Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/97

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр                                Дугаар 2023/ШЦТ/97                          Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга М.Хүрэлбаатар,            

Улсын яллагч О.Батнасан,

            Шүүгдэгч Н.Э,

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Нгийн Эд холбогдох 2328001670133 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт: ....................................,

Шүүгдэгч Н.Э нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 22 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурвансайхан хорооллын 11-56 тоот хашааны гадна иргэн С.Утэй маргалдан шороо цацаж баруун нүдийг нь гэмтээж хүндэвтэр хохирол санаатай учруулсан эмт хэрэгт холбогджээ.     

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Эгийн яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нар нэг нутгийн хүмүүс байгаа юм. 6 жил уулзаагүй байсан. Намайг 1-2 удаа ямаа самнахаар яах уу гэхээр нь би яваагүй байсан юм. 3 дахь удаагаа би Номгоноос ирлээ ямаа самнахаар яаралтай явна гэхээр нь би явсан. Би Уээс нөхөр Сийгээ аваад яваач гэсэн манай хүн явахгүй гэсэн. Санамсаргүй зүйл болсон. Муудалцсан зүйл байхгүй. Хөдөө 5 хоног явж ирээд. Танайд нэг цаг суугаад тарцгаая гэж У бид хоёр ярилцсан. Нэг нутагт таньж мэддэг гээд орой үдэш сууж байгаад У намайг чаддаг юм бол гараад ир гэхээр нь шороо аваад цацсан чинь ийм болсон. Хэдүүлээ ямаа самраад бухимдсан юм уу яасан юм хэл амаар доромжлоод гараад ир гээж 3-4 удаа хэлэхээр нь шороо цацсан чинь ийм юм болсон.  Гай л таарсан гэж бодож байна. Бусдаар бол хүнд муу юм санасан зүйл байхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 05 дугаар  сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Б гэдэг айлын ямаа самнаад ирсэн. 22 цагийн үед ирээд дугуйгаа янзлуулаад 5 лааз пиво аваад нөгөө хоёр залууд өгөөд хойшоо яваад айлд очоод суух юм чинь 3 архи, 2 лааз пиво авсан. Тэгээд Э эгчийн гэрт очсон. Би архи уухгүй гэсэн асуудал дээр муудалцсан. Э эгч би босоо цагаан Нгийн хүүхэд гээд над руу агсраад унасан. Тэгээд би пязда гэж хэлсэн нь үнэн. Би өөдөөс нь ганц хоёр үг хэлсэн. Тэгээд явах гээд хамт ууж байсан хүмүүсээр хүргүүлэх гэхээр согтуу байсан учир болиод хамтран амьдрагч Сээг дуудсан. Тэгээд Сээ ирээд чагнаалдсан чинь Б оруулж ирээд архи татуулсан. Тэгсэн чинь Э Булганыхныг алнаа гэсэн. Тэгээд муудалцаад байсан. Би гараад гүйсэн чинь араас Э эгч шороо аваад цацсан. Цацсан шороо нь миний нүд рүү орсон. Нүднээс шингэн зүйл гараад байхаар нь утасныхаа гэрлийг тусгаад харсан чинь цус гарч байсан. Тэгээд цагдаа дуудсан. Цагдаа маргааш нь өглөө 9 цагт мэдүүлэг өгөөрэй гээд бид нарыг харьцгаа гэсэн. Маргааш нь 9 цагт би мэдүүлэг өгөх боломжгүй байсан. Эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь цаг авах шаардлагатай гэсэн. Эрдэнэбилэг эмч 4 цаг хүртэл семинартай гэсэн. Тэгээд 10 цагт нүдний цаг аваад Билгүүн гэдэг эмчтэй уулзаж үзүүлэхэд хэсэгчилсэн мэдээ алдуулалттай хагалгаа хийнэ, нүдэнд чинь өөрчлөлт орсон байна гэсэн. Тэгээд хагалгаанд орох гэсэн чинь зүрхний хэм дарамт нэмэгдээд хагалгаанд орох боломжгүй байсан. Тэгээд Билгүүн гэх эмчээс 13А маягт аваад хот руу явсан. Хотод 9 цагт эмнэлэгт очоод хагас сайн өдрийн 9 цагт яаралтайгаар хагалгаанд ороод 20 цагт хагалгаанаас гарсан. 19-нд эмнэлгээс гарсан. Буцаад 7 хоногийн дараа оёдлоо авахуулаарай цагаан нүдэнд чинь уусдаг 3, хар нүдэнд чинь уусдаггүй 2 оёдол байгаа эргэж авахуулаарай гэсэн. Тэгээд Өмнөговь аймагт ирээд гадна нүдний цагаан оёдлыг Билгүүн эмчид үзүүлж авахуулсан. Шигдсэн нэг оёдол үлдсэн байгаа. Тэрийг 3 сарын дараа авна гэсэн. Би насанд хүрээгүй 3 охинтой хөдөлмөрийн чадвараа 30 хувь алдсан. Хэцүү байна. Би улирлын чанартай ажил хийдэг байсан. 5 сарын 10-наас 6 сарын 10-ныг хүртэл ямаа самнадаг. Үргэлжлээд харуул манаачаар ажил хийдэг байсан. Сард ямаа самнаад олох байсан орлого 5.000.000 орчим төгрөгийг олох байсан. Эмчилгээнд хүнээс 2.000.000 төгрөгийг зээлээд явсан. Эмчилгээ хийлгэхдээ ойр зуурын замын зардал, хэрэглээний зардал гарсан. Бэртэж гэмтсэнээс хойш хөдөлмөрийн чадвараа 30 хувь алдсан учраас манаачийн ажлаа хийж чадахгүй байна. Цагдаад журмын хашаанд бас манаач хийдэг байсан. Одоо энэ ажлуудаа хийх гэхээр нэг нүд нь харахгүй байгаа хүнээр хийлгэхгүй гээд байгаа. Ийм учраас 3.000.000 төгрөгийг бас нэхэмжилж байна. Ингээд 10.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Э надад 1.080.000 төгрөг өгсөн бөгөөд энэ нь нэхэмжилж байгаа мөнгөнөөс тусдаа гэж ойлгож байгаа гэв.

