Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2020/00023/И |
Дугаар | 128 |
Огноо | 2020-02-10 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 128
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймгийн ... оршин суух, Г овогт Х.Б -ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн Е /итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц /-д холбогдох,
Гэм хорын хохирол 1620478 /нэг сая зургаан зуун хорин мянга дөрвөн зуун далан найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00023/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 оноос хойш Булган аймгийн Е д тасралтгүй 12 жил бага ангийн багшаар ажиллаж байна. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр амаржсан ба амаржсаны мөнгө оногдохгүй байсан тул Аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс тодруулахад 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хариу бичигт гэм буруутай албан тушаалтнаар тэтгэмжийг төлүүлж, хохирлоо барагдуулж авна уу гэсний дагуу Булган аймгаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж буй ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч нь нягтлан бодогч Д.Ө биш ажил олгогч байгууллага гэж үзсэн байна.
Иймд Булган аймгийн Е иас тэтгэмжийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Булган аймгийн Ешүүхэд гаргасан тайлбартаа: Х.Б нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авах материалаа хуулийн хугацаанд өгөөгүйн улмаас нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1, 13.7, 20.1.1, 20.1.2 дахь заалтуудыг зөрчсөн байх тул манай байгууллага уг тэтгэмжийн мөнгө болох 1.620.478 /нэг сая зургаан зуун хорин мянга дөрвөн зуун далан найм/ төгрөгийг төлөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогчийн зүгээс нягтлан бодогч Ө ийг тухайн тэтгэмжийн мөнгийг хоцроосон тухай шүүх боломжгүй. Тиймээс энэхүү үйлдэлдээ аль этгээд буруутайг тогтоож өгөхийг шүүхээс хүсч байна. Хэн буруутай этгээдийг тогтоолгох шаардлагатай байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Булган аймгийн Е иас 1620478 /нэг сая зургаан зуун хорин мянга дөрвөн зуун далан найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авах материалаа хуулийн хугацаанд өгөөгүйн улмаас Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1, 13.7, 20.1.1, 20.1.2-т тус тус заасныг зөрчсөн учир 1620478 /нэг сая зургаан зуун хорин мянга дөрвөн зуун далан найм/ төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр амаржсан бөгөөд жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсыг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр холбогдох байгууллагаар бичүүлэн авч Е ийн нягтлан бодогч Д.Ө т 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүргүүлснийг нягтлан бодогч Д.Ө 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авсан болох нь №****** дугаартай жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудасны хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “... жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор холбогдох баримтыг бүрдүүлж, нийгмийн даатгалын байгууллагад өгнө” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн байгууллагаас олгосон хуудсыг ... үндэслэн олгоно” гэж заажээ.
Нэхэмжлэгч жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсыг 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Булган аймгийн Е ийн нягтлан бодогч Д.Ө т өгсөн байх тул хариуцагч байгууллагын нягтлан бодогч 2019 оны 6 дугаар сарын 24-ний дотор нэхэмжлэгчийн тэтгэмжийн материалыг нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байжээ. Гэвч хариуцагч байгууллагын нягтлан бодогч хуулиар хүлээсэн үүргээ хугацаа хэтрүүлж хэрэгжүүлсний улмаас нэхэмжлэгч нийгмийн даатгалын байгууллагаас жирэмсэн болон амаржсаны тэтгэмж 1620478 /нэг сая зургаан зуун хорин мянга дөрвөн зуун далан найм/ төгрөгийг авч чадаагүй хохирсон байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан тул Булган аймгийн Е ийн нягтлан бодогчийн албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ хуулийн хугацаанд гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид учруулсан хохирлыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх нь хуульд нийцнэ.
Иймд нэхэмжлэгч Х.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн Е иас жирэмсний болон амаржсаны тэтгэмж 1620478 /нэг сая зургаан зуун хорин мянга дөрвөн зуун далан найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 40877 /дөчин мянга найман зун далан долоо/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Булган аймгийн Е иас 1620478 /нэг сая зургаан зуун хорин мянга дөрвөн зуун далан найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 40877 /дөчин мянга найман зуун далан долоо/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
О.ОДОНЧИМЭГ