэхээр нь би өө пизда дата дуусчихаж гэсэн чинь эхнэр “чи датагаа үзэж байхад яадаг юм” гээд л хэрүүл өдөж эхэлсэн. Тэгж байснаа шал өөр зүйлээр хэрүүл хийж чи ажлынхаа нягтлангаар дамжуул хүнд мөнгө өгдөг юм байна гэж хэрүүл хийсэн. Тэр нь миний утсан дээр байсан мэссэжийг үзчихээд уурлаад, хэрүүл өдөөд байсан юм билээ. Тэгээд хэрүүл өдөөд янз янзаар хараагаад байхаар нь би орны хажууд байсан утасны цэнэглэгч аваад шидсэн чинь оноогүй. Тэгээд чамтай хэрүүл хийх гэж лай лай гээд хувцсаа өмсөх гээд боссон чинь чи муу хаачих гээд байгаа юм гээд миний араас үснээс зулгаахаар нь би эргэж хараад цааш нь түлчихсэн. Түлхэхэд гар нүд рүү нь таарчихсан юм билээ. Тэгээд эхнэр надтай зууралдаад салахгүй байхаар нь би орон дээр дарж байгаад орхичхоод гарч зугтсан. Гэрээсээ гарч явсанаас хойш 3 гурав хоног гэртээ очоогүй ажил дээр байж байхад л цагдаагийн газар өргөдөл өгчихсөн байсан. Эхнэр Б.Ц бид хоёрт хоорондоо хэрэлдэж маргалдах зүйл үе олон байсан. Хэрэлдэж маргалдах болгондоо эхнэрийнхээ бие эрх чөлөөнд халдаж байсан зүйл байхгүй. Харин эхнэр маань намайг цохиж, самардах гээд байхаар нь гараас нь барих, түлхэх зэрэг үйлдлүүдийг хийдэг байсан гэжээ. /хавтаст хэргийн 26-28 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Цгийн биед тархины доргилт, зүүн нүдний зовхи, баруун гуя, зүүн ташааны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 19-20 дахь тал/

Шинжээч эмч С.Шүрцэцэгийн мэдүүлэгт: “Б.Цгийн биед үзлэг хийж дүгнэлтийг гаргасан. Баруун гуя, зүүн ташаанд үүссэн гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Олон хүн үзлэг мөн одоогоос 2 сарын өмнө болсон асуудал байх тул юу гэж хэрхэн хэлж байснаа сайн хэлж мэдэхгүй байна” гэжээ. /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 29 дэх тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 7 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 34-38 дахь тал/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/

Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 46 дахь тал/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/

Өмнөговь аймаг Архивын тасгийн боловсролын лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/

Гурвансайхан констракшны “Э овогтой А нь 2018 оноос хойш одоог хүртэл туслах ажилтнаар ажиллаж байгаа болно” гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 49 дэх тал/

Өмнөговь аймаг Даланзадгад сум 1 дүгээр багийн Засаг даргын “Э А нь ................ оршин суудаг нь үнэн болохыг, Хүн ам өрхийн мэдээллийн сангийн бүртгэлд үндэслэн тодорхойлов” гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 50 дахь тал/

Зөрчлийн хэргийн материал /хавтаст хэргийн 51-74 дэх тал/

Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0507129 дугаартай шийдвэр “хөдөлмөрийн чадвар 50 хувиар алдсан” гэжээ. /хавтаст хэргийн 96 дахь тал/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 97-112 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Ань 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, Хийдийн 3 дугаар гудамжны 07 тоот буюу өөрийн гэртээ эхнэр Б.Цтай үл ялих зүйлээс шалтгаалан хэрүүл маргаан үүсгэн, улмаар Б.Цгийн биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. 

Шүүгдэгч Э.Аод холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Э.Аын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Ань 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, Хийдийн 3 дугаар гудамжны 07 тоот буюу өөрийн гэртээ эхнэр Б.Цтай үл ялих зүйлээс шалтгаалан хэрүүл маргаан үүсгэн, улмаар Б.Цгийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Цгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/, зөрчлийн хэрэгт авагдсан аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 55-56, 85 дахь тал/ шинжээч эмч С.Шүрцэцэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн “Б.Цгийн биед тархины доргилт, зүүн нүдний зовхи, баруун гуя, зүүн ташааны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 19-20 дахь тал/ гэх дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Цгийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/-ээр хөнгөн хохирол болох нь  тогтоогдсон.    

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Э.Ахохирогч Б.Цгийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. 

Шүүгдэгч Э.Ань эхнэр Б.Цгийн бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэдий ч гэр бүлийн хүчирхийллийн шинж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэв.

Хохирогч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Ахувийн байдлын хувьд .................... зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Шүүгдэгч Э.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийн оролцогч нарын мэтгэлцээнд дүгнэлт хийж шүүгдэгч Э.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт,

Шүүгдэгч Э.Аын зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч буй талаар дүгнэлтийг гаргав.

Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Аод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

   Шүүгдэгч Э.Ацагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.   

             Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Аод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:    

  1. Шүүгдэгч Б овгийн Эын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аод 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

3. Шүүгдэгч Э.Аод  оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аоногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч Э.Ацагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Ц гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй,  хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Аод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.    

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Э.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.  

  

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