Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2025/0687

 

                                                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0669 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л-ээс гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл 

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “У” ХХК

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, Д.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Б.Н

Хариуцагчийн өмгөөлөгч О.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр 

Хэргийн индекс: 128/2025/0528/З

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0669 дүгээр шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан гаргасан:

- Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийг багц 8, багц 10-т холбогдох хэсгийн талаар Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 145 дугаар шийдвэр болон Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 157 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 17 дугаар зүйлийн 17.4, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, 50 дугаар зүйлийн 50.2.3-т заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба, ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан тендерийн Үнэлгээний хорооны “У” ХХК-ийг шалгаруулсан 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Гүйцэтгэгчийг сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай” 03 дугаартай хурлын тэмдэглэлийн “Э” ХХК-ийг шаардлага хангаагүй, татгалзсан гэж үзсэн, “У” ХХК-ийг шаардлага хангасан гэж үзэж захиалагчид зөвлөмж хүргүүлэх хэсэг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай” 02 дугаартай зөвлөмжийн “У” ХХК-тай гэрээ байгуулах хэсгийг хүчингүй болгуулах,

- Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 02/4508 дугаартай албан бичгийн дагуу тендерийг дахин үнэлээгүй Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгах,

- Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 156, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 277, 280 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Хариуцагч Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны газар болон үнэлгээний хорооны итгэмжлэл хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн А/175 дугаар захирамжаар Үнэлгээний хороог байгуулж, үнэлгээний хорооны даргаар Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Л.Отгонбаярыг томилсон. Дараа нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/209 дүгээр захирамжаар Үнэлгээний хорооны даргаар Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М. Цогзолмааг томилсон боловч дахин сольж Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/337 дугаар захирамжаар дүүргийн Үнэлгээний хорооны даргаар Худалдан авах ажиллагааны албаны түр орлон гүйцэтгэгч Б. Т-г томилсон байна. (V-60 тал)

2.2. Нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаар тодорхойлсон Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” 350 дугаар албан бичгээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Т-с Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Т, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Н, өмгөөлөгчөөр О.Б нарыг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар итгэмжлэл олгосон. (11- 52 тал)

2.3. Энэ итгэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 6.1-д “Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө”, 6.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтын удирдлагатай захиргааны байгууллагын шийдвэрийг нэг гишүүн дангаар, цөөнхөөр, эсхүл эрх олгогдоогүй этгээд гаргахгүй” гэж заасныг тус тус зөрчсөн. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө”, 27.4.1-д “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх”, 27.5-д “Энэ хуулийн 27.4-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан. Б.Тулга нь худалдан авах ажиллагааны албыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Аймаг, нийслэл, дүүрэг дэх худалдан авах ажиллагааны нэгжийн даргыг тухайн шатны Засаг дарга худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай, дүүрэг дэх худалдан авах ажиллагааны нэгжийн даргыг дүүргийн Засаг дарга мөн нийслэлийн Засаг даргатай тус тус зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох эрх бүхий албан тушаалтан нь Хан-Уул дүүргийн Засаг дарга юм.

2.4. Мөн Худалдан авах ажиллагааны албаны үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон эрх бүхий албан тушаалтныг удаа дараа сольсон ба худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Т нь худалдан авах ажиллагааны чиглэлээр сургалтад хамрагдсан сертификат байхгүй, мэдүүлэгт гарын үсэг зураагүй байхад томилсон байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т "Худалдан авах ажиллагаа зохион байгуулах ажилтан, албан тушаалтан худалдан авах ажиллагааны чиглэлээр сургалтад хамрагдсан байна",  53.2-т “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

2.5. Иймд нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээний хороо нь хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагааг зохион байгуулсан эсэх талаар нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тендерийн үнэлгээний хорооны даргыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээн аваагүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах этгээдийн хувьд М.Ц-н мэдүүлэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох байсан. Үнэлгээний хорооны гишүүдийг удаа дараа сольж, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд багтсан гишүүд шүүхэд ирж мэдүүлэг өгөхгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байх үндэслэлтэй гэж үзэж байна.

2.6. “У” ХХК-иас ирүүлсэн тендерийн материал нь ТЗШ 19.2.2-т “Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: г) Машин механизм, техник хэрэгслийн техникийн оношилгоонд тэнцсэн байх. (Тээврийн хэрэгслийн оношилгоо нь тухайн төсөл арга хэмжээний дуусах хугацаанд хүчинтэй байх)”, ТШЗ 19.2.5-д “Техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг түүнээс дээш тооны олон багц ажлын тендерт оролцох болон өөр ижил төстэй ажил гүйцэтгэж байгаа бол зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд ажиллуулах инженер техникийн ажилтан, машин механизмуудыг санал болгоно” гэж заасан шалгуурт бүрэн нийцээгүй байхад сонгон шалгаруулж мэдэгдэл хүргэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг зөрчсөн тул 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 277 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн 280 дугаартай мэдэгдэл тус тус хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг зөрчиж 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг “Э” ХХК-д танилцуулаагүй болно.

 2.7. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанд ирүүлсэн 2025 оны 05-р дугаар сарын 29-ний өдрийн 03/856 дугаартай гомдол шилжүүлэх тухай албан бичгээр “Э” ХХК-ийг хасагдсан талаарх мэдэгдлүүдийг цахим системд цагийн зөрүүтэй байрлуулж гомдол гаргах боломжийг хаасан талаар мэдэгдсэн баримт байдаг. Иймд эдгээр үндэслэлийг харгалзан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0669 шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахыг хүсье” гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, ХУД/20250103048 дугаартай Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “... тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийн багц-8, багц- 10-д холбогдох хэсгийн Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 04-р дүгээр сарын 29-ний өдрийн 145 дугаартай шийдвэр, Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт илгээсэн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 145 дугаартай “Тендер шалгаруулалтын тухай” албан тоот болон Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 04 дүгээр сарын 29-ний едрийн 156 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн 157 дугаартай мэдэгдэл, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 277 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн 280 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах;

“У” ХХК-ийг шалгаруулсан 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай хурлын тэмдэглэл (дүгнэлт)-ийн “Э” ХХК-ийг шаардлага хангаагүй, татгалзсан гэж үзсэн, “У” ХХК-ийг шаардлага хангасан гэж үзэж, захиалагчид зөвлөмж хүргүүлэх хэсэг болон 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай” зөвлөмжийн “У” ХХК-тай гэрээ байгуулах хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02/4508 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгийн дагуу тендерийг дахин үнэлээгүй Хан-Уул дүүргийн худалдан авах ажилллагааны албаны тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

3. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба, ХУД/20250103048 дугаартай “Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ” тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, улмаар Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 350 дугаар итгэмжлэлээр хариуцагчийг төлөөлөх итгэмжлэлийг олгож, шүүхэд ирүүлсэн байна.

4. Уг итгэмжлэл нь хэргийн оролцогчийн бүрэн эрхийг тодорхойлох хуульд заасан зохих шаардлагыг дараах байдлаар хангаагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

4.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.10-т “Үнэлгээний хорооны дарга үнэлгээний хорооны үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, хурлыг товлох, тогтоосон хугацаанд шуурхай шийдвэр гаргаж, захиалагчид хүргүүлэх, үнэлгээний хороог захиалагчийн өмнө төлөөлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж,

4.2. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журмын 3.4-т “Үнэлгээний хорооны дарга хуулийн 50.10-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ба үнэлгээний хороог зөвхөн захиалагчийн өмнө төлөөлнө”, 3.5-д “Үнэлгээний хороо бусад байгууллага, албан тушаалтантай харилцах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагатай гэж шийдвэрлэсэн бол захиалагчийн шийдвэрээр үнэлгээний хороог төлөөлөх эрх бүхий этгээдийг томилно” гэж тус тус заажээ.

5. Үүнээс үзвэл, үнэлгээний хорооны дарга нь зөвхөн захиалагчийн өмнө түүний чиг үүргийг хэрэгжүүлж төлөөлөхөөр, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо захиалагчийн шийдвэрээр төлөөлөх эрх бүхий этгээдийг томилохоор зохицуулсан байхад анхан шатны шүүх эрхгүй этгээдээс олгосон итгэмжлэлийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байна.

6. Тодруулбал, маргаан бүхий тендер шалгаруулалтын захиалагч буюу Хан-Уул дүүргийн Засаг даргаас /түүний Тамгын газар/ үнэлгээний хороог энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэлийг олгоогүй байх бөгөөд Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээс олгосон итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Үнэлгээний хороог төлөөлүүлэн оролцуулж хэргийг шийдвэрлэсэн нь дээрх хууль, журмын зохицуулалтыг зөрчсөн байх төдийгүй энэхүү зөрчлийг залруулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

7. Ийнхүү эрхгүй этгээдээс олгогдсон итгэмжлэлийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарах тул  давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын бусад үндэслэлийг хянах, тухайн зөрчлийг нөхөн залруулж хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0669 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.        

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                        О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                         Ц.ОДМАА