Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 06

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би

Нэхэмжлэгч: И ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт оршин суух И овогт М.М-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 2.996.935 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.М нь тус компаниас 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийг 4,9 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зээл, хүүний эргэн теләлтийг сар бүр төлж 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусгах байсан. Гэвч М.М нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй ба 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 383.200 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 300.000 төгрөг, нийт 683.200 төгрөг төлсөн ба үүнээс 292.150 төгрөгийг үндсэн зээлд, 391.050 төгрөгийг зээлийн хүүнд тус тус тооцсон байна. 2019 оны 12  дугаар сарын 15-ны байдлаар М.М-н үндсэн зээлийн үлдэгдэл 1.707.850 төгрөг, зээлийн хүү 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаанд нийт 435.160 төгрөг, алданги 853.925 /8539х120 хоног/ төгрөг, нийт 2.996.935 төгрөг байна. М.М-н зээлийн хүү, алдангийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар тооцсон ба алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон болно. Иймд М.М-с зээлийн гэрээний үүрэгт 2.996.935 /хоёр сая есөн зуун ерэн ургаан мянга есөн зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл 1.707.850 төгрөг, зээлийн хүү  435.160 төгрөг, алданги 853.925 төгрөг нийт 2.996.935 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч М.М-д холбогдуулан зээлийн үлдэгдэл 1.707.850 төгрөг, зээлийн хүү 435.160 төгрөг, алданги 853.925 төгрөг нийт 2.996.935 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.М-д холбогдох зээлийн үлдэгдэл 1.707.850 төгрөг, зээлийн хүү  435.160 төгрөг, алданги 853.925 төгрөг нийт 2.996.935 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.М нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.901 төгрөгийн 50 хувь болох 31.450,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 31.450,5 төгрөгийг, хариуцагч М.М-с 31.450,5  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.М нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                    Д.Ц