Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/94

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр                             Дугаар 2023/ШЦТ/94                             Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга М.Хүрэлбаатар,

            Улсын яллагч О.Батнасан ,

Өсвөр насны шүүгдэгч Н.Н,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар    

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х шарнууд овгийн Нын Нид холбогдох 2328001070129 тоот 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Биеийн байцаалт: ..........,

Холбогдсон хэргийн талаар:   

Өсвөр насны шүүгдэгч Н.Н нь согтуугаар, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнийн 01 цагийн үед Өмнөговь аймгийн 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оюут” зочид буудлын гадаа согтуугаар, иргэн Б.Этой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэг рүү гараараа цохиж, унах үед нь дээрээс нь хөлөөрөө дэвсэж биед нь баруун хөмсөг, дээд уруулд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өсвөр насны шүүгдэгч Н.Нийн яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Өсвөр насны шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Оюут зочид буудалд байж байхад Э нэг эрэгтэй хүнтэй хамт байсан юм. Тэгтэл Э эр хоёр надад ахархаад намайг дарамтлаад байсан юм. Удалгүй такси ирэхээр нь явах гэсэн чинь араас Э гарч ирээд  намайг барьж аваад түлхэхээр нь цохьсон, газар унахаар нь өшиглөсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эын мэдүүлэгт: Би 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө 01 цагийн үед Оюут зочид буудалд Н, Б, Н бид хэд пиво ууцгааж байсан. Тэгсэн Б Н хоёр маргалдсан юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Тэр хоёр маргалдаж байгаад Б унтаад өгсөн.  Н гараад явчихсан чинь араас нь гарсан чинь prius 20 маркийн машинтай хүнтэй Н юм яриад байсан. Бтай мөн маргаан гаргаж магадгүй гэж бодоод Наас юун хүмүүстэй уулзаад байгаа талаар асуусан чинь Н чамд ямар хамаатай юм гээд бид хоёр маргалдсан. Би тухайн үед нэлээд согтсон байсан болохоор Нын үйлдлийг яг сайн санахгүй байна. Ямар байсан би эхлээд Ныг заамдаад авсан чинь Н миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиод авсан. Тэгээд би газарт унасан чинь дээрээс дэвсээд өшиглөөд байсан. Тэгсэн манай найз охин Н бид хоёрыг салгаад намайг буцаагаад буудал руу аваад орсон. Би тухайн хүмүүсээс нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хавтаст хэргийн 14-15 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эын мэдүүлэгт: Би Нтой эвлэрсэн. Одоо бид хоёр ямар нэгэн маргаан байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хавтаст хэргийн 7 дахь тал/

Гэрч Г.Нгийн мэдүүлэгт: 03 дугаар сарын 23-ны өдөр би найз залуу болох Э, найз Б бид гурав хамт гудмаар явж байсан юм. Тэгээд бид гурав Эын танил гэх Н гэж дуудаад байсан залуутай Арслан хотхоны гадаа тааралдсан юм. Тэгээд Э Н нар юм ярьж байгаад хамт явцгаахаар болсон. Тэгээд бид дөрөв Оюут нэртэй зочид буудалд ороод архи пиво ууцгаасан. Тэгээд уугаад юм яриад сууцгааж байтал Н Б нар хоорондоо маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр хэсэг хугацаанд маргалдаж байгаад болиод Б буудалд өрөөндөө унтаад өгсөн. Тэгсэн чинь Н гэх залуу гадагшаа гараад явсан. Би Нын араас нь машинаас юм авах гээд гарсан. Тэгээд намайг гарахад уг залуу буудлын гадаа зогсож байсан. Би машинаас юм аа аваад эргээд буудал орох гээд явж байхад Н гэх залуу prius 20 маркийн машинтай хүнтэй юм яриад зогсож байсан. Буудлаас Э гараад ирсэн.  Э Нтай уулзаад юм яриад байсан. Би тэр хоёрыг яг юу ярьсан талаар мэдэхгүй байна. Би тэр хоёроос нэлээд зайтай хараад зогсож байсан юм. Тэгсэн Э Н гэх залууг заамдаад бариад автал Н Эын нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиод авсан. Би салгах гээд очиход Э газарт унаад өгсөн. Тэгсэн чинь нөгөө Н гэх залуу Эын дээрээс нь дэвсээд өшиглөөд байж байхад нь би хүрч очоод тэр хоёрыг салгаад Ныг буудлын гадаа үлдээгээд Эыг зочид буудал руу аваад орсон гэжээ. /хавтаст хэргийн 19-20 дахь тал/

Гэрч Б.Бын мэдүүлэгт: Би өдрийг нь сайн санахгүй байна. 2023 оны 03 дугаар сарын сүүлээр Н, Н, Э бид дөрөв хамт Оюут буудалд орж 0,5 литрийн Экс нэртэй архи 2,4 литрийн пиво зэргийг аваад Э бид хоёр архийг нь хувааж уугаад нөгөө хоёр пиво ууцгаасан. Тэгээд хөзөр тоглож хоорондоо юм ярьж байгаад Н бид хоёр хоорондоо бага зэрэг маргалдаад би явах гэж хувцсаа өмсөхөд Э намайг яах гээд байгаа юм гээд болиулсан. Тэгээд би орон дээр хэвтээд утсаа оролдож байгаад унтчихсан. Тэгээд өглөө намайг Э дуудаад бос хөөе нөгөө Н чинь намайг ийм болгочихлоо гээд өөрийнхөө царайг харуулсан. Тэгэхэд Эын баруун хөмсөг уруулын зүүн дээд хэсэг зэрэгт язарчихсан, баруун чихний дэлбээ нь хугарчихсан байсан. Тэгээд Э надад ярихдаа намайг шөнө Н зодсон хоёулаа очиж уулзъя гэхээр нь би очиж уулзаад яах вэ, цагдаад өргөдөл гаргаж өг гэж хэлээд өргөдөл бичүүлж Цагдаагийн газарт өгсөн гэжээ. /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

Өсвөр насны шүүгдэгч Н.Нийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2023 оны 03 дугаар сарын 23-ны орой Этой Арслан хотхоны гадаа таарсан юм. Тэгээд тэнд юм ярьж байгаад хамт явахаар болсон. Эын найз охин Н бол миний найз охины эгч нь байгаа юм. Тэгээд бөөндөө гаръяа гэсэн болохоор хамт ярсан юм. Тэгээд Оюут буудалд ороод Э найзтайгаа хамт архи уусан. Би Нтай хамт пиво уусан. Би бол нээх их пиво уугаагүй. Тэгсэн Эын найз нь согтчихоод намайг дээрэлхээд бос суу гээд дарамтлаад байсан. Тэгээд би явлаа гэсэн чинь Э явуулахгүй байсан. Тэгээд би такси дуудчихаад гадаа гарсан. Тэгээд буудлын гадаа байж байтал дуудсан такси хүрээд ирсэн би таксины жолоочтой юм ярьж байтал Э араас гарч ирээд намайг барьж аваад заамдаад миний нүүр рүү мангасдаж түлхсэн. Би Эын нүүр хэсэгт нь гурван удаа гараараа цохиод газарт унахаар нь өшиглөчихсөн юм. Би Эыг өшиглөх үед Н ирээд бид хоёрыг салгаад Эыг аваад буудал руу орсон гэжээ. /хавтаст хэргийн 31-33 дахь тал/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 156 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Эын биед баруун хөмсөг, дээд уруулд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Б.Эын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.Эын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/

Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл “2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 17 нас хүрсэн байх ба 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 6 сар 15 хоногтой байсан болохыг тэмдэглэн авав” гэжээ. /хавтаст хэргийн 38 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дэх тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 42-43 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлд шүүх хуралдааныг нээлттэй болон бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хаалттай явуулахаар зохицуулсан ба мөн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Өсвөр насны шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улсын яллагч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг нээлттэй явуулж болно.” гэж хуульчилжээ. 

Иймд хэргийн оролцогч талуудаас шүүх хуралдааныг нээлттэй эсхүл хаалттай явуулах хүсэлтийг ирүүлээгүй тул өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны ашиг сонирхол, хуулиар олгосон эрхийг хамгаалж хэргийг бүхэлд нь хаалттай хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн болно.

