| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2019/0215/И |
| Дугаар | 09 |
| Огноо | 2020-01-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, шүүгч Э.Б, шүүгч Б.Н нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах А ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух Т овогт Р.Б-д холбогдох
Гэм хорын хохирол 9.246.636 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч Г.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Ү.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нарийн бичгийн дарга О.Ү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ХХК-ийн захирал Э.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: Би гэр ахуйн бараа зөөгөөд 10 гаруй жил болж байгаа. 2016 оноос эхэлж Замын-Үүдийн гаалиар ачаа бараагаа оруулж ирж байна. Р.Б гэж хүн байнга гааль, цагдаагийн байгууллагад худлаа мэдээлэл өгч хүндрэл болдог. Р.Б-г шүүхэд өгөлгүй явдаг байсан. Харин энэ удаа дараах нэхэмжлэлийг гаргасан.
1. 2017 оны 10 дугаар сарын 14-нд Замын-Үүдийн гаалийн хяналтын бүсэд орон 3 хоног үзлэг шалгалтанд орж 2017 оны 10 дугаар сарын 17-ны орой гаалиас гарах зөвшөөрлөө авсан ... улсын дугаартай автомашинд ачигдсан манай барааг иргэн Р.Б нь цагдаагийн байгууллагад үндэслэлгүй худал гомдол гарган шалгуулж 2017 оны 10 дугаар сарын 17-ноос 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 20 хоног саатуулж шалгуулсан. Манай бараанд ямар нэгэн зөрчил илрээгүй бөгөөд харин манай бараанаас маш их эдэрч дутсан. Манай ажлыг олон хоног саатуулсан дараагийн захиалгын татан авалтын хугацаа хэтэрсэн байсан учир тухайн ачааг хөлсний гурван машинд шилжүүлж ачиж ... машиныг Замын-Үүдээс Эрээн рүү оруулж дараагийн ачилтаа хийсэн болно. Дээрхи худал гомдлоор олон хоног саатуулсан хоол, буудал болон нааш цаас явах бензин тээрвийн зардал гээд нийт 8.446.636 төгрөгийн зардлыг /бүх нотлох баримтыг хавсаргав/
2. 2017 оны 11 дүгээр сарын 08-нд гаалиас гарах зөвшөөрлөө авч гарсан ... дугаартай машинд ачигдсан манай барааг иргэн Р.Б нь цагдаагийн байгууллагад дахин зориуд үндэслэлгүй гомдол гарган шалгуулж 2017 оны 11 дүгээр сарын 10-нд Гаалийн ерөнхий газрын зөрчилтэй тэмцэх газраас манай барааг УБ хотын интердисижн дэх гаалийн хяналтын бүсэд буулгуулж нэг бүрчлэн шалгасан. Манай бараанд ямар нэгэн зөрчил илрээгүй. Дээрхи гомдлоос болж 500.000 төргөгөөр грушиг хөлсөлж 300.000 төгрөгөөр машин хөлсөлж бараагаа авсан. Дээрхи худал гомдлоор 800.000 төгрөг, нийт 9.246.636 төгрөг, тэмдэгтийн хураамж 162.896 төгрөгний зардал гарч хохирсон тул худал гомдол гаргаж манай үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан Р.Б-с дээрхи нэхэмжлэлийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр А ХХК-ний ачаанд гаалийн хяналт шалгалт хийлгүүлэхээр Р.Б нь гомдол гаргасан байдаг юм. Гэтэл яагаад 2 жилийн хугацаа өнгөрсний дараа уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл эдгээр нотлох баримтууд нь хуурамч нотлох баримт гэж үзэж байна. Хөвсгөл нэртэй буудалд буусан гэдэг. Шүүхэд миний бие Хөвсгөл зочид буудлын санхүүгийн баримт бичигт үзлэг хийлгүүлэх тухай хүсэлт гаргаж үзлэгээр Э.Э-н хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн баримт огт байгаагүй. Эдгээр хүмүүсийн буудалд буусан гэж үзээд байгаа энэ өдрүүдийнх нь баримт огт байгаагүй. Эдгээр баримтыг харахад Э.Э гэж хүн өөрийн гараар хуулаад бичсэн юм шиг харагдаад байгаа. Э.Э гэж хүний өөрийнх нь бичгийн хэв байгаа юм. Ийм учраас худлаа баримт гэж үзэж байна. Мөн хөлсөөр ажиллуулах гэрээг Э.Э өөрөө хуулж бичээд ард нь хүмүүсээр гарын үсэг зуруулсан байсан. Тухайн үед хянаж шалгаж байсан байцаагчаас асуухад ачигч гэж 6 хүн байгаагүй. Харин 2-3 хүн байсан гэдэг. Худлаа баримт нөхөж бичсэн болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Э-н ачааг ачсан машин Замын-Үүдийн гаалийн хяналт шалгалтаас гараад машин нь Улаанбаатар хот руу явсан байдаг. Тэгээд араас нь Р.Б Цагдаагийн байгууллагад дахин зориуд худлаа мэдээлэл өгч шалгуулсан гэж гомдол гаргасан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа. Улаанбаатар хотод шалгуулсан гэж байгаа нь Р.Б-тай ямар холбоогүй юм. О гэж гаалийн байцаагч Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокурор Ц гэж хүнд 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдэл өгсөн байдаг. Р.Б дахин гомдол гаргаж шалгуулсан зүйл байхгүй. Тэгэхээр сүүлд 2017 оны 12 дугаар 10-ны өдөр гаргасан 5 ачигчийн хөлс 500.000 төгрөг, мөн 300.000 төгрөг, нийт 800.000 төгрөгийн зардал нь Р.Б гэж хүнтэй ямар нэгэн холбоо байхгүй. Р.Б-н гаргасан гомдлоор гааль, цагдаагийн байгууллагын хяналт шалгалт Замын-Үүд суманд шалгагдаад дууссан байдаг. Энд шалгуулах явцад зардал гарч болох юм. Гагцхүү хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаар тогтоогдоно. Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Р.Б-д холбогдуулан гэм хорын хохирол 9.246.636 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч А ХХК нь өөрийн компаний ачаа барааг ачсан ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн боомтоор орж гаалийн байгууллагын зохих хяналт шалгалтанд оруулан шалгуулсаны дараа хариуцагч Р.Б нь цагдаагийн байгууллагад дахин шалгуулах тухай гомдол гаргасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 11 сарын 06-ны өдрийг хүртэл саатуулан шалгасан, мөн Замын-Үүдийн Гаалийн байгууллагаас гарсны дараа 2017 оны 11 сарын 08-ны өдөр Р.Б дахин гомдол мэдээлэл гаргаж Улаанбаатар хотод очсоны дараа гаалийн байгууллагын хяналт шалгалтыг тус тус хийлгүүлсэн үйл баримт болжээ.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль, бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ... болохгүй” 2 дахь хэсэгт “Өргөдөл, гомдол үнэн зөв байна” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Санаатайгаар худал мэдээлбэл хүлээлгэж хариуцлагын талаар гомдол гаргагчид тайлбарлан өгөх”-өөр тус тус зааснаас үзэхэд иргэд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах буюу гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл гаргах эрхтэй хэдий ч тухай гомдол мэдээлэл үнэн зөв байх, энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх бусдын бизнес нэр хүндэд халдахгүй байх үүрэгтэй гэж ойлгохоор байна.
Нэхэмжлэгч А ХХК-ны ачаа, бараанд гаалийн болон цагдаагийн байгууллагаас удаа дараа хяналт шалгалт хийгээд зөрчил илрээгүй гэж мэдэгдээд байхад хариуцагч Р.Б нь ямар шалтгаанаар удаа, дараа гомдол мэдээлэл гаргаад байгаагаа нотлоогүй бөгөөд гаалийн хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй талаар зохигчид маргаагүй байна.
Хариуцагч Р.Б-н Цагдаагийн байгууллагад үндэслэлгүйгээр удаа дараа гомдол, мэдээлэл гаргасантай холбогдуулан А ХХК нь ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачигдсан ачаа барааг ачиж, буулгах ачигч нарын хөлс, ачигч нарын хоол, буудлын зардал болон нааш цааш явсан бензин, ачааг Улаанбаатар хотод хүргэсэн тээврийн зардалд нийт 6.356.500 төгрөгний хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 2017 оны 11 сарын 29-ний өдрийн 5/52 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол, Гаалийн ерөнхий газрын 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 01-2/4661 тоот мэдээлэл хүргүүлэх тухай албан тоот, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу хариуцагч Р.Б нь А ХХК-д учруулсан гэм хорын хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “хариуцагч Р.Б-н үндэслэлгүй гомдол, мэдээлэл өгсний дагуу манай машин гааль дээр 20 хоног саатсан бөгөөд дараагийн ачаа барааны таталт болсон тул машинаа Эрээн гаргаж, 3 машин хөлсөлж Улаанбаатар хот хүргэхэд 4.800.000 төгрөг зарцуулсан” гэж мэдүүлж байх тул энэ нь жолооч Ш, Т.Э, Д.Г нартай байгуулсан ачаа тээвэрлэлтийн гэрээ /хх-ийн 67,69,71/, бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-ийн 68,70,72/ зэргээр нотлогдож байх тул гэм хорын хохирол гэж үзэн хариуцагчаас гаргуулах, мөн дээрх 3 машины Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэлх замын хураамж 13.000 төгрөг /хх-ийн 73-86/-ийг гаргуулах нь зүйтэй байна.
Мөн эдгээр бараануудыг гаальд дахин шалгуулахад Улаанбаатар хотоос ачигч нар хөлсөлж авчирч ачаа барааг ачиж буулгуулсан гэж мэдүүлж байгаа нь гэрч Л.Г “Уг ачаа барааг буулгахад миний танихгүй 2-3 ачигч нар байсан. Ачааг бүгдийг нь буулгасан. Би тэр ачигч нарыг танихгүй хүмүүс байсан” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна. Иймд ачигч нарт 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ачигч нарын хоол цайны зардал 66.800 төгрөг /хх-ийн 15/, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ачигч нарын хоол цайны зардал 35.000 төгрөг /хх-ийн 50/, 9 хүний хоол цайны зардал 86.300 төгрөгийн тооцоо /хх-ийн 51/, 6 хүний хоол цайны зардал 55.400 төгрөгийн тооцоо /хх-ийн 53/, ачигч нарт өгсөн ажлын хөлс 500.000 төгрөг /хх-ийн 61/, Улаанбаатар хотод ачаа очсоны дараа дахин үндэслэлгүй мэдээлэл гаргаж ачаа ачиж буулгасан хөлс 500.000 төгрөг, Сонгино-Хайрхан дүүргийн гаалийн бүсээс Хужирбулан хүртэл тээврийн зардал 300.000 төгрөг /хх-ийн 90, 92/ нийт 800.000 төгрөгийн зардлуудыг хариуцагч Р.Б-н буруутай үйлдлээс үүдсэн нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж нийт 6.356.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд “Улаанбаатар хотод дахин шалгуулж үзлэг хийсэн Гаалийн ерөнхий газрын 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 01-2/4661 тоот “мэдээлэл хүргүүлэх тухай” албан тоот бичигт Р.Б гэсэн нэр байхгүй байна” барааг гаальд дахин шалгуулахад 6-7 ачигч байгаагүй, 2-3 ачигч байсан гэж мэтгэлцэж байгаа боловч уг мэдээллийг Р.Б гаргаагүй, ачигч Улаанбаатараас хөлслөөгүй 2-3 ачигч байсан гэдгээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэсэн үүргээ биелүүлээгүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн төлөөлөгч болон ачигч нарын Хөвсгөл зочид буудалд 2017 оны 08 сараас 2017 оны 11 сарын 10 хүртэл буудалд бууж байрласан тооцооны тасалбарт үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж 2019 оны 11 сарын 29-ний өдөр Г ХХК-ны Хөвсгөл зочид буудлын харилцах баримт 2017 оны 10-12 сар гэсэн тооцооны баримтад үзлэг хийхэд хэрэгт авагдсан 835 дугаартай /хх-ийн 7/ тооцооны тасалбар, хх-ийн 19,38,57 дугаар хуудсанд авагдсан тооцооны тасалбарууд байхгүй байсан тул Э, Г нарын 2017 оны 10 сарын 17-ноос 10 сарын 21 хүртэл 5 хоногийн 250.000 төгрөг /хх-ийн 7/, Э.Э, Э.Т нарын 8 хүний 2017 оны 10 сарын 20-21ны өдөр буусан 110.000 төгрөгний /хх-ийн 19/, Э, Г нарын 2017 оны 10 сарын 30-наас 11 сарын 03 хүртэл 5 хоногийн 250.000 төгрөг /хх-ийн 38/,/, Э.Э, Э.Т нарын 8 хүний 2017 оны 11 сарын 04-05-ны өдөр буусан 170.000 төгрөгний /хх-ийн 57/ нийт 780.000 төгрөгний буудлын баримт, нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э-н Замын-Үүд, Улаанбаатар хот явсан замын зардал 140.000 төгрөг, Улаанбаатар хотод нааш, цааш явсан бинзений зардал, Замын-Үүдээс Улаанбаатар хот явсан ачигч авчирсан зардал зэрэг 1.550.536 төгрөгний, эвдэрсэн барааны зардал гэх 15 нэрийн 295.400 төгрөг /хх-ийн 87/-ийн барааг жагсаалтаар гаргасан бичгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э болон түүний жолоочийн идсэн хоол цайны тооцоо 15.000 төгрөг /хх-ийн 9-10/, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хоол цайны тооцоо 14.000 төгрөг /хх-ийн 11-12/, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 18.000 төгрөгийн хоол цайны тооцоо /хх-ийн 13-14/, хоол цайны 20.100 төгрөгийн тооцоо /хх-ийн 40-41/, хоол цайны 19.500 төгрөгийн тооцоо /хх-ийн 42-43/, хоол цайны 20.100 төгрөгийн тооцоо /хх-ийн 44-45/, хоол цайны 17.500 төгрөгийн тооцоо /хх-ийн 46-47/ нийт 124.200 төгрөгийг гаргуулах шаардлагагүй гэж үзэж нийт 2.890.136 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 9.246.636 төгрөгнөөс 6.356.500 төгрөгийг хариуцагч Р.Б-с гаргуулан нэхэмжлэгч А ХХК-нд олгож, үлдсэн 2.890.136 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Нэхэмжлэгч байгууллагын Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 162.896 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6.356.500 төгрөгөнд оногдох 116.654 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 120 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгонТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Б-с гэм хорын хохирол 6.356.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2.890.136 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162.896 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 116.654 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц
ШҮҮГЧИД Э.Б
Б.Н