Хохирогч С.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 05 сарын 05-ны өдөр ямаа самнуулна гэсэн зар фейсбүүк хаягаас хараад утсаар холбогдож тэр шөнө нь Хүрмэн сумаас урагш Б гэдэг айлд очиж 4 хоног ямаа самнасан. Тэгээд 2023 оны 05 сарын 09-ний өдөр Хүрмэнд хамт ямаа самнаж байсан Жсүрэн, Э болон Б гэж хүний хүүхэд Б, Мөнх нэг танихгүй эмэгтэй нартай аймаг руу гараад 22 цагийн үед ирсэн. Аймагт ирээд Мандах дэлгүүр рүү Э, танихгүй эмэгтэй бид 3 ороод би өөрийнхөө мөнгөөр 1 ширхэг цэнхэр Саss нэртэй лаазтай пиво, 4 ширхэг нийслэл нэртэй лаазтай пиво авсан. Тэгээд тэр хэд за бүгдээрээ нэг юм авъя гэсэн. Тэгэхээр нь би уухгүй та хэдэд нэг юм авч өгье гэж хэлсэн. Тэгээд тэр хэд 3 шил 0.75 литрийн ЕLIХ нэртэй архи аваад замдаа тэр танихгүй эмэгтэйг буулгачихаад Эгийн гэр гэх Гурвансайханы 11-57 байсан санагдаж байна тэнд очиж уусан. Би тухайн үед өөрийнхөө авсан 5 лааз пивоны нэгийг нь хамт Хүрмэн сумаас ирсэн танихгүй хүүхэнд өгөөд буулгасан. Мөн 2 ширхгийг нь Жсүрэн, Б нарт өгөөд өөрөө үлдсэн хоёрыг нь уусан. Тэгээд надад архи хийж өгөхөөр нь би уулгүй асгачихаад буцаагаад өгсөн. Тэгээд би за би одоо уухгүй гэртээ харьлаа гэсэн чинь Б намайг хүргээд өгье гэсэн. Тэгэхээр нь би та нар уучихаад машин барьж болохгүй би өөрөө унаад дуудаад явлаа гээд 23 цагийн үед манай салсан нөхөр Сээг дуудсан чинь Э унаа дуудаад явах гэж байна гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би гэрээс нь гараад гүйсэн. Удалгүй Сээ ирээд гадаа зогссон чинь тэр хэд татаж чирээд гэр рүү оруулсан. Тэгэхээр нь би ардаас нь ороод очтол Сээд архи хийж өгч байсан. Сээ тэр архийг нь уулгүй буцаагаад өгөхөөр нь би за гараад юмаа ачиж бай гэж хэлээд гаргасан. Э намайг сууна гэж хэлчихээд авирлалаа суусангүй явлаа гээд загинаад байсан. Тэгээд би явъя гэж бодоод гарч ирээд Сээгээс машинд байсан сам гялгар авсан эсэхийг асуучихаад эргээд харсан чинь Э миний нүд рүү хайрга цацчихсан. Тэгсэн чинь миний нүд харанхуйлаад шингэн юм гоожооч ирсэн. Би тэгээд миний нүднээс цус гараад байна гэж Бд хэлэхэд тийм байна гэж хэлж байсан. Тэгээд би Сээгээр хүргүүлээд Малчины хорооллын 5-15 тоотод гэртээ харьсан. Тэр шөнө олигтой унтаж чадахгүй байсаар байгаад өглөө нь аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр явахдаа Э эгчтэй уулзаад хамт явсан. Миний баруун нүдний эвэрлэг цоорч, хүүхэн хараа цувж гарсан байна гэж эмч нар хэлсэн. Би аймгийн эмнэлэгт Билгүүн гэж эмчид үзүүлээд намайг хот яв гэхээр нь би хотод 2023 оны 05 сарын 12-ны шөнө 1-р эмнэлэгт яаралтайгаар хүргэгдэж очоод шууд хэвтэж эмчлүүлээд 05 сарын 13-ны өглөө 09 цагт хагалгаанд орсон. Тэгээд 05 сарын 19-ний хүртэл хэвтэж эмчлүүлээд аймагт ирсэн. Одоо миний баруун нүд харахгүй байгаа” гэжээ.  /хавтаст хэргийн 15-16 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би насанд хүрээгүй гурван хүүхэдтэй. Өрх толгойлсон эмэгтэй. Би Гашуун сухайт хилийн боомтын журмын хашааны манаачаар ажилладаг байсан. Би сард 1.500.000 төгрөгийн цалин авдаг байсан. Мөн цалин дээрээс нэмж хоол хүнсний мөнгө 1.000.000 төгрөг авдаг байсан. Нийт би сард 2.500.000 төгрөг авдаг байсан. Э гэмтэл учруулснаас болж би 2 сард ажлаа хийж чадаагүй. Би ажлаа хийж чадаагүйн улмаас авч чадаагүй цалингаа нэхэмжилж байна. Би журмын хашааны манаачаар нэг сар ажиллаад нэг сар амардаг байсан. Би нэг сар амрахдаа ямаа самнаад 4.800.000 төгрөг олох байсан. Би уг олох байсан орлогоо нэхэмжилж байна. Мөн эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа нэхэмжилж байна. Эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа баримтаар гаргаж өгнө. Эмчилгээтэй холбоотой гарсан зардлаас баримтгүй 2.000.000 төгрөгийн зардал гарсан. Би нэхэмжилсэн төлбөрийн талаар шүүх хуралдаан дээр өөрийн биеэр хэлнэ гэжээ. /хавтаст хэргийн 18 дахь тал/

Гэрч Х.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 05 сарын эхээр фейсбүүкээс зар хараад Бтой холбогдсон. Тэгсэн чинь Б 3 хүн аваад явна олчихоод холбогдож байгаад явъя гэсэн. Тэгээд удалгүй 2 хүн олчихлоо гээд 2 танихгүй эгчтэй хамт дөрвүүл Хүрмэн сумын урд говь руу Бын гэрт очиж 4 хоног ямаа самнасан. Тэгээд бид хэд 05 сарын 09-ний өдөр буцаж аймагт орой 19 цаг 55 минутад орж ирсэн. Аймагт очоод Б машины хагарсан дугуйгаа нөхүүлчхээд байж байсан чинь У эгч Э эгч хоёр жаахан ууж байгаад тарцгаая манайд очиж ууя бүгд нэг нэг шил архи авъя гээд тэр хоёр дэлгүүр ороод 2 шил ELIX нэртэй 0.75 литрийн архи аваад гараад ирсэн. Б бид хоёр яаж зүгээр байх вэ гээд 1 шил 0.75 литрийн ELIX нэртэй архи авсан. Тэгээд бид 4 Гурвансайханы тэнд хаягийг нь санахгүй байна Э эгчийн гэрт очсон. Тухайн үед 22 цаг болж байсан. Бид 4 авсан архиа уугаад дэлгүүрээс авсан бэлэн идэх юмаа идсэн. Тэгээд эхний шил архийг уучихаад 2 дахь нь талдаа орж байхад У эгч Б бид хоёрыг би харълаа намайг хүргээд өг гээд байсан. Тэгэхээр нь бид хоёр архи уучихсан хүргэж өгч чадахгүй гэж хэлсэн чинь У эгч уурлаж байгаад нөхрөө дуудсан. Тэгээд У эгч Э эгчийг өдөөд пизда гөлөг гээд дуудаад байсан. Удалгүй нөхөр нь ирсэн. Тэр үед У эгч гадаа орилоод яваад байсан. Нөхөр нь удалгүй явлаа хувцсыг нь гаргаад өг гэсэн. Тэгээд Б тэр хоёр хувцсыг нь гаргаж өгөх машин руугаа гарсан. Тэгсэн гаднаас У эгч орж ирээд Эг ядуу пясда гэх зэргээр доромжилж байгаад пязда минь гараад ир гэж хэлчихээд гараад явсан. Ардаас нь Э эгч гарсан. Би гэрт байж байсан. Тэгсэн гэнэт У эгч нүд сохолчихлоо гээд орилоод байсан. Тэгэхээр нь би гараад очсон чинь баруун нүднийх нь доод хэсгээс жоохон цус гарч байсан. Тэгээд нөхөр нь аваад явсан гэжээ. /хавтаст хэргийн 21-22 дахь тал/

Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би анх Хүрмэн суманд хөдөө гэртээ ямаа самнуулах гээд фейсбүүк дээр зар тавьсан юм. Зарын дагуу Ж холбогдоод Хүрмэн рүү явахын өмнө У эгчтэй холбогдсон. Тэгээд У эгч Туяа эгчтэй хамт ирээд бид дөрөв 05 сарын 04-ний өдөр аймгаас Хүрмэн сумын урд говь руу манай хөдөө гэр рүү явсан. Тэнд очиж 4 хоног ямаа самнаад 05 сарын 09-ний өдөр аймаг руу манай ахын 45-29 ӨМЭ улсын дугаартай Toyota Hariear  маркийн машинтай 16 цагийн үед У, Э, Ж бид дөрөв гараад 20 цагийн үед гэгээ тасарч байхад орж ирсэн. Аймагт ирээд миний машины дугуй хагарчихсан байсан болохоор Мандах дэлгүүрийн хойд талын дугуй засварт засуулсан. Тэгсэн чинь У эгч 5 ширхэг лаазтай пиво авч ирээд уух уу гэж асуухаар нь үгүй гэж хэлээд явсан. Машинд суусан дараа У эгч Э эгч хоёр бүгдээрээ Э эгчийнд очиж сууя гэсэн. Тэгээд бид хэд хойшоо Гурвансайхан руу Э эгчийн гэр рүү явсан. Э эгчийн гэрт очихоос өмнө Гурвансайханд байдаг нэрийг нь мэдэхгүй дэлгүүр дээр зогсоод бид хэд хамт ороод Э эгч У эгч 2 нэг нэг шил 0,75 литрийн ELIX нэртэй архи авсан. Ж бид хоёр дундаа нэг 0.75 литрийн ELIX нэртэй архи авсан. Тэгээд Э эгчийнд 21 цагийн үед очоод ууж эхэлсэн. Эхний шил архийг уучихаад 2 дахь архийг задлаад ууж эхэлж байхад би У эгчийг хүргэж өгөх үү гайгүй эсэхийг нь асуухад зүгээр зүгээр би унаа дуудаад явчихна гэж хэлсэн. Тэгээд удалгүй У эгч Э эгч рүү агсраад байсан. Ж бид хоёр та боль хүргээд өгье гэсэн чинь би унаа дуудчихсан гэж хэлсэн. Тэгээд удалгүй У эгчийн нөхөр нь ирсэн. Би У эгчийн хувцсыг гаргаж өгөхөөр гэрээс нөхөртэй нь хамт гараад машин дээр очсон. Тэгсэн чинь араас У эгч Э эгч ар араасаа гэрээс гарч ирсэн. Тэгээд тэр хоёр хэрэлдэж байсан чинь Э эгч хайрга газраас аваад цацчихсан. Тэгсэн тэр хайрга нь У эгчийн нүд рүү оночихсон. Би У эгч дээр очоод харсан чинь баруун талын нүднээс нь цус гарч байсан. Тэгээд У эгч нөхөртэйгөө цуг яваад өгсөн гэжээ. /хавтаст хэргийн 30-32 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтэс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.У биед баруун нүдэнд шарх, эвэрлэгийн урагдал, баруун нүдний хараа бууралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. С.Уийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. С.Уийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 30% нөлөөлнө. С.Уийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3,2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 30% нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 63-64 дэх тал/

Шүүгдэгч Н.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 1968 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Булган
суманд төрсөн. Бага насаа Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн нутагт
хөдөө ээж, аав, дүү, эгч, ах нарын хамт мал маллаж байгаад 1978 онд Булган сумын
ЕБС-д элсэн орж суралцаад 1986 онд 8 дугаар анги төгсөөд 1986 оноос 1988 онд
Өмнөговь аймгийн техник мэргэжлийн сургуулийг барилгын засал чимэглэлээр
төгссөн. 1989 оноос 2008 он хүртэл Сэврэй суманд мал маллаж байгаад 2008 онд
аймгийн төв рүү шилжин орж ирээд 2011 оноос 2017 он хүртэл 7 дугаар багийн олон
нийтийн байцаагчийн ажил хийж байгаад 2017 оноос Даланзадгад сумын идэвхтэн
байгаль хамгаалагчийн ажилтнаар одоог хүртэл хийж байна. 5 хүүхэд төрүүлж
өсгөсөн том хүү Э.Шагжаа 1990 онд төрсөн, дараагийн хүүхэд охин Э.Бямбацэцэг
1992 онд төрсөн, хүү Э. Магнайбаяр 1995 онд төрсөн, охин Э.Буянхишиг 1997 онд
төрсөн, охин Б.Хурцбилэг 2004 онд төрсөн одоо бага охинтойгоо хамт амьдардаг
бусад хүүхдүүд айл болоод тусдаан гарсан гэжээ. /хавтаст хэргийн 69 дэх тал/,

Өвчний түүх /хавтаст хэргийн 40-62 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72 дахь тал/

Өмнөговь аймаг Даланзадгад сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 75 дахь тал/

Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагааны /хавтаст хэргийн 77 дахь тал/

Хохирлын баримт /хавтаст хэргийн 80 дахь тал/

Хохирол төлбөр төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Э нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 22 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурвансайхан хорооллын 11-56 тоот хашааны гадна иргэн С.Утэй маргалдан шороо цацаж С.Уийн бие эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдож байна. 

Шүүгдэгч Н.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Н.Эгийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Э нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 22 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурвансайхан хорооллын 11-56 тоот хашааны гадна иргэн С.Утэй маргалдан шороо цацаж баруун нүдийг нь гэмтээж хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 18 дахь тал/, гэрч Х.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хавтаст хэргийн 30-32 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтэс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.У биед баруун нүдэнд шарх, эвэрлэгийн урагдал, баруун нүдний хараа бууралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. С.Уийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. С.Уийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 30% нөлөөлнө. С.Уийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3,2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 30% нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 63-64 дэх тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Эгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Уийн эрүүл мэндэд баруун нүдэнд шарх, эвэрлэгийн урагдал, баруун нүдний хараа бууралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дэх тал/-ээр тогтоогдож байна.     

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт санамсар болгоомжгүй байдлаар шороо цацаж ийм асуудал болсон гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Н.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч С.У рүү шороо цацаж бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь баруун нүдэнд шарх, эвэрлэгийн урагдал, баруун нүдний хараа бууралт бүхий гэмтэл учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. 

Шүүгдэгч Э хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “урьд ял шийтгэл эдэлж байгаагүй” /хавтаст хэргийн 72 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 77 дахь тал/ зэрэг баримтуудаар тодорхойлогдож байна.

Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийн оролцогч нарын мэтгэлцээнд дүгнэлт хийж шүүгдэгч Н.Эг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийн тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.У хохирол төлбөрт 10.000.000 төгрөгийг шүүгдэгч Н.Эгаас нэхэмжилснийг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирол гэж үзсэн болно.

Шүүгдэгч Н.Э мөрдөн байцаалтын шатанд 1.080.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Ут төлсөн ба хохирогч, иргэний нэхэмжлэгч уг төлбөрийн шүүх хуралдаанд нэхэмжилж байгаа 10.000.000 төгрөгөөс тусдаа эмчилгээний зардал гэж тооцох саналыг гаргасан.

Шүүгдэгчийн зүгээс хохирогчоос нэхэмжилсэн 10.000.000 төгрөг болон хохирол төлсөн 1.080.000 төгрөгтэй холбоотой саналыг хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулна гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан. 

Иймд шүүгдэгч Н.Эгаас 10.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Ут олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Уийн эрүүл мэндэд нь баруун нүдэнд шарх, эвэрлэгийн урагдал, баруун нүдний хараа бууралт бүхий гэмтэл учирч Улаанбаатар хотод нүдний хэсэгчилсэн мэдээ алдуулалттай хагалгаа хийлгэсэн ба цаашид нүдний хараанд өөрчлөлт орох эсэх шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.У цаашид гарах эмчилгээний зардал буюу нүдний хараанд өөрчлөлт орж харааны хувь өөрчлөлтөд орсон тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Надад хэлэх зүйл байхгүй гэх

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.У шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Н.Эд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь хөнгөдөж байна гэж үзэхээр байна. Миний хувьд хөдөлмөрийн чадвараа 30 хувь алдаж, харааны бэрхшээлтэй болсон байгаа. Шүүх зохих ялыг оногдуулж өгнө үү  гэх тайлбар дүгнэлтийг тус тус гаргав.  

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүх шүүгдэгч Н.Эгийн үйлдсэн гэмт хэрэг, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  6 сарын хугацаагаар “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч Н.Э оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Н.Э өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Нгийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд  6 /зургаа/ сарын хугацаагаар “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Эд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Э хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Ут 1.080.000 /нэг сая наян мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Н.Эгаас 10.000.000 /арван сая/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Ут олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч С.У цаашид гарах эмчилгээний зардал буюу нүдний хараанд өөрчлөлт орж харааны хувь өөрчлөлтөд орсон тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Н.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА