Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/99

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр                            Дугаар 2023/ШЦТ/99                             Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа,

            Улсын яллагч Б.Мөнхдөл,

            Шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар    

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овгийн Жын Од холбогдох 2328000000139 тоот 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Биеийн байцаалт: .................................,

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч Ж.О нь согтуугаар, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Нанзадын 2-6 тоотод иргэн Х.Хгаас архи, пивоны мөнгө нэхэж, түүнтэй маргалдаж, улмаар Х.Хгийн хоолойг гараараа боож, нүүр, хацар хэсэг рүү нь гараараа цохиж зодон, дагзны зүүн хэсгийн хуйхны язарсан шарх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.Оийн яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч Ж.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр болох 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Цогтцэций сумаас 21 цаг өнгөрч байхад гараад Өмнөговь аймгийн төв рүү орж ирсэн. Найз Эаас 20.000 төгрөг аваад замдаа сүү, 0.5 граммын архи авсан. 2 настай охинтойгоо хамт явсан.  хүнтэй холбогдсон. Тэгээд У гэх эгчийнхээ хашаанд очиход гэрт нь хүн байгаагүй. Тэгээд гадаа нь машин дотроо нэг шил архиныхаа талыг уусан. Тэр хоорондоо эгчтэйгээ видео каллаар ярьсан. Тэр үед Х, Д нар ирээгүй байсан. Эхлээд Д 22 цаг 30 минут орчимд ирсэн. Дараа нь Х 23 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд чи хаагуур явж байгаа юм гэсэн ярьсан. Өмнө эхтэй нь ярихад ажлаа тараад ирээгүй байна уу?. Яагаад ирээгүй юм бол гэж хэлж байсан. Манай хүүхэд унтаж байсан болохоор гэр рүү нь оруулсан. Тэгээд үлдсэн архиа уугаад гэр рүү орсон. Хтай юм ярьж байгаад ахдаа нэг пивоны мөнгө өгчих гэж хэлсэн. Тэгэхэд надад мөнгө байхгүй, боломжгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёрын хооронд маргалдаан үүссэн. Би уурандаа дүүгээ заамдаад нэг алгадсан. Дахиад алгадахад унасан. Тэгэхдээ гэрийнхээ голд байдаг зуухны доод суурь мөргөсөн. Босож ирэхэд цус гарсан байсан. Тэгээд би босгоход цаана очиж суугаад эх рүүгээ утсаар ах намайг зодчихлоо гэж ярьсан. Тэгээд утсаа салгаад уйлаад сууж байхад нь цагдаа ирсэн. Дүүг авч яваад тусламж үзүүлчхээд шөнийн 04 цагт  буцаж ирээд намайг аваад явсан гэв. 

Хохирогч Х.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие Өмнөговь аймгийн Улсын бүртгэлтийн хэлтэст мэдээлэл технологийн ажилтнаар ажилладаг юм. Тухайн цаг үед сарын сүүл болчихсон ажлын тайлан мэдээ гээд ажил ихтэй байсан. 2023 оны 06 дугаар сарын 27-ний орой 23 цагт гэрт ирсэн тэгэхэд миний ээжийн төрсөн дүү О ах нэг ой гаран настай жоохон хүүхдээ дагуулчихсан манай хашаанд өөрийнхөө автомашиныг оруулчихсан автомашин дотроо архи уугаад сууж байсан. Тэр үед миний ээж У Улаанбаатар хотод байсан бөгөөд гэрт миний дүү Дтэй ганцаараа байсан. Тэгээд О ахтай уулзаж түүнийг хүүхдийг эхэлж гэр рүү аваад орсон араас О гэрт орж ирээд надаас архи, пивоны мөнгө нэхсэн иймд би мөнгө байхгүй гэж хэлэхэд миний хоолойг боож хана руу түлхэж, гараараа хацар хэсэг рүү цохисон тэр үед би манарчихсан нэг мэдэхэд миний нүүр хэсэг рүү цохисон. Чи том болчихсон байна чамайг Хятад хүнтэй унтсан гэдгийг мэдсэн гэж хэл амаар доромжилсон. Тэрний дараа болсон асуудлыг ээжид хэлэхэд миний ээж Цагдаагийн байгууллагад хандсан байсан Цагдаагийн алба хаагч нар ирж намайг авч эмнэлгийн байгууллагад хүргэсэн гэжээ. /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Миний данснаас болон ээжийн данснаас нийт 500,000 /таван зуун гаран/ мянган төгрөгийн зарлага хийгдсэн. Одоо гаргаж өгөх баримт байхгүй бөгөөд хэрэг шүүхийн шатанд хянан шийдвэрлэх явцад баримтуудыг гаргах болно. Эмчилгээ зарцуулагдсан 500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. /хавтаст хэргийн 12 дахь тал/,

Гэрч Б.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед буюу 2023 оны 06 дугаар сарын 28-ний өдөр би Улаанбаатар хотод байсан юм. Миний охин Х 2023 оны 06 дугаар сарын 27-ний орой 23 цаг өнгөрч байхад над руу ярьсан. Тэгээд О ах намайг зодсон гэж ярьсан иймд би Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Охиноос болсон асуудлын талаар тодруулахад миний дүү О нь архи, тамхины мөнгө нэхэж улмаар зодсон байсан. Миний охин Х нь Улсын бүртгэлтийн газарт ажил хийдэг юм. Тэгээд ажлаас оройтож очиход О хашаанд дотор байсан бөгөөд хэрэг гарахаас өмнө надтай утсаар видео чатаар ярьсан. О нэг охинтой бөгөөд охиноо дагуулж ирсэн байсан түүний охин нь одоо хоёр нас хүрэх гэж байгаа жоохон хүүхэд байдаг юм гэжээ.  /хавтаст хэргийн 14 дэх тал/

Насанд хүрээгүй гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би ээж У болон эгч Х нарын хамт амьдардаг юм. 2023 оны 06 дугаар сарын 27-ноос 2023 оны 06 дугаар сарын 28-нд шилжих шөнө намайг унтах гэж байхад миний ээжийн дүү болох Цэнгэл ах ирсэн тэгээд миний эгч Хгаас пивоны мөнгө нэхсэн бөгөөд мөнгө байхгүй гэж хэлсэн чинь агсам тавьж эгчийн хоолойг боож хана руу шахсан. Тэгээд бас газар унагасан мөн хацар хэсэг рүү алгадсан гэжээ.  /хавтаст хэргийн 15 дахь тал/

Шүүгдэгч Ж.О яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2023 оны 06 дугаар  сарын 27-ны өдрийн орой 23 цагийн үед Х гэртээ ирсэн. Би Хгаас архи пивоны мөнгө нэхсэн тэрнээс хэрүүл эхэлж би Хг хоёроос гурван удаа цохьсон гэжээ. /хавтаст хэргийн 28 дахь тал/

Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 284 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х.Хгийн биед дагзны зүүн хэсгийн хуйхны язарсан шарх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 21-22 дахь тал/

Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 24 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/

Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/

Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дэх тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 11-ний өрийн 62 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 41-43 дахь тал/

Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 44-51 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

 Шүүгдэгч Ж.О нь согтуугаар, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Нанзадын 2-6 тоотод иргэн иргэн Х.Хтай маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. 

Шүүгдэгч Ж.Од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ж.Оийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.О нь согтуугаар, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Нанзадын 2-6 тоотод иргэн Х.Хгаас архи, пивоны мөнгө нэхэж, түүнтэй маргалдаж, улмаар Х.Хгийн хоолойг гараараа боож, нүүр, хацар хэсэг рүү нь гараараа цохиж зодон, дагзны зүүн хэсгийн хуйхны язарсан шарх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч Х.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 12 дахь тал/, Гэрч Б.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/, Насанд хүрээгүй гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/, яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 24 дэх тал/, Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 284 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х.Хгийн биед дагзны зүүн хэсгийн хуйхны язарсан шарх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 21-22 дахь тал/ гэх дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Оийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Хгийн эрүүл мэндэд учирсан дагзны зүүн хэсгийн хуйхны язарсан шарх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 284 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол болох нь  тогтоогдсон.    

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Ж.О хохирогч Х.Хгийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.

Шүүгдэгч Ж.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.Х, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба болсон үйл би согтуу байхдаа дүүгийнхээ биед халдсан байна лээ гэж мэдүүлсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч Ж.О нь хохирогч Х.Хд 500.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн шүүхэд ирүүлсэн Голомт банкны орлогын мэдүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Оийн хувьд .............. зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Шүүгдэгч Ж.О гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000 төгрөг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийн оролцогч нарын мэтгэлцээнд дүгнэлт хийж шүүгдэгч Ж.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн зүгээс өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн сонсгосон ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх тайлбарыг гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүх шүүгдэгч Ж.Оийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Од шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

   Шүүгдэгч Ж.О цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.   

             Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:    

  1. Шүүгдэгч Э овгийн Жын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

3. Шүүгдэгч Ж.О шүүхээс оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Од оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч Ж.О цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Х.Хд 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн,  хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг ө шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА