Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1109

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00542 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.М,

Хариуцагч “Г банк” ХХК, Б.Н нарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, үр дагаврыг хариуцахгүй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Хариуцагч “Г банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг,

Хариуцагч “Г банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эхнэр Б.Н нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Стадион Оргил Богд Жавзандамба гудамж, 61/5-1 тоот, 000329729 тоот гэрчилгээтэй, Ү-2206005945 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 168 м.кв талбайтай орон сууцыг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангах үйлдэл хийх эрхийн итгэмжлэлийг надаар олгуулсан мэтээр нотариатаар гэрчлүүлж, тухайн өдрөө Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр Г банк ХХК-д зээлийн барьцаанд тавьсан байсан.

Миний бие уг асуудлаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00964 дүгээр шийдвэрээр Ц.Моос Б.Нд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд эхнэр Б.Н, “Г банк” ХХК-ийн хооронд хууль бус итгэмжлэлээр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г банк” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нь “Г банк” ХХК-аас 100 000 000 төгрөгийн зээл авсан. Г банк барьцааны гэрээг байгуулахдаа Ц.Моос Б.Нд олгосон итгэмжлэлийг үндэслэл болгосон бөгөөд тухайн үед итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах маргаан гараагүй хүчин төгөлдөр итгэмжлэл байсан. Маргаан бүхий байрыг барьцаалж авсан зээл нь Б.Нын хамаарал бүхий компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан гэр бүлийн бизнес тул энэ нь бүхэлдээ санаатай бий болгож буй хуурмаг үйл ажиллагаа бөгөөд Б.Н нь нөхрөөсөө салаад зээл төлж чадахгүй болохоороо гаргаж буй заль юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Зээл болон барьцааны гэрээнд иргэн Ц.М нь өөрийн биеэр гарын үсэг зурсан боловч бидний гэр бүл салах болсон шалтгаанаас болж итгэмжлэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Дээрх барьцааны байр өмнө нь олон удаа компанийн зээлэнд 10 гаруй удаа барьцаанд тавихад зээлийн гэрээг Ц.М өөрийн биеэр биш итгэмжлэлийн дагуу байгуулдаг байсан. “Г банк” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэрээ тул намайг оролцуулалгүй хурлыг хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-д заасныг баримтлан Б.Н, “Г банк” ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ББГ3305103717 тоот барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан орон сууцны 000329729 тоот гэрчилгээг “Г банк” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч “Г банк” ХХК, Б.Н нараас хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Ц.Мид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Г банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.4 дэх хэсэгт “талуудын аль нэг нь хүсвэл үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх буюу бүртгэх байгууллагад бүртгүүлж болно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах хэлцэлд талууд хүсвэл нотариатаар гэрчлүүлэх талаар заасан байх бөгөөд заавал нотариатаар гэрчлүүлнэ гэсэн хэлбэрийн шаардлага тавигдаагүй байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах хэлцлийг хийхдээ заавал нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлээр барьцааны гэрээ хийх шаардлагагүй.

2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ц.М, түүний эхнэр Б.Н нар нь “Г банк” ХХК-д маргаан бүхий орон сууцаа БГ3305103717 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан, Б.Н нь хуулийн хүчин төгөлдөр итгэмжлэлээр Ц.Мийг төлөөлж маргааны зүйл болж буй ипотекийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд барьцаалуулагч буюу “Г банк” ХХК нь барьцааны эрхийг хууль бусаар олж аваагүй.

Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт зааснаар хэрэв төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр олгосон бүрэн эрх, өгсөн зааврын дагуу хэлцэл хийсэн бол төлөөлүүлэгч мэдээгүй гэх үндэслэлээр хэлцлийн хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхгүй. Иймд Ц.М нь Б.Нд олгосон итгэмжлэлд гарын үсэг зурсан атлаа уг итгэмжлэлд заагдсан хэлцлийг хийх ёсгүй байсан гэж “Г банк” ХХК-тай байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэн, үр дагаврыг нь арилгуулахаар шаардах эрхгүй.

Итгэмжлэлээр төлөөлөгч болсон Б.Н нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэх явцдаа Ц.Мид гэм хор учруулсан бол дээрх хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар хариуцан арилгах үүрэгтэй, харин үр дагаврыг итгэмжлэлийн тал бус этгээд “Г банк” ХХК хариуцахгүй. Мөн тухайн үед хүчин төгөлдөр итгэмжлэлээр төлөөлсөн Б.Нын “Г банк” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч “Г банк” ХХК, Б.Н нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч “Г банк” гэрээ байгуулах үед итгэмжлэл хүчин төгөлдөр байсан тул барьцаалуулагчийг барьцаалах эрхгүй гэдгийг мэдэх боломжгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан, харин хариуцагч Б.Н барьцааны гэрээг нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгөөр хийсэн гэж тайлбарлажээ.

            Нэхэмжлэгч Ц.М, түүний эхнэр Б.Н нар нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн БГ3305103717 тоот ипотекийн гэрээгээр гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Богд Жавзандамба гудамж, 61/5 дугаар байрны 1 тоот, 168 м.кв орон сууцыг ”Назупроперти” ХХК-ийн Г банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанд тавьсан, уг гэрээнд Ц.Моос 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн итгэмжлэлийг үндэслэн Б.Н гарын үсэг зурсан нь хэрэгт баримтаар авагджээ. /хх-37-41/

            Нэхэмжлэгч Ц.М нь Б.Нд хуульд заасан журмын дагуу итгэмжлэл олгоогүй байхад өөрийгөө төлөөлөн дээрх байдлаар гэрээ байгуулсан нь хууль бус гэж маргасан ба 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ц.Моос Б.Нд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00964 дугаар шийдвэр, Ц.Моос Б.Нд мөн өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/00425 дугаар шийдвэр тус тус хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иймд Ц.Моос хамтран өмчлөх дундын өмч болох орон сууцыг барьцаанд тавих эрхийг Б.Нд олгоогүй нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, уг үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй бөгөөд Б.Нын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Г банк” ХХК-тай байгуулсан ипотекийн гэрээ нь “гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах” Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн, улмаар мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Түүнчлэн дундын өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавихыг итгэмжилж эрх олгосон хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг шүүх нэгэнт тогтоосон, хүчин төгөлдөр бус байх хэлцэл үр дагавар үүсгэхгүй тул Б.Н, “Г банк” ХХК-ийн хооронд хийгдсэн ипотекийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Иймд хариуцагч “Г банк” ХХК-ийн гэрээ байгуулах үед итгэмжлэл хүчин төгөлдөр байсан гэх татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5 дахь хэсэгт заасанд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Г банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Г банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Г банк” ХХК-аас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

 

                                                                                        А.ОТГОНЦЭЦЭГ