Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/681

 

 

 

 

 

 

 

   2023          8          23                                    2023/ШЦТ/681

 

 

 

                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч Э.Д,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Э-н Э.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, барилгын туслах ажил хийдэг гэх, ам бүл 4, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Энхцэцэгийн Э.Д /регистрийн дугаар: ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.Э.Д нь 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 23 дугаар хороо, “Sky” /Скай/ супермаркетийн баруун урд замд “Тоёота Приус” маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цаг 60/км, суурин газрын гадна цагт 80/км, тууш замд цагт 100/км-ээс хэтрэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Ө-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э.Д мэдүүлэхдээ: “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б мэдүүлэхдээ “...Гомдолтой байна. Хүүхдийн гэдэс нь төмбийгөөд гараад ирсэн, зовиуртай байсаар байгаа. Шинжилгээний хариугаар элэг нь үрэвссэн байна гэж хэлсэн. Нийт 10.000.000 төгрөг нэхэмжилж байна. 3.000.000 төгрөг нь эмчилгээний зардал, үлдэгдэл 7.000.000 төгрөг цаашид гарах эмчилгээний зардал юм. Шүүгдэгч Э.Э.Д үүнээс 1.150.000 төгрөг төлсөн. Цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

  • Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хавтаст хэргийн 6 дахь тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Б-н насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэрээсээ ...16 цагийн орчимд ажилдаа явсан бөгөөд нөхөр гэртээ харьсан. Би ажил дээрээ 17 цагийн орчимд очоод ажлаа хийж байхад 17 цаг 22 минутын орчимд манай нөхөр над руу залгаад хүүхэд машинд мөргүүлчихлээ, хурдан гэртээ ир гэж хэлсэн. Би гэртээ очоод хүүхдээ Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Манай нөхөр надад хүүхэд маань дэлгүүр орчихоод буцаад гэртээ орох гэж зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргүүлсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ө-н хохирогчоор өгсөн:

“...Би 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 12 цагийн үед гэрт идэх юм байхгүй болохоор эмээгийнхрүү явсан. Тэгээд 17 цагийн үед манай аав, эмээ рүү залгасан байсан. Намайг эмээгийнд байгааг аав мэдээд яваад очъё гэж хэлээд эмээгийнд ирсэн. Аав бид хоёр юм идчихээд эмээгийнхээс гарсан. Аав түрүүлж хариад гэр орноо янзалж байя гээд намайг зам хөндлөн гараад “***” дэлгүүр рүү орж тамхи, ундаа, чихэр аваад ир гэж явуулсан. Би дэлгүүрээс тамхи, ундаа, чихрээ авчихаад зам хөндлөн гарсан, ямар ч байсан машин хол байхаар нь би зам гарч байсан. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Сэрэхэд би эмнэлэгт байж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

 

-  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-н иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...2023 оны 4 дүгээр сарын 11-ний өглөө 5 цагийн орчимд гэрээсээ Эмээлтийн махны үйлдвэрт очиж ажилладаг. Тухайн өдөр ажил бага байсан болохоор Эмээлтээс 14 цагийн орчимд гэртээ харихаар яваад 15 цагийн орчимд гэртээ орж ирсэн. Гэрт бэр маань ач охины хамт байсан. Би хоол идчихээд ядраад унтаж байхад хүү Г болон найз Э.Д хоёр гэрт орж ирсэн байх шиг байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа утас дугараад авсан чинь манай хүү Г ээж та хүрээд ирээч Э.Д найз маань хүүхэд мөргөчихлөө, бид хоёр эмнэлэг дээр байна, машинаа хүүхэд мөргөсөн газартаа үлдээсэн байгаа, та эмнэлэг дээр хүрээд ирээч гэж хэлэхэд би цаг ч хараагүй бэр охиндоо хэлээд шууд гэрээс гараад эмнэлэг явж байхад миний автомашин зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байсан. Би машин дээрээ очоод машины хаалгыг татаж үзэхэд онгорхой байсан болохоор нь хүү Г руу залгаад машин онгорхой байна гэж хэлэхэд хүү маань та машинаа түгжээд хүрээд ирээ гэж хэлсэн. Би машинаа түгжээд Эх нялхсын эмнэлгийн зүүн талд нь очоод хүү Г-г аваад Гэмтлийн эмнэлэгт очсон. Тухайн үед би унтаж байсан болохоор хүүгээ найзтайгаа гэрээс гарч явсныг мэдээгүй. “Tоёота Приус 20” маркийн **-**  улсын дугаартай автомашин нь миний нэр дээр байдаг бөгөөд би Б.Г хүүдээ бэлэглэн өгсөн. Манай хүүгийн найз Э.Д нь манай гэрт 2019-2020 оны хооронд нэг жил орчим амьдарч байсан. Э.Д нь зөөлхөн даруухан хүүхэд шиг санагдсан болохоор нь би өөрийнхөө хүүтэй найзлахад зөвшөөрдөг. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн  байхыг харж байгаагүй, манай хүүхэд ч архи уудаггүй, би уусан байхыг нь харж байгаагүй, тамхи бол татдаг. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 22 дахь  тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.С-н иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Э.Э.Д нь 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Баянхошууны зам, “Скай” супермаркетын баруун замд “Тоёота Приус 20” маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигч Б.Ө-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ө нь 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.862.000 төгрөг гарсныг яллагдагч Э.Э.Дгаас гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хрэгийн 26 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г-г гэрчээр өгсөн:

“...Би найз Э.Дн хамт 17 цагийн орчимд халтуур хийх зорилгоор гэрээс гарсан. Тухайн үед би жаахан хараа муу, орой болж байсан тул Э.Дг чи барьчих гэж хэлэхэд Э.Д миний “Тоёота Приус 20” маркийн **-**  улсын дугаартай автомашиныг жолоодоод Баянхошуунаас Зурагтын чиглэлтэй явж байхад гэнэт нэг хүүхэд ертөнцийн зүгээр зүүн талаас гүйгээд гараад ирсэн. Тухайн үед тоормос гишгэсэн боловч зогсоож чадалгүй мөргөсөн. Тэгээд Э.Д машинаас буугаад 103  руу залгаж дуудлага өгсөн. Гэтэл ард нэг “Тоёота приус-30”  маркийн автомашинтай эгч хүрч ирээд хүүхдийг эмнэлэг аваад явах хэрэгтэй гэж хэлэхээр нь цагдаа, түргэн дуудсан байгаа гэж хэлэхэд тэр ямар хамаатай юм бэ, хүүхэд хэцүүдлээ гээд Эх нялхасын эмнэлэг рүү дагуулаад явсан. Тухайн үед би гар утсаар ярьж явсан, харин манай найз утас оролдоогүй яг л замаа хараад явж байсан. Хурд хэмжигч өнгөрөөд явж байсан болохоор 50 км орчим хурдтай явж байсан. Бид хоёр хамгаалах бүсээ зүүсэн байсан. Э.Д нь тогтсон оршин суух хаяг байдаггүй, хагас өнчин, хүнд гэм хоргүй болохоор нь би гэртээ хүртэл амьдруулж байсан. Надтай найзалж байх хугацаанд ямар нэг гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Б-ны гэрчээр өгсөн:

“...Би 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэрээсээ Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт эхнэр О.Б-н хамт 11 цагийн орчимд гараад 13 цагийн орчимд эмнэлэгт очоод эмчид үзүүлээд эмнэлгээс 16 цагийн орчимд эхнэр ажилдаа яваад би гэртээ 16 цаг 40 минутын орчимд ирсэн. Ээжийн гэрт хүүхэд байсан бөгөөд ээжийн гэрээс гараад гэртээ харьж явах замдаа манай хүүхэд дэлгүүр ороод ирье гээд явсан. Тэгээд би замын урд хүлээгээд зогсож байсан бөгөөд хүү зам гарч дэлгүүр ороод буцаад гарч ирж байхад зорчих хэсгийн 2 дугаар эгнээний автомашин зогсоод зам тавьж өгсөн. Манай хүү урдуур нь гүйгээд гарч байхад зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явсан тээврийн хэрэгсэл мөргөсөн. Тухайн тээврийн хэрэгсэл их хурдтай явсан. Ойролцоогоор 50-60 км орчим байсан. Тэгээд хүүхдийг мөргөөд тухайн автомашин зогсоод жолооч нь бууж ирээд цагдаа болон түргэн дуудсан. Гэтэл ард нь нэг приус хүрч ирээд эмнэлэг аваад явах хэрэгтэй гээд Эх нялхасын эмнэлэгт очоод өвчин намдаах лаа хийж өгөөд гарыг нь боож өгөөд Гэмтлийн эмнэлгийн түргэн тусламжийн машин ирээд гэмтлийн эмнэлэгт очсон. Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд эмч гэртээ хүүхдээ аваад яв гэж хэлсэн. Өнөөдөртөө сайн ажиглаарай гэсэн. Тэгээд хүүхдээ гэртээ аваад харьсан. Тухайн осол болсон газарт явган хүний гарц 100-150 метр зайтай байдаг. Хүү ганцаараа чихэр авах гэж зам гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

 

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай Б.Ө-н биед элэгний няцрал, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Уг нь гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

 

- Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ** дугаартай шинжээчийн “...1. Уг тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Салхины шил зүүн гар талдаа бяцарч хагарсан, капод зүүн гар талын хэсэгтээ хонхойж будаг нь халцарсан, урд буфер зүүн гар талдаа хагарч хоёр талын тогтоогч сэнж нь мултарсан, зүүн болон баруун гар талын их гэрлийн хол болон ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй байна.

2. Салхины шил зүүн гар талдаа бяцарч хагарсан, капод зүүн гар талын хэсэгтээ хонхойж будаг нь халцарсан, урд буфер зүүн гар талдаа хагарч хоёр талын тогтоогч сэнж нь мултарсан эвдрэл гэмтэл тухайн ослын үед үүссэн байх боломжтой шинэ эвдрэл гэмтэл байна. Зүүн болон баруун гар талын их гэрлийн хол болон ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй байгаа нь ашиглалтын үед үүссэн байж болох хуучин байж болно.

3. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,0кН, баруун талдаа 1,7кН, зөрүү нь 15% (стандарт <20%), 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,4кН, баруун талдаа 1,4кН, зөрүү нь 0% (стандарт <30%) автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. Тоормос бүрэн ажиллаж байна.

4. Тухайн автотээврийн хэрэгсэл нь замын нөхцөл байдал ачаа ачсан зэргээс шалтгаалж тоормос гишгэх үед зам дээр мөр үүснэ.

5. Автомашиныг суваг дээр STENHOJМикро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан шалгахад хөдөлгүүр, их биеэс тос гоожилтгүй байна. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 4-5мм (стандарт суудал дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1.6 мм-ээс багагүй байх) буюу дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна.

6. Уг автотээврийн хэрэгсэл нь 2021, 2022 оны техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн байна. Дүгнэлтийн хуудсыг хавсаргав.

7. **-**  Улсын дугаартай “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгсэл нь 2022 оны 9-р сарын 05-ны өдөр үзлэг хамрагдаж тэнцсэн, 2023 оны 09-р сарын 05-ны өдөр үзлэгийн хугацаа дуусахаар байна.

8. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илэрсэнгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 60-63 дахь тал/,

 

- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай “Шинжилж буй “ch_07_20230410172002_002.mp4.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 17:20:50 секундэд дүрслэгдэх суудлын автомашин нь “В” – “А” цэгийн хоорондох 9,2 метр зайг ойролцоогоор ~ (55.2-63.69) км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

 

- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай “Нэмэлт шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн  “ch_07_20230608135300-23061591900.mp4.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн төхөөрөмжийн  бичлэг нь 2125 дугаартай шинжээчийн дүгнэлтэд А, В цэгийн эсрэг цэгийг олох зорилгоор шинжлэхэд  тэнцэнэ.

2. Шинжилж буй “ch_07_20230410172002_002.mp4.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 17.20.50 секундэд дүрслэгдэх суудлын автомашин нь “В” – “А” цэгийн хоорондох 9,2 метр зайг хяналтын камерийн бичлэгт 63.69 км/цаг хурдтайгаар дүрслэгдсэн байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

 

-  2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 794 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 94-95 дахь тал/,

 

-Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 106-116 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Э.Дн яллагдагчаар өгсөн:

...Би найз Г-н гэрт хамт амьдардаг юм. 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр найз Г-н гэрт нь байж байгаад 16 цагийн үед Г-н ээжийнх нь нэр дээр байдаг хар өнгийн “Тоёота Приус-20” маркийн **-**  дугаартай машиныг нь Г- бид хоёр таксинд явах зорилгоор аваад би машиныг бариад Г- урд суугаад тэднийхээс гараад Баянхошууны замаар баруунаас зүүн тийшээ хотын төв рүү уруудаад явж байхад “*” /С/ супермаркетын харалдаа замын зүүн талаас гэнэт нэг хүүхэд гүйгээд гараад ирсэн, би тэр хүүхдийг хараад л тоормосоо гишгээд машиныхаа урд хэсгээр мөргөөд замын хажуу руу зогссон. Би машинаасаа буугаад хартал нөгөө хүүхэд машинаас метр гаруйн зайтай машины урд хэсгийн харалдаа газар зам дээр хэвтэж байсан. Би тэр хүүхэд дээр гүйгээд очиход мөргүүлсэн хүүхэд ямар ч ухаангүй амьсгаа нь тасалдаад байсан. Тэгэхэд мөргүүлсэн хүүхдийн аав нь гээд нэг эрэгтэй замын хойд талд зогсож байсан би “та юун хүн бэ” гэхэд хүүхдийн аав нь байна гэсэн, би аавыг нь “та хүүхдээ гарцаар нь дагуулаад гарахгүй яасан юм бэ” гээд загнасан аав нь юм хэлэхгүй байсан. Би сандраад цагдаа, эмнэлэгт өөрийнхөө гар утсаар дуудлага өгсөн, тэгсэн хойноос ирж явсан нэг приус машинтай эгч зогсоод “Алив зөөлөн өргөчих, ойрхон эх нялхас оруулаад өгье” гэхээр нь би хүүхдийг өргөөд тэр эгчийн машинд суугаад хүүхдийн аав нь манай найз Г- бид хэд эх нялхас орж хүүхдэд анхны тусламж үзүүлсэн. Тэгээд араас түргэний эмч миний утас руу залгаад дуудлага дээр чинь ирсэн байна, та хэд хүүхдээ аваад явчихсан юм уу гэхээр нь би хариуд нь тиймээ бид нар одоо, эх нялхас дээр ирсэн байна гэхэд түргэний эмч яваад очьё гээд нээх удалгүй хүрч ирээд хүүхдийн аав бид гурвыг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд гэмтэл дээр очоод гэмтлийн эмчид нь хариуцуулж үлдээгээд түргэний эмч нь яваад өгсөн. Гэмтлийн эмнэлэгт хүүхдийг яаралтайгаар шууд хэвтүүлсэн, би тэндээ орой 22 цаг өнгөртөл байж байтал замын цагдаагаас хаана байна гэхээр нь би мөргүүлсэн хүүхдээ аваад гэмтэл дээр байна гэхэд машинаа хөдөлгөөгүй биз гэхээр нь би тиймээ машинаа хөдөлгөөгүй гэхэд тэгвэл машин дээрээ очоод байж бай гэхээр хүүхдийн аав, ээж, эгч манай найз Г, түүний ээж гээд бид хэд Гэмтлийн эмнэлэгээс хэргийн газар руу машин руугаа шууд явж очсон. Тэгээд замын цагдаагийн бүрэлдэхүүн ирээд мөрдөн шалгах ажиллагаа, хэмжилт хийгээд машиныг ачуулаад би тэндээсээ Замын цагдаа руу очиж мэдүүлэг өгсөн. Би хийсэн зүйлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 148-149 дэх тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 152 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дэх тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Э.Д нь 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цаг 00 минутын орчимд Баянгол дүүргийн 23 дугаар хороо, “***/ супермаркетийн баруун урд замд “Тоёота Приус” маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цаг 60/км, суурин газрын гадна цагт 80/км, тууш замд цагт 100/км-ээс хэтрэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Ө-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч Б.Ө-н мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дахь тал/, Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 60-63 дахь тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2125 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 75-76 дахь тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 87-88 дахь тал/, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 794 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 94-95 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цаг 60/км, суурин газрын гадна цагт 80/км,  тууш замд цагт 100/км-ээс хэтрэхийг хориглоно” гэж тус тус заасан байх ба шүүгдэгч Э.Э.Д нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хавтаст хэргийн 152/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Э.Э.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Э.Э.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 Улсын яллагч шүүгдэгч Э.Э.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, түүний оршин суугаа газрын дүүргээс гарахыг хязгаарлаж, шүүхээс тогтоосон маршрутаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал дүгнэлт гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Э.Э.Дд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал болон улсын яллагчийн санлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Мөн Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шүүгдэгч Э.Э.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн зардлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Э.Э.Д нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-д нийт 1.150.000 төгрөг төлж барагдуулсан байх боловч гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Э.Э.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр /жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж  шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Хохирол төлбөрт нийт 10.000.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс эмчилгээний зардал 3.000.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал нь 7.000.000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч Э.Э.Д 1.150.000 төгрөг төлсөн...” гэж мэдүүлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 458220 төгрөгийн нотлох баримт гаргаж хохиролд тооцож нэхэмжилсэн ба мөн шүүхийн хэлэлцүүлэгт 2023 оны 4 дүгээр сарын 17, 24, 25, 26-ны өдөр мөн оны 5 дугаар сарын 10, 11, 12, 6 дугаар сарын 12, 13, 19, 20, 21, 22-ны өдрийг хүртэл 13 хоног өдрийн 51000 төгрөгийн цалин гэж нийт 663000 төгрөгийн болон сахиурын 1 сарын хугацаанд авах байсан цалин 700000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч Э.Э.Д-гаас нийт 1821220 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгчийн хохиролд төлсөн 1150000 төгрөгийг хасч тооцон 671.220 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бадмаанямбууд олгох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б энэхүү гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал 3.000.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 7.000.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Э.Дгаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Хавтаст хэрэгт иргэний нэхэмжлэгч С.С-н “...Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ө нь 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсөн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.862.000 төгрөг гарсныг Э.Э.Дгаас гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дахь тал/ авагдсан байх тул гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Э.Э.Дгаас 1.862.000 /нэг сая найман зуун жаран хоёр мянган/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

         Энэ хэргийн улмаас Э.Э.Д цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Хэрэгт хураагдаж ирүүлсэн шүүгдэгч Э.Э.Дн B ангиллын 1439997 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд шилжүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Б овогт Э-н Э.Дг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Э.Дн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Э.Э.Дг өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Д нь 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Э.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 671.220 /зургаан зуун далан нэгэн мянга хоёр зуун хорин/ төгрөгийг шүүгдэгч Э.Э.Дгаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бадмаанямбууд олгосугай.

 

8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Э.Э.Дгаас 1.862.000 /нэг сая найман зуун жаран хоёр мянган/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бадмаанямбуу нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Э.Дгаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирүүлсэн шүүгдэгч Э.Э.Д-н B ангиллын *** дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

11. Шүүгдэгч Э.Э.Д нь энэ хэргийн улмаас нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