Өсвөр насны шүүгдэгч Н.Н нь согтуугаар, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнийн 01 цагийн үед Өмнөговь аймгийн 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оюут” зочид буудлын гадаа согтуугаар, иргэн Б.Этой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэг рүү гараараа цохиж, унах үед нь дээрээс нь хөлөөрөө дэвсэж биед нь баруун хөмсөг, дээд уруулд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж бие эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдож байна. 

Өсвөр насны шүүгдэгч Н.Нийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Н.Н нь согтуугаар, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнийн 01 цагийн үед Өмнөговь аймгийн 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оюут” зочид буудлын гадаа согтуугаар, иргэн Б.Этой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэг рүү гараараа цохиж, унах үед нь дээрээс нь хөлөөрөө дэвсэж биед нь баруун хөмсөг, дээд уруулд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эын мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, гэрч Г.Нгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, гэрч Б.Бын мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,         Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 156 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Эын биед баруун хөмсөг, дээд уруулд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Б.Эын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.Эын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Н.Н нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 17 нас 6 сар 15 хоногтой байсан болох нь Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 38 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Иймд гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байх тул өсвөр насны шүүгдэгч гэж үзэх үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Н.Нийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эын эрүүл мэндэд баруун хөмсөг, дээд уруулд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 156 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Өсвөр насны шүүгдэгч Н.Н нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эын бие эрх чөлөөнд халдаж, баруун хөмсөг, дээд уруулд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э нь мөрдөн байцаалтын шатанд “Би Нтой эвлэрсэн. Одоо бид хоёр ямар нэгэн маргаан байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй” /хавтаст хэргийн 7 дахь тал/ гэж мэдүүлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Н.Нийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Н.Нийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Н.Н хувийн байдлын хувьд ..........зэргээр тогтоогдож байна.    

Өсвөр насны шүүгдэгч Н.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Х, тэдгээрийн өмгөөлөгч Н.Нарангарав нар гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчийн зүгээс өсвөр насны шүүгдэгч Н.Нид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх санал гаргасан.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав: Улсын яллагчийн саналыг сонслоо. Өсвөр насны шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг улсын яллагч дурдлаа. Үүнээс гадна мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хохирогчийг хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинж хавтаст хэргийн хүрээнд нотлогдохгүй байна. Яагаад вэ гэхээр хэрийн үйл баримтын тухайд насанд хүрсэн өөрийн үйлийг ухамсарлах чадвартай 3 том хүн насанд хүрээгүй жоохон хүүхдийг дагуулж яваад өөрсдөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орчинд аваачсан. Улмаар өсвөр насны шүүгдэгчийг бос суу гэх мэтээр дарамталсан, алгадсан, биед нь хүч хэрэглэсэн мөн такси дуудаад явах гэж байхад араас нь гарч ирээд мангасдаж татаж одоо нүүр рүү нь түлхэж байгаа зэрэг үйлдэл нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас буюу хохирогч Эын хууль бус үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж үзэхээр байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзаж үзнэ үү гэж үзэж байна. Харин өсвөр насны шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хариуцлагыг зорилго нь Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ёстой. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэх саналтай байна. Албадлагын арга хэмжээ хэрэглэх тухайд улсын яллагчаас гаргасан саналтай холбоотой нэмж тайлбарлах зүйлгүй гэх тайлбар,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Хэлэх зүйл байхгүй гэх,

Өсвөр насны шүүгдэгч Н.Н:  Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Буруугаа цаашид засаж залруулна гэх тайлбарыг тус тус гаргав.

Шүүх өсвөр насны шүүгдэгч Н.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог ба өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байх ёстой.  

Шүүх өсвөр насны шүүгдэгч Н.Нийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Нид ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүх өсвөр насны шүүгдэгч Н.Нийн гэм бурууг ухамсарлуулах амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Н.Нид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Өмнөговь аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х нарт даалгаж шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Н.Н цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э  гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй,  хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.     

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Н.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:    

  1. Өсвөр насны шүүгдэгч Х шарнууд овгийн Нын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Нид хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Нид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Өмнөговь аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х нарт даалгасугай.

5. Өсвөр насны шүүгдэгч Н.Н цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э  гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй,  хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Н.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА