Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 115

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын ... оршин суух, Б овогт Д.А  -ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ... оршин суух, Б  овогт А. Б -т холбогдох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, өөрийн машины үнэ 7.600.000 /долоон сая зургаан зуун мянга/ төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон охинд ногдох 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулах, охин Б.А гийн хүүхдийн 20.000 төгрөгийн хадгаламжийн дэвтрийг эх Д.А ын нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00017/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,  хариуцагч А.Б , гэрч Г.Э , А.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Д.А  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Б тай 2016 онд танилцаж хамт амьдрах болсон. Бидний хамт амьдрах хугацаанд охин А  төрсөн. Би Улаанбаатар хотод таних хүнгүй, орон гэрээсээ нялх хүүхдээ аваад хөөгдсөн.  Хариуцагч нь олон удаа хэл амаар доромжилж, гар хүрч нялх хүүхдийнхээ хажууд зоддог байсан. Одоо өвлийн хүйтэнд байх газаргүй тул хүүхдээ аваад нутагтаа ирсэн.  А.Б  нь өөр хүнтэй явалдаж, цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул А.Б аас охин А д хүүхдийн тэтгэлэг гаргуулж, машины үнэ 7.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

          ...Мөн бид хоёр хамтран амьдрах хугацаандаа 2019 оны 9 дүгээр сард 2 талаасаа бий болгосон Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ... орон сууц нь 36.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Охин бид хоёрын хувь болох 24.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.

          ...А.Б  нь охин А гийн  хүүхдийн 20.000 төгрөгийг Хас банкинд данс нээж, өөрийн нэр дээр нээлгэсэн. Хүүхдийн 20.000 төгрөгийг Д.А  миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэв.

             Хариуцагч А.Б  нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.А тай 2016 оны 05 дугаар сард танилцаж, хамтран амьдрах хугацаанд Улаанбаатар хотод таван шарын Залуус хороололд 1 өрөө орон сууц хөлсөлж, сарын төлбөр, хоол байр, бусад зардлаа би өөрөө төлдөг байсан. Би “З” ХХК-д угсрагч, гагнуурчнаар 2017 оны 07 дугаар сараас одоог хүртэл сарын 1.200.000 төгрөгийн цалинтай ажилдаг. Мөн –Х” компанид 2016 оны 05 дугаар сараас 2017 оны 05 дугаар сарыг хүртэл гагнуурчин хийдэг байсан.

          Д.А  нь надтай танилцаад жирэмсэн болсноос хойш одоог хүртэл ажил хийгээгүй. Бидний дундаас охин Б.А  2019 оны 03 дугаар 25-ны өдөр төрсөн. Бид зан аашийн хувьд таарч тохирохоо болиод 2019 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч байна. Би Сонгинохайрхан ... байрыг лизингээр аваад байрны эргэн төлөлтийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл сар бүр 409.000 төгрөгийн төлдөг. Энэ байр нь миний өмчлөлийн орон сууц, байрны ордер нь Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байдаг ба 10 жилийн хугацааны гэрээтэй байна.

          Нэхэмжлэгчийг огт зодож байгаагүй, тэр байтугай гар хүрээгүй байхад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны цагдаад гомдол гаргасан. Уг гомдлыг тус дүүргийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон.   

          2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Н” ББСБ-иас 8.200.000 төгрөгний Приус-20 маркийн авто машин лизингээр авч урьдчилгаа болох 4.000.000 төгрөгийг А  төлсөн.

          Үүнээс хойшхи 1 жилийн  хугацааны эргэн төлөлтийн 4.900.000 төгрөгийг миний бие төлж, гэрээ дуусгавар болж авто машин миний нэр дээр шилжиж, машиныг захиран зарцуулах эрхтэй болсон. Д.А  нь урьдчилгаанд төлсөн 4.000.000 төгрөгөө удаа дараа нэхэж, миний машин гэдэг байсан болохоор уг авто машиныг түүний нэр дээр шилжүүлсэн.

          Би Худалдаа хөгжлийн банкнаас 6.000.000 төгрөгийн цалингийн зээл, мөн Д.А ын нэр дээрх авто машиныг 7.600.000 төгрөгөөр худалдаалж, дээр дурьдсан Сонгинохайрхан дүүргийн ... өөрийн өмчлөлийн орон сууцны лизингийн урьдчилгаанд 13.000.000 төгрөг өгсөн. Энэ байрны зээлдэгч нь би юм. Иймд 7.600.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй А д 4000000 /дөрвөн сая/ төгрөг өгч болно.

          А ын нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн Охин Б.А гийн 20.000 төгрөгийн хадгаламжийн дэвтрийг Д.А ын нэр дээр шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

          Хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Д.А  нь хариуцагч А.Б аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, өөрийн машины үнэ болох 7.600.000 төгрөг, дундын өмчлөлийн байрнаас өөрт болон охин Б.А д оногдох хувь 24.000.000 төгрөг, охин Б.А гийн 20.000 төгрөгийн хадгаламжийн дэвтрийг Д.А д шилжүүлж өгөхийг  даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлөх мөн охин Б.А гийн 20.000 төгрөгийн хадгаламжийн дэвтрийг Д.А ын нэр дээр шилжүүлж өгөхийг тус тус хүлээн зөвшөөрч  машины үнэ болох 7.600.000 төгрөг, дундын өмчлөлийн байрнаас нэхэмжлэгч болон охин Б.А д оногдох хувь 24.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

          Зохигч 2016 онд танилцаж, хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас охин Б.А  2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэргийн 4-р хуудсанд авагдсан А гийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Д.А , А.Б  нар нь 2019 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба тэдний зан харилцаа таарахгүйн улмаас эвлэрч цаашид хамт амьдрах боломжгүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна.

          Хариуцагч А.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас охин Б.А д тэтгэлэг төлөх мөн Б.А гийн 20.000 төгрөгийн хадгаламжийн дэвтрийг Д.А ын нэр дээр шилжүүлж өгөхийг тус тус хүлээн зөвшөөрсөн тул охин Б.А г сар бүр эцэг А.Б аар тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.А д даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Мөн Б.А гийн 20.000 төгрөгийн хадгаламжийн дэвтрийг Д.А ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг батлах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэж байна.

          Нэхэмжлэгчийн машины үнэ 7.600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Д.А ын өмчлөлд БУА **-** дугаартай хар өнгөтэй “Toyoto Pruis 20”  маркийн суудлын авто машин байсан бөгөөд нэхэмжлэгч “Toyoto Pruis 20”  маркийн суудлын авто машинаа иргэн А.Х д 7.600.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь хэргийн 7-р хуудсанд авагдсан Тээврийн хэрэгсэл Худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч “Toyoto Pruis 20”  маркийн суудлын авто машин худалдан боруулсан 7.600.000 төгрөгөөс 7.000.000 төгрөгийг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ... хариуцагч А.Б ын нэр дээр бүртгэлтэй орон сууцны урьдчилгаанд өгсөн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар /зохигч хэн аль нь машин худалдан борлуулсны 7.000.000 төгрөгийг байрны урьдчилгаанд өгсөн тухай тайлбарласан./-аар тогтоогдож байх тул нэхэмжлэгч хариуцагчаас машины үнэ 7600.000 төгрөгийг нэхэмжлэх нь Иргэний хуульд нийцэхгүй байна.  

          Харин Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ... орон сууцанд 2019 оны 9 дүгээр сараас хойш 2019 оны 11 дүгээр сарыг хүртэл зохигч хамт амьдарч байсан болох нь зохигчийн тайлбараар мөн тогтоогдож байна. Энэхүү орон сууц нь 36.000.000 төгрөгийн үнэтэй бөгөөд тухайн орон сууцыг худалдан авахад нэхэмжлэгчийн өмчлөлийн суудлын авто машин худалдан борлуулсан үнээс 7.000.000 төгрөг, хариуцагчийн цалингийн зээл 6.000.000 төгрөг нийт 13.000.000 төгрөгийн урьдчилгааг төлж, 23.000.000 төгрөгийн орон сууцны зээлийн гэрээг Худалдаа хөгжлийн банктай байгуулан худалдан авсан болох нь зохигчийн тайлбар, хэргийн 40-44, 52-р хуудсанд авагдсан Орон сууцны зээлийн гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. 

          Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно. Мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийн дээр дурьдсан хувь хэмжээгээр хуваана гэжээ.

          Зохигч гэрлэлт бүртгэлгүй учир Иргэний хуулийн 125, 126, 129 дүгээр зүйлд заасан зохицуулалтгүй хамаарахгүй тул нэхэмжлэгчийн машин худалдан борлуулж, орон сууцны урьдчилгаанд төлсөн 7.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 136.550 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 229.679 төгрөгийг гаргуулж, 70200  төгрөгийг нэхэмжлэгчид, 159479 төгрөгийг Төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Бын А г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Б аар сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.А д даалгасугай.

          2. Б.А д сар бүр төрөөс олгодог хүүхдийн 20.000 /хорин мянга/ төгрөгийн хадгаламжийн дэвтрийг эх Д.А ын нэр дээр шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрсөн А.Б ын зөвшөөрлийг баталсугай.

          3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Б аас 7.000.000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24.600.000 /хорин дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

          4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136.550 /нэг зуун гучин зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 229.679 /хоёр зуун хорин есэн мянга зургаан зуун далан ес/ төгрөгийг гаргуулж, 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгчид, 159479 /нэг зуун тавин ес мянга дөрвөн зуун далан ес/ төгрөгийг Төрийн санд олгосугай.

          6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрийн 1 хувийг хүчин төгөлдөр болмогц иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага буюу Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Ариунжаргалд даалгасугай.

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

          8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР